| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0019/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/19 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/19
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Р,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С овогт Б-ийн П-д холбогдох эрүүгийн 1817002660009 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С овогт Б-ийн П /РД:НЗ85050374/, Төв аймгийн Баянцагаан суманд 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 35-2 тоотод оршин суух, хөлсөөр тээвэрлэлт эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.П нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Говийн жонш” ХХК-ний байранд БНХАУ-ын иргэн Л -тэй маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Пнь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Говийн жонш” ХХК-ний байранд БНХАУ-ын иргэн Л-тэй /Liu Sheng/ хулгайд сэрдлээ гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “Говийн жонш” ХХК-ний хашаанд машинаа тавьдаг ба хэд хоногийн өмнө нь хохирогч түрүүвчээ хаясан талаар надаа ярьж байсан. Би хоёр хоногийн дараа машинаа тавиад тойроод явж байсан чинь хар түрүүвч байхаар нь Л-д өгөх гэсэн боловч хот явсан байсан. Түүнээс хойш би тээвэрт явж байгаад 21-ний өдөр түрүүвчийг нь авч ирж өгсөн чинь би чамд хэдэн төгрөг өгөх үү гэхээр нь өөрөө мэд гэхэд 300 000 төгрөг өгсөн. Маргааш нь машинаа асаах гээд байж байсан чинь Л над дээр согтуу ирээд гэр лүүгээ орсон. Тэгэхээр нь би машинаа асаагаад араас нь гэр лүү нь орсон чинь би түрүүвчээ хаяагүй, чи миний бичиг баримтыг авсан гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ тийм л юм бол цагдаад шалгуулъя гэж хэлээд маргалдаж байгаад чамайг эрүүл болохоор чинь яръя гээд би гараад явсан. Тэгээд 24-ны орой тээврээс ирээд гэрт нь орсон чинь Л ганцаараа байхаар нь та яагаад намайг хулгайд хардаад байна гэсэн чинь юу гээд байгаа пиздаа вэ гэж хэлэхээр нь уур хүрээд нэг цохиод ширээн дээр байсан хутгыг аваад ишнээс нь барьж байгаад гарынхаа урд талын хэсгээр 2-3 удаа цохисон. Тухайн үед би архи хэрэглээгүй байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.
1.2. Хохирогч Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-ны хооронд өөрийнхөө хар өнгийн хэтэвчийг гээсэн. Миний гээсэн хэтэвчин дотор миний бүх бичиг баримт, бэлнээр монгол тавь орчим мянган төгрөг зэрэг эд зүйлс байсан. Үүнээс 7 хоногийн дараа П манай ажлын хашаанд машин засаад байж байсан. Тэгэхлээр нь би хэтэвчтэй бичиг баримтаа гээсэн гэж хэлсэн чинь би фэйсбүүкээр зарлуулаад олоод өгье гэж хэлсэн. Нэг хоногийн дараа П манай ажил дээр ирээд би хэтэвчийг чинь оллоо гэж надад хэлсэн. Би П-с хэн гэдэг хүн байна гэж асуусан чинь тэр олсон гэх хүнээ надад хэлэхгүй нууцлаад байсан. П яваад удалгүй миний хэтэвчийг аваад хүрээд ирсэн. Би П-оос хэтэвчээ аваад түүнд баярласан сэтгэлээ илэрхийлээд 300 000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь гадуур архи ууж явж байгаад гэртээ очсон чинь П манай ажлын хашаан дотор машиндаа юм хийгээд байж байхаар нь П-оос миний хэтэвч яахаараа төвд очдог байна. Би хамгийн сүүлд хэтэвчээ гээхдээ хажуугийн дэлгүүрт карт уншуулсан гэж хэлээд П бид хоёр хоорондоо маргалдсан. Хоёр хоногийн дараа би гэртээ байж байсан чинь орой 20 цагийн орчим гаднаас П архи уусан согтуу ганцаараа орж ирээд юм ярилгүй миний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиход нь би хойшоо савсан. Тэгтэл П цаашаа эргээд ширээн дээр байсан шар иштэй хутгыг аваад гартаа барьж байгаад ишээр нь миний толгойн зүүн хэсэг болон нүүрний орчим хэд хэдэн удаа цохисон. Г манай гэрт орж ирээд миний 99172698 дугаарын утсаар цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19, 22-23 хуудас/
1.3. Гэрч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төмөр замын баруун талд Аяганы хонхор гэх газар И, Т, П бид нар машиндаа гагнуур хийж байгаад П түрүүлээд машинаа тавьсан Л-ний хашаа руу явсан. Бид нар ажлаа дуусгаад бүгд хамт Чойр луу оръё гэж ярьсан байсан болохоор П-ийн байсан газар нь яваад очсон чинь П, Л нар байшин дотор муудалцсан бололтой хоорондоо ярилцаад сууж байсан. Би яриан дундаас нь Л-ний бичиг баримт алга болсоныг П олж өгсөн чинь Л П-ийг хулгайд сэрдсэн юм шиг зүйл яригдаж байсан. Бид нарыг очиход Л –ийн толгойн зүүн талаас цус гарч урссан байдалтай байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл мэдэгдээгүй. П-ийн биед ил харагдах шарх гэмтэл гэхээр зүйл байгаагүй. Бид нарыг очсоноос хойш П Л-ний толгойн хавьд нэг удаа гараараа цохисон, өөрөөр зодсон цохисон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/
1.4. Гэрч М.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 24-ний орой ажил дээрээ байж байсан чинь манай ажлын хашаанд байдаг БНХАУ-ын иргэн Л-ний амьдардаг байшинд хүмүүс орж гараад байхаар нь би гэр лүү нь яваад орсон чинь П мөн танихгүй гурван эрэгтэй хүн байсан. Л-ний зүүн чихнээс нь цус гарчихсан П Л нар хоорондоо хэрэлдээд сууж байсан. Тэгэхлээр нь би гэрт байсан хүмүүсийг гаргаад Л-ийг аваад үлдсэн. Би тэр хүмүүсийг явсаных нь дараа цагдаад дуудлага өгсөн. П Л хоёрын маргаан дундаас Л П-ийг хэтэвч авсан гэж хардсан юм шиг байна лээ. Үүнээс болоод тэр хоёр хоорондоо маргалдсан гэж ойлгосон. Гэрт байсан танихгүй гурван хүн хэрүүл маргаанд оролцоогүй. Л, П нарыг салгасан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/
1.5. Гэрч Б.Бмөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Бид нар ажлаа дуусгаад бүгдээрээ хамт Чойр луу оръё гэж ярьсан байсан болохоор П ахын байсан газар нь явж очоод Л-ийн амьдардаг байшин руу Т, Б ах бид гурав орсон чинь П ах Л-тэй муудалцсан бололтой хоорондоо ярилцаад сууж байсан. Би яриан дундаас нь Л бичиг баримт нь алга болсоныг П ах олж өгсөн чинь Л П-ийг хулгайд сэрдсэн юм шиг зүйл яригдаж байсан. Бид нарыг очиход Л-ийн хамарнаас нь цус гарсан байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл мэдэгдээгүй. П ах Л нар миний хажууд бие биеийгээ цохисон зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/
1.6. Гэрч А.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Бид нар ажлаа дуусгаад Б П руу залгаад хаана байгааг нь асуухад Л-ний хашаанд байна гэж хэлэхээр нь бид нар очоод Л-ий амьдардаг байшин руу орсон чинь П Л-тэй муудалцсан бололтой хоорондоо ярилцаад сууж байсан. Бид нарыг очиход Л-д ил харагдах шарх гэмтэл мэдэгдээгүй. Миний хажууд тэр хоёр бие биеийгээ цохисон, зодсон зүйл байхгүй. Бид нарыг ороход гэрт нь байх орны өмнө ширээн доор нэг шар иштэй ахуйн хэрэглээний хутга хэвтэж байгаа харагдахаар нь би орон доогуур нь өшиглөөд оруулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36 хуудас/
1.7. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хутганы иш нь мохоо зүйл боловч тодорхой хэмжээ хязгаартай учир хүний биед цохиход язрах шарх үүсгэдэг. Харин Л-ний бие үзлэг хийхэд 4-6 см хэмжээтэй цус хуралт, зулгаралт үүссэн байсан. Энэ нь хутганы ишнээс хамаагүй том хэмжээтэй гэсэн үг бөгөөд язрал шарх гэмтлүүд тодорхойлогдоогүй. Учирсан гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Толгойн зүүн талд үүссэн гэмтлүүд нь нэг удаагийн цохилтоор үүсэх боломжгүй. Хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/
1.8. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаар дүгнэлтэнд: Л-ний зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт зүүн эрүүнд, зүүн чихний дэлбэнд, зүүн чихний дээд хэсгээр, баруун чихний дэлбэнд цус хуралтууд, зүүн чихний ар хэсэгт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн хацарт, зүүн бөөрний байрлалд, аюулхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2018 оны 12 дугаар сарын 24-нд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл, зүүн эрүүний цус хуралт, зүүн чихний дэлбэнд зүүн чихний дээд хэсгээрх цус хуралт гэмтэл, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл нь тус бүр “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Зүүн чихний ар хэсэгт, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл, зүүн бөөрний байрлалд, аюулхайд зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 16 хуудас/
1.9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-6 хуудас/
1.10. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 7-9 хуудас/
1.11. Орчуулагч, хэлмэрчээр томилох тухай тогтоол, гэрчилгээний хуулбар /х.х-ийн 24-26 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.П-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.П нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би П-той сайн дураараа эвлэрсэн. Түүнд хандан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/
2.2. Гэрч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “П нь хүнтэй их нийтэч, архи дарс их уугаад байдаггүй. Архи уухаараа агсам согтуу тавиад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/
2.3. Гэрч С.П мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “П нэг их архи уугаад байдаггүй. Хааяа нэг найз нөхөдтэйгээ нийлээд архи уудаг, их төлөв томоотой, үг дуу цөөтэй хүн. Би П-ийг хүнтэй маргалдаж муудалцаж байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34 хуудас/
2.4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “П-ийн хувьд хүнтэй их нийтэч, архи дарс нэг их уугаад байдаггүй. Хааяа найз нөхөдтэйгээ ганц нэг архи уухаараа агсам согтуу тавиад байдаггүй. Илүү дутуу ааш зангүй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/
2.5. Гэрч А.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “П нь хүнтэй их нийтэч, архи дарс нэг их уугаад байдаггүй. Хааяа найз нөхөдтэйгээ ганц нэг архи уухаараа агсам согтуу тавиад байдаггүй. Илүү дутуу ааш зангүй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36 хуудас/
2.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 43 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.П-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгч Б.П-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрснийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ийн П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн эрээн өнгийн иштэй, нийт 26,5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА