| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 227 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Шүүгдэгч Ө.Б , түүний өмгөөлөгч Ц.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Б т холбогдох эрүүгийн 1806 07392 2043 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 641 дугаартай тогтоолоор Эрүүгийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадваргүй, Ө.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их зайсан” эмнэлэгт тухайн эмнэлгийн эмч Н.Баттулгыг “илүү өгсөн мөнгөнд гэдэсний эм бичиж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол
учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: “....Би санаатай цохиогүй. Би өтгөн алдах гээд байхад намайг “зайл” гээд байсан болохоор ийм явдал болсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Баттулга мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Ө.Б нь манай эмнэлэг дээр ээжтэйгээ хамт ирсэн. 2018 оны 8 дугаар сарын 15-нд уян шүдээ хийлгэхээр ирсэн. 3 дахь удаагаа буюу 8 дугаар сарын 21-ний өдөр ирэхдээ “би шүдээ авмаар байна” гэхэд нь “бямба гаригт ирж аваарай” гэтэл аваагүй. Дараагаар манай эмнэлэг дээр ирж “чамаас болж чацга алдлаа” гэж дайрч намайг зодсон. Энэ хүн надад бол жүжиглэж байгаа юм шиг санагдаж байна. Тухайн үед “цагдаагаас өргөдлөө ав, авахгүй бол танай эмнэлэгийг татан буулгана” гэж хэлж байсан.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Баттулгын өгсөн мэдүүлэг /хх-24-26/, гэрч Б.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-30-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10511 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34/, шүүгдэгч Ө.Б ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-48/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 246 дугаарай дүгнэлт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их зайсан” эмнэлэгт тухайн эмнэлгийн эмч Н.Баттулгыг “илүү өгсөн мөнгөнд гэдэсний эм бичиж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Баттулгын өгсөн: "...2018 оны 8 дугаар сарын 27-нь| өдөр 9 цаг 15 минутын орчим би өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их зайсан” шүдний эмнэлэг дээр ажлаа хийж байтал үйлчлүүлж байсан иргэн Ө.Б гэх хүн хэд хоногийн өмнө шүд хийлгэх гэж захиалга өгсөн. Тэгээд халамжаар хөнгөлөлттэй шүд хийлгүүлж байсан ба халамжийн хөнгөлөлтэй шүд хийлгүүлэх бичиг дээр “чамаас болж миний гэдэс гүйгээд байна, гэдэсний эм бичиж өг” гээд байсан. Тэгэхээр нь би “наана чинь эм тариа бичиж болохгүй зөвхөн хиймэл шүдний хөнгөлөлт бичих л боломжтой цаас” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ө.Б уурлаад миний баруун нүд болон толгой хацар хэсэг рүү 5-6 удаа цохисон.” /хх-24-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэчимэгийн өгсөн: "...Шүдийг нь хийж өгсөн эмч Баттулга ороод ирсэн. Тэгсэн Ө.Б гэх хүн миний хажуу талаас босоод эмч рүү дайраад “чи эмний мөнгө өг, эсвэл эм бичиж өг” гээд дайраад байсан. Тэгээд Н.Баттулга эмчийг заамдаж аваад толгой руу цохиод дээшилсэн чинь нүд рүү нь цохисон. Тэгээд би сандал дээрээс босож очоод салгасан.” /хх-30-31/ гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №10511 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Н.Баттулгын биед баруун дээд зовхинд цус хуралт, зулгаралт, баруун хацар, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-34/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 276 дугаартай дүгнэлтэд:
1. Ө.Б нь Тархины гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн уналт таталт, бухимдал сэтгэцийн эмгэгтэй байна.
2. Ө.Б нь дээрхи эмгэг нь тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн олдмол эмгэг болно.
3. Ө.Б ын дээрхи эмгэг нь 1992 оноос тархины гэмтлийн шалтгаан өвчин эхэлсэн байх боломжтой байна. Уг эмгэг нь тархины гэмтлийн хожуу үе шатанд илэрдэг сэтгэцийн эмгэг болно.
4. Ө.Б нь хэрэг хариуцах чадваргүй байна.
5. Ө.Б нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна.” гэх дүгнэлт,
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох акт /хх-39-40/,
Хохирол нэхэмжилсэн баримт /хх-51/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-61/,
Хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-62/,
Шүүгдэгч Ө.Б ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-48/, зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их зайсан” эмнэлэгт тухайн эмнэлгийн эмч Н.Баттулгыг “илүү өгсөн мөнгөнд гэдэсний эм бичиж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгч Ө.Б ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 916 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ө.Б хэрэг хариуцах чадвартай гэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох”-оор шүүхээс шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн №146 дугаартай дүгнэлтээр сэтгэцийн дүгнэлт гаргуулахаар даалгасан бөгөөд Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 1 сарын 28-ны өдрийн 916 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч нь хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэл буюу “….Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүний шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох тогтоогдсон” буюу Шүүх сэтгэц эмгэг судлалын 894 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ө.Б нь хэрэг хариуцах чадваргүй болох нь нотлогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б аас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Баттулгад олгохоор тогтов.
Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б аас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Баттулгад олгосугай.
4. Энэ хэрэгт хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ө.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ө.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС