Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00944

 

 

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00944

 

 

  Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/00157 дугаар шийдвэртэй Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 29,595,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 10 дугаар сард "Ц" ХХК нь манай компаниас барилгын тоног төхөөрөмж болох хэв хашмалыг түрээсийн гэрээгээр авч хэрэглэхээр тохирч, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дууссан боловч түрээсийн тоног төхөөрөмжийн үнэ болох 29,595,000 төгрөгийг төлөхгүй байна. Иймд "Ц" ХХК-аас 29,595,000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Манай компани барилгын материалын түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг. Хариуцагч "Ц" ХХК нь гэрээний дагуу авч ашиглаж байсан зарим материалыг буцаалт хийж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сүүлийн буцаалтыг 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хийнэ гэж тохиролцсон. Бид тооцоогоо 2021 оны эцсийн байдлаар гаргаж, 2022 оны 01 дүгээр сарыг тооцоогүй. Ингээд 2022 оны 02 дугаар сард нийт материалаа буцааж авсан. Хариуцагч тал хариу тайлбартаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ажил зогссон гэх боловч түрээсийн гэрээнд зааснаар хариуцагч гэрээг цуцлах тухай мэдэгдэх боломжтой байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй, бидэнд мэдэгдээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тус компанийн нэхэмжилсэн 29,595,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компани "Г" ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд одоог хүртэл тооцоо нийлсэн акт үйлдээгүй. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажил бүрэн зогссон болно. Учир нь бид өвөлжилтийн гэрээг хийгээгүй, өвөл барилгын ажил явагдахгүй, барилгын ажлыг -5 градус болсон тохиолдолд үйл ажиллагааг зогсоодог. Тийм учраас түрээсийн төлбөрт нэхэмжилж буй дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үйл ажиллагааг зогссон хугацаагаар тооцож төлөх боломжтой гэж үзэж байгаа тул нэхэмжилсэн дүнгээс холбогдох хэсгийг хангаж, үлдэгдэл хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-аас 29,595,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 305,925 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 305,925 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2023/00157 дугаар шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдээгүй, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зураагүй байхад шүүх хуралдаанаар хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцсэн байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 34 дүгээр зүйлд зааснаар "Өмгөөлөгчтэй оролцох" хүсэлтийг хариуцагчийн зүгээс гаргасан боловч шүүхээс өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргах хугацаа чинь дууссан" гэх хариуг утсаар өгч шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэргийн 42, 48 дахь талд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн баримт авагдсан ба эхний удаа утсаар тов мэдэгдсний дагуу хариуцагч хүрэлцэн ирж өмгөөлөгч авах хүсэлтээ гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараа нь хуралдааны товыг мөн адил утсаар мэдэгдэж хэргийн 48 дахь талд авагдсан баримтыг үйлдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт шүүх хуралдаанд бэлтгэл хангах ажиллагааг хуульчилсан ба хэн, яаж хуралдааны товыг мэдэгдэх, хэргийн оролцогчийн лавлах үүргийг тусгасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт ...Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна. гэж заасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, нэхэмжлэлийг гардан авч, гэрийн хаяг, утасны дугаараа шүүхэд өгсөн хэргийн оролцогчид утсаар хуралдааны товыг мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил биш юм.

Хариуцагч өмгөөлөгч авах хүсэлтийг бичгээр гаргасныг шүүх хангаж шийдвэрлэхдээ 15 хоногийн дараа хуралдааныг товлосон. Энэ хугацаанд хариуцагч өмгөөлөгч авч, өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Хэргийн оролцогчоос фэйсбүүк чатад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэн холбогдох ажиллагааг хийсэн нь хууль зөрчөөгүй. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхигүй оролцож, эрх үүргээ хэрэгжүүлдэггүй байсан. Тухайлбал, хариу тайлбартаа зарим хэсгийг зөвшөөрч зарим хэсгийг эс зөвшөөрч байна гэдэг. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй үүнийгээ хэрэгжүүлээгүй. Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгасан тул захирамж гаргаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэргийн баримтыг үндэслэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 29,595,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч Өвөл барилгын ажил явагдахгүй тул 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажил бүрэн зогссон. Түрээсийн төлбөрт нэхэмжилж буй дүнг үйл ажиллагаа зогссон хугацаагаар тооцож төлөх боломжтой гэсэн тайлбар гаргажээ.

 3. Талууд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид хэв хашмалыг тодорхой хугацаанд түрээслүүлж ашиглуулах, хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх 5-9/

 Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

Шүүх хариуцагчид 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгчээ. Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажил бүрэн зогссон гэсэн үндэслэлээр үйл ажиллагааг зогссон хугацаагаар тооцож төлөх боломжтой гэж үзэж байгаа тул нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс холбогдох хэсгийг нь хангаж, үлдэгдэл хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгатай хариу тайлбар шүүхэд ирүүлсэн боловч тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 Иймд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох түрээсийн гэрээ, түүний хавсралт, нэхэмжлэх, төлбөрийн тооцоолол зэрэг баримтуудыг үнэлж хариуцагчийн төлөөгүй түрээсийн төлбөр 34,101,150 төгрөг, актаар тогтоосон төлбөр 2,493,900 төгрөг, нийт 36,595,050 төгрөгөөс барьцаа 7,000,000 төгрөгийг хасч тооцон, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 29,595,050 төгрөг гэж тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Б.Ц-д түүний нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа тэмдэглүүлсэн 9677**** дугаарын гар утсаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагджээ. /хх-48/ Иймд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй.

 5.2. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29, 34 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшуулах хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минут хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хэргийн 44, 46-47 дугаар тал/ Ийнхүү анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хангасан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.БЯМБАСҮРЭН