| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/03362/И |
| Дугаар | 210/МА2023/00972 |
| Огноо | 2023-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2023/00972
| 2023 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 210/МА2023/00972 |
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/00158 дугаар шийдвэртэй Х.Б , М.М нарын нэхэмжлэлтэй А.А, Б.М нарт холбогдох хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 44,200,000 төгрөг, алданги 22,100,000 төгрөг, нийт 66,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч А.А-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч А.А-ийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Х.Б , М.М нар 5241359 рөгистрийн дугаартай Б ХХК-ийн хувьцаа эзэмшиж байсан ба уг компанийн хувьцааг А.А-т 65,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, бичгээр гэрээгээ байгуулахдаа татвар бага төлөх зорилгоор, эрх зүйн мэдлэггүйгээсээ нэг бүр нь 1,9735.1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 680 ширхэг буюу 13,419,868 төгрөгийн хувьцааг А.А-т худалдахаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, нотариатаар баталгаажуулан, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний бүртгэлийг хийлгэж, хувьцааг шилжүүлэн өгсөн.
Гэрээгээр тохирсон 65,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг хувьцаа шилжүүлж авахаас өмнө хариуцагч төлсөн, үлдэгдэл 58,000,000 төгрөгийг төлөхтэй холбоотойгоор Х.Б , А.А нар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 58,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаатай, хүүгүй, сар бүрийн 10-ны дотор 6,445,000 төгрөгийг Х.Б ийн Х 505941**** тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх гэрээний дагуу А.А 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6,800,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөгийн төлбөр төлж, үлдэгдэл 44,200,000 төгрөгийг төлөөгүй. Хувьцааны үлдэгдэл төлбөрийг хуваан төлөх зорилгоор зээлийн гэрээг байгуулсан ба уг гэрээнд тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон тул гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алданги шаардана. Хариуцагчаас шүүх хуралдаанд 4,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн талаар маргахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч, 40,200,000 төгрөг, алданги 22,100,000 төгрөг, нийт 62,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.Аийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2019 онд нэхэмжлэгч Х.Б, М.М нараас Борж овоот ХХК-ийн 680 /340+340/ нэг бүрийн үнэ 1,975.1 төгрөг, нийт 13,419,868 төгрөгөөр 68 хувийн хувьцааг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулан худалдан авсан. Гэрээний үүргийг бүрэн биелүүлж дууссан. Х.Б тус лицензийг авахдаа бэлэглэлийн гэрээгээр авсан. Миний хувьд 1 жилийн настай лиценз авсан. Тухайн үед Борж овоот ХХК нь 2009 онд анх олгогдсон Дорноговь аймгийн Их Хэт суманд байрлах 116,3 га бүхий Цагаан Өндөр нэртэй хайгуулийн тусгай зөвшөөрөлтэй байсан. Тусгай зөвшөөрөл цуцлагдах дөхсөн байсан бөгөөд нэхэмжлэгч нар гуйсны дагуу гэрээ байгуулсан. 2018 онд жоншны үнэ уначихсан эдийн засгийн ач холбогдолгүй болсон байсан. Миний хувьд тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэн Х.Б ид хайгуул хийх зардал дутмаг мөн гаргасан жоншоо борлуулахад хүндрэлтэй байгаа гэдгээ хэлсэн харин Х.Б би таньд тусалая, хүнээс мөнгө аваад таньд зээлүүлье харин та гаргасан жоншоороо төлөөрэй гэсний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 58,000,000 төгрөгийг зээлэх зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед надад хайгуул хийх мөнгө байгаагүй, лиценз цуцлагдахад бэлэн байсан. Би гэрээ байгуулахдаа 13,80,000 төгрөг, нэмж 4,000,000 төгрөг, нийт 17,800,000 төгрөг төлсөн. Энэ лицензийг аврахын тулд бид нар тохиролцоо хийсэн.
Нэхэмжлэгч нарын олсон нотариат дээр очиж гэрээ хийсэн. Зээлийн гэрээний 5-д энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд гэрээнд зээл бүтэн олгосон гэж бичээгүй, би бодитой мөнгө аваагүй. Тооцоо нийлвэл миний өгсөн мөнгө 2018 оны 11 дүгээр сарын 07-ны гэрээний төлбөрийн дүнгээс илүү гарах магдлалтай. Иймд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 дугаар сараас эхлэн "И" ХХК-д өөрийн эзэмшлийн уурхайн ажилчдын байрлах гэр, аж ахуйн хэрэгсэл, катеринг хоол хүнсний үйлчилгээнд зориулагдсан тоног төхөөрөмж, эд хөрөнгийг түрээслэсэн. 2018 оны 09 дүгээр сар хүртэл тус байгууллагын зүгээс ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй бөгөөд "И" ХХК-ий удирдлага гэх н.М, н.Б нар "Борж овоот" ХХК-ий 32 хувийн хувьцааг эзэмшдэг, энэ хувьцааг катерингийн эд хөрөнгө түрээслэсэн төлбөр мөн тухайн байгууллагад ажиллаж байсан манай нөхөр Б.Б-ын цалингийн үлдэгдэл зэрэгт тооцож шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Ийнхүү 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр "Борж овоот" ХХК-ны 32 хувийн хувьцааг шилжүүлэх гэрээг хийж нотариатаар баталгаажуулсан. Миний зүгээс Х.Б , М.М нартай уулзаж байгаагүй бөгөөд ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А.А-аас 40,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б, М.М нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Х.Б , М.М нар нь хариуцагч Б.Мд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 489,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдгийн хураамжид 358,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч А.А-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч Х.Б , М.М нар гэрээ байгуулсан хариуцагч Б.М-гоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан. Хариуцагчийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал боловч, тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой уялдуулан анхан шатны шүүх А.А надад холбогдуулан хэргийг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдал буюу хэдэн хувьцааны хэдийг нь А.А хариуцан төлбөр төлөх ёстой гэдгийг тодруулан шийдвэрлэж чадаагүй алдаа гаргажээ.
2. Анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбарыг үл харгалзан, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзээд, ...А.А нь нэхэмжлэгч нарт нийт 24,800,000 төгрөг төлсөн болон гэрч Б.Б-ын мэдүүлгээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ 65,000,000 төгрөг болох нь нотлогдсон гэж үзэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь гэрч Б.Б нь хариуцагчаар татагдаж ирсэн гэрээний худалдан авагч тал болох Б.М-гийн нөхөр бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар яагаад Б.М-гоос татгалзсан, татгалзан гарсан хариуцагчийн нөхөр гэрчээр оролцон, гэрчийн мэдүүлэг өгөв гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй, мөнгө өгсөн дансны хуулга, гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч нарын тайлбар бодит үнэнд нийцсэн гэж дүгнэсэн нь анхан шатын шүүхийн шийдвэр үнэн зөв болж чадаагүйг байна.
4.3. Анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдөр байгуулсан зээлийн гэрээний талаар хооронд нь уялдаатай мэтээр дүгнэсэн боловч, тухайн гэрээний харилцаа, гэрээ биелэгдэх боломжтой байсан эсэх, тухайн хоёр гэрээ хоорондоо хэрхэн хамааралтай болох талаар дүгнэхдээ нэхэмжлэгч талын худал тайлбарыг үндэслэсэн нь шүүх хэт нэг талыг барьж, бодит үнэнийг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдсанчлан худалдагч тал зээлийн гэрээний 5 дугаар зүйлд заасан үүргийн дагуу худалдан авагч тал буюу зээлдэгчид мөнгийг бодитой гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болох талаар заасан байтал зээлдүүлэгч буюу худалдагч тал анх хэлсэн ярьснаараа зээлийг хүлээлгэж өгөөгүйгээс болж, би худалдан авсан компанийн үйл ажиллагааг явуулж чадаагүй, компанийн үйл ажиллагаа доголдсон асуудал ч байдаг. Энэ бүгдийг тайлбартаа дурдсаар байтал анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодит үнэнд тулгуурлан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, би бусдаас авсан компанийн хувьцааны үнийг илүү төлсөн гэдгээрээ нэмж өрөнд орох байдал үүсэж байна.
Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас шүүхэд гаргаж өгөх шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгааг үнэлэн дүгнэж, хэргийн бодит үнэнийг тогтоох боломжоор ханган, анхан шатны шүүх рүү хэргийг буцаахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал зээлийн гэрээний үүрэг шаардсан хэмээн тайлбарлаж байна. Зээлийн гэрээ нь талуудын хооронд үүрэг үүсгээгүй, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг баталгаажуулан баримт үйлдсэн зүйл юм. Түүнээс бус зээлийн гэрээний үүрэг шаардаагүй, зээл олгогдсон эсэх нь хэргийн үйл баримтад хамааралгүй. Анхан шатны шүүхийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээнүүд холбоотой талаар дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрээнүүдийн огноо, дугаар, үнийн дүн, мөн нэг цаг хугацаанд хийгдсэн үйл баримтыг тал бүрээс нь үндэслэлтэй дүгнэсэн. Түүнчлэн шүүх хариуцагчийн хариу тайлбарыг заавал харгалзан үзэх шаардлагагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Алданги 26,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй. Хариуцагч тал анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй гэж гомдолд дурдсан. Гэвч ямар баримт гаргаж өгөх байсан талаар дурдаагүй бөгөөд нотлох баримт гаргаж өгөх эрх болон хангалттай хугацаа байсан, шүүхийн зүгээс хязгаарлаагүй болно. Анхан шатны шүүхэд 1 жил орчмын хугацаанд хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч тал хүнээс мөнгө авч, төлбөрөө төлнө, хугацаа шаардлагатай тул давж заалдах гомдол гаргасан гэх тайлбар хэлдэг. Иймд хариуцагч талын давж заалдах гомдол цаг хугацаа авсан, үндэслэлгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Х.Б , М.М нар нь хариуцагч А.А, Б.М нарт холбогдуулан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 66,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч А.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлж дуусгавар болгосон, зээлийн гэрээгээр бодитоор мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй, зээлийн гэрээ нь хувьцааны төлбөртэй хамааралгүй, хэрэгжээгүй гэрээ гэж маргасан байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
3.1. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Х.Б, М.М нар нь Б ХХК-ийн өөрсдийн эзэмшлийн тус бүр 160 ширхэг буюу нийт 320 ширхэг хувьцааг Б.Б-д бэлэглэхээр, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч тус бүр компанийн 16 хувь буюу нийт 32 хувийн эрхийг Б.Б-д шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ. /хх 52-53/
3.2. Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр Б ХХК-ийн нэг бүр нь 19,735.1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1,000 ширхэг хувьцаанаас нэхэмжлэгч Х.Б , М.М нар нь өөрт ногдох тус бүр 340 ширхэг буюу нийт 680 ширхэг хувьцааг 13,419,868 төгрөгөөр хариуцагч А.А-т, Б.Б нь өөрт ногдох 320 ширхэг хувьцааг 6,315,232 төгрөгөөр Б.Мд тус тус худалдахаар, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч тус бүр компанийн 34 хувь буюу нийт 68 хувийг хариуцагч А.А-т, Б.Батболд нь 32 хувийг Б.М-д тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 15-16/
3.3. Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч А.А-т 58,000,000 төгрөгийг 9 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлэх, хариуцагч нь сар бүр 6,445,000 төгрөг төлж 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зээлийг бүрэн төлж дуусгах, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С ХХК-ийн хариуцагчийн эзэмшлийн 20 хувийн хувьцааг барьцаалжээ. /хх-8/
4. Дээрх хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу Б ХХК-ийн хувьцааг хариуцагч А.А-т шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн, хариуцагч А.А нэхэмжлэгч нарт 24,800,000 төгрөг төлсөн талаар талуудын хэн аль нь маргаагүй.
5. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.
Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч Б.Б-ын мэдүүлгийг харьцуулан дүгнэж хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үнийн дүнг 65,000,000 төгрөг гэж тогтоосон нь зөв боловч үүнээс хариуцагч А.А-ийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг зөв тогтоогоогүй, мөн хариуцагчаас гаргуулах төлбөрийг нэхэмжлэгч тус бүрт олгох хувь хэмжээгээр нарийвчилж заагаагүй, нотлох баримтыг дутуу үнэлснийг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
5.1. Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нар нь 680 ширхэг хувьцааг 13,419,868 төгрөгөөр хариуцагч А.А-т худалдахаар заасан байх боловч хариуцагч нь гэрээний үүрэгт 24,800,000 төгрөг төлснөөс үзэхэд худалдан авагч А.А, Б.М нар хувьцааны үнэд нийт 65,000,000 төгрөг худалдагч Х.Б, М.М нарт төлөхөөр тохиролцсон, гэрээгээр тохирсон 65,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг хувьцаа шилжүүлж авахаас өмнө төлсөн бөгөөд үлдэгдэл 58,000,000 төгрөгийг төлөхтэй холбоотойгоор худалдагч талыг төлөөлж Х.Б, худалдан авагч талыг төлөөлж А.А нар зээлийн гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нарын тайлбарыг үнэн зөв гэж үнэлсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
5.2. Нэхэмжлэгч нар хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үнэ 65,000,000 төгрөгөөс хариуцагч А.А-ийн төлсөн 20,800,000 төгрөгийг хасч үлдэгдэл 44,200,000 төгрөг, алданги 22,100,000 төгрөг, нийт 66,300,000 төгрөгийг хариуцагч А.А, Б.М нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Өөрөөр хэлбэл, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний нийт үнэ 65,000,000 төгрөг гэж нэхэмжлэгч нар өөрсдөө тодорхойлсон, Б ХХК-ийн 680 ширхэг хувьцааг А.А, 320 ширхэг хувьцааг Б.М тус тус худалдан авсан байх ба Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар Б.М-гийн өр хариуцагч А.А-т шилжсэн гэх баримтгүй байхад гэрээний нийт үүргийг хариуцагч А.А гүйцэтгэх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд гэрээний нийт үнэ 65,000,000 төгрөгийн 68 хувь буюу 44,200,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 24,800,000 төгрөгийг хасч тооцоход хариуцагч А.А-ийн гүйцэтгэвэл зохих үүрэг 19,400,000 төгрөг болж байна. Дээрх үндэслэлээр шүүх хувьцааны хэдийг нь А.А хариуцан төлөх ёстой гэдгийг тодруулан шийдвэрлэж чадаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.
Харин шүүх алданги 22,100,00 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч А.Аийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/00158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 40,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б, М.М нарт гэснийг 9,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д, 9,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд тус тус гэж, 26 100 000 гэснийг 46,900,000 гэж,
3 дахь заалтын 358,950 гэснийг 254,950 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.БЯМБАСҮРЭН