Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2019/0284

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Ж.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Н.Н, түүний өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд “Ч р” ХХК-ийн захирал Д.Р, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0114 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0114 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжийн “Б” ХХК, “Ч р” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан 5235 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.5, 121.3.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан үндэслэлийн талаар:

Анхан шатны шүүх хэрэг хэлэлцэж эхэлмэгц нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбарыг сонсоод, шууд нотлох баримт шинжлэх, нэмж тодруулах асуулт, хариултын ажиллагаа явуулсан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох, үгүйсгэх байдлаар нэмэлт тайлбар гаргаж мэтгэлцэх боломжийг олголгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсгийг зөрчиж шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

2. Хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасан үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн олон жилийн туршид эзэмших явцдаа ногоон байгууламж, мод, бут тарьж ургуулан хамгаалж, эзэмшиж байсан хэмжээгээрээ төлбөрийг нь төлж байсан газрыг бусдад эзэмшүүлсэн, эзэмшил газар руу буюу эмнэлгийн барилга хүртэл автомашин орох орц, гарцгүй болгосон зэрэг нь хууль бус гэсэн үндэслэл гаргасан.

Гэтэл шүүхээс газар дээр үзлэг хийж газрын байршлын болон газар оруулсан хөрөнгийн талаар нөхцөл байдлыг тодруулаагүй, энэ тайлбарын талаар ямар нэг дүгнэлт гаргалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

3. Хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д заасан үндэслэлийн талаар:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийн нэг нь хариуцагч нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлын талаар тайлбар гаргах, саналыг сонсох ажиллагаа явуулалгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж маргасан юм.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах талаар захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулах, тухайн ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, баримтжуулах зэрэг журмын хуульчилсан.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Нийслэлийн Газрын алба болон маргаанд оролцогч талууд 2 удаа уулзалт хийж ... шийдвэрлэснийг гуравдагч этгээд “Б” ХХК, “Ч р” ХХК зөвшөөрч байгаа болно”, Нийслэлийн Газрын албаны албан бичигт ... маргалдагч талуудыг оролцуулан сонсох уулзалтыг удаа дараа хийж зөвшилцсөн боловч уулзалтын тэмдэглэлийг албажуулаагүй байна” гэх тайлбараас үзвэл сонсох ажиллагааг огт хийгээгүй гэж үзэхгүй” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч өөрийг нь оролцуулан сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан гэж маргаж байхад шүүх хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргасан маргалдагч талуудыг оролцуулан уулзалт зохиож сонсох ажиллагаа явуулсан, гэхдээ энэ талаар тэмдэглэл хөтлөөгүй гэсэн ямар нэг нотлох баримтгүй, маргалдагч талуудын, тэр дундаа сонсох ажиллагаа явуулсан бол түүнийгээ баримтжуулах, нотлох хуулиар хүлээсэн үүрэг бүхий хариуцагч захиргааны байгууллагын амаар гаргасан тайлбарыг үндэслэн тухайн лавлагааг явуулсан гэж дүгнэснээрээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4. 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан үндэслэлийн талаар:

 Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/799 дүгээр захирамжийн “Б” ХХК болон “Ч р” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд маргаан бүхий актын энэ 2 заалтыг хүчингүй болгох шаардлагын үндэслэл нь ялгаатай гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын дээрх 2 компанид холбогдох үндэслэлийг тусад нь тайлбарласан.

Тухайлбал, “Ч р” ХХК нь 2016 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд өнөөдрийн маргаж буй газартай холбоотой нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “... нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Нийслэлийн Засаг даргын А/983 дугаар захирамжаар /энэ нь 120 м.кв газар/ газраа баталгаажуулах нь зүйтэй гэж үзлээ” гэж шүүхэд ирүүлсэн хүсэлтийг баталгаажуулж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 882 дугаартай захирамж гарсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу “Ч р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагад дүгнэлт өгөөгүй орхигдуулсан ба энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.5, 121.3.7-д заасан үндэслэлээр мөн хуулийн 121.1.4-д зааснаар ... 0114 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянахад анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 24, 25, 26, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06, 07, 08 дугаар тогтоолуудаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2 дугаар амбулаторийн хуучин барилгын 540.9 м.кв талбай бүхий байрыг “С” ХХК-д, 189.8 м.кв талбай бүхий байрыг “Б” ХХК-д, 101.7 м.кв талбай бүхий байрыг “Ч р” ХХК-д тус тус түрээсийн давуу эрхээр хувьчилж, өмчлөгчийн эрхийг шилжүүлсэн байх бөгөөд энэ үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй, харин нэхэмжлэгч уг хувьчилж авсан талбай бүхий байрны харалдаа бүхий газруудыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжаар “С” ХХК-ийн эзэмшилд байсан 5235 м.кв газраас хасч “Б” ХХК-д 2656 м.кв, “Ч р” ХХК-д 670 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, энэ нь  нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн“ гэх үндэслэлээр маргаж, “дээрх захирамжийн “Б, ХХК болон “Ч р” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “С” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан 5235 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 882 дугаар захирамжаар “Ч р” ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982, А/983 дугаар захирамжуудын “Ч р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/711 дүгээр захирамж хууль ёсны байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1046 дугаар шийдвэрээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийн “Б” ХХК, “С” ХХК-уудад холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ дэлгэрэнгүй дурдсан байна.

Анхан шатны шүүх “... хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, маргаанд оролцогч талуудын гаргаж буй санал, хүсэлт нь хууль тогтоомжид нийцэж буй, бодит нөхцөл байдалд тохирсон, тэгш байдлыг хангаж байгаа эсэх зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд зохих шийдвэрийг гаргасан” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж хуульчилсан, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ”, үүнд: 2.1.3-т “хээрийн судалгаа хийх”, 6.2-т хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 6.2.2-т “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах”, 6.3.1-д “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох” гэж тус тус журамласан байна.

Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзвэл төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Газрын алба, Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа газар эзэмших хүсэлтэд хавсаргасан баримтыг нягтлан шалгахаас гадна тухайн эзэмшихийг хүссэн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаж буй эсэх, хөрш зэргэлдээ газар эзэмшигч, өмчлөгч нарын эзэмшил, өмчлөлийн газраа ашиглах эрхэд саад болохуйц нөхцөл байгаа эсэх, орц, гарцтай давхцаж буй эсэхийг тогтоосны үндсэн дээр бусад этгээдийн зөвхөн хууль ёсоор эзэмшиж буй газраас гадна ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцуулахгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан.

Энэ тохиолдолд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд багтаан шинэ акт гаргаагүй тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийн “Б” ХХК болон “С” ХХК-д холбогдох хэсгүүд хүчингүй болсон, нэхэмжлэгчээс хууль ёсны эзэмшил газартай давхацсан гэх асуудлаар мөн орц, гарц хаасан талаар баримт, нотолгоо гаргаж мэтгэлцээгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэсгүй.

Хариуцагч болон гуравдагч этгээд нараас “Нийслэлийн Газрын албаны захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүд болох “С” ХХК, “Б” ХХК, “Ч р” ХХК-ийн санал, хүсэлтүүдийг харгалзан үзэж, бодит нөхцөл байдлыг тогтоохоор 2 удаа уулзалт хийсэн” гэх тайлбарыг гаргасан бөгөөд үүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байх хэдий ч нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий газартай холбогдох нөхцөл байдлыг судалж дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэсэн байхад талууд энэ талаар эрх бүхий этгээдэд хандах эрх нь нээлттэй байсан энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжийг “талуудыг бүрэн байлцуулж сонсох ажиллагаа хийгээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... шүүх хуралдааны явцад маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох, үгүйсгэх байдлаар нэмэлт тайлбар гаргаж, мэтгэлцэх боломжийг олголгүй хэргийг шийдвэрлэсэн” гэжээ.

Хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, уг хуралдааны бичлэг зэргийг судалж үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э-д мэтгэлцэх боломжийг олгож, нэмэлт тайлбар гаргах эрхээр нь хангасан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хариуцагчаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хувьчилж авсан байрны харалдаа бүхий газруудыг тус тус эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 /газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/-д заасан зарчимд нийцсэн, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдөөгүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин нэхэмжлэгчээс орц, гарц чөлөөлүүлэх асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ