Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал

хохирогчийн өмгөөлөгч Д.Нямдорж

шүүгдэгч Б.Б,  түүний өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

холбогдох эрүүгийн 1805054311161 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны гадаа иргэн Г.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би биеэ хамгаалах гэж хохирогчийг цохисон. Өөр мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Ц мөрдөн байцаалтанд “2018 оны 10 дугаар сарын 12-ны 23 цагийн үед хуримнаас тараад эгчийн хүүхэд Д.Буяннэмэхээр гэр рүүгээ хүргүүлж байсан. Тэгээд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 48 дугаар байрны гадаа 69-82УНИ улсын дугаартай Тоёота Хайс маркийн машин зам хааж зогсоод юм буулгаад байсан. Тэгэхээр нь нөгөө талаар нь тойрчоод зам битүү байхаар нь буцаж очоод жолоочид нь “та нар хэзээ зам чөлөөлөх гэж байгаа юм” гэхэд жолооч нь дуугарахгүй байснаа машинаа хөдөлгөөд ухраад мөргөсөн. Тэгээд манай дүү бууж очоод жолоочтой нь хэрэлдээд хоорондоо заамдалцаад байхаар нь би дундуур нь ороход хамт явж байсан 2 эмэгтэй 2 залуу гарч ирсэн. Тэгээд би уг жолоочтой хэрэлдэж зууралдаж байгаад тавихад нөгөө жолооч машин руугаа ороод юм авч гарч ирээд намайг нэг юмаар цохих шиг болоод би газар унаад толгойноос цус гарсан. Тухайн үед би унахдаа зүүн хөлөө эвгүй гишгээд унасан. Тэгэхэд манай эхнэр Б.Булгантамир дундуур ороод салгасан. Тэр үед манай дүү нөгөө хоёр залуутай зууралдаад зогсож байсан. Тэгээд эхнэр, дүү хоёр намайг аваад Гэмтэл рүү яваад толгойдоо оёдол тавиулсан. Тухайн үед нөгөө жолооч машиндаа суугаад хөдлөөд явсан...Би уг жолоочтой зууралдаж байгаад тэр залуу эргэж машин руугаа ороод буцаж эргэж хараад намайг нэг юмаар толгой руу цохих шиг болсон. Тэгээд миний толгой хагарч цус гарсан.  Би унахдаа хөлөө гэмтээсэн...”/хх-ийн 17-18/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Булгантамир мөрдөн байцаалтанд ”2018 оны 10 дугаар сарын 12-ны 23 цагийн үед өөрийн нөхөр Г.Цын хамтаар хуримнаас тараад нөхрийн эгчийнх нь хүүхдээр машинаа бариулаад явсан. Гэрийн гадаа үүдэнд цагаан өнгийн микро автобус зам хаагаад зогсож байсан. Тэгээд буцаад нөгөө талын замаар явахад зам хаалттай байхаар нь бид буцаад ирэхэд нөгөө машин зогсож байсан.  Тэгээд манай дүү машиных нь ард очоод зогсоход нөгөө машины жолооч ухраад манай машиныг мөргөөд тулаад  зогссон. Тэгээд манай дүү бууж очоод нөгөө жолоочтой уулзаад “яагаад машин мөргөчихвөө” гэхэд нөгөө жолооч залуу  манай дүү рүү дайраад байхаар нь нөхөр бид хоёр бууж ирээд “яагаад хүүхэд рүү дайраад байгаа юм бэ чиний буруу ш дэ”э гэхэд нөгөө залуу “наад дүүтэй чинь үзье “гээд дайраад байсан. Тэгэхэд уг микроны ардаас хүмүүс юм зөөж буулгаж байсан. Тэгээд тэр залуутай нөхөр бид хоёр бага зэрэг маргалдсан. Дүү бид хоёр буцаад машин руугаа явж байхад ард зодоон болоод байсан. Тэгээд эргээд очиход уг микроны урд жолоочийн хажууд хаалганы хажууд цохиулаад унасан байсан. Би нөхөр рүүгээ яваад очиход юм зөөж байсан залуучууд нь дүү бид хоёрыг бариад авсан. ...манай нөхрийн толгойноос цус гараад доошоо урсаад, хөл нь хөдөлж чадахгүй байхаар нь гутлыг нь тайлаад үзэхэд хөл нь хавдсан байсан...” /хх-ийн 20-21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Буяннэмэх мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед манай ах Цын эхнэр над руу залгаад ах эгч хоёроо хүрч ирээд гэр рүү хүргээд өг гэсэн. Тэгээд би очиж ах эгч хоёрыг аваад гэрийнх нь гадаа очсон. Тэгэхэд байрных нь замыг хаагаад микро автобус  зогсож байхаар нь буцаад нөгөө замаар нь явахад зам түгжрэлтэй байхаар нь би буцаад очиход нөгөө машин зогсож байхаар нь гэрлээрээ дохиод сигнал дарахад нөгөө машин арагшаа ухраад миний машиныг ирээд мөргөөд тулаад зогссон. Тэгээд би бууж очоод жолооч дээр нь очоод “та яагаад машин мөргөж байгаа юм бэ” гэхэд тэр залуу бууж ирээд “чи ямар овоо пизда вэ ална шүү гөлөг минь” гээд над руу дайраад байсан. Тэгэхэд орцноос 3 залуу гарч ирээд уг машинаас юм зөөгөөд байсан. Тэгээд манай ах эгч 2 бууж ирээд уг жолоочтой уулзаж “яагаад манай дүү рүү дайраад байгаа юм бэ” гээд бага зэрэг маргалдсан.  Тэгээд нөгөө жолооч буцаад машиндаа суухад би машин руугаа эргээд явж байгаад эргээд хартал манай ах Ц, нөгөө жолооч залуутай зууралдаад хувцаснаасаа заамдалцсан байдалтай манай ах доошоо өвдгөн дээрээ сөхрөөд суусан байсан. Тэгээд би гүйж очоод салгах гэхэд хажуунаас нөгөө юм зөөж байсан залуучуудын нэг нь намайг түлхэж зуурсан. Тэгээд би уг залууг түлхэж тэр хоёрын дундуур нь ороод салгахад ахын толгойноос цус гарсан нөгөө жолооч машиндаа ороод хөдлөөд явсан. Тэгээд би ахыг түшихэд ах толгойгоо бариад замын  хашлага дээр суусан. Тэгээд би машинаа холдуулаад буцаад ирэхэд ах босож чадахгүй хөл хөдлөхгүй байна гээд зүүн  хөлнийхөө гутлыг тайлахад хавдсан байсан. /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Байгалмаа мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 48 дугаар байрны 8-р орцны гадаа нөхөр Б,  дүү Мөнхтүвшин, Цогжавхлан нарын хамтаар өөрийн эзэмшлийн 69-82 УНИ улсын дугаартай Тоёота Хайс маркийн машинаа байршуулаад хойд талаас нь ачаагаа буулгаж байхад ард Приус машин ирээд сигналдсан. Тэгээд манай нөхөр машинаа унаад хөдлөөд зам тавьж өгөхөд нөгөө машин буцаж яваад нөгөө талын замаар ороод явсан. Тэгээд буцаж машинаа байршуулаад юмаа буулгаад би хүүхдүүдээ аваад гэр рүүгээ орсон. Гэртээ хүүхдүүдээ орхичихоод гараад  ирэхэд нөгөө Приус машин ард нь зогсчихсон хоёр залуу нэг эмэгтэй байсан ба уг согтуу эмэгтэй нь манай хоёр дүү рүү орилоод байсан.  Тэгээд би юу болсныг асуухад зам таглаж машинаа тавьсан байна гээд хэрүүл хийгээд байна гэсэн. Тэгээд манай нөхөр хөдлөөд явсан. Тэгээд би хоёр дүүгээ бараагаа хурдан оруул гээд нөгөө хоёр бараагаа зөөгөөд нөгөө хүмүүс машиндаа суугаад хөдлөөд явсан. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Мөнхтүвшин мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо эгчийнхээ гэрийн гадаа ах Б, дүү Цогжавхлан нарын хамт машинаас юм буулгаад зогсож байтал  ард Приус 20 машинтай хоёр ах, нэг эгч дотор нь согтуу байсан. Тэгээд тэр гурав машинаас бууж ирээд Б-тай хэрэлдээд байсан. Дүү бид хоёр ачаагаа зөөж буулгачихаад хөдлөх гэтэл нөгөө том биетэй ах манай ахын машиныг өшиглөхөөр нь “яаж байна” гэхэд нөгөө бүдүүн ах Б ахыг нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд ах газар унаад босож ирээд заамдалцаад ах буцаагаад нөгөө бүдүүн ахыг шанаа руу нь хоёр удаа цохиод бид хэд салгасан. Тэгээд ах хөдлөх гээд машиндаа суутал нөгөө бүдүүн ах цонхоороо гараа оруулаад манай ахыг цохисон. Тэгээд ах, тэр бүдүүн ахыг түлхчихээд машинаа асаагаад хөдлөөд явсан...Бид нар машинаа байршуулаад ачаа буулгаж байхад зам хаалаа гээд хэрүүл болсон. Тухайн үед бид нар замаа чөлөөлж зогссон. Зодоон болоход манай ах Б, нөгөө бүдүүн том биетэй ах хоёр л хоорондоо зодолдсон. Өөр хүн оролцоогүй. Тэр ах өөрөө ирээд манай ахыг эхлээд нүүр рүү нь цохисон. Дараа нь манай ахын нүүрнээс нь цус гарсан. Машиндаа суусан байхад нь тэр ах Б ахыг бас цохисон. Харин Б ах заамдалцаж байгаад тэр ахыг шанаа руу нь 2 удаа гараараа цохисон. /хх-ийн 28-29/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Цогжавхлан мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед ...гэрийн орцны үүдэнд машинаас ачаа бараагаа буулгаж байхад араас приус 20 маркын машин ирээд сигналдахад Б ах  зам тавьж өгөхөд буцаад цаад замаар явсан. Тэгээд буцаж машинаа байрлуулаад юмаа зөөж байхад нөгөө машин буцаж ирээд жолооч нь 20 орчим насны согтуу залуу бууж ирээд “та нар энд зам тавьж хаасан байна замаа чөлөөл” гээд орилоод байхаар нь Б ах “за одоо холдлоо” гэж байсан. Мөнхтүвшин ах бид хоёр ачаагаа гэр рүү нь оруулчихаад гараад ирэхэд Тулгаа ах машиндаа суугаад арагшаа ухрах гэтэл нөгөө том биетэй ах Тулга ахын машины хойд хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд Тулга ах бууж ирээд “яагаад машин өшиглөж байгаа юм” гэхэд нөгөө том биетэй ах Тулгаа ахыг 2-3 удаа цохиод авсан. Тэгээд цаанаас нь нөгөө жолооч нь бас нэг эмэгтэйн хамт ирэхэд Мөнхтүвшин ах бид хоёр хориглосон. Тэгээд бид хоёр очоод нөгөө том биетэй ахыг татаж Тулгаа ахаас холдуулсан. Тэгээд Тулгаа ах машиндаа суугаад хөдлөх гэхэд нөгөө том биетэй залуу цонхоор гараа оруулаад Тулгаа ахыг цохиод авсан. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Осол бүртгэлийн хуудас /хх-ийн 4/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12738 дугаартай “Г.Цын биед зүүн шилбэний тахилзуур ясны доод хэсгийн цууралт, баруун зулайд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 35/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Б.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед эхнэрийн эзэмшлийн 69-82 УНИ улсын дугаартай Тоёота Хайс маркийн автомашинтай эхнэр Байгалмаа, эхнэрийн дүү Мөнхөө, Жавхлан нарын хамтаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 48 дугаар байрны 8-р орцны гадаа машиныхаа ард байгаа эд барааг гэр рүүгээ оруулах гээд зөөж байхад, хойд талд Тоёота Приус машинтай хүмүүс  ирж зогсоод “зөрөөд орчихьё” гэхээр нь би ухраад зам тавиад өгөхөд нөгөө талын гарцаар яваад өгсөн. Тэгээд буцаж машинаа байрлуулаад юмаа зөөж байхад нөгөө машин дахиж ирээд араас сигналдаад байхаар нь “би чамд зам тавьж өгсөн ш дээ” гэхэд жолооч нь бууж ирээд “чи түрүүнээс хойш зам хаалаа” гээд бид хоёрын хооронд маргаан болсон. Тэгэхэд уг жолооч халамцуу согтуу байхаар нь “чи согтуу байна ш дээ” гэхэд “миний ууж  идэх чамд хамаагүй”  гээд машины араас нэг том биетэй согтуу залуу гарч ирээд бас хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би машиндаа суугаад хөдлөх гэтэл нөгөө залуу  машин өшиглөхөөр нь би бууж ирээд “яагаад машин өшиглөөд байгаа юм бэ боль л доо” гэхэд нөгөө залуу миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёр бие биенийгээ заамдаад би уг залууг шанаа руу нь 1-2 удаа цохисон. Тэгэхэд хамт явж байсан хүүхдүүд уг зодооныг салгаад би машиндаа суугаад хөдлөх гэтэл нөгөө том биетэй  залуу дахиж цонхоор гар нь орж ирээд л миний шанаа руу нэг удаа цохисон.  /хх-ийн 45/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 56/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны гадаа иргэн Г.Цтай “зам чөлөөл” гэснээс шалтгаалан маргалдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь хохирогч Г.Цын”...нөгөө жолооч машин руугаа ороод юм авч гарч ирээд намайг нэг юмаар цохих шиг болоод би газар унаад толгойноос цус гарсан...Би унахдаа хөлөө гэмтээсэн...”/хх-ийн 17-18/, гэрч Б.Булгантамирын”...манай хүн уг микроны урд жолоочийн хажууд хаалганы хажууд цохиулаад унасан байсан...манай нөхрийн толгойноос цус гараад доошоо урсаад, хөл нь хөдөлж чадахгүй байхаар нь гутлыг нь тайлаад үзэхэд хөл нь хавдсан байсан...”/хх-ийн 20/, гэрч Д.Буяннэмэхийн”...би машинаа холдуулаад буцаад ирэхэд ах босож чадахгүй хөл хөдлөхгүй байна гээд зүүн  хөлнийхөө гутлыг тайлахад хавдсан байсан...”/хх-ийн 22/, гэрч Ч.Байгалмаагийн”...би юу болсныг асуухад зам таглаж машинаа тавьсан байна гээд хэрүүл хийгээд байна...”/хх-ийн 26/, гэрч Ч.Мөнхтүвшингийн”...нөгөө бүдүүн ах Б ахыг нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд ах газар унаад босож ирээд заамдалцаад ах буцаагаад нөгөө бүдүүн ахыг шанаа руу нь 2 удаа цохиод бид хэд салгасан...” /хх-ийн 28/,  гэрч А.Цогжавхлангийн”...том биетэй ах Тулгаа ахыг 2-3 удаа цохиод авсан. Тэгээд бид хоёр очоод нөгөө том биетэй ахыг татаж Тулгаа ахаас холдуулсан...” /хх-ийн 30/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон осол бүртгэлийн хуудас /хх-ийн 4/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12738 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр Б.Б-н өмгөөлөгч А.Золжаргалаас”...Б, Г.Цын толгой руу цохисон, хөл рүү нь ямар нэгэн байдлаар цохиж өшиглөөгүй тул  Б.Б гэм буруугүй түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлт гаргав.

 

Мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч нарт хууль сануулж авсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, осол бүртгэлийн хуудас /хх-ийн 4/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар Б.Б нь Г.Цыг цохисон үйлдлээс хохирогч унаж эрүүл мэндэд нь  хөнгөн зэргийн гэмтэл үүссэн нь шүүгдэгч Б.Б-н гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дээрхи хүсэлтийг шүүх хүлээж авах боломжгүй юм.

 

Хяналтын прокуророос Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд шүүх  тооцов.

 

Хавтаст хэргийн 67 дугаар талд  Г.Цын сарын цалинг тодорхойлсон “MONGOl-AIL LLC” ХХК-ийн ерөнхий захиралын албан бичиг авагдсан байх боловч үүнийг нотолсон бусад баримтууд болох хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт хавсаргагдаагүй байх тул энэ талаархи нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Б.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.