Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01341

 

 

 

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01341

 

 

Б.Б, Д.Ц нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/01276 дугаар шийдвэртэй, Б.Б, Д.Ц нарын нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Миний бие АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес хотод 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Монгол Улсад ирэхдээ амьдрах, ээжийгээ амьдруулах зорилгоор 2007 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-220300**** дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий орон сууц, 2007 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9 дүгээр гудамжны 423 тоот хаягт байрлах нэгж талбарын 1864631078**** дугаар бүхий 620 м.кв газар, түүнд баригдсан хувийн сууцны зориулалттай 106 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-220402**** дугаарт бүртгэлтэй байшинг тус тус худалдан авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад миний бие АНУ-д ажиллаж, амьдарч байсан, Монгол Улсад ирэх боломжгүй байсан тул орон сууцыг өөрийн ээж Д.Ц-ын нэр дээр, хашаа байшинг төрсөн эгч Б.Б өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Тухайн үед газар, хашаа, байшингийн үнэ 18,000,000 төгрөгийг салсан нөхөр Ц.Э-ын нагац талын хамаатан болох О.У-аар дамжуулж эгч Б.Б, ах Б.Б-н нарт бэлнээр өгүүлсэн болно.

Миний бие өөрийн төрсөн эгчдээ итгэж, дээрх өмчийг найдвартай хадгалж, арчилж, хамгаална, намайг Монгол Улсад ирэх үед миний нэр дээр шилжүүлж өгнө гэж итгэж байсан. Гэтэл 2018 онд Монгол Улсад богино хугацаанд ирээд буцахдаа эгч Б.Б-ын нэр дээр худалдан авсан орон сууцанд надад мэдэгдэлгүй амьдарч, дээрх хашаа байшинг барьцаанд тавьж зээл авсныг олж мэдсэн. Тухайн үед хашаа байшинг барьцаанаас чөлөөлүүлж, гэрчилгээг эх хувиар нь АНУ руу авч ирсэн. Улмаар 2021 оны 06 дугаар сарын сүүлээр эгч Б.Б-ыг орон сууцыг чөлөөлж, хашаа байшинг миний нэр дээр шилжүүлж өгөхийг шаардсан боловч орон сууцыг миний нэр дээр шилжүүлбэл хашаа байшинг чинь шилжүүлж өгнө гэж маргаж байгаа болно. Миний бие хүний нутагт ажиллаж амьдрах хугацаандаа өөрийн төрсөн эгч Б.Б болон бусад олон ах дүүстээ тус дэм болж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан бөгөөд одоо миний эрүүл мэнд муудаж, цаашид олон жил хар ажил хийж хүчрэхээргүй болж байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авах гэрээний саналыг миний бие гаргаж, төлбөрийг нь бүрэн төлснийг, өмчлөх эрхтэй этгээд нь миний бие мөн болохыг манай төрөл, садангийн хүмүүс гэрчилнэ.

Иймд Б.Б намайг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн ** дүгээр гудамжны *** тоот хаягт байрлах нэгж талбарын 1864631078**** дугаар бүхий 620 м.кв газар, хувийн сууцны зориулалттай 106 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-220402**** дугаарт бүртгэлтэй байшингийн өмчлөгчөөр тогтоож,

Д.Ц миний өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-220300****7 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий орон сууцыг Б.Б-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нартай миний бие ураг төрлийн холбоотой буюу төрсөн эх, охин болон эгч дүүсийн холбоотой. Нэхэмжлэлээр шаардсан эд хөрөнгүүдтэй холбоотой асуудлын талаар надад хүлээх ямар нэгэн үүрэг хариуцлага байхгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1. Миний бие гэр бүлийн хамт нэхэмжлэгч Д.Ц-ын албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан маргаан бүхий орон сууцанд хууль бусаар амьдарсан зүйл байхгүй, нэхэмжлэгч Б.Бийн өмчлөгчөөр нь тогтоолгохыг хүссэн шаардлагад хамаарах Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Д-ийн ** дүгээр гудамжны *** тоот хаягт байрлах хашаа байшингийн өмчлөх эрхийг хууль бусаар авч өмчилсөн зүйлгүй. Миний бие эцэг Б.Б, эх Д.Ц нарын анхны хүүхэд бөгөөд 3 дүүтэй, дундах нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хамгийн бага дүү нэхэмжлэгч Б.Б болно. Миний бие айлын том хүүхдийн хувьд ээждээ тус дэм болох үүднээс 13 наснаасаа эхлэн зуны амралтаараа ажил хийж олсон мөнгөө хуримтлуулан 1981 онд 420 төгрөгөөр одоо Д.Ц, Б.Б нарын өмчлөлд бүртгэлтэй байгаа Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Д-йн *-** тоот хашааг худалдан авч гэр бүлээрээ амьдарч байсан. Тухайн хашааны нэг талд 1998 онд нэхэмжлэгч Б.Б дэлгүүр барьж өөртөө ашиг орлого олж амьдарч байгаад 2002 онд АНУ руу яваад тус улсын иргэн болсон.

Одоо Б.Б-ийн өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Д-ийн * дүгээр гудамжны ** тоот хашаа байшинг Б.Б нь миний өөрийн ажлын хөлс хүчээр худалдан авсан хашааны өнцөг хэсэгт тухайн үед хамтран амьдарч байсан охин Э.Э-гийн эцэг Ц.Э-ын хамтаар хүнсний дэлгүүр барьж ашиг орлого олж ганцаараа хэрэглэж байсан бөгөөд АНУ руу явахаасаа өмнө уг дэлгүүрийг бусдад худалдан борлуулсан мөнгөөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот орон сууцыг худалдан авсан.

Миний бага насныхаа хөдөлмөрийн үр шимээр авсан хашаа, уг хашаанд барьсан дэлгүүрийг худалдан борлуулж авсан орон сууцны аль алинд нь намайг өмчлөгч болон хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй учир Б.Б 2007 онд нэхэмжилж байгаа Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дүүргийн ** дүгээр гудамжны *** тоот хашаа, байшинг надад төлбөртөө тооцон өгч, би өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, миний хууль ёсны өмч болно. Иймд Б.Б-ийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Нэхэмжлэгч Д.Ц-ын гаргасан Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот орон сууцыг нэхэмжлэгч Б.Б нь АНУ-аас 32,000,000 төгрөг шилжүүлж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б бид хоёр хамтдаа явж 2007 онд ХБНГУ-ын иргэнтэй гэр бүл болсон байсан н.А-аас худалдан авсан бөгөөд Б.Б энэ үл хөдлөх эд хөрөнгийг ээж Д.Ц-т авч өгч байгаа гэж ойлгосон. Уг орон сууцанд 2012 он хүртэл эх Д.Ц, дүү Б.Б нар амьдарч байгаад Б.Бийн худалдан авсан Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот орон сууцнаас Ц.Э-ын хамаарал бүхий этгээдүүдийг амьдрахаа больсноос хойш тэд шилжин амьдрах болсон. Ингэж ээж Д.Ц, дүү Б.Б нар Б.Б, тэднийг ээж Д.Цын өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот орон сууцнаас гарч Баянзүрх дүүргийн **дугаар хороо, Д-гийн ** дүгээр гудамжны ** тоот хашаандаа очиж амьдар гэж шахаж дарамталснаас болж шилжин амьдрах болсон.

Эх Д.Ц-ын өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот орон сууцанд хариуцагч Б.Б миний бие 2012 оноос хойш нөхөр М.Б, хүү Б.А нарын хамт амьдрах болж харин эх Д.Ц, дүү Б.Б нар Б.Б-ийн дэлгүүрийг арилжиж худалдан авсан Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол ** дугаар байрны ** тоот орон сууцанд амьдрахаар шийдвэрлэсэн бөгөөд одоо хүртэл бид бүгд тухайн хаягт орших орон сууцнууддаа тус тус амьдарч байгаа болно.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ажил эрхэлж үзээгүй бөгөөд ээжийн хамт амьдарч тэтгэврийн мөнгөөр нь шахам амьдардаг учир Б.Б-ийн АНУ-аас явуулсан 32,000,000 төгрөгийг төлж цаашид зах зээлийн үнэд нийцүүлэн маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байрны 249 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авч эх Д.Ц-ыг өөрийн асрамжид авах гэсэн бодлоор Б.Б-ийн 32,000,000 төгрөгийг төлж Б.Б-ийг хохиролгүй байлгах зорилгоор эх Д.Ц-т жил бүр 5.5-6.0 сая төгрөгийг өгсөн ба миний бие эх Д.Ц-т мөнгө өгөх бүрдээ өгч буй мөнгийг Б.Б-т дамжуулж өгөөрэй гэж хэлж ирсэн.

Ингээд 2012-2020 он хүртэл тогтмол мөнгө өгч байгаад 2020-2021 онд ковид-19 өвчин тархаж мөнгө өгч чадаагүй, би эх Д.Ц-т нийт 40 орчим сая төгрөг өгсөн. Иймд би гэр бүлийн хамтаар эх Д.Цын өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар миний бизнесийн үйл ажиллагаанд 30 гаруй сая төгрөг шаардлагатай болсон тул 2021 оны 01 дүгээр сард эх Д.Ц-т хэлэхэд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу миний бие 2021 оны 06 дугаар 23-ны өдөр Х-аас уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 30,000,000 төгрөгийн зээл авсныг нэхэмжлэгч Д.Ц мэдээд зогсохгүй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан болно.

Иймд миний бие нь гэр бүлийн хамтаар эх Д.Ц-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд хууль бусаар оршин суусан зүйлгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Ц-ын олгосон зөвшөөрлийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөх ямар ч боломжгүй. Миний бие нэхэмжлэгч Д.Ц-ын үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй болох нь тогтоогдож байгаа учир нэхэмжлэгч Д.Ц-ын албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг ** дугаар хороо, дүүргийн ** дүгээр гудамжны *** тоот хаягт байрлах нэгж талбарын 1864631078**** дугаар бүхий 620 м.кв газар, түүн дээр баригдсан хувийн сууцны зориулалттай 106 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-220402**** дугаарт бүртгэлтэй нийт 18,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай Д.Ц, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /70,200+247,950/ нийт 318,150 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч Б.Б нь Монгол Улсад ирэх боломжгүй байсан тул хожим өөрөө Монгол Улсад ирэх үед өмчлөлд шилжүүлж авах зорилгоор төрсөн эгч Б.Б, ах Б.Б нарт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Д-ийн ** дүгээр гудамжны *** тоот хаягт байрлах нэгж талбарын 1864631078**** дугаар бүхий 620 м.кв газар, мөн хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 106 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-220402**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авахыг даалгасан даалгаврын агуулга 2 хэсгээс бүрдэх бөгөөд эхлээд хашаа байшинг Б.Б-ийн өмнөөс худалдан авах, хоёрт Б.Б-ийг Монгол Улсад ирэх үед газар болон үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлж өгөх байсан. Өөрөөр хэлбэл, уг даалгаврын гэрээний зүйл болох газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг хэзээ шилжүүлэх вэ гэдэг нь Б.Бийг "Монгол Улсад ирэх үе-ээр тодорхойлогдоно. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Б 2002 онд АНУ-д суурин амьдарч эхэлснээс хойш 2018 онд анх Монгол Улсын хилээр нэвтэрсэн тухай баримт бий. Ийнхүү 2018 онд Монгол Улсад ирэхдээ Б.Б нь дээрх газар болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөхийг шаардаж, газар болон хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь АНУ-руу авч явсан байдаг.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа аливаа этгээд нь шударга ёсны зарчимд итгэх эрхтэй ба энэхүү итгэл хамгаалагдах учиртай. Төрсөн эгч нь итгэл эвдэж, газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүйг, эрх нь зөрчигдөж байна гэдгийг нэхэмжлэгч Б.Б нь 2018 онд Монгол Улсад ирэхдээ анх мэдсэн ба энэ нь талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрх нь эрх зөрчигдсөн, энэ тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн үүсэх ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Өөрөөр хэлбэл, Б.Б нь 2002-2018 он хүртэл Монгол Улсад байгаагүй ба 2018 онд Монгол Улсад ирж, эрх нь зөрчигдсөн тухай олж мэдсэн үеэс эхлэн шаардах эрх үүссэн гэж үзэх нь даалгаврын гэрээний агуулгатай нийцнэ. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс буюу газар, болон үл хөдлөх хөрөнгө Б.Б-ын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн үеэс эхлэн тооцжээ.

Хэрэв Б.Б анхнаасаа үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлэх боломжтой байсан бол Б.Б-д дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахыг даалгах шаардлага үүсэхгүй. Анхан шатны шүүх энэ бодит нөхцөл байдал, эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б-ийг Монгол Улсад ирэх үед шилжүүлнэ гэсэн даалгаврын агуулгыг харгалзан үзээгүй, түүнчлэн Б.Б 2002-2018 онд анх удаа Монгол Улсын хилээр нэвтэрсэн тухай хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүйгээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх шаардах эрх үүссэн үеийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Түүнчлэн, хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаагүй, харин Орон сууцаа өгвөл хашаа байшинг нь өгнө гэж нэхэмжлэгч нартай маргаж байсан тухай үйл баримт нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно.

Түүнчлэн зөвхөн хүчин төгөлдөр гэрээ хэлцлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Б.Б, Б.Б нар Б.Б-ээс 18,000,000 төгрөг авч, хашаа байшинг 14,000,000 төгрөгөөр худалдан авч, 4,000,000 төгрөгийг завшиж, бодит байдалд газар болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн боловч татвараас зайлсхийх зорилгоор улсын бүртгэлд бэлэглэлийн гэрээгээр бүртгүүлсэн нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар нотлогдох ба Б.Б-ын өмчлөлд тус газар болон үл хөдлөх хөрөнгө анх бүртгэхдээ хууль бусаар бүртгэгдсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байсан нь тодорхой юм. Өмчлөх эрх хууль, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн үндсэн дээр бий болсон байхад Б.Бын өмчлөх эрх хуулийн дагуу үүссэн, шударга өмчлөгчтэй адилтган үзэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг хүлээн зөвшөөрч, зөвтгөх үндэслэлгүй юм.

4.2. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар итгэмжлэл бол төлөөлүүлэгчтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд хандаж гаргасан, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгосон эрх хэмжээ, хийх хэлцлийн агуулгыг тодорхойлсон нэг талын хэлцэл болохоос төлөөлөгчид эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах эрх олгосон 2 талын гэрээ биш юм. Нэхэмжлэгч Д.Ц-оос Б.Б-д 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдах, бэлэглэх, арилжих, хөлслүүлэх, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлийг төлөөлүүлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.А-д хүсэлт гаргаж хүчингүй болгуулсныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч уг итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд гуравдагч этгээд буюу Х ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний талаар маргаагүй. Б.Б эд хөрөнгийг хөлслөх гэрээг өмчлөгчтэй байгуулаагүй, өмчлөгч орон байрыг суллаж өгөхийг шаардсаар байхад өмчлөгчийн хүсэл зоригийг харгалзан үзэлгүй орон сууцыг эзэмшил ашиглалтдаа байлган үнэ төлбөргүй ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.

Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь орон сууцаа чөлөөлүүлэхийг хүсч, хүсэл зоригоо шүүхэд тодорхой илэрхийлсэн атал нэг талын хэлцэл болох төлөөллийг үл хөдлөх хөрөнгийг эзэмшил ашиглалтад шилжүүлэх 2 талын хэлцлийн агуулгатай адилтган дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, төлөөлөгч итгэмжлэлийн үндсэн дээр нэг талаас өмчлөгч Д.Цыг төлөөлж, нөгөө талаас Б.Б өөрийн нэрийн өмнөөс орон сууцыг хөлслүүлэх хэлцэл хийжээ, ингэхдээ өөрөө өөртөө давуу байдал бий болгож, эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашигласан нь үндэслэлтэй гэж дүгнэснээс өөрцгүй юм.

Анхан шатны шүүх нэг талын хэлцэл болох төлөөллийг эд хөрөнгийг төлөөлөгч өөрийн эзэмшилд байлгах, өөртөө давуу байдал олгон чөлөөлж өгөхгүй байх, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтойгоор ашиглахыг зөвтгөх үндэслэл болгон тайлбарласнаараа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, дүүргийн ** дүгээр гудамжны *** тоот хаягт байрлах нэгж талбарын 18646310780**** дугаар бүхий 620 м.кв газар, хувийн сууцны зориулалттай 106 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-220402**** дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаарт нэхэмжлэгч Д.Ц-ын өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол ** дугаар байрны *** тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Б.Б-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Б.Б-ын эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2007 оноос хойш нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн боловч 2018 онд шаардах эрхээ мэдсэн байна. Хил хамгаалах ерөнхий газраас 2018 оноос хойш Б.Б хилээр орж ирснийг тогтоож байгаа боловч 2007-2018 оны хооронд Б.Б шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа гэх баримтгүй. Тухайн эд хөрөнгө Б.Б-ын нэр дээр байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө буюу газартай, хашаа байшинг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, Б.Бын өмчлөлд өнөөдрийг хүртэл байдаг. 2018 онд шаардах эрхийг мэдсэн гэх нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 2018 он хүртэл ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргахдаа Б.Б нь Америкийн нэгдсэн улсаас итгэмжлэл олгож, нэхэмжлэл гаргасан байна. Б.Б, Б.Б, Д.Ц нар төрөл садангийн хамааралтай. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.2-т зааснаар шаардах эрхийн хугацаа дууссан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй. Б.Б тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрхтэй. Б.Б нь АНУ-аас Монгол Улсад 2018, 2019 онуудад 2 удаа ирсэн. Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гэрчээр оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдсэн хэргийн оролцогч байсан этгээд гэрчийн мэдүүлэг өгсөн нь ойлгомжгүй. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Б, Д.Ц нар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Д-ийн ** дүгээр гудамжны *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18646310780454 дугаартай, 620 м.кв газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020331 дугаартай, 106 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1.Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Д-ийн ** дүгээр гудамжны *** тоот хаягт байршилтай, 620 м.кв газар, мөн хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 106 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Б.Б улсын бүртгэлд бүртгэгдсэн нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 00000****, 00003**** дугаартай гэрчилгээгээр,

3.2. Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Ц бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 00003**** дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдсон.

3.3. Хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ХААН банк ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот хаягт байршилтай гурван өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 4.1. Нэхэмжлэгч Б.Б маргаан бүхий хашаа байшинг өөрийн мөнгөөр худалдаж авсан, АНУ-д амьдарч байсан тул хашаа байшингийн өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр бүртгүүлсэн, нэхэмжлэгчийг Монгол Улсад ирэх үед хариуцагч нь хашаа байшингийн өмчлөх эрхийг түүнд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч тухайн хашаа байшинг нэхэмжлэгч худалдан авсантай маргаагүй бөгөөд харин өөрийнх нь хашаанд барьсан дэлгүүрийг худалдан борлуулсан мөнгийг нэхэмжлэгч авч ашигласан тул хашаа байшинг төлбөртөө тооцон өгсөн гэж маргажээ.

Хариуцагч нь хашаа байшингийн өмчлөгчөөр 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн /1хх 10-11/, нэхэмжлэгч Б.Б 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсад ирсэн нь /1хх-77/ хэргийн баримтаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт зааснаар хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно, 183.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Б хариуцагчаас бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж байсан болон энэ талаар бүртгэлийн байгууллагад хандаж байсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Бийг Монгол Улсад ирэх үед хариуцагч нь хашаа байшингийн өмчлөх эрхийг түүнд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон гэх нэхэмжлэлийн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

4.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Д.Ц маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000034645 дугаар гэрчилгээгээр, орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа нь зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ц-оос итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу Х банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулж Д.Ц-ын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан байна. Харин уг итгэмжлэлээр орон сууцны эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлээгүй байх тул итгэмжлэлийн хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр орон сууцыг чөлөөлөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Б.Б-д олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч Д.Ц орон сууцаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иймд шүүх нэг талын хэлцэл болох төлөөллийг үл хөдлөх хөрөнгийг эзэмшил, ашиглалтад шилжүүлэх хоёр талын хэлцлийн агуулгатай адилтган буруу дүгнэсэн гэх гомдол үндэслэлтэй.

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Цын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/01276 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-д холбогдох Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Д-ийн ** дүгээр гудамжны *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын 1864631078**** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 620 м.кв газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020**** дугаартай, хувийн сууцны зориулалттай, 106 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-ын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг албадан чөлөөлсүгэй. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б-ийн төлсөн 247,950 төгрөг, нэхэмжлэгч Д.Ц-ын төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-т олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН