Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 67

 

А.Амарбаясгалан, Д.Бямбадорж,

Э.Мягмарнаран, Б.Даваажав нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Осоржамаа,

Шүүгдэгч А.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

Шүүгдэгч Д.Бямбадоржийн өмгөөлөгч Б.Тэнгис,

Шүүгдэгч Э.Мягмарнарангийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Б.Даваажавын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Осоржамаагийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран, Б.Даваажав нарт холбогдох эрүүгийн 201526030543 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Өвгөд овогт Амаржаргалын Амарбаясгалан, 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 23 дугаар гудамжны 311 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РА94111031/,

2. Норолхоосүрэн овогт Даваадоржийн Бямбадорж, 1996 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, ах, тэдний хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа Ардын байрны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЦ96072717/,

3. Боржигон овогт Эрдэнэжаргалын Мягмарнаран, 1997 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10-425 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙО97062417/,

4. Боржигон овогт Баянбатын Даваажав, 1999 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 3-127 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП99010831/.

А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран, Б.Даваажав нар нь бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бурхантын гудамжны дунд байрлах оршуулгын байрны зүүн хойд талд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Г.Дамдинсүрэнг “тамхи нэхлээ гэх” үл ялих зүйлээр шалтаглан зодож, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран, Б.Даваажав нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, дараах асуудлуудыг шалгахаар заажээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “Гэмт хэрэг гарсан байдал”, мөн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасан “Уг гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг шалгах ажиллагааг дутуу хийсэн. Тодруулбал: Амь хохирогч Г.Дамдинсүрэнгийн бие махбодид учирсан “зулайн ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун чамархайн булчингийн цус хуралт” бүхий хүнд гэмтэл, мөн духны зүүн дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаа, хацар, баруун мөр, зүүн сарвуу, алга, баруун, зүүн өвдөг, шилбэний гадаргуу, баруун гуя, баруун гарын сарвуу, хэвлийн зулгаралт бүхий олон тооны гэмтэл”-ийг шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран, Б.Даваажав нарын хэнийх нь үйлдлээс аль гэмтлийг учруулсан болохыг тогтоогоогүй. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Уг хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулах” талаар мөрдөн байцаагчийн даалгавар хүргүүлжээ. /2 дугаар хавтас, 87 дугаар хуудас, 4 дүгээр хавтас, 42 дугаар хуудас/. Иймд энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулсан эсэх, явуулсан бол эх сурвалжийг задруулахгүйгээр боломжит хэлбэрээр бэхжүүлж хэрэгт хавсаргах. Гэрч Б.Бат-Эрдэний 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр шүүх хуралдаанд, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтанд 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй байна. Иймд гэрч Б.Бат-Эрдэний аль мэдүүлэг нь үнэн зөв болох, тэрээр зориуд худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгах шаардлагатай байна” гэжээ.

Прокурор Ц.Осоржамаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран, Б.Даваажав нар нь 2016 оны 7 дугаар сарын 13-ны орой Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, бүлэглэн танхайрч, онц харгис хэрцгий аргаар иргэн Г.Дамдинсүрэнг зодож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, сурган хүмүүжүүлэгч Л.Ганболд, хууль ёсны төлөөлөгч Ч.Мөнхбат, хяналтын прокурор Н.Пүрэвтогтох нарыг оролцуулан насанд хүрээгүй сэжигтэн Б.Даваажавыг байцаахад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, 145-147 дугаар хуудас/, өмгөөлөгч Мягмарцэрэн, хяналтын прокурор Н.Пүрэвтогтох нарыг оролцуулан яллагдагч А.Амарбаясгаланг байцаахад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, 151-152 дугаар хуудас/, өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, хяналтын прокурор Н.Пүрэвтогтох нарыг оролцуулан яллагдагч Э.Мягмарнаранг байцаахад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, 156-157 дугаар хуудас/, өмгөөлөгч Ц.Ганчимэг, хяналтын прокурор Н.Пүрэвтогтох нарыг оролцуулан яллагдагч Д.Бямбадоржийг байцаахад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, 159-160 дугаар хуудас/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /2 дугаар хавтас, 42-44 дүгээр хуудас/, гэрч Ц.Соёлмаагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, 84-85 дугаар хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Баярсүрэн, хяналтын прокурор Ц.Осоржамаа намайг оролцуулан яллагдагч А.Амарбаясгалангийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3 дугаар хавтас, 183-185 дугаар хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Баярсүрэн, хяналтын прокурор Ц.Осоржамаа намайг оролцуулан яллагдагч Э.Мягмарнарангийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3 дугаар хавтас, 200-203 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд тогтоогдсон гэж үзэж байна.

Гэрч Б.Бат-Эрдэний 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн /2 дугаар хавтас, 42-44 дүгээр хуудас/ мэдүүлэг нь түүний эхнэр Ц.Соёлмаагийн мэдүүлгээр давхар нотлогддог тул уг мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу нотлох баримт гэж үзсэн болно. Уг хэрэгт хийгдсэн гүйцэтгэх ажиллагаа хийсэн материалыг шүүхээс Улаанбаатар хотын цагдаагийн газарт албан бичиг хүргүүлэн авах байтал прокуророос гүйцэтгэх ажиллагааны материалыг ирүүлэхийг шаардсан нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран, Б.Даваажав нар нь бүлэглэн танхайрч, онц харгис хэрцгий аргаар иргэн Г.Дамдинсүрэнг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байхад, шүүхээс үхэлд хүргэсэн гэмтлийг хэн учруулсан, талийгаачийн биед учруулсан гэмтлүүдийг хэн нь хэрхэн учруулсан болохыг тогтоох гэж заасан нь хор уршгийн нэг шинжээр танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь үгүйсгэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд заасан хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 122 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

Шүүгдэгч А.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр А.Амарбаясгалан нарт холбогдох хэргийг хэлэлцээд 122 тоот шүүхийн тогтоолоор 6 үндэслэл заан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гол үндэслэл нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, бусад нотлох баримтаар нотлох, полиграфийн шинжилгээ ашиглан шүүгдэгч нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болох эсэхийг шалгах, гэрч Б.Бат-Эрдэнийн сэтгэцийн байдлыг шалгах зэрэг байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч нар бүгд сэтгэцийн хөнгөн хэлбэрийн шизофрени өвчтэй гэсэн шинжээчийн дүгнэлтүүд байдаг. Гэрчийн өгсөн хуурамч мэдүүлгээс бусад нотлох баримтаар эдгээр хүүхдүүдийн үйлдэл нотлогдохгүй байна. Шүүх хуралдаанд бүх өмгөөлөгч нар шүүгдэгч нарыг цагаатгах санал гаргасан. Шүүхийн тогтоол үндэслэлтэй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай эргэлзээ бүхий гурван үндэслэлийг тогтоолд заасан гэж үзэж байна. Мөн хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан тохиолдолд энэ хэрэг хэрэгсэхгүй болж, шүүгдэгч нарыг цагаатгах боломжтой. Иймд прокурорыын эсэргүүцлийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Бямбадоржийн өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шатнаас эхэлж Д.Бямбадоржид эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Эдгээр хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй буюу оюун ухааны хомсдолтой хүүхдүүдийн тусгай сургуулийг төгссөн, бичиг үсэг бүрэн мэдэхгүй, эрх зүйн чадамжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар танхайн сэдэлтээр, 91.2.12 дахь хэсэгт зааснаар онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон гэх байдлыг шүүх дүгнэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэн энэ гэмт хэрэгт ямар оролцоотой байсныг шалга гэсэн нь үндэслэлтэй. Хүнийг элэг, бөөрөнд нь өшиглөсөн үйлдэл санаатай алах гэмт хэрэгт хамаарах уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Гадаа гудамжинд бол танхайн сэдэлттэй байсан, хэд хэдэн тооны хөхрөлт няцралтын шархтай бол онц харгис хэрцгий аргаар, олуулаа байсан бол бүлэглэсэн гэж үзэж зүйлчлэхдээ үйлдэл тус бүрийг нь нарийн ялгаж, салгах хэрэгтэй. Хэрэв талийгаач онц харгис хэрцгий аргаар зодуулж нас барсан гэж үзэж байгаа юм бол талийгаач гэр лүүгээ алхаж очоод гэрийнхнийгээ дагуулаад эргэж оршуулгын газрын хашаанд ирээд унасныг хэрхэн дүгнэх вэ. Хэрвээ хүнд гэмтэл авсан нь талийгаачийг үхэлд хүргэх шалтгаан байсан юм бол тухайн гэмтлийг авсан даруйдаа хөдөлгөөн нь хязгаарлагдах байсан. Үүнийг эмч нар ч нотолсон. Эдгээр байдлуудаас болж гэмгүй хүүхдүүдийг гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагаа бүгд хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Хэргийг гэрчлээд байгаа гэрч, мэдүүлэг өгч байгаа шүүгдэгч нар хэргийн нарийн учрыг ойлгохгүйгээр нэг нэгнийхээ яриаг дагаж ярьсан байх магадлал өндөр. Анх шүүгдэгч нараас байцаалт авахдаа эрх зүйн чадамжтай эсэх, бичиг үсгийн мэдлэгтэй эсэхийг нь асууж тогтоогоогүй. Эдгээр хүүхдүүдийн хувьд эрх зүйн чадамжгүй байдлыг бусдаас нууж, хэн нэгэнд мэдэгдчихгүй юмсан гэж бодож явдаг. Ийм хүүхдүүдээс авсан мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж байгаа нь үндэслэлгүй. Хүнийг элэг, бөөрөнд нь өшиглөсөн үйлдэл нь хүнийг санаатай алсан гэмт хэрэг байх боломжгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хэргийг бүрэн шалгах шаардлагатай. Үнэхээр шүүгдэгч нар талийгаачийг зодсон гэж үзэж байгаа бол зодсон үйлдэл нь талийгаачийн амь нас хохирсонтой шалтгаант холбоотой эсэхийг шалгах ёстой” гэв.

Шүүгдэгч Э.Мягмарнарангийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Даваажавын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаачийн хүү Мөнгөнхүлэг эцгийгээ байнга зоддог, архи ууж, агсам тавьдаг байсан талаар гэрчүүд мэдүүлсэн бөгөөд зөвхөн хэрэг гардаг өдөр л эцгийгээ зодоогүй гэх мэдүүлэг байдаг. Талийгаачийн дүү Сийлэндорж “манай ах цус харваад жил гаруй хугацаа өнгөрч байгаа тул хэл ам нь орооцолдоод сайн ярьж чаддахгүй, хүнтэй ярьдаггүй байсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нарын мэдүүлэгт дурдагдсан шиг хэмжээнд талийгаач ярих чадвартай байсан эсэхийг шалгаж тогтоох хэрэгтэй. Гэрч Б.Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй байсан тул гэрчийн сэтгэцийг шалгуулах, худал мэдүүлэг өгч байгаа эсэхийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Мөн 2015 онд хийгдсэн гүйцэтгэх ажиллагааны материал хавтаст хэргээс алга болсон. Үнэхээр гүйцэтгэх ажиллагаа хийсэн юм бол тэр нь хэрэгт байвал зохих нотлох баримт юм. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран, Б.Даваажав нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүдээс гадна дараах ажиллагааг хийх нь зүйтэй.

Дүгнэлт гаргасан бүх шинжээч эмч нараас мэдүүлэг авах байдлаар амь хохирогчийн бие махбодид үүссэн гэмтлийн аль нь чулуугаар цохиход үүссэн, аль гэмтэл нь хүний гараар цохих болон хөлөөрөө өшиглөхөд үүссэн байх боломжтой болохыг тогтоох ажиллагаа хийх.

Түүнчлэн тухайн үед амь хохирогчийн бие махбодид учирсан амь насанд аюултай хүнд гэмтлийг түүний нүүр, толгойны аль хэсэгт чулуугаар, эсхүл гараар цохиход, өшиглөхөд үүсэх боломжтой эсэхийг тогтоохын тулд шаардлагатай мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах.

Яллах дүгнэлтэд А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран, Б.Даваажав нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн байх боловч гэмт хэрэг үйлдэхэд хэн ямар үүрэг гүйцэтгэсэн талаар дүгнээгүй байх бөгөөд хэрэв бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол хэн нь ямар байдлаар амь хохирогчийг зодсон талаарх үйл баримтыг  тодорхой дүгнэж, улмаар бүлэглэсэн үйлдэлд ямар үүрэг гүйцэтгэсэн гэж үзсэнтэйгээ уялдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн зохих хэсгийг журамлан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэх нь хуульд нийцнэ.  

Шүүгдэгч нар анхан шатны шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгөхдөө “мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч нар зодож, айлгаж мэдүүлэг авсан тул мөрдөн байцаагчаас айгаад худал мэдүүлэг өгсөн” гэжээ.

Иймд мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар шүүгдэгч нарт хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг авсан эсэхийг шалгах ажиллагааг хийх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул энэ нөхцөл байдлыг шалгах ажиллагаа явуулж, нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Осоржамаагийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.