Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00947

 

 

2023 05 05 210/МА2023/00947

 

 М.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04517 дугаар шийдвэртэй М.А-ын нэхэмжлэлтэй Ж.Э-д холбогдох 137,395,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2003 онд Ж.Э-тай танилцаж, үерхэж байгаад 2006 оноос миний өмчлөлийн Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, *** дүгээр байрны ** тоот орон сууцанд хамтран амьдарч эхэлсэн. Бид хамтран амьдрах хугацаандаа 2006 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүү А.С, 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү А.С, 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Э.С нар мэндэлсэн. 2006 онд том хүүг мэндлэх үед Ж.Э-тай гэрлэлтээ батлуулах гэтэл 2 дахь эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул хоёр хүүгээ өөрийн нэрээр овоглосон. 2013 онд бага охин Э.С мэндлэхэд гэрлэлтийн баталгааны асуудлаар маргаан үүссэн бөгөөд гэрлэлтийн лавлагаагаар Ж.Э өөр 2 эмэгтэйтэй баталгаатай байсан. Б.С гэх эмэгтэй /3 дахь эхнэр/ 2009 онд Орхон аймгийн паспортын хэлтсийн дарга нагац эгчээрээ хуурамчаар гэр бүлийн баталгаа хийлгэснийг мэдсэн бөгөөд Ж.Э хөөцөлдөж охиноо өөрийн нэрээр овоглосон.

2013 оны 11 дүгээр сард амьдрах нөхцөлөө сайжруулахаар 1 өрөө байраа 76,000,000 төгрөгөөр зарсан. Уг орон сууц миний нэр дээр бүртгэлтэй, нэг хүний өмч байсан. Гэтэл Ж.Э ...байрны мөнгөө өсгөнө, ...мах комбинатад мал мах нийлүүлнэ хэмээн ярьж орон сууц зарсан мөнгийг үрэн таран хийсэн. Бид түрээсийн байранд амьдрах болсон. Ж.Эы данс руу орон сууцны мөнгийг 15,000,000 төгрөг 10,000,000 төгрөгөөр шилжүүлжсэн нь түүний дансны хуулгаар нотлогдоно.

2014-2016 онуудад Ж.Э-ны ааш зан хувирч одоо амьдарч буй Б.Саранчулуун гэх эмэгтэйтэй дахин харилцаа үүсгэж, би 7, 8 настай 2 хүү, 2 настай охины хамт үлдсэн. Миний бие амьжиргааны зардал болон Орос 3 дугаар сургуулийн сурагч хүүгийн өдөр өнжүүлэхийн төлбөр /сар бүр 360,000 төгрөг/, Орос цэцэрлэгийн төлбөр сар бүр 150,000 төгрөг гэх мэт зардлыг ганцаараа 6 жил тасралгүй төлж ирлээ. Ж.Э салсанаасаа хойш 3 хүүхдийн сургалтын төлбөр, хоол ундны зардал зэрэг амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаагүй нь хүүхдүүдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм. Бага охин Э.С М сургуулийн 3 дугаар ангид сурдаг, Ж.Э охины сургалтын төлбөрийг би хариуцна гэж хэлээд төлбөртэй сургуульд оруулсан. Охины сургалтын төлбөр жилд 3,900,000 төгрөг, 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлөөгүй 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, энэ жилийн төлбөр 3,900,000 төгрөг нийт 6,900,000 төгрөг сургуулиас нэхэмжилж байна.

Миний 1 өрөө орон сууцыг бусдад зарсан 76,000,000 төгрөг, охин Э.Сорхогтаний сургалтын төлбөрт 6,900,000 төгрөг, нийт 82,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн болно Үүнд: Дунд хүү А.С Орос 3 дугаар сургуульд 2013 оноос суралцаж байгаа, өнгөрсөн 9 жилийн хугацаанд сургалтын төлбөрт 25,810,000 төгрөг, өдөр өнжүүлэхийн төлбөр 9,180,000 төгрөг /340,000х9сар=3,060,000хЗжил/ нийт 34,990,000 төгрөгийг би төлсөн. Иймд хүү А.Сод-Эрдэнийн сургалт болон өндөр өнжүүлэхийн төлбөрт төлсөн 34,990,000 төгрөгийн 50 хувь болох 17,495,000 төгрөгөөс Ж.Э-ны 1 удаагийн сургалтын төлбөрт төлсөн 3,100,000 төгрөгийг хасаж 14,495,000 төгрөгийг гаргуулна,

Мөн миний төрсөн ах М.А-ын тусламжтай /0,8 хувийн зээлээр худалдан авсан байрны 30%-ийн урьдчилгаа 30,000,000 төгрөгийг банкинд барьцаалж, сард 710,000 төгрөг төлдөг/-гаар одоо амьдарч байгаа Баянгол дүүргийн 03 дугаар хороо, 02 дугаар хороолол, Төмөр замын 81 дүгээр байр 14 тоотын 36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Б.У, Ц.А нараас 80,000,000 төгрөгөөр 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Х ХХК-ийн орон сууцны зээлээр худалдаж авсан. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүргээ Ж.Э гүйцэтгэж, хүү А.С, А.С, охин Э.С нарыг орон сууцаар хангахад гарсан зардлын 50 хувийг хариуцах үүрэгтэй тул орон сууцны 50 хувь болох 40,000,000 төгрөгийг гаргуулна.

Иймд 1 өрөө орон сууцыг бусдад зарсан 76,000,000 төгрөг, 2 өрөө орон сууцны 50 хувь болох 40,000,000 төгрөг, хүү А.С-ийн сургалт болон өдөр өнжүүлэхийн төлбөрт 14,495,000 төгрөг, охин А.С-ийн сургалтын төлбөрт 6,900,000 төгрөг, нийт 137,395,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч М.А намайг үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд тусалдаггүй, санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй, хүүхдийн тэтгэмж төлдөггүй мэтээр тусгасан нь илтэд үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний дундаас төрсөн 3 хүүхэд ээж М.А-ын асрамжид байдаг бөгөөд М.А-оос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүх шийдвэрлэж, хүүхдүүдийн асрамжийг ээж М.А-т үлдээж, Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр тэтгэмж төлөх үүргийг Ж.Э надад хариуцуулсан. Миний хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа, цаг хугацаанд нь биелүүлж, хүүхдийн тэтгэмжийг тухай бүрт нь олгож байгаа, өөрийн боломжит байдлаар хүүхдийн тэтгэмжээс гадна дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хичээдэг.

Нэхэмжлэлд дурдаж буй М.А-ын өмчлөлд байсан гэх орон сууцыг миний бие өөрийн хөрөнгө орлогоор М.А болон хүү А.С, А.С нарт зориулж, худалдан авч өгсөн ба тусдаа амьдрах болсноос хойших хугацаанд М.А болон хүүхдүүдээ бодож тухайн байртай холбоотой асуудлаар ямар нэгэн маргаан гаргаагүй, М.А-т үлдээсэн юм. Энэхүү байрыг М.А өөрөө захиран зарцуулж, бусдад худалдан борлуулсан ба тухайн байр зарсан мөнгөөрөө одоо амьдарч байгаа байраа худалдаж авсан гэж ойлгож байна. Миний хувьд М.А-ын байрыг заруулж, мөнгийг нь авч үрэн таран хийсэн зүйл байхгүй бөгөөд бидний хооронд дансаар болон бэлнээр нэг нэгэндээ мөнгө өгч авалцах тохиолдол цөөнгүй байсан. М.А-ын нэхэмжлэлд дурдагдсан 10,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгийн гүйлгээнүүд тухайн орон сууцаа зарсан мөнгөтэй хамааралгүй гэж бодож байна. Миний хувьд хувиараа бизнес эрхэлж, олсон орлогоосоо М.А-т болон түүний хамаатан саданд зээлж байсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын үед М.А-ын дансаар дамжуулж, түүний хамаатнуудад зээлсэн мөнгөө буцаан авч байсан. Хэрэв энэ мөнгийг Ж.Э би өрөндөө аваагүй, бусдаас зээлж авсан байсан бол одоог хүртэлх хугацаанд нэхэхгүй удаах шаардлага байхгүйг анхаарч үзэхийг хүсэж байна.

Би М.А болон хүүхдүүдээс тусдаа амьдарч байгаа ч өөрийн боломжоор бэлэн мөнгө, ажил, бизнесийн онцлогоос шалтгаалж тэжээлийн өвс өгөх зэргээр дэмжлэг үзүүлж байсан ба хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сард нэг бүр нь 8,000 төгрөгийн үнэтэй 2,350 боодол буюу 18,800,000 төгрөгийн тэжээлийн өвсийг М.А-т өгсөн. М.А энэ мөнгийг хүүхдүүдийн амьжиргаанд зарцуулна гэж авсан боловч өөртөө машин авч унасан байсныг сүүлд олж мэдсэн.

Бага охин Э.Сорхогтанийн сургалтын төлбөрийн 6,900,000 төгрөгийн хувьд өөрт ногдох хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй, сургалтын төлбөрт тооцогдох хэмжээний мөнгийг М.А-т өгсөн боловч нэг ч төгрөг өгч байгаагүй, сургалтын төлбөрийг нь төлдөггүй мэтээр нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Миний хувьд охиныг улсын сургуульд сурч боловсрох боломжтой талаар саналаа М.А-т хэлж боловч надтай зөвшилцөлгүй төлбөртэй сургуульд оруулсан. Би үүргээ ухамсарлан М.А-т охины сургалтын төлбөрт зориулж 2020 онд 900,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 600,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 3,100,000 төгрөг төлсөн. М.А-оос байр заруулж, мөнгийн хувьдаа хэрэглэсэн гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Маргааны гол зүйл болох орон сууцыг миний бие анх өөрийн хөрөнгө орлогоор М.А-т худалдан авч өгсөн, одоо хүүхдүүдийн тэтгэлгийг тогтсон хугацаанд нь төлж байгаа. Гэтэл Ж.Э намайг үр хүүхдүүддээ зориулж нэг ч төгрөг өгч байгаагүй, хүүхдийн сургалтын төлбөрүүдийг бүгдийг нь өөрөө төлж байсан мэтээр тайлбарласныг үндэслэлгүй гэж үзэн, зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч орон сууц биш гэр хороололд, хашаа байшин аваад эрүүл, аюулгүй амьдрах боломжтой учир байрны төлбөрийг төлөхгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.Э-аас 53,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 84,095,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 424,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 27 дугаар зүйлийн 2-т заасан Эцэг эх буюу хүүхдийн төлөө хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасан Хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд 26.2-т заасан үүрэгхэвээр үлдэнэ, 48 дугаар зүйлийн 48.1-т заасан Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар түүний эцэг эх, гэр бүлийн гишүүн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэх үндэслэлүүд нь ямар учраас М.А-ын худалдан авсан орон сууцны 50 хувийг хариуцагч Ж.Э надаас гаргуулах үндэслэл болж байгааг миний хувьд ойлгохгүй байна. Миний бие 3 хүүхдийнхээ өмнө үүрэх үүрэг хариуцлагаас зайлсхийх, ямар нэгэн тэтгэмж өгөхгүй байх, эсхүл хүүхдүүдээ шүүхийн шийдвэрт тусгагдсан шиг хашаанд амьдруулах гээд байгаа асуудал байхгүйг хэлмээр байна.

4.2. Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг ...тэжээн тэтгүүлэгч нь хүнд нөхцөл байдалд байгаа, халамжийн газруудын асрамжинд байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгоно гэж тайлбарласан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэх орон сууц нь хүүхдийн наад захын хэрэгцээт зүйл мөн эсэхийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлж, хүүхдийн тэтгэмжээ хуульд заасан хугацаанд нь төлөхийг хичээж байгаа бөгөөд надад бусдаас илүү хөрөнгө, мөнгө гэх зүйл байхгүй юм. Мөн эцэг, эх хүүхдийнхээ төлөө үүрэг хүлээх, орон байраар хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй хэдий ч энэ нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт түүний үнийн дүнгээс хамаарч байгааг ойлгохгүй байна. Хэрэв шүүхийн энэ дүгнэлтийг үнэн зөв гэж үзвэл миний хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг нь М.А-ын хэдэн төгрөгийн байранд амьдарч байгаагаас хамаарч надаас гаргуулах ёстой гэж үзэхээр байна. Миний хувьд өөрийн боломжоороо үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж, шүүхийн шийдвэрт тусгагдсан 40,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Иймд орон сууцаар хангуулах 40,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал хүүхдийн тэтгэлэг төлж байгаа тул 53,300,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн 40,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх Хүүхдийн эрхийг хамгаалах конвенцийн 27 дугаар зүйлийн 27.2, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэл болгосон. Хуульд заасны дагуу эцэг хүүхдийн хэрэгцээт зүйлсийг хангах үүрэгтэй бөгөөд тусдаа амьдарсан ч чөлөөлөгдөхгүй. Улсын Дээд шүүхийн тайлбарт Онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь ...бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлэгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцлийг нэгэн адил хамааруулна гэж заасан. Түүнчлэн хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлж буй нь хүүхдийн өмнө хүлээсэн эцгийн үүрэг дуусгавар болохгүй. Хүүхдүүд эх М.А-ын асрамжид өсч торнин, асран хамгаалуулж байх тул орон сууцаар хангагдах хэрэгцээ шаардлагыг хангахад санхүүгийн дэмжлэгийн онцгой нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүх хариуцагчаас орон сууцны төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Баянгол дүүрэг, 3 дугаар хороонд байрлах орон сууцыг М.А өөрийн эцэг, эхийн тусламжтайгаар худалдан авч, 76,000,000 төгрөгөөр зарсан. Харин хариуцагч 30,000,000 төгрөгийг захиран зарцуулсан талаар банкны дансны хуулгаар нотлогддог. Монгол Улсад Ковид-19 цар тахал гарсантай холбоотой нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Хариуцагч нэхэмжлэгч М.А т 18,800,000 төгрөгийн өвс өгсөн. Хариуцагч тал хариу тайлбар, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 2. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ж.Э холбогдуулан 137,395,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11 хороо, Энэбишийн гудамж, 77/1-32 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг бусдад худалдсан мөнгийг хариуцагч захиран зарцуулсан тул 76,000,000 төгрөг, охин Э.Сорхогтаний сургалтын төлбөрт 6,900,000 төгрөг, хүү А.С-ийн сургалтын болон өдөр өнжүүлэхийн төлбөрт 14,495,000 төгрөг, одоо амьдарч байгаа Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, Т-ын ** дүгээр байрны ** тоот 2 өрөө орон сууцны үнийн дүнгийн 50 хувь болох 40,000,000 төгрөг, нийт 137,395,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас охин Э.С-нийн сургалтын төлбөр 6,900,000 төгрөгөөс өөрт ногдох хэсгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба ...М.А-ын өмчлөлд байсан гэх орон сууцыг миний бие өөрийн хөрөнгө орлогоор М.А болон хүү А.С, А.С нарт зориулж худалдан авч өгсөн, ...энэхүү байрыг М.А өөрөө захиран зарцуулж бусдад худалдан борлуулсан ба тухайн байр зарсан мөнгөөрөө одоо амьдарч байгаа байраа худалдаж авсан гэж ойлгож байна гэх тайлбар гаргасан байна.

 3. Зохигч гэрлэлтээ батлуулаагүй, хүү А.С, А.С, охин Э.С нар эхийн асрамжид байгаа, хариуцагч Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэг төлдөг талаар талууд маргаагүй.

 4. Нэхэмжлэгч М.А нэхэмжлэлдээ Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Э гудамж, **-**-** тоот, 37.2 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 76,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн байх боловч уг орон сууцыг Х.Б-д 30,000,000 төгрөгөөр худалдсан 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, хариуцагч Ж.Э-ны дансанд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 57,330,000 төгрөгийн орлого орсон талаарх хариуцагчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон Хаан банкны орлогын мэдүүлэг хэрэгт авагдсан байна. /хэргийн 50, 124, 203 дугаар тал/

 Түүнчлэн нэхэмжлэгч М.А нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б.У, Ц.А нараас Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоот, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдан авсан байна. /хэргийн 21 дүгээр тал/

 5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 1 өрөө орон сууцны үнэ 76,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хэдийгээр гомдол гаргаагүй боловч 2 өрөө орон сууцны үнийн 80,000,000 төгрөгийн 50 хувийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлд дүгнэлт хийхийн тулд дээрх 1 өрөө орон сууцны өмчлөх эрх хэрхэн үүссэн, мөн захиран зарцуулсантай холбоотой үйл баримтыг тодруулах зайлшгүй шаардлагатай.

 Өөрөөр хэлбэл, 1 өрөө орон сууц анх ямар хөрөнгөөр хэрхэн бий болсон, мөн хариуцагчийн Х дансанд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орсон 57,330,000 төгрөг нь 1 өрөө орон сууцтай холбоотой эсэх, худалдан авагч Х.Б-оос уг орон сууцны үнэ хэрхэн төлөгдсөн болохыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын

20-ны өдрийн 102/ШШ2022/04517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН