Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 118/2021/0009/З |
Дугаар | 001/ХТ2021/0132 |
Огноо | 2021-10-13 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2021/0132
“БГУЦС” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, ЗА-ийн ТХТУБ нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0019 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 200 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч С.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: ЗА-ийн ТХТУБ-ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900030 дугаар актыг хүчингүй болгуулах;
2. Хэргийн нөхцөл байдал: “БГУЦС” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 97,990,681.00 төгрөгийн нөхөн татвар, 29,397,204.30 төгрөгийн торгууль, 17,374,229.38 төгрөгийн алданги, нийт 144,762,114.68 төгрөгийн төлбөр ногдуулжээ. Анхан шатны шүүх актын зарим хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэснээс хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвхөн актын хоёр үндэслэлд холбогдуулан гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “Үл хөдлөх эд хөрөнгийн татвар дутуу төлсөн” гэх зөрчлийн тухайд, нэхэмжлэгчээс “төрийн өмчит компанийн охин компани, олсон орлогоо төрд шилжүүлдэг учраас үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөнө, татварыг тооцохдоо үл хөдлөх хөрөнгийн анхны өртгөөс элэгдэл хасч, үлдэх үнийн дүнгээс тооцно” гэж, хариуцагчаас “үл хөдлөх хөрөнгийн татвар тооцоход элэгдэл хамаарахгүй, дуусан дуустал анхны өртгөөс тооцно” гэж,
2.2. “2016-2019 оны усны төлбөрийг дутуу төлсөн” зөрчлийн тухайд, нэхэмжлэгч компаниас “Үйлдвэрлэсэн энерги нь тоолуураар гарч ирэхийг энергийн тариф, чадлын тариф нь тогтмол орж ирж байгаа орлого буюу эрчим хүчний чадлын дэмжлэг олгоход бэлэн гэсэн утгаар тогтмол бодогддог тул чадлын тарифт усны төлбөр төлөхгүй, энергийн тарифаас төлнө, чадлын тарифаар нийгмийн даатгал зардлаа шийддэг” гэж, хариуцагчаас “уснаас бусад борлуулалтыг тайлагнахдаа энергийн тариф, чадлын тарифын нийлүүлж байгаад зөв тайлагнадаг, зөвхөн усны төлбөрийг энергийн тарифаар тайлагнасан нь үндэслэлгүй, энергийн тариф болон чадлын тарифыг нэмж байгаад ус ашигласны төлбөр төлнө” гэж тус тус маргажээ.
3. Анхан шатны шүүхээс: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, “...нэхэмжлэгч хуулийн этгээд нь үйлдвэр технологийн паркад хамааралгүй, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, үл хөдлөх хөрөнгийн татвар тооцохдоо элэгдлийг тооцолгүй, анхны үнээс тооцсон нь буруу, усан цахилгаан станц нь ус ашиглах цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгааны квт/цаг хэмжээгээр орлого олж байх тул энергийн тарифаар тооцож усны төлбөр төлөх үндэслэлтэй, ус ашиглаж цахилгаан үйлдвэрлээгүй бусад саруудад олгогдож байгаа чадлын тарифт усны төлбөр ногдуулаагүй мөртлөө борлуулалтын орлогодоо тайлагнасан гэж үзэн ус ашигласан саруудад чадлын тарифт усны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлтээр татварын улсын байцаагч нарын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900030 дугаар актын нийт төлбөр 144,762,114.00 төгрөгөөс 83,681,126,856 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Давж заалдах шатны шүүхээс “...үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулахдаа анхны үнээс элэгдлийг хасч тооцож, данс бүртгэлд бүртгэсэн үнийн дүнг тодорхойлохоор зохицуулсан; усан цахилгаан станц нь жилд хэдий хэмжээний цахилгаан квт нийлүүлэх хүчин чадалтай эсэхээс үл хамаараад Богдын голын усыг ашиглаж цахилгаан үйлдвэрлэж, түүнийгээ гэрээний дагуу хэрэглэгчдэд нийлүүлж, уг нийлүүлсэн цахилгааны нэгж квт/цаг бүрт төлсөн үнэ буюу энергийн тарифаар компанийн борлуулалтын орлогыг тодорхойлох тул төлбөрийг багасгах нь хуульд нийцнэ, энергийн тарифаар борлуулалтын орлогыг тодорхойлно” гэсэн үндэслэлээр, анхан шатны шүүхийн “144,762,114.00 төгрөгөөс 83,681,126,856 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “144,762,114.00 төгрөгийг 83,681,126.856 төгрөгөөр багасгасугай” гэж өөрчилсөн байна.
5. Хариуцагч татварын улсын байцаагч нараас давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
5.1. Ус ашиглаж үйлдвэрлэсэн цахилгааны 1 квт/цагийг нь 2016-2017 онд энергийн тариф 6.91 төгрөгөөр, 2018-2019 онд 8.83 төгрөгөөр тооцож Алтай-Улиастай эрчим хүчний систем компанид борлуулж, тус компани нь цаашаа эцсийн эцсийн хэрэглэгчдэд 1 квт/цагийг 130-160 төгрөгөөр борлуулдаг. Дээрх үнийн зөрүүг чадлын тариф нэрээр сар болгон 30.2 сая төгрөгийг буцааж авдаг. Тухайн жилийн 5-10 сард ус ашиглаж үйлдвэрлэж, борлуулсан цахилгааны орлого байдаг бөгөөд нийт борлуулалтын орлогоос 5 хувиар тооцох нь зөв юм.
5.2. Анхан болон давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар актаар ногдуулахдаа данс бүртгэлд эхэлж бүртгэсэн дансны үнээс ногдуулсныг буруу гэж үзэж, элэгдэл хасч, үлдэж байгаа үнээс нь ногдуулах нь зөв гэж үзэн 21,083,728.00 төгрөгийн татвар, 6,325,118.40 төгрөгийн торгууль, 4,216,745.60 төгрөгийн алданги, нийт 31,625,592.00 төгрөгийн төлбөрийг илүү ногдуулсан гэж хасч хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбартаа: ... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Учир нь ус, рашааны нөөц ашигласан төлбөрийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар зохицуулахгүй. Ус, усан орчин ашигласан тохиолдолд борлуулалтын орлогоос тооцох ёстой. Энергийн тарифт усны төлбөр төлөхөөс чадлын тарифт төлөхгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын анхны үнээс элэгдлийг хасч тооцож, данс бүртгэлд бүртгэсэн үнийн дүнг тодорхойлж, уг үнэлгээнээс 0,6 хувиар тооцох талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
8. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тооцохдоо тухайн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээс тооцож төлбөр тогтоохоор байна.
9. Энэхүү маргааны тухайд нэхэмжлэгч болон хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн элэгдлийг татвар тооцохдоо хасч тооцох эсэхэд маргасан, хуулийн дээрх заалтад үл хөдлөх эд хөрөнгийн элэгдэл хасах талаар заагаагүй, зөвхөн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээс тооцох, бүртгэлд тусгагдаагүй бол бусад байдлаар тооцох талаар тодорхой зохицуулжээ.
10. Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлээр зохицуулсан элэгдэл, хорогдлын асуудал нь үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаатай холбоотойгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасах харилцааг зохицуулсан, энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт холбогдох үйл баримтад хамааралгүй юм.
11. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 116 дугаар тушаалаар баталсан “Аж ахуй нэгж байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн заавар”-ын 6.3-д “үндсэн хөрөнгө нь анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасч тооцсон үлдэгдэл өртгөөр илэрхийлэгдэнэ” гэснийг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар шүүх тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэх зарчимтай, тухайн тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг нарийвчилсан зохицуулалттай гэж үзнэ.
13. Иймээс шүүхийн шийдвэр, магадлалын энэ хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж, 31,625,592 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
14. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно; 10.1.1.усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс;” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс усны төлбөрийг төлөх байна.
15. Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 298 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны чадал болон энергийн тариф тооцох аргачлалыг баталсан, уг аргачлалын 2.1-д “чадлын тариф гэж үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны бөөний зах зээлд сар бүр чадал нийлүүлэхэд бэлэн байлгасны төлбөрийг ойлгоно” гэж, 2.2-д “энергийн тариф гэж үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бөөний зах зээлд гэрээний дагуу нийлүүлэх цахилгааны нэгж квт.ц бүрт төлөх үнийг ойлгоно” гэж зааснаас үзэхэд чадлын тариф нь хуулийн дээрх заалтад тусгайлан заасан нөхцөл болох “үйлдвэр үйлчилгээний борлуулалтын орлого” гэх ойлголтод хамаарахгүй байна.
16. Энэ тохиолдолд чадлын тариф нь “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-иас хүлээн авсан орлого буюу цахилгаан бэлэн байлгасны дэмжлэг байх тул чадлын тарифт ус ашигласны төлбөр төлөхгүй, энергийн тарифт усны төлбөр төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
17. Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө” гэж заасан, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр зохион байгуулагдсан, ашгийн төлөө хуулийн этгээд байх тул “төсвөөс санхүүждэг” гэх ойлголтод хамааралгүй учир нэхэмжлэгчийн “төрийн өмчит компанийн охин компани, олсон орлогоо төрд шилжүүлдэг учраас үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөнө” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
18. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, төлбөрийн хэмжээг 52,055,535 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0019 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн “83,681,126 төгрөгөөр багасгасугай” гэснийг “52,055,535 төгрөгөөр багасгасугай” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Д.МӨНХТУЯА
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ