Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01024

 

 

 

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01024

 

 

Т болон

ХААДСАА-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00136 дугаар шийдвэртэй Т болон ХААДСАА-ны нэхэмжлэлтэй Н ХХК болон Ц ХХК-д холбогдох 73,927,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч ХААДСАА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ХААДСАА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дамбийсүрэн, нэхэмжлэгч Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахимаар/, хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч А.Г, хариуцагч Н ХХК-ийн өмгөөлөгч А.Б, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Тус аймгийн П-аас Н ХХК-ийн захирал А.Г-ын гарын үсгийг дуурайлган зурж санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Т-гаас 84,784,840 төгрөгийн зээл авсан гэх үйлдлийг шалгаад 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 606 дугаартай Прокурорын тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан байна. Н ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 91/2011 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр СКП-2.1Г маркийн 83,784,840 төгрөгийн үнэтэй, 2 ком, 6 ширхэг үрлүүрийг 30 хувийн урьдчилгаа төлбөр 26,285,500 төгрөг төлж, үлдэгдэл 57,499,340 төгрөгийг 7 жилийн хугацаанд төлөх нөхцлөөр авсан болох нь тогтоогдсон. Иймд Н ХХК-иас үрлүүрийн үлдэгдэл төлбөр 49,285,200 төгрөг, алданги 24,642,600 төгрөг, нийт 73,927,800 төгрөгийг Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ХААДСАА-наас ирүүлсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Харин бага оврын тракторын төлбөрт 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг Н ХХК аваагүй, захирал А.Г өөрийн нэр дээр авч, төлбөр төлсөн үндэслэлээр, улаан буудайн урамшууллын төлөгдөөгүй үлдэгдэл 40,421,000 төгрөгийг тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 85.8 сая төгрөг хариуцагч Н ХХК-д шилжүүлсэн гүйлгээ хийгдээгүй тухай Х-наас баримт ирсэн үндэслэлээр энэ шаардлагаа 42,421, 000 төгрөгөөр багасгаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ц ХХК-ийг татсан боловч хэрэгт авагдсан баримтаар тус компани маргаан бүхий гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2013 онд үүсгэн байгуулагдсан нь нотлогдож байх тул хариуцагч Ц ХХК-иас үрлүүрийн үнэ гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч Н ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Т нь шүүхэд Х-г төлөөлөн нэхэмжлэл гаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй буюу иргэний хэрэг үүссэний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хуульчилсан байхад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг төлөөлж нэхэмжлэл гаргасан нь төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлд хамаарахаар байна. Дээрх гэрээгээр 2011 онд манай компани үрлүүрийг хүлээж аваагүй, тухайн үед манайд ажиллаж байсан Ж.Г урьдчилгаа төлбөрийг нь төлөөд авсан. Энэ талаар Ж.Г цагдаагийн байгууллагад мэдүүлсэн нь хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу эрхгүй этгээд болох Ж.Г-т үрлүүрийг хүлээлгэн өгсөн. Н ХХК сүүлд энэ талаар мэдэж, Ж.Г-т холбогдуулан гомдол гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар манай компаниас биш, Ж.Г-өөс үрлүүрийн мөнгөө нэхэмжлэх ёстой.

Хуульд шаардах эрх үүссэнээр хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалттай ба гэрээгээр үрлүүрийг хүлээлгэн өгснөөс хойш жил бүр 8,214,200 төгрөг төлөх хуваарь гаргасан, эхний жилийн төлбөр төлөх хуваарь зөрчигдсөнөөс хойш 3 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Ц ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: 2010-2012 оны хооронд Н ХХК-ийн захирал А.Г-тай хамтран ажилласан бөгөөд надад тариа тарих газраасаа худалдана гэж хэлээд авсан мөнгөө өгөхгүй намайг хэсэг хугацаанд компанийхаа менежерээр ажиллаж бай гэж хэлсэн. Гэтэл маш их хууль бус үйлдэлд намайг ашиглаж хийх гээд байсан тул таарамжгүй харилцааны улмаас техник, төхөөрөмжөө аваад 2012 онд Төв аймгийн Цээл сум руу нүүсэн юм. Үрлүүрийг 2011 онд Н ХХК нэр дээр 30 хувийг төлөөд үлдэх төлбөрийг Н ХХК нь надад төлөх 40,000,000 төгрөгт тооцож төлнө гэж А.Гомбожав хэлээд үүнээс хойш утсаа авахаа больсон. Н ХХК, Ц ХХК нар хоорондоо ямар ч холбоогүй бөгөөд Ж.Г надад холбогдуулж биш, Ц ХХК-д холбогдуулж иргэний хэрэг үүсгэсэнд гомдолтой байна гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 73,927,800 /далан гурван сая есөн зуун хорин долоон мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т, ХААДСАА-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ц ХХК-д холбогдох үрлүүрийн үнэ 73,927,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Т, ХААДСАА нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.  

5. Нэхэмжлэгч ХААДСАА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...дээрх гэрээ нь нэршлийн хувьд... санхүүгийн түрээсийн гэрээнд хамаарахгүй юм" гэжээ.

5.1.а. ХААДСАА нь хариуцагч Н ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 91/2011 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу тоног төхөөрөмжийг Н ХХК нь худалдаж авсан. Талуудын хооронд хийгдсэн гэрээний нөхцөл, агуулгаас дүгнэхэд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэн худалдах худалдан авах гэрээнд заасан гол нөхцөлийг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.1.б. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Н ХХК нь гэрээний зүйл болох 6 ширхэг үрлүүрийг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй байна" гэж дүгнэсэн тухай, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн алба нь хариуцагч Н ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 91/2011 тоот санхүүгийн түрээсийн гэрээнд түрээслүүлэгчийг төлөөлж, ТЭДС-ийн ТТ албаны дарга Д.Галсанбуян, нөгөө талаас түрээслэгчийг төлөөлж Н ХХК-ийн захирал А.Гомбожав гарын үсэг зурж, тамга дарж баталгаажсан байдаг. Талууд гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан зохигчдын ...тухайн үед манайд ажилпаж байсан Ж.Г урдчилгаа төлбөрийг төлөөд авсан..." гэх, хариуцагч Ж.Гийн тайлбараас үзэхэд н.Г, Н ХХК-ийн захирал А.Г нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас техник төхөөрөмжийг аваад 2012 онд Төв аймгийн Цээл сум руу нүүсэн гэх тайлбар зэрэг тайлбар хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбараар дээрх гэрээ байгуулагдсан, тоног төхөөрөмжийг хариуцагч ашиглаж байсан, талууд маргалдсаны улмаас авч явсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хүлээн авсан нь тогтоогдохгүй байна гэж нэг талын тайлбараар дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.2 Нэхэмжлэгч ХААДСАА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгчийг оролцуулалгүй, мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдээ Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг оролцуулалгүй, зохигчийн зөвшөөрлийг аваагүй болно. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг хангалгүй, зохигчдыг шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрхийг зөрчсөн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч Т-ийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдааны явцад 49,285,200 төгрөг, хүү алданги 24,642,600 төгрөг, нийт 73,927,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон. Мөн иргэний нэхэмжлэгчээр хамтран оролцож байсан Э.Н-ыг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Ээлжийн амралттай байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна гэх хүсэлт ирүүлсэн боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаагүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь санхүүгийн түрээсийн гэрээг худалдах, худалдан авах гэрээ байна гэж үзэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 7. Давж заалдах гомдолд хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар нь Ц ХХК-аас татгалзсан. Манай зүгээс хуульд зааснаар уг татгалзалд ямар нэгэн гомдол гаргаагүй. Манай байгууллага анх гэрээг байгуулагдсан үеэс хойш оролцож эхэлсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн гэжээ.

 8. Давж заалдах гомдолд хариуцагч Н ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Т нэхэмжлэгчээр оролцсон учраас нэхэмжлэгчийг оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн асуудал байхгүй. ХААДСАА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасан боловч Ттай холбогдож, эзгүйд шийдвэрлэж болно гэж хэлсэн. Уг үйл баримтыг манай зүгээс шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлэх санал гаргасан. Мөн Т нь итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахгүй хэргийг шийдвэрлүүлж болно гэдгээ илэрхийлсэн. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан боловч Н ХХК-д тоног төхөөрөмжийг шилжүүлж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад тодруулж асуухад хэрэгт авагдсан баримтаар өгөөгүйг прокурорын газраас илэрхийлсэн. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад миний бие прокуророос та гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр шаардаж байна уу, тоног төхөөрөмжийг өгсөн эсэх асуудалд маргаж байна уу гэж асуусан. Тоног төхөөрөмжийг өгсөн эсэх асуудалд маргаагүй, Н ХХК гэрээ байгуулсан учраас шаардаж байна гэж хариулсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад хамааралтай хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Т болон ХААДСАА нь хариуцагч Н ХХК болон Ц ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 49,285,200 төгрөг, алданги 24,642,600 төгрөг, урамшууллын үлдэгдэл 40,421,004 төгрөг, бага оврын тракторын үнэ 2,000,000 төгрөг, нийт 116,348,804 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урамшууллын үлдэгдэл 40,421,004 төгрөг, бага оврын тракторын үнэ 2,000,000 төгрөг, нийт 42,421,004 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, гэрээний үлдэгдэл төлбөр 49,285,200 төгрөг, алданги 24,642,600 төгрөг, нийт 73,927,800 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

3. Нэхэмжлэгч ХААДСАА /Т/ болон хариуцагч Н ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 91/2011 тоот санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээгээр нэхэмжлэгч нь СКП-2.1Г загварын 2 ком буюу 6 ширхэг үрлүүрийг зээлээр олгох, хариуцагч урьдчилгаанд 26,285,500 төгрөг төлж, үлдэх 57,499,340 төгрөгийг 84 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөхөөр, хариуцагч компанийн үрийн болон улаан буудай улсад тушаасны урамшууллаас нэхэмжлэгч төлбөрийг үл маргах журмаар суутгахаар тус тус тохиролцжээ. Гэрээний дагуу 6 ширхэг үрлүүрийг худалдан авахаар тохиролцсон нийт үнэ 83,784,840 төгрөгийн 30 хувь буюу 26,285,500 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй. Харин талууд худалдах-худалдан авах гэрээний дагуу 6 ширхэг үрлүүрийг хүлээлгэж өгсөн эсэхэд маргасан байна.

4. Талууд гэрээгээ санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээний агуулгаас үзвэл нэг тал нь 6 ширхэг үрлүүрийг худалдах, нөгөө тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь, санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь эд хөрөнгийг түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үндсэн үүрэг хүлээдэг. Эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх нь уг гэрээний зорилго болдоггүй бөгөөд түрээслэгч нь гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан нөхцөлд эд хөрөнгийг худалдан авч болох тусгай зохицуулалттай. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч ХААДСАА нь худалдсан эд зүйлийн үнийг хариуцагч Н ХХК-аас шаардах эрхтэй.

 5. Анхан шатны шүүх Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 6 ширхэг үрлүүрийг Н ХХК-д хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

Талуудын тайлбараас гадна хэргийн 67-68 дугаар талд авагдсан Л.С-ын тодорхойлолт, 70 дугаар талд авагдсан тээврийн хэрэгсэл, техник, эд зүйлд үзлэг хийсэн талаарх 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл зэргээс үзэхэд 6 ширхэг үрлүүрийг Н ХХК-ийн менежер Ж.Г хүлээж авсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэх үндэслэлтэй.

Хариуцагч нь манай компани үрлүүрийг хүлээж аваагүй, тухайн үед манайд ажиллаж байсан Ж.Г урьдчилгаа төлбөрийг нь төлөөд авсан гэж маргаж байх боловч Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хариуцагч Н ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан, гэрээтэй холбоотой бүхий л мэдээлэл, мэдэгдэл, хүсэлтийг Н ХХК-ийн менежер Ж.Г-т хүргүүлэхээр гэрээнд заасан байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан хариуцагч Н ХХК-аас гэрээний үүргийг шаардах эрхтэй. Иймд хариуцагчийн нэхэмжлэгч нар манай компаниас биш, Ж.Г-өөс үрлүүрийн мөнгөө нэхэх ёстой гэх татгалзал үндэслэлгүй байна.

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ гэж, 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т Төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 3.3-т заасан хугацаанаас эхлэн төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн /үүнийг төлбөр болон зээлийн хүүгийн төлөгдөөгүй хэмжээнд гэж ойлгоно/ үнийн дүнгийн 0.05 хувийн алдангийг хоногт төлнө гэж заасан байна.

Иймээс талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг хуульчилсан байна.

Хариуцагч Н ХХК-ийн гүйцэтгэх төлбөр төлөх үүргийн талаар гэрээний 3.2-т Түрээслэгч тухайн эд хөрөнгийг хүлээн авахдаа үнийн дүнгийн 30 хувь буюу 26,285,500 төгрөгийг түрээслүүлэгч талд төлөх бөгөөд үлдэгдэл төлбөр болох 70 хувь буюу 57,499,340 төгрөгийг 7 жилийн хугацаанд тэнцүү хувааж төлнө гэж тусгаж, талууд төлбөр төлөх хугацааг тохиролцсон байна.

Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган өгсөн төлөгдсөн төлбөрийн хэмжээ, төлөөгүй төлбөрийн үлдэгдлийн тооцооллын баримтыг /хх-31/ хариуцагч Н ХХК үгүйсгээгүй байна. Иймээс төлөх төлбөрийн талаар нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол, тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Гэрээний 3.1-д зааснаар гэрээний хугацаа нь гэрээг батлагдсанаас хойш 7 жил буюу 84 сарын туршид үргэлжлэх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил тул хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусах ба нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандаж энэ нэхэмжлэлийг гаргажээ. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч Н ХХК-ийн татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүрэг болох 49,285,200 төгрөгийн төлбөрийн үлдэгдлээс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрчээ. Иймд нэхэмжлэгч алдангид 24,642,600 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

7. Нэхэмжлэгч нар урамшууллын үлдэгдэл 40,421,004 төгрөг, бага оврын тракторын үнэ 2,000,000 төгрөг, нийт 42,421,004 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан байхад анхан шатны шүүх үрлүүрийн үнэ 73,927,800 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан гэж дүгнэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон алдааг залруулах нь зүйтэй.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ХААДСАА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-аас 73,927,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААДСААнд олгосугай гэж,

2 дахь заалтын үрлүүрийн үнэ 73,927,800 гэснийг гэм хорын хохиролд 42,421,004 гэж,

3 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 527,589 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14-т зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.БЯМБАСҮРЭН