Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,  нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Н.Пүрэвтогтох, иргэдийн төлөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч З.Ганчимэг, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  Б овогт Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч Б овогт Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б овогт Г.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710000360205 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 05-ны Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 110   дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилээр хойшлуулсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 109 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э.Б

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-3-14 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуусан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г.Б

3. Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ДДС ХХК-д гагнуурчин, ам бүл 4, өвөө, эмээ, ахын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-3-9 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г.Г  

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Арцатын гудамжинд иргэн Б.Нтэй маргалдаж улмаар зэвсэг буюу хутга хэрэглэж түүний нуруу хэсэгт нь хутгалж биед нь хүнд хохирол санаатай учруулсан,

Г.Бтэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул  дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 10-ын задгай тоотод байх иргэн Б.Баяр-Эрдэнийн монгол гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн Би Эс Би загварын зурагтыг хулгайлж бусдад 315,600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь Э.Бтой бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул  дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 10-ын задгай тоотод байх иргэн Б.Баяр-Эрдэнийн монгол гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн Би Эс Би загварын зурагтыг хулгайлж бусдад 315,600 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-2-6 тоотод оршин суух Т.Зын өвлийн сууцны вакум цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч эрэгтэй дотуур өмд, эмэгтэй дотуур өмд, хөхний даруулга, оймс, тавчик зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 2,435,700 төгрөгийн хохирол учруулсан, цонхны шил, агаар шүүгч зэргийг эвдэж 259,800 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Гтой бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутагт иргэн П.Батбаатарын хар өнгийн куртик, иргэн О.Тын “Айфоне 6” загварын гар утас, ажлын малгай саарал цамц зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн,

Шүүгдэгч Г.Г нь Г.Бтэй бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутагт иргэн П.Батбаатарын хар өнгийн куртик, иргэн О.Тын “Айфоне 6” загварын гар утас, ажлын малгай саарал цамц зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Э.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Б: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г: “…2018 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Г.Бтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллоор явж байгаад хохирогч гэх хоёр залуутай тааралдсан, тэгээд би П.Батбаатартай нь хамт наана зогсож байсан, гадаа бороо орж байсан болохоор П.Батбаатар өөрөө надад куртикээ тайлж өгөөд та өмс гэхээр нь би өмссөн, би тэр хүүхдийн куртикыг айлгаж авсан зүйл байхгүй, Г.Б О.Таас утсаа өгч бай, ярчихаад өгьё гэж хэлээд авсан байсан, би Г.Бөд чи хүүхдийн утас өг гэхэд О.Т надад “ах аа би утсаа авчихлаа, та зүгээр байж бай” гэхээр нь би огт оролцоогүй. Г.Б нь О.Тын “Айфоне 6” загварын гар утас, ажлын малгай саарал цамц зэргийг авсныг мэдэж байсан, бид хоёр дээрэмдэё гэсэн санаа байгаагүй, гуйж л авсан. Би хохирогч П.Батбаатарт куртикны мөнгө болох 80,000 төгрөгийг төлж барагдуулсан, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Шүүгдэгч Э.Б-ын Б.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн хувьд:

 

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 02-ны орой нилээн харанхуй болсон хойно Төв аймагт айлд хонь хяргаж байгаад, хотод ирээд Б бид хоёр гудамжинд сууж байгаад 0,75 граммын архи уугаад, дараа нь 0,75 граммын архи, 2 лааз пиво авч явж байгаад Батжаргал, Мөнхбаяр хоёртой таарч дөрвүүлээ ууж сууж байгаад, Батжаргал согтоод хашаа налаад унтаад өгсөн. Тэгээд бид гурав ууж байгаад, Бын хөөрсөн том хонийг барьж хяргаад байсан гэсэн асуудлаас болж муудалцаад, Б бид хоёр ноцолдож эхэлсэн. Тэгж байгаад Б гэр рүүгээ ороод гарч ирээд дахиад бид хоёр үргэлжлүүлээд муудалцаж байгаад нэг мэдэхэд дээр доороо орж ноцолдож эхэлсэн. Би Бын дор орсон байхад Б намайг нуруу руу 2 удаа хутгалсан. Тэгээд би гэр рүүгээ ороход ээж цагдаа дуудсан. Би харанхуйд Быг хутгатай гарч ирсэнийг хараагүй...” /1-р хх-ийн 28-30/ гэсэн,

 

Гэрч Ч.Цэцэгдарь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө нөхөр Батдоржийн хамтаар гэртээ 00 цагийн үед унтаж байхад хүү Н орилоод гэртээ ороод ирсэн. Нөхрийнхөө хамт гайхаад босоход манай хүү ар талаараа хоёр удаа хутгалуулсан байдалтай, өмсөж явсан хувцас нь битүү цус болчихсон байсан. Тэгээд 103 руу дуудлага өгөөд, удаагүй эмч үзээд “хутгалуулсан байна, эмнэлэг рүү авч явна” гээд аваад явсан...” /1-р хх-ийн 37-38/ гэсэн,

 

Гэрч М.Батдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-ныг шилжих шөнө гэртээ эхнэр Цэцэгдарийн хамт унтаж байхад манай хүү Н орж ирээд аахилаад амьсгалж чадахгүй байсан. Тэгээд босоод харахад 4 удаа хутгалуулсан байсан. Тэгээд 103 руу дуудлага өгсөн...” /1-р хх-ийн 39-40/ гэсэн,

 

Гэрч Д.Нямдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 03-ны шөнө Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах дээр ажиллаж байхад Б.Н нь 01 цагийн үед 103 руу согтуу хүргэгдэн ирсэн. Б.Н тухайн үед бусдад хутгалагдсан, баруун далны дээр, зүүн далны дор хатгагдсан хоёр шархтай байсан. Шарханд оёдол тавьж өвчтөний биеийг рентгэнд харж шинжилгээ хийхэд, баруун цээжний хөндийд хий болон шингэн /цус/ хурсан байсан тул өвчтөнг эмнэлэгт хэвтүүлж тэр даруйд нь баруун цээжний суганы арын шугамаар 7, 8 дугаар хавирганы түвшингээр хатгалт хийж гуурс тавьж хий болон 250-300 мл орчим цусыг соруулж авсан. Энэ үед үрэвслийн эсрэг эмчилгээ цус тогтоох эмчилгээ, өвчин намдаах эмчилгээ мөн дусал шингэн боолт хийгдсэн. Тэгээд цааш нь хяналтанд авч 13 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэр үед эмнэлгийн тусламжийг яаралтай аваагүй бол цээжинд хий шингэн хуралдан цус алдах, эсвэл халдвар орж бохирдох аюултай. Б.Нгээс өвчний түүх нээхдээ яаж гэмтсэн талаар асуухад архи ууж байгаад таньдаг хүндээ хутгалуулсан гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 42/ гэсэн,

 

Шинжээч М.Аригуунтөгс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэсийн мөрдөгч Э.Энхбадрахын томилсон тогтоолын дагуу 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр БХХСАХНЭ-д очиход өвчтөн өөрөө байхгүй байсан учраас 008647 өвчтөний гаргасан өвчний түүхэнд тэмдэглэснээр хоёр удаагийн ар нуруунд хатгагдсан шархтай гэж байсны дагуу дүгнэлтэнд тусгаж гаргасан. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаа буюу 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө үүсгэгдсэн байх боломжтой. ...Б.Нгийн хувьд цээжний хөндийд хий, цус хуримтлагдсан, цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэлтэй байсан. Цээжний хөндийд хий, шингэн хуралдах нь амь насанд аюултай, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байдаг. ...Зурган дээрээс өвчнийг харахад хоёр боолт ар нуруундаа хийлгэж бөөрөн дээрх гуурс байгаа юм...” /1-р хх-ийн 41-43/ гэсэн,

 

Гэрч О.Батжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 02-ны орой ... Б, Н нар намайг согтуу байхад тааралдсан байсан. Тэгээд цааш нь юу болоод энэ хоёр муудалцсаныг мэдэхгүй. Нэг мэдэхэд гэртээ унтаж байсан. Б нь Нг хутгалсан гэдгийг хэд хоногийн дараа сонссон. Надад харсан зүйл байхгүй. Би ч тэр үед их согтуу байсан. Нэг сонсоход гудамжинд хашаа налаад унтсан гэсэн яаж гэртээ харьсанаа мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 45/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед Н бид хоёр айлын хонь хяргаж байгаад, Төв аймгаас ирээд дэлгүүрээс архи, ундаа аваад, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын гудамжинд хамт уугаад дуусчихаар нь дахиад дэлгүүрээс нэг шил 0,75 граммын архи, хоёр лааз пиво аваад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх найз Батжаргалынд очсон. Тэгээд Батжаргал согтуу байсан учраас явах гээд гарахад үүдэнд нь Батаатай тааралдаад, Арцатын гудамжинд очоод нөгөө архи, пиво ууж байхад Батжаргал ирсэн. Тэгээд согтуу байсан учраас суугаагаараа хашаа налаад унтаад өгсөн. Н, Батаа бид гурав юмаа ууж байх хооронд Н намайг “чи том хониноос бариад хяргаад байсан, захаас бариад хяргасангүй” гэсэн асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаж ноцолдоод хамаг хувцас шороо болчихоор нь гэртээ орж хувцасаа сольчихоод, гарч ирэхдээ хутга авч гарч ирсэн. Тэгээд бид хоёр ноцолдож эхэлсэн. Бид хоёр ноцолдож байхдаа барьсан байсан хутгаараа гурван удаа нуруунд нь хутгалсан. Бид хоёр багын найзууд. Нг айлгах санаатай хутга авч гарч ирсэн...” /1-р хх-ийн 96-97/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №8598 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.Б.Нгийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хий шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үед амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”  /1-р хх-ийн 48/ гэсэн дүгнэлт,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-13/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-19/,

- Өвчний түүх /1-р хх-ийн 54-65/,

- Шүүгдэгч Э.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 100-104, 108-115, 116-128/ зэрэг болно.

 

 2. Шүүгдэгч Г.Б, Э.Б нар бүлэглэн Б.Баяр-Эрдэнийн монгол гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн би эс би маркийн зурагт хулгайлж бусдад 315,600 төгрөгний хохирол учруулсан үйлдлийн хувьд:

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би эхнэр Мөнхнасангийн хамт гэртээ байсан. Тэгээд “ээжийн гэрийг очоод шалгаад ирье” гэж хэлээд 13 цагийн орчим гарч яваад удалгүй “зүгээр байна” гээд ирсэн. Тэгээд байж байхад 15 цагийн орчим манай дүү Отгондорж утсаар залгаад, “гэрт хулгай ороод, зурагт алга болчихсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр би эхнэр Мөнхнасангийн хамт гэрт очиж үзэхэд, хаалгыг нь хөшиж онгойлгоод, гэрт байсан миний эзэмшлийн 42 инчийн зурагтыг хулгайлсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би одоо алдагдсан зурагтаа л нэхэмжилж байна. Өөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гэрийн хаалга болон цоожийг нэхэмжлэхгүй, хаалга үүд эвдрээгүй байсан, хаалга цоожилдог дэгээ төмрийг хөшөж далийлгаад орсон байсан ба би уг дэгээ төмрийг засаж янзалсан байгаа...” /1-р хх-ийн 153-154/ гэсэн,

 

Гэрч Г.Мөнхнасан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед гэрт байхад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 10 дугаар гудамжны задгай тоотод байдаг хадмын гэрийг эргэх гээд Отгонцэцэг, Отгондорж нар нь эгчийн гэрээс очсон. Тэгээд миний утас руу залгаад “ээжийн гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр нь “юу алга болсон байна” гэж асуухад “гэр дотор байсан зурагт алга болсон байна” гэхээр нь би нөхөр Баяр-Эрдэнийг дагуулаад, очиход манай хоёр дүү гэрт орсон байсан ба гэрт байсан 42 инчийн зурагт алдагдсан байсан. Зурагт алга болсон айл нь манай хадам ээж Түмэнжаргалын гэр юм. Манай хадам ээж Түмэнжаргал Замын-Үүдэд ажиллаж амьдардаг, гэрийг нь нөхөр бид хоёр эргэж тойрч хардаг. Гэхдээ хадмын гэрт нөхрийн төрсөн дүү нар болох Отгондорж, Отгонцэцэг нар амьдардаг. Хадам ээжийн гэрээс алдагдсан зурагтыг манай нөхрийн дүү Батбаяр нөхөр бид хоёрыг тусдаа гарах үед бэлэглэж байсан. Тэгээд манайх шинэ зурагт аваад, хадам ээжийн гэрт уг зурагтаа түр хэрэглүүлж байсан...” /1-р хх-ийн 162/ гэсэн,

 

Гэрч Б.Мягмарбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад тухайн зурагтыг Б манай ээж аавын зурагт, гэртээ байхгүй байгаа болохоор авчихсан юм гэж хэлж байсан. Б, Б нар надаар Арцатын аравын задгайд хүргүүлээд тэнд байх төмөр хаалтны хойд хэсгээс Б тэврээд авчирсан. Яг хаанаас авсаныг машин дотор байсан болохоор хараагүй. Б, Б нар уг зурагтыг хаана ямар хүнд зарсаныг мэдэхгүй байна. Би уг зурагтыг хулгайн зурагт байх гэж бодоод тэр хоёрт үйлчлээгүй юм. Тухайн үед би Боос “юун зурагт, хаанаас авсан” гэж асуухад Б нь манай гэрийн зурагт гэхээс өөр зүйл хэлээгүй...” /1-р хх-ийн 168/ гэсэн,

 

Гэрч Н.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б, Б хоёр авч явсан зурагтаа Яармагийн эцэст Жаргалантын 9 дүгээр гудамжинд 231 тоот урагшаа харсан ногоон өнгийн төмөр хаалгатай, хашаан дотроо нэг гэр, нэг байшинтай айлд очиж зарсан. 35-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд царайг нь одоо сайн санахгүй байна. Тухайн үед Б уг айлын хашааны гадна зогсож байсан. Харин Б уг айл руу зурагтаа тэврээд орсон ба удалгүй “зарчихлаа” гээд гарч ирсэн. Б уг хоёр хүнтэй анх Яармагийн эцсийн 52 дугаар захын гадна тааралдаад ярилцаж тохиролцоод, тэгээд гэр лүү нь явсан...” /1-р хх-ийн 173/ гэсэн,

 

Гэрч Д.Урантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан хорин гарсан байсан. Яармагийн эцэст 16 цагийн орчим нөхрийн хамт явж байсан чинь 20 гаран насны согтуу залуу хар өнгийн “Би Эс Би” загварын 42 инчийн зурагт тэвэрчихсэн “зарна” гээд явж байсан. Тэгэхээр нь би тэр залуугаас “хэдээр зарах гэж байгаа юм, чиний зурагт яг мөн үү” гэж асуусан. Тэгсэн тэр залуу “миний өөрийн зурагт, мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм, та 100,000 төгрөгөөр авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зурагтыг нь “шалгаж үзье” гээд Яармагийн эцэст байх 9 гудамжны 231 тоотод байх хадам ээжийн гэрт очиж зурагтыг нь залгаж үзэхэд зурагт нь ажиллаж байсан. Тэгэхээр нь би тэр залууд “80,000 төгрөгөөр авья, муу гардаг юм байна” гэж хэлэхэд “за тэг” гэж хэлээд надад 80,000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөө авчихаад яваад өгсөн. Тэр залуу тухайн үед машинтай явж байсан ба машин дотор өөрөөс нь насаар ах нэг хүн явж байсан...” /1-р хх-ийн 175-176/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би хуурай ах Э.Бын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Туул голын эрэг дагуу ногоон өнгийн төмөр хаалгатай хашаанд байх гурван гэрийн голын гэрийн хаалгыг хөшиж ороод, 42 инчийн “Би Эс Би” загварын зурагтыг хулгайлсан. Уг хулгайлсан зурагтыг Бын хамт Яармагийн эцэст явуулын танихгүй эмэгтэйд 80,000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөөрөө Бтой хамт Яармагийн эцсийн Марал зочид буудалд архи уусан. Хэрэг хийх үедээ Б бид хоёр согтуу байсан бөгөөд айл руу Б ах орж зурагтыг авсан ба гарч ирэх үед нь би хамт очиж өргөлцсөн. Тэгээд хулгайлсан зурагтаа жалганд нууж байгаад, Яармагийн хоёрдугаар буудлаас такси барьж ирээд явсан ба анхны таксины ах явахгүй гэхээр нь зүс таних Молцог буюу Ган-Эрдэнийг машинаар Яармагийн эцэс рүү хүргүүлсэн...” /хх-ийн 195-196/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би зүс таних дүү Бийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 40 айлын ойролцоо хамт архи уусан. Тэгээд Арцатын задгай тоотод байх танидаг айлдаа очиж дахин архи ууж байгаад, Б бид хоёр гараад дахин архи уухаар Яармагийн эцэс рүү явсан. Тэгээд явж байхдаа Туул гол дагуу байсан ногоон өнгийн төмөр хаалгатай ар хэсгээрээ хашаагүй дотроо 3 ширхэг Монгол гэртэй хашааны гадна ирээд би Бийг “түр хүлээж бай” гэж хэлээд уг хашааны ар хэсгээр орон голын гэрийн амбаарын хаалгыг нь хүчтэй татахад онгойчихсон ба би дотогшоо ороод загварыг нь мэдэхгүй байна хар өнгийн хавтгай зурагтыг аваад гарсан. Гарах үедээ Бийг дуудаад, хамт өргөлцөөд ойролцоо байх жалганд аваачиж нуусан. Тэгээд буцаж яваад, Яармагийн хоёрдугаар буудлаас такси бариад уг зурагтаа авахад эхэлж авчирсан таксины жолооч явахгүй гэсэн. Тэгээд зүс таних Молцог буюу Ган-Эрдэнийг гуйж байгаад, Яармагийн эцэс рүү хүргүүлсэн. Тэгээд Яармагийн эцэст явж байгаад танихгүй эмэгтэй хүнд зарсан...” /хх-ийн 198-199/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 140-144/, 

- Гэмт хэргийн талаархи, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 145/,

- Өргөдөл /1-р хх-ийн 146/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 147-151/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 177-178/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 210/

- Шүүгдэгч Г.Б, шүүгдэгч Э.Б нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай бусад баримтууд /1-р хх-ийн 200-201, 202-209/ зэрэг болно.

 

3. Шүүгдэгч Г.Б 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-2-6 тоотод оршин суух Т.Зын өвлийн сууцны вакум цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч эрэгтэй дотуур өмд, эмэгтэй дотуур өмд хөхний даруулга, оймс, тавчик зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 2,435,700 төгрөгний хохирол, цонхны шил, агаар шүүгч эвдэж 259,800 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

 

Хохирогч Т.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө 618-36 тоот дахь гэртээ байх үед манай нөхөр Идэр рүү Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-2-6 тоотод байх хөрш айлын хүмүүс утсаар “танай гэрийг ухаад, цүнх барьсан хүмүүс хашааг чинь даваад байна” гэж хэлсэн тэгээд би нөхөр хүү хоёрын хамт ирсэн. Намайг ирэх үед хашааны явган хүний хаалганы цоож нь эвдэрсэн, байшингийн үүдний өрөөний жижиг цонх хагарсан цонхны хамгаалалтын төмрийг хөшиж аваад газар тавьсан байсан, байшингийн том өрөөний нэг цонхны төмөр хамгаалалтыг нь аваад жижиг цонхыг онгойлгосон байсан. Дотор нь ороход манай байшин эмх цэгцгүй дотор нь байсан эд зүйлийг онгичсон байсан. ...Миний цүнхэн дотор эмэгтэй хүний дотуур өмд 1 ширхэг нь 4500 төгрөгөөр зардаг үнэтэй 28 ширхэг, 1 ширхэг нь 3500 төгрөгөөр зардаг 51 ширхэг, эрэгтэй дотуур өмд 1 ширхэг нь 5000 төгрөгөөр зардаг 20 ширхэг, 1 ширхэг нь 3000 төгрөгөөр зардаг 23 ширхэг, 1 ширхэгийг нь 4500 төгрөгөөр зардаг 22 ширхэг, дотуур хувцасны хослол 1 ширхэг нь 25000 төгрөгөөр зардаг 25 ширхэг, 1 ширхэгийг нь 8500 төгрөгөөр зардаг хөхний даруулга 12 ширхэг болон нүүр гарын алчуур, хүүхдийн шилэн оймс, энгийн оймс, охидын шилэн оймс, хоёр унтлагын хувцас, төрөл бүрийн углааш, монгол оймс халаад гэрийн өмд гэх мэт бараанууд байсан. ...Байшинд байсан цахилгаан агааржуулагч эвдэлж хагалсан байсан...” /1-р хх-ийн 236-237/ гэсэн,

 

Гэрч Д.Ишханд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад, дэлгүүр орчихоод буцаад явж байхад зүс таних Батука гэх залуу манай хойд хөрш айлын хашааг давуулаад, хар өнгийн хоёр ширхэг цүнх шидээд, өөрөө араас нь хашаа даваад гараад ирсэн. Тэгээд нь би Батука дээр очоод “чи яагаад айлаас хулгай хийгээд байгаа юм бэ” гэж асуухад “би Идэрээ гэх хүнтэй наймаа хийсэн, тэрийгээ авч болдоггүй юм уу” гэж хэлээд над руу гараараа далайгаад дайрахаар нь би түлхэж унагаад явсан. Батука босож ирээд цүнхтэй юмаа аваад 63 дугаар сургуулийн зүг рүү явсан...” /1-р хх-ийн 244-245/ гэсэн,

 

Гэрч Ө.Ариунболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-3-18 тоотод оршин суух ээж Батсүхийн тариаг хийж өгөөд, Хан-Уул дүүргийн Яармагийн хоёрдугаар буудлын дэлгүүр рүү тамхинд явж байгаад “Төвхөн тулга” дэлгүүрийн урд танил Батук гэж залуутай таараад, 0,75 болон 0,5 литрийн савалгаатай хоёр шил архи хувааж уусан. Тэр архийг Батук өөрийн мөнгөөр “Төвхөн тулга” дэлгүүрээс авсан...” /1-р хх-ийн 246-248/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18-19 цагийн хооронд би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18 дугаар гудамжинд дэлгүүр орж тамхи авах гээд явж байгаад зүс таних Ганбат, Ариунболд нартай тааралдсан. Тэгээд хамт нэг шил архи авч уугаад, Алтай хангай дэлгүүрийн гаднаас салж явцгаасан. Тэгээд би буцаад 18 дугаар гудамж руу ороод, зүс таних Идэрээ ахтай уулзаж мөнгө зээлэх гээд хаалгыг нь тогшиж үзэхэд тайлахгүй байсан болохоор гэртээ унтаж байгаа гэж бодоод хашааг нь давж орсон. Тэгээд цонхоор нь харахад гэрт нь хүн байхгүй байсан, байшингийн вакум цонхны салхивчийг түлхэж ороод гэр дотроос хар өнгийн цүнхтэй зүйл байсныг нээж үзэхэд шинээрээ ууттай оймс, дотуур хувцас зэрэг эд зүйл олон ширхэг байсан. Би яг хэдэн ширхэг гэдгийг тоолж үзээгүй. Тэгээд уг хоёр ширхэг цүнхтэй зүйлээ салхивчаар гаргаад, өөрөө араас нь гарсан. Гарах үедээ цонхны наана байсан хар өнгийн цахилгаан халаагуур шиг зүйл дээр гишгээд дамжиж гарсан. Тэгээд хоёр ширхэг хар цүнхтэй зүйлээ аваад, хашаа давуулж шидээд, өөрөө араас нь хашаа давж гарч ирэхэд гудамжинд урд талын айлын эгч тааралдсан. Тэгээд “намайг яаж байгаа юм бэ, болиоч” гэж хэлэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд цүнхтэй зүйлээ өргөөд, 63 дугаар сургууль руу явсан. ...63 дугаар сургууль дээр ирээд хоёр цүнхтэй зүйлээ жолоочид 40,000 төгрөгөөр зарсан...” /2-р хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 220-226/, 

- Өргөдөл /1-р хх-ийн 227/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 228-230/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 13-14, 16-17/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 210/

- Шүүгдэгч Г.Бийн шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 26-27/ зэрэг болно.

 

4. Шүүгдэгч Г.Б Г.Гтой бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутагт иргэн П.Батбаатарын хар өнгийн куртик, иргэн О.Тын Айфон 6 маркийн гар утас, ажлын малгай саарал цамц зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн үйлдлийн хувьд:

 

Хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 02 цаг 30 минутын үед 25 дугаар эмийн сангийн ойролцоо байдаг “Кэй Эф Си” хоолны газраас ажлаа тараад, өөрийн найз Батбаатарыг дуудаад, хамт гэртээ харих гээд алхаад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “Пицца хат” төвийн харалдаа явган хүний зам дээр 04 цагийн үед явж байхад 26-30 орчим насны хоёр залуу бид хоёр дээр ирээд “та хоёр хаана амьдардаг юм бэ” гэхээр нь нэгдүгээр хороололд амьдардаг гэхэд “манай дүү нар юм байна, бид хоёр бас нэгдүгээр хороололд амьдардаг” гэж хэлээд, Батбаатар бид хоёроос “мөнгө байна уу” гээд асууж байснаа миний “Ай Фоне” 6 маркийн утас, юүдэнтэй саарал өнгийн цамц, ажлын малгай зэргийг авчихсан. Тэгээд тэр хоёрын нэг нь “ахдаа энэ утсаа өгчих, би хэд хоногийн дараа аваад өгье” гэж хэлэхээр нь “би үгүй, болохгүй” гэхэд “тэгвэл хутгална шүү” гэж айлгаад байсан юм. Тэгээд бид хоёрыг дагуулаад, Нэгдүгээр хороолол орчимоор 1 цаг 30 минут орчим дагуулаад явж байхдаа “та хоёрыг дагуулж яваад шоудмаар байна, хамт архи ууна, та хоёр өнөөдөр харихгүй” гэж хэлсэн. Тэгээд 05 цаг 30 минутын үед Цамбагаравын замын урд талд байдаг автобусны буудал дээр ирээд тэр хоёр залуу “та хоёр эндээс зайл, бид хоёр явлаа” гэж хэлээд 23-36 УБӨ улсын дугаартай цагаан өнгийн приус 10 маркийн автомашинд суугаад яваад өгсөн...” /2-р хх-ийн 130-132/ гэсэн,

 

Хохирогч П.Батбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө  ...01 цагийн үед 25 дугаар эмийн сангийн хажууд байдаг “Кэй Эф Си” хоолны газарт очиж, найзыгаа хүлээгээд ажлыг нь тарахаар уулзаад хамтдаа харих гээд 25 дугаар эмийн сангаас нэгдүгээр хороолол “Пицца хат” гэх газрын урд талын явган хүний зам дээр явж байхад үл таних 20-25 орчим насны хоёр залуу тааралдаад, нэг залуу нь “дүү нар нааш ир” гээд бид хоёрыг дуудахаар нь очиход “за юу байна” гээд юм ярьж байснаа бид хоёроос “утас, мөнгө байна уу” гэж асуугаад манай найзын халааснаас гар утсыг нь авчихсан. Тэгээд бид хоёр “гар утсаа авья” гэсэн чинь “зүгээр байгаарай хутгална шүү” гээд айлгаад байсан. Тэгээд бид хоёрыг нэгдүгээр хорооллын байран дундуур цаг орчим дагуулаад, дарамтлаад явж байхдаа миний өмсөж явсан хар өнгийн куртик, манай найзын цамц, малгай, утас зэргийг авсан. Тэгээд бид хоёрыг дагуулж яваад Цамбагаравын урд талын автобусны буудал дээр ирээд 23-26 УБӨ улсын дугаартай автомашинд суугаад явчихсан...” /2-р хх-ийн 137-140/ гэсэн,

 

Гэрч М.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад өглөөний 05 цагийн үед манай найз Б, Монхоо гэх хоёр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд тэр хоёр манай илүү гэрт орж амраад, 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 09 цагийн үед сэрээд надтай юм ярьж байхдаа “Ай фоне” 6 маркийн гар утас харуулаад, Б “би ажил хийж 450,000 төгрөгөөр энэ гар утсыг авлаа, гар утсаа ломбарданд тавьдаг юм уу эсвэл зарчихдаг юм уу” гээд надаас асуугаад байхаар нь “би өөрөө мэд” гэж хэлэхэд Б “Теди төв ороод зарчихья” гэж хэлээд гэрээс гарч доод талын зам дээрээс такси бариад, Теди хүргүүлсэн. Теди төвийн гадна таксинд тэр хоёрыг хүлээгээд үлдсэн, удалгүй тэр хоёр “гар утсаа зарчихлаа” гэж хэлээд гараад ирсэн...” /2-р хх-ийн 148-150/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ...Цамбагаравын орчимд явж байхад өөдөөс 20 орчим насны гэмээр хоёр банди ирж явсан. Тэгэхэд Б нэг бандийг нь барьж аваад, өмсөж явсан саарал өнгийн малгайтай цамцыг нь тайлуулах гэхэд нөгөө залуу нь өгөхгүй байсан. Би тэр бандитай цуг явсан бандитай нь хамт тамхи татаад, хараад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод “боль боль” гээд очиход, нөгөө банди нь “энэ ах намайг яах ч үгүй юм шиг байна, юмаа авчихлаа” гээд “та цаанаа зогсож бай” гэсэн. Тэгээд холдоод, хар өнгийн бомбер куртиктай эрэгтэйгийн хамтаар нилээн удаан зогсож юм ярьсан. Тэгэхэд надтай цуг байсан эрэгтэй нь “та нэг очоодхооч” гэхээр нь яваад очиход, Б “ахынхаа хэлсэнээр бай, үгүй бол хутгална шүү” гээд байхаар нь би “наад хүүхдүүдтэй аятайхан харьцаач” гэхэд “чи яасан надтай муудалцаж зодолдох гээд байгаа юм уу” гээд дайраад байхаар нь “за за, ах больцгоогооч” гэж надтай юм ярьж байсан залуу хэлсэн. Тэгээд салж, Б нөгөө саарал цамцтай эрэгтэйгийн хамт тусдаа зогсож байгаад, хүрч ирэхдээ тэр бандийн саарал өнгийн малгайтай цамц, “Кэй Эф Си” гэсэн бичигтэй хар өнгийн саравчтай малгайг нь өмсөөд хүрээд ирсэн. Тухайн үед Б тэр саарал өнгийн цамцтай эрэгтэйгийн хар гэртэй, “Ай фоне” маркийн гар утсыг нь авчихаар нь “би наад утсыг нь өгчих” гэхэд хажуугаар надтай цуг байсан эрэгтэй нь “та манай найзын утсаар яах юм бэ, бид хоёр ажлаа тараад явж байна” гэхэд Б уурлаад “чамд ямар хамаатай юм бэ, хутгалуулах гээд байгаа юм уу” гэсэн. Тэр үед Бөд хутга байгаагүй тул “худлаа ярьж байгаа юм” гэж нөгөө хоёр хүүхдэд хэлсэн. Тухайн үед бороо орж байсан, би хар өнгийн бомбер куртик өмсчихсөн бандиас “куртикээ түр өгчих эргүүлээд, бороо намдахаар өгчихье” гэж хэлэхэд “за” гээд куртикээ тайлж өгсөн. Уг куртикны халаасанд ямар нэгэн зүйл байгаагүй. Тэр бандид өөрт нь үзүүлсэн. Тэгээд Б бид хоёр зам дээр такси зогсоогоод, таксинд суусан, Б “манай хоёр дүү цуг явна аа” гэж хэлсэн. Тэгээд таксинд суусан чинь Б шууд хөдлөөд явчихсан....” /2-р хх-ийн 175-176/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн үед гараад Саппоро руу харих гээд алхаж байхад Цамбагаравын арын буудлын орчимд өөдөөс хоёр залуу алхаж ирж явсан. Тэгээд тэр залуучуудыг Монхоо дуудаж ирүүлсэн. Монхоо өндөр нуруутай залууг нь “ахын дүү утсаар яриулчих” гэсэн чинь тэр залуу хар өнгийн “Ай фоне 6” маркийн утас гаргаж өгсөн. Тэгэхэд утсыг нь Монхоо аваад, тэр хоёрыг нэгдүгээр хорооллоор нилээд дагуулж явж байгаад Цамбагаравын Номин дэлгүүрийн үүдэнд очоод “одоо та хоёр яв” гээд өндөр нуруутай залуугийн цүнхийг нь нээж дотроос нь хар өнгийн бомбер куртик, “Кэй Эф Си” гэсэн бичигтэй хар өнгийн малгайг нь авсан. Тэгээд би замаас такси бариад нөгөө хоёр хүүхдийг үлдээгээд, Монхоо бид хоёр Дэнжийн мянгад байх найз Билгүүний гэрт очсон. Тэр гар утсыг нь маргааш өглөө нь Теди худалдааны төв дээр очиж махлаг шар царайтай хүнд 100,000 төгрөгөөр зараад Монхоо бид хоёр мөнгөөр нь архи уусан...” /2-р хх-ийн 181-182/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Гэмт хэрэг зөрчлийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 113/,

- Өргөдөл /2-р хх-ийн 114/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 163/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 210/

- Шүүгдэгч Г.Г, Г.Б нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай бусад баримтууд /2-р хх-ийн 185-187, 193-200/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Б, Г.Б, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 07 дугаар сарын 2-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын гудамжинд Б.Нтэй маргалдаж улмаар зэвсэг буюу хутга хэрэглэж түүний нуруу хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хий шингэн хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Б.Нгийн “...2017 оны 07 дугаар сарын 02-ны орой ...Бын хөөрсөн том хонийг барьж хяргаад байсан гэсэн асуудлаас болж муудалцаад, Б бид хоёр ноцолдож эхэлсэн. Тэгэж байгаад Б гэр рүүгээ ороод гарч ирээд дахиад бид хоёр үргэлжлүүлээд муудалцаж байгаад нэг мэдэхэд дээр доороо орж ноцолдож эхэлсэн. Би Бын дор орсон байхад Б намайг нуруу руу 2 удаа хутгалсан...” /1-р хх-ийн 28-30/ гэсэн, гэрч Ч.Цэцэгдарийн “...2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө унтаж байхад хүү Н орилоод гэртээ ороод ирсэн. Нөхрийнхөө хамт гайхаад босоход манай хүү ар талаараа хоёр удаа хутгалуулсан байдалтай, өмсөж явсан хувцас нь битүү цус болчихсон байсан...” /1-р хх-ийн 37-38/ гэсэн, гэрч М.Батдоржийн “...2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад манай хүү Н орж ирээд аахилаад амьсгалж чадахгүй байсан. Тэгээд босоод харахад 4 удаа хутгалуулсан байсан...” /1-р хх-ийн 39-40/ гэсэн, гэрч Д.Нямдоржийн “...2017 оны 07 дугаар сарын 03-ны шөнө Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах дээр ажиллаж байхад Б.Н нь 01 цагийн үед 103-аар согтуу хүргэгдэн ирсэн. Б.Н тухайн үед бусдад хутгалагдсан, баруун далны дээр, зүүн далны дор хатгагдсан хоёр шархтай байсан. Шарханд оёдол тавьж өвчтний биеийг рентгэнд харж шинжилгээ хийхэд, баруун цээжний хөндийд хий болон шингэн /цус/ хурсан байсан тул өвчтөнг эмнэлэгт хэвтүүлж тэр даруйд нь баруун цээжний суганы арын шугамаар 7, 8 дугаар хавирганы түвшингээр хатгалт хийж гуурс тавьж хий болон 250-300 мл орчим цусыг соруулж авсан. ...Тэр үед эмнэлгийн тусламжийг яаралтай аваагүй бол цээжинд хий шингэн хуралдан цус алдах, эсвэл халдвар орж бохирдох аюултай. Б.Нгээс өвчний түүх нээхдээ яаж гэмтсэн талаар асуухад архи ууж байгаад таньдаг хүндээ хутгалуулсан гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 42/ гэсэн, шүүгдэгч Э.Бын “...2017 оны 07 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед ...Н намайг “чи том хониноос бариад хяргаад байсан, захаас бариад хяргасангүй” гэсэн асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаж ноцолдоод хамаг хувцас шороо болчихоор нь гэртээ орж хувцасаа сольчихоод, гарч ирэхдээ хутга авч гарч ирсэн. Тэгээд бид хоёр ноцолдож эхэлсэн. Бид хоёр ноцолдож байхдаа барьсан байсан хутгаараа гурван удаа нуруунд нь хутгалсан. Бид хоёр багын найзууд. Нг айлгах санаатай хутга авч гарч ирсэн...” /1-р хх-ийн 96-97/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны №8598 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Нгийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хий шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үед амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”  /1-р хх-ийн 48/ гэсэн дүгнэлт,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-13/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-19/, өвчний түүх /1-р хх-ийн 54-65/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Г.Б, Э.Б нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 10-ын задгай тоотод байх иргэн Б.Баяр-Эрдэнийн монгол гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн Би эс би маркийн зурагт хулгайлж бусдад 315,600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Баяр-Эрдэний “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би эхнэр Мөнхнасангийн хамт гэртээ байхад  15 цагийн орчим манай дүү Отгондорж утсаар залгаад, “гэрт хулгай ороод, зурагт алга болчихсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр би эхнэр Мөнхнасангийн хамт гэрт очиж үзэхэд, хаалгыг нь хөшиж онгойлгоод, гэрт байсан миний эзэмшлийн 42 инчийн зурагтыг хулгайлсан байсан...” /1-р хх-ийн 153-154/ гэсэн, гэрч Г.Мөнхнасангийн “...2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед ...миний утас руу “ээжийн гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр нь “юу алга болсон байна” гэж асуухад “гэр дотор байсан зурагт алга болсон байна” гэхээр нь би нөхөр Баяр-Эрдэнийг дагуулаад очиход гэрт байсан 42-инчийн зурагт алдагдсан байсан...” /1-р хх-ийн 162/ гэсэн, гэрч Д.Урантуяагийн “...2018 оны 01 дүгээр сард ...Яармагийн эцэст 16 цагийн орчим нөхрийн хамт явж байхад 20 гаруй насны согтуу залуу хар өнгийн “Би Эс Би” загварын 42 инчийн зурагт тэвэрчихсэн “зарна” гээд явж байсан. Тэгэхээр нь би тэр залуугаас “хэдээр зарах гэж байгаа юм, чиний зурагт яг мөн үү” гэж асуусан. Тэгсэн тэр залуу “миний өөрийн зурагт, мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм, та 100,000 төгрөгөөр авчих” гэхээр нь би тэр залууд “80,000 төгрөгөөр авья, муу гардаг юм байна” гэж хэлэхэд “за тэг” гэж хэлээд надад 80,000 төгрөгөөр зарсан...” /1-р хх-ийн 175-176/ гэсэн, шүүгдэгч Г.Бийн “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ...Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Туул голын эрэг дагуу ногоон өнгийн төмөр хаалгатай хашаанд байх гурван гэрийн голын гэрийн хаалгыг хөшиж ороод, 42 инчийн “Би Эс Би” загварын зурагтыг хулгайлсан. Уг хулгайлсан зурагтыг Бын хамт Яармагийн эцэст явуулын танихгүй эмэгтэйд 80,000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөөрөө Бтой хамт Яармагийн эцсийн Марал зочид буудалд архи уусан...” /хх-ийн 195-196/ гэсэн, шүүгдэгч Э.Бын “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр …Б бид хоёр гараад дахин архи уухаар Яармагийн эцэс рүү явсан. Тэгээд явж байхдаа Туул гол дагуу байсан ногоон өнгийн төмөр хаалгатай ар хэсгээрээ хашаагүй дотроо 3 ширхэг Монгол гэртэй хашааны гадна ирээд би Бийг “түр хүлээж бай” гэж хэлээд уг хашааны ар хэсгээр орон голын гэрийн амбаарын хаалгыг нь хүчтэй татахад онгойчихсон ба би дотогшоо ороод загварыг нь мэдэхгүй байна, хар өнгийн хавтгай зурагтыг аваад гарсан. Гарах үедээ Бийг дуудаад, хамт өргөлцөөд ойролцоо байх жалганд аваачиж нуусан...” /хх-ийн 198-199/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 140-144/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 147-151/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 177-178/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 210/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар,

 

3. Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-2-6 тоотод оршин суух Т.Зын өвлийн сууцны вакум цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч эрэгтэй дотуур өмд, эмэгтэй дотуур өмд хөхний даруулга, оймс, тавчик зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 2,435,700 төгрөгний хохирол, цонхны шил, агаар шүүгч эвдэж 259,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Зын “...2018 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө 618-36 тоот дахь гэртээ байх үед манай нөхөр Идэр рүү Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-2-6 тоотод байх хөрш айлын хүмүүс “танай гэрийг ухаад байна, цүнх барьсан хүмүүс хашааг чинь даваад байна” гэж утсаар хэлсэн тэгээд би нөхөр, хүү хоёрын хамт ирсэн. Намайг ирэх үед хашааны явган хүний хаалганы цоож нь эвдэрсэн, байшингийн үүдний өрөөний жижиг цонх хагарсан цонхны хамгаалалтын төмрийг хөшиж аваад газар тавьсан байсан байшингийн том өрөөний нэг цонхны төмөр хамгаалалтыг нь аваад жижиг цонхыг онгойлгосон байсан. Дотор ороход манай байшин эмх цэгцгүй дотор нь байсан эд зүйлийг онгичсон байсан...” /1-р хх-ийн 236-237/ гэсэн, гэрч Д.Ишхандын “...2018 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад, дэлгүүр орчихоод буцаад явж байхад зүс таних Батука гэх залуу манай хойд хөрш айлын хашааг давуулаад, хар өнгийн хоёр ширхэг цүнх шидээд, өөрөө араас нь хашаа даваад гараад ирсэн. Тэгээд нь би Батука дээр очоод “чи яагаад айлаас хулгай хийгээд байгаа юм бэ” гэж асуухад “би Идэрээ гэх хүнтэй наймаа хийсэн, тэрийгээ авч болдоггүй юм уу” гэж хэлээд над руу гараараа далайгаад дайрахаар нь би түлхэж унагаад явсан. Батука босож ирээд цүнхтэй юмаа аваад 63 дугаар сургуулийн зүг рүү явсан...” /1-р хх-ийн 244-245/ гэсэн, шүүгдэгч Г.Бийн “...2018 оны 03 дугаар сарын 22-ны орой зүс таних Идэрээ ахтай уулзаж мөнгө зээлэх гээд хаалгыг нь тогшиж үзэхэд тайлахгүй байсан болохоор нь гэртээ унтаж байгаа гэж бодоод хашааг нь давж орсон. Тэгээд цонхоор нь харахад гэрт нь хүн байхгүй байсан ба байшингийн вакум цонхны салхивчийг түлхэж ороод, гэр дотроос хар өнгийн цүнхтэй зүйл байсныг нээж үзэхэд шинээрээ ууттай оймс, дотуур хувцас зэрэг эд зүйл олон ширхэг байсан. Би яг хэдэн ширхэг гэдгийг тоолж үзээгүй. Тэгээд уг хоёр ширхэг цүнхтэй зүйлээ салхивчаар гаргаад, өрөө араас нь гарсан. Тэгээд би хоёр шиг хар цүнхтэй зүйлээ аваад, хашаа давуулж шидээд, өөрөө араас нь хашаа давж гарч ирэхэд гудамжинд урд талын айлын эгч тааралдсан. Тэгээд “намайг яаж байгаа юм бэ, болиоч” гэж хэлэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд цүнхтэй зүйлээ өргөөд, 63 дугаар сургууль руу явсан...” /2-р хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 220-226/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 228-230/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 13-14, 16-17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 210/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар,

 

4. Шүүгдэгч Г.Б Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутагт  П.Батбаатарын хар өнгийн куртик, О.Тын Айфоне 6 маркийн гар утас, ажлын малгай саарал цамц зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Тын “...2018 оны 05 дугаар сарын 04-ний ...04 цагийн үед 26-30 орчим насны хоёр залуу бид хоёр дээр ирээд “та хоёр хаана амьдардаг юм бэ” гэхээр нь нэгдүгээр хороололд амьдардаг гэхэд “манай дүү нар юм байна, бид хоёр бас нэгдүгээр хороололд амьдардаг” гэж хэлээд, Батбаатар бид хоёроос “мөнгө байна уу” гээд миний “Ай Фоне” 6 маркийн утас, юүдэнтэй саарал өнгийн цамц, ажлын малгай зэргийг авчихсан. Тэгээд тэр хоёрын нэг нь “ахдаа энэ утсаа өгчих, би хэд хоногийн дараа аваад өгье” гэж хэлэхээр нь “би үгүй, болохгүй” гэхэд “тэгвэл хутгална шүү” гэж айлгаад байсан. Тэгээд 05 цаг 30 минутын үед Цамбагаравын замын урд талд байдаг автобусны буудал дээр ирээд тэр хоёр залуу “та хоёр эндээс зайл, бид хоёр явлаа” гэж хэлээд 23-36 УБӨ улсын дугаартай цагаан өнгийн приус 10 маркийн автомашинд суугаад яваад өгсөн...” /2-р хх-ийн 130-132/ гэсэн, хохирогч П.Батбаатарын “...2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө  ...нэгдүгээр хороолол “Пицца хат” гэх газрын урд талын явган хүний замаар байхад үл таних 20-25 орчим насны хоёр залуу тааралдаад, нэг нь “дүү нар нааш ир” гээд бид хоёрыг дуудахаар нь очиход “за юу байна” гээд юм ярьж байснаа бид хоёроос “утас, мөнгө байна уу” гэж асуугаад манай найзын халааснаас гар утсыг нь авчихсан. Тэгээд бид хоёр “гар утсаа авья” гэсэн чинь “зүгээр байгаарай хутгална шүү” гээд айлгаад байсан. Тэгээд бид хоёрыг нэгдүгээр хорооллын байран дундуур цаг орчим дагуулаад, дарамтлаад явж байхдаа миний өмсөж явсан хар өнгийн куртик, манай найзын цамц, малгай, утас зэргийг авсан. Тэгээд Цамбагаравын урд талын автобусны буудал дээрээс 23-26 УБӨ улсын дугаартай автомашинд суугаад явчихсан...” /2-р хх-ийн 137-140/ гэсэн, гэрч М.Билгүүний “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед сэрээд надтай юм ярьж байхдаа “Ай фоне” 6 маркийн гар утас харуулаад, Б “би ажил хийж 450,000 төгрөгөөр энэ гар утсыг авлаа, гар утсаа ломбарданд тавьдаг юм уу эсвэл зарчихдаг юм уу” гээд надаас асуугаад байхаар нь би “өөрөө мэд” гэж хэлэхэд Б “Теди төв ороод зарчихья” гэж хэлээд гэрээс гарч доод талын зам дээрээс такси бариад, Теди хүргүүлсэн...” /2-р хх-ийн 148-150/ гэсэн, шүүгдэгч Г.Гын “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ...Цамбагаравын орчим явж байхад өөдөөс 20 орчим насны гэмээр хоёр банди ирж явсан. Тэгэхэд Б нэг бандийг нь барьж аваад, өмсөж явсан саарал өнгийн малгайтай цамцыг нь тайлуулах гэхэд нөгөө залуу нь өгөхгүй байсан. Би тэр бандитай цуг явсан бандитай нь хамт тамхи татаад, хараад зогсож байсан. Тэгэхэд би очоод “боль боль” гэхэд, нөгөө банди нь “энэ ах намайг яах ч үгүй юм шиг байна, юмаа авчихлаа” гээд “та цаанаа зогсож бай” гэсэн. Тэгээд салж, Б нөгөө саарал цамцтай эрэгтэйгийн хамтаар тусдаа зогсож байгаад хүрч ирэхдээ тэр бандийн саарал өнгийн малгайтай цамц, “Кэй Эф Си” гэсэн бичигтэй хар өнгийн саравчтай малгайг нь өмсөөд хүрээд ирсэн. Тухайн үед Б тэр саарал өнгийн цамцтай эрэгтэйгийн хар гэртэй, “Ай фоне” маркийн гар утсыг нь авчихаар нь “би наад утсыг нь өгчих” гэхэд хажуугаар надтай цуг байсан эрэгтэй нь “та манай найзын утсаар яах юм бэ, бид хоёр ажлаа тараад явж байна” гэхэд Б уурлаад “чамд ямар хамаатай юм бэ, хутгалуулах гээд байгаа юм уу” гэсэн. Тэр үед Бөд хутга байгаагүй тул “худлаа ярьж байгаа юм” гэж нөгөө хоёр хүүхдэд хэлсэн. Тухайн үед бороо орж байсан ба би хар өнгийн бомбер куртик өмсчихсөн бандиас “куртикээ түр өгчих эргүүлээд, бороо намдахаар өгчихье” гэж хэлэхэд “за” гээд куртикээ тайлж өгсөн. Уг куртикны халаасанд ямар нэгэн зүйл байгаагүй. Тэр бандид өөрт нь үзүүлсэн юм...” /2-р хх-ийн 175-176/ гэсэн, шүүгдэгч Г.Бийн “...2018 оны 05 сарын 04-нд шилжих шөнө 02 цагийн үед ...тэр залуучуудыг Монхоо дуудаж ирүүлсэн. Монхоо өндөр нуруутай залууг нь “ахын дүү утсаар яриулчих” гэсэн чинь тэр залуу хар өнгийн “Айфоне 6” маркийн утас гаргаж өгсөн. Тэгэхэд утсыг нь Монхоо аваад, тэр хоёрыг нэгдүгээр хорооллоор нилээд дагуулж явж байгаад Цамбагаравын Номин дэлгүүрийн үүдэнд очоод “одоо та хоёр яв” гээд өндөр нуруутай залуугийн цүнхийг нь нээж дотроос нь хар өнгийн бомбер куртик, “Кэй Эф Си” гэсэн бичигтэй хар өнгийн малгайг нь авсан. Тэгээд би замаас такси бариад, нөгөө хоёр хүүхдийг үлдээгээд, Монхоо бид хоёр Дэнжийн мянгад байх найз Билгүүний гэрт очсон...” /2-р хх-ийн 181-182/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 163/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч Г.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Г.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Б, Г.Баямөнх нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Харин шүүгдэгч Г.Г нь дээрмийн гэмт хэрэгт Г.Бтай хамт оролцсон хэдий боловч хохирогчийн эд зүйлийг гуйж авснаас дээрэмдэж аваагүй, хохирогч өөрөө надад өгсөн гэж шүүх хуралдаанд мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Г үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлээгүй нь түүний хуулиар олгогдсон эрх байх ба түүний ингэж мэдүүлснийг буруутгах үндэслэлгүй.

Шүүгдэгч Г.Б Г.Г нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажлаа тараад харихаар явж байсан П.Батбаатар, О.Т нартай тааралдаж, улмаар тэд нарыг хаана амьдардаг талаар асууж, нэгдүгээр хорооллых гэхэд манай дүү нар байна гэж явуулахгүй хоргоож, нэгдүгээр хорооллоор дагуулж явсан, мөн П.Батбаатарын хар өнгийн куртикыг шүүгдэгч Г.Г авч өмссөн, шүүгдэгч Г.Б нь хохирогч нарт утас, мөнгө байна уу?, зүгээр байгаарай, хутгална шүү гэж хүч хэрэглэхээр заналхийлж байгаад О.Тын “Айфоне 6” маркийн гар утас, ажлын малгай, саарал цамц зэргийг авч, Г.Б, Г.Г нар нь нэгдүгээр хорооллын Номин супермаркет дэлгүүрийн үүднээс таксинд суугаад явсан, маргааш нь шүүгдэгч Г.Г, Г.Б нар нь хамт явж Теди төв дээр уг гар утсыг зарж байгаа үйлдэлд шүүгдэгч Г.Гыг оролцоогүй, дээрмийн гэмт хэргийг шүүгдэгч Г.Бийн хамт үйлдээгүй гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б, Г.Г нар нь дээрмийн гэмт хэрэг хийхээр урьдчилан тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Бын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хий шингэн хуралт бүхий хүнд хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Нд эмчилгээний зардалтай холбоотойгоор сайн дураараа 300,000 төгрөг төлсөн бөгөөд бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйлдлийн хувьд энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч Э.Б, Г.Б нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баяр-Эрдэнийн эд хөрөнгөд 315,600 төгрөгний хохирол учирсан бөгөөд төлөгдөөгүй ба хохирлыг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Б.Бд,

шүүгдэгч Г.Бийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Т.Зын эд хөрөнгөд 2,695,500 төгрөгийн хохирол учирсан нь төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Г.Бөөс гаргуулж, хохирогч Т.Зд,

шүүгдэгч Г.Б, Г.Г нарын үйлдсэн дээрэмдэх гэмт хэгийн улмаас хохирогч Б.Тын эд хөрөнгөд 370,000 төгрөгийн хохирол, хохирогч П.Батбаатарын эд хөрөнгөд 62,900 төгрөгний хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Г.Г нь шүүхийн шатанд хохирогч П.Батбаатарт 80,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Гоос 136,450 төгрөгийг гаргуулж хохирогч О.Тт, шүүгдэгч Г.Бөөс 216,450 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Тт тус тус олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б, Г.Г нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгч Г.Бийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс /1-р хх-ийн 66, 71/ өнөөдрийг хүртэл нийт 257 хоног, Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс /2-р хх-ийн 237/ өнөөдрийг хүртэл 38 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1710000360205 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Б овогт Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Бууч овогт Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Боржигон овогт Г.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 шүүгдэгч Г.Б-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Б-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-од оногдуулсан 06 /зургаа/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Г.Б-өд оногдуулсан 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг, шүүгдэгч  Г.Г од оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 257 /хоёр зуун тавин долоо/ хоногийг, шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б /РД: ШГ84120576, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4-238 тоот/-оос 157,800 /нэг зуун тавин долоон мянга, найман зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Б /РД: КЮ84032014, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Арцатын 5-260 тоот/-д,

шүүгдэгч Г.Б /РД: ОС95072413, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-3-14 суух/-өөс нийт 3,069,750 /гурван сая жаран есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж,

хохирогч Б.Б /РД: КЮ84032014, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Арцатын 5-260 тоот/-д 157,800 /нэг зуун тавин долоон мянга/ төгрөгийг,

хохирогч Т.З /РД: ЧЖ74071601, Хан-Уул дүүрэг 04 дүгээр хороо Шинэ өргөө хороолол 618-2-36 тоот/-д 2,695,500 /хоёр сая зургаан зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг,

хохирогч О.Т /РД: УХ00253170, Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо 22а-61 тоот/-т  216,450 /хоёр зуун арван зургаан мянга дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг,

шүүгдэгч Г.Г /РД: УЗ94110157, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-3-9 тоотод оршин суух хаягтай/-оос 136,450 /нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Т /РД: УХ00253170, Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо 22а-61 тоот/-т тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн 1710000360205 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Г.Б, Г.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                            

                                        ШҮҮГЧИД                                               С.БАЗАРХАНД

                                              

                                                                                                        П.ТУЯАТ