Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1188

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03363 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ХХХны 170 дугаар салбар, Өнөр тооцооны төвд 500 000 төгрөгийг жилийн 13.7 хувийн хүүтэй хадгалуулсан. 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг нэмж, нийт 1 500 000 төгрөгтэй болсон. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хадгаламжаас мөнгө авахаар очиход 500 000 төгрөг авсан байна гэсэн. Тухайн үед би хадгаламжаасаа 500 000 төгрөг аваагүй гэхэд намайг  авсан байна гээд гүтгээд өгөөгүй. Иймд миний 500 000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Харилцагч ХХХХ нь тус банктай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 00911506 тоот дугаартай Хуримтлах хугацаатай хадгаламжийн гэрээг байгуулж 5001295667 тоот дансанд 500 000 төгрөгийг 13 сарын хугацаатай хадгалуулсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийн орлого хийж, хадгаламж нь 1 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ХХХХ нь 1 500 000 төгрөгийн хадгаламжаа барьцаалж 150 000 төгрөг 1 сарын хугацаатай зээлж авсан боловч 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 150 000 төгрөг буцаан төлсөн. 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5001254757 тоот хугацаатай хадгаламжийн гэрээг цуцалж, хугацаагүй хадгаламжид шилжүүлэхийг хүссэн тул хугацаагүй хадгаламжид шилжүүлсэн. Энэ өдөртөө 500 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн. Дээрх гүйлгээний баримтад харилцагч өөрөө гарын үсэг зурсан. Гарын үсгийн хэв маяг нь харилцагчийн өөрийнх нь гарын үсгийн хэв хаягтай төстэй буюу ижил байх тул гүйлгээг өөрөө хийсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХнаас 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Намайг данснаасаа мөнгө авахаар очиход миний данснаас 500 000 төгрөгийг авчихсан байсан. Энэ талаар тус банкны теллерт мэдэгдэхэд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 500 000 төгрөг авсан байна гэж гүтгээд байгаа. Тухайн үед надад үйлчилсэн ХХХны 170 дугаар салбарын теллер ХХХХХ гэгчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна. Шүүх хэт нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн би гарын үсэгтэй холбоотой шинжээч томилуулах хүсэлтэй байсан ч миний хууль мэдэхгүйг далимдуулан хүлээж аваагүй юм. Би өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамтаар амьдардаг, өмгөөлөгчийн хөлс төлөх чадваргүй учраас өмгөөлөгч авч чадаагүй. Миний шүүхэд гаргасан хүсэлтийг шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна. ХХХныхан намайг гүйлгээний баримтад харилцагч өөрөө гарын үсэг зурсан гэж гүтгээд байгааг зөвшөөрөхгүй байна. Миний хүвьд гарын үсэгний шинжилгээг өгөх, надад үйлчилсэн ХХХны 170 дугаар салбарын теллер ХХХХХыг гэрчээр оролцуулах асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг баримтлаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 500 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж мөнгөө авсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 500 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг 13 сарын хугацаатай, жилийн шаталсан хүү 13.7 хувь байх нөхцөлтэйгөөр хадгалах, хадгалуулах тухай CIF№00911506 дугаар  “Хуримтлах хугацаатай хадгаламжийн гэрээ” 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдаж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд гарын үсэг зурж бичгийн хэлцэл хийсэн /хх.7-8/ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүсчээ.

Хэргийн 59 дэх талд авагдсан нэхэмжлэгч ХХХХ-ийн хадгаламжийн дэвтрийн хуулбараас үзэхэд тэрээр 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ХХХин дахь 5001254757 дугаар хадгаламжийн дансанд 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийн орлого хийсэн байх ба зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх тэмдэглэгээ байхгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн маргаан бүхий үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болох “Зарлагын маягт” гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй буюу уг хуулбар баримтаас дансны дугаар, гүйлгээний утга бүрэн харагдахгүй байх тул нэхэмжлэгч ХХХХг 500 000 төгрөгийг банкнаас буцаан авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь тухайн үед гүйлгээ хийсэн теллер ХХХ-ийг гэрчээр асуулгахаар шүүхэд хүсэлт гаргасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч ХХХ, ХХХ нарыг оролцуулсан байх боловч нэхэмжлэгч нь тэдгээр гэрчүүдийг танихгүй, уг гэрчүүд гүйлгээний баримтад гарын үсэг зурсан теллер мөн эсэх нь тогтоогдоогүй тул гэрчийн мэдүүлэгт үндэслэн маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхэд гол ач холбогдолтой нөхцөл байдал болох нэхэмжлэгч ХХХХ нь 500 000 төгрөгийг хариуцагч ХХХнаас буцаан авсан эсэх үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт нь хуулиар тогтоосон шаардлага хангаагүй байхад давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн үүргийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                                                 ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ