Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Д.Пүрэвдагва

шүүгдэгч Х.А

хохирогч-шүүгдэгч Ш.Б

шинжээч эмч Ч.Эрдэмболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

А, Б нарт холбогдох эрүүгийн 1805053391208 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Х.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” баарны гадна Ш.Бийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ш.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” баарны гадна С.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би Бийн биед гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. С над руу дайрахаар нь би биеэ хамгаалах гээд гар хүрсэн нь үнэн, үсдэж чирсэн зүйл байхгүй гэв.  

 

Хохирогчоор Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Намайг  А нь Стелла баар дотор болон баарны гадаа өшиглөсөн.  Ад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шинжээч эмч Ч.Эрдэмболор шүүхийн хэлэлцүүлэгт: Тархи доргилт нь үснээс зулгаах, чирэх үед үүсэж болно. С-н эрүүл мэндэд учирсан гэмтлээс харахад тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Ш.Б мөрдөн байцаалтанд “2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад дүү Батгэрэлийн хамт  Баянгол дүүргийн Стелла бааранд орсон. Бид хоёр ширээндээ сууж байхад гомдол гаргаад байгаа С гэдэг охин над руу ирээд чихэнд “хүн шоолоод байхаар нь гарч харвингаа хөдөлгөөч” гэж хэлээд явчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин надад тэгж хэлэхээр нь би эрхий хуруугаа доош харуулсан. Би эхний дуу явсны дараа гарч талбайд бүжиглэхэд хар хувцастай өндөр, үсээ задгай тавьчихсан нүд хөмсөг болсон охин намайг шууд өшиглөсөн. Тэгэхээр нь би зүгээр хаячихаад ариун цэврийн өрөө ороод харахад зүүн гуя улайсан байсан. Би Батгэрэл дүүдээ хэлээд, бүжгийн талбайгаас тэр охиныг олоогүй. Тэгээд Батгэрэл бид хоёр гараад үүдэнд хүлээсэн. Намайг өшиглөсөн охин хэдэн залуустай гараад  ирсэн. Би тэгээд намайг яагаад өшиглөж байгаа юм бэ гэж хэлэхэд 3 охин байсны намхан охин нь тэгээд яах гээд байгаа юм бэ гээд хэрэлдсэн. С надтай ярилцах гээд байсан. Намайг өшиглөсөн охин над руу дайраад байсан, хажуунаас залуучууд нь боль гээд байсан...”/хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

Хохирогч С.С мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед манай гэрт А байсан. Би хүүхдээ унтуулчихаад Агийн хамт Стелла бааранд орсон араас Саранзаяа ирсэн. Бид гурвыг бааранд ороход баарны хойд хэсэгт 2 залуутай шахаж суулгасан. Тэгээд 1 цагийн үед бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн. Тэр хоёр хүүхэн тайзны хажууд ширээнд 2 хөгшин залуутай сууж байсан. Бид гурав зүүн талын захдаа бүжиглэж байхад тайзны хажуу ширээнд сууж байсан хүүхэн эрхий хуруугаа доош болгоод байсан. Би эхлээд очиход яасан яагаа ч үгүй ш дээ гэсэн тэгээд бүжиглэж байхад тэр хоёр хүүхэн хоорондоо юм яриад дахиад зааж яриад чанга чанга инээгээд намайг харахаар хуруугаа доош болгоод байхаар би ахиж очсон яагаад хүн шоолоод байгаа юм  хүн шоолж байхаар өөрсдөө гарч бүжиглээч гэхэд өөдөөс хараад юу ч хэлээгүй. Тэгээд бүжиглэж байхад тэр хоёр хүүхэн бид нарын бүжиглэж байгаа газар ирээд түлхээд байсан. Аг тэр хоёр хүүхэн түлхсэн. Хамгаалагч нар салгасан. Бид хоёрыг бүжиглэх үед тэр хоёр хүүхэн ирээд байсан. Бид хоёр өөр тийш очиж бүжиглэсэн. Бааранд өөр маргаан болоогүй. Бид нар бүжиглээгүй суугаад баарны үзүүлбэрийг үзээд тэгээд  ширээндээ сууж байсан, Саранзаяа бид хоёр пиво уугаад А дарс уусан. Бид гурав баарнаас гарахад манай ширээнд сууж байсан 2 залуу хамт гарсан. Бид гурвыг баарнаас гарч ирээд машиндаа очиход нөгөө хоёр хүүхэн хүмүүстэй маргалдаад машины ард зогсож байсан. Саранзаяа очоод эмэгтэй хүмүүс байж маргахаа боль гэж хэлсэн. Тэр хооронд нөгөө хоёр хүүхэн миний машины урд ирээд бичлэг хийсэн. Миний нүүр рүү цохисон гээд Б нь уурласан. Би машинаас буугаад та нар юу яриад байгаа юм гэхэд тэр хоёр хүүхэн намайг үсдээд замын эсрэг тал руу гаргасан.  Тэр хоёр хүүхнийг надаас баарны хамгаалагч тавиулсан...Тэр хоёр хүүхэн нилээн согтуу хүн хүнийг өдөөд яваад байсан...Б намайг үстээд үснээс татахад би хамгаалагчийн хөлийг тэврээд нүүрээ доош болгоод хамгаалсан. Хамгаалагч Бийг үсийг нь тавь гэж байж тавиулсан. Би үстүүлснээс болж толгой хөдөлсөн. Тэр үед Саранзаяа, А хоёр над руу ирж салгаагүй, нөгөө ширээнд хамт суусан хоёр залуу явуулаагүй гэсэн. Хамгаалагч л намайг салгасан...Би шүүх хуралд оролцохгүй, би гадагшаа ажлаар явах гэж байгаа одоо надад гомдол санал байхгүй. Бид эмэгтэй хүмүүс нэг нэгтэйнгээ учраа олсон, одоо хэргээ хаалгах хүсэлтэй байна. /хх-ийн 15-16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Ганбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би Стелла бааранд хамгаалагчаар ажиллаж байхад баар хаах үед би гадаа гараад ирчихсэн байхад harrier машины хажууд хэсэг хүүхнүүд маргалдаад байсан. Намайг очиход 5 хүүхэн байсан бас 2 залуу байсан, би очоод салгасан. Би  хоёр хүүхнийг /Батгэрэл, Б/ бариад үлдсэн. 3 хүүхэн нь машины зогсоолын эсрэг тал руу гарсан. Тэгтэл надтай хамт байсан хоёр хүүхний нэг Б нь тэр гурван хүүхэн рүү явж очоод Сувд-Эрдэнийг нь үсдээд чирсэн. Тэгтэл Батгэрэл нь ирж үсдүүлсэн С гэдэг хүүхэн рүү дайрсан. Би үсдүүлсэн С-г нөгөө хоёр Батгэрэл, Б нараас салгасан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг, 

 

Гэрч З.Баярмагнай мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би найз Бат-Ерөөлтийн хамт 00 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Стелла бааранд орсон. Бид хоёрын ширээн дээр гурван охиныг суулгасан. Ширээ олдохгүй болохоор шахаад суулгасан...тэр гурван охинтой хамт хоолонд орох гээд Бат-Ерөөлт бид хоёр гарсан. Тэр гурван охин Харейр машинтай байсан. Нэг мэдэхэд хүүхнүүд зодолдоод би салгасан...гадаа 2 хүүхэн байсан тэр хэд хоорондоо маргаад зодоон хийсэн. /хх-ийн 48/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12447 дугаартай: С.С-н биед тархи доргилт, баруун бугалга, тохой, зүүн бугалга, шуу,  баруун гуя, зүүн гуя, өвдөгт цус хуралт, баруун тохой, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12350 дугаартай: Ш.Бийн биед дух, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Х.А мөрдөн байцаалтанд: С эгчтэй Стелла бааранд  орсон. Баарны зөөгч нь хойшоо ширээнд хоёр залуугийн хажууд шахаж суулгасан. Бид хоёр нэг нэг пиво аваад уусан. 20 минутын дараа Саранзаяа эгч ирээд нэг пиво авсан би ганцаараа цагаан дарс 100 гр авсан. Тэгээд бид бүжиглэсэн. Б, Батгэрэл нар бүжгийн талбайн хажуу ширээнд сууж байсан. Тэр хоёр эгч бас бүжиглэсэн тэр хоёр эгч С бид хоёрыг шоолоод байсан. С эгч бид хоёр өөр тийш яваад бүжиглэхэд тэр хоёр эгч араас ирээд түлхээд байсан. Нэг эгч нь намайг түлхээд би эргээд түлхсэн хамгаалагч нь салгаад өөр юм болоогүй. Баар хаагаад бид 3 нөгөө 2 залуутай хамт гарсан. Машин руу Саранзаяа, С бид гурав очиход 4 эмэгтэй хэрэлдээд байсан. Б нь өмнө бүжгийн талбай дээр намайг өшиглөсөн биз дээ гээд над руу ирсэн. Та андуурсан байна гээд машинд суухад машины урд ирээд бичлэг хийсэн Б, Батгэрэл нар их согтуу байсан. С машинаас буухад тэр эмэгтэй үснээс чирээд замын эсрэг тал руу гаргасан. Би С эгчийн араас очих гэхэд бааранд хамт суусан залуу намайг явуулаагүй. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Ш.Б мөрдөн байцаалтанд: Намайг хар хувцастай өндөр охин нүүр рүү өшиглөсний дараа би дүү Батгэрэлд бичлэг хий, баримттай юм чинь зургийг нь ав гэж хэлэхэд С над руу дайраад бид хоёр үсдэлцээд авсан. Намайг нэг залуу татаад холдуулсан. Тэгээд нэг харахад нөгөө охин зодолдоод байсан. Манай дүү Батгэрэл над руу хүрээд ирсэн. Бид хоёр нэг нэгийгээ үсдээд машин зогсоолоос баар талын зам руу гарсан нь үнэн.  /хх-ийн 36/

Ш.Б дахин байцаалтаар: “С.С над руу 2 удаа ирээд хүн шоолж байхаар босож бүжиглээд харвингаа хөдөлгөөч гэсэн. Хамгийн сүүлийн удаа ирж хэлэхээр нь би эрхий хуруугаа доош нь харуулсан. Намайг бүжиглэж байхад А ирээд миний зүүн гуя руу өшиглөсөн. Тэгэхэд нь би маргаан үүсгээгүй гарч яваад 00-ын өрөөнд орж гуя хэсгээ харахад урт улаан зураас гарсан байсан...машины хажууд байхад А миний нүүр рүү өшиглөсөн. Би шууд Батгэрэл рүү хандаад машины дугаарын зургийг нь ав гэж хэлсэн. Тэгтэл С уурлаад над руу дайрсан. С над руу дайраад  ирэхэд бид хоёр барилцаад авсан. Би Стэй үсдэлцээд доош суусан. /хх-ийн 63/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотойгоор:

Х.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/

Ш.Бийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 39/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  талаарх тодорхойлолт /хх-ийн 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/,  гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 35/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Нэг. Шүүгдэгч Х.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд Ш.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчоор Ш.Бийн”...Би эхний дуу явсны дараа гарч бүжиглэхэд хар хувцастай, өндөр, үсээ задгай тавьчихсан нүд хөмсөг болсон охин намайг шууд өшиглөсөн...” /хх-ийн 11/, гэрч З.Баярмагнайн”...манай ширээнд шахаж суулгасан 3 хүүхэн байсан. Бас гадаа 2 хүүхэн байсан тэр хэд хоорондоо маргаад зодоон хийсэн...” /хх-ийн 48/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12350 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хоёр. Шүүгдэгч Ш.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” баарны гадна С.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

хохирогч С.С-н”...би машинаас буугаад та нар юу яриад байгаа юм гэхэд тэр хоёр хүүхэн намайг үсдээд замын эсрэг тал руу гаргасан...” /хх-ийн 15/,  гэрч Г.Ганбаярын”...Б нь тэр гурван хүүхэн рүү явж очоод С-г нь үсдээд чирсэн...Би үсдүүлсэн С-г нөгөө хоёр  Батгэрэл, Б нараас салгасан...” /хх-ийн 21/, гэрч З.Баярмагнайн”...манай ширээнд шахаж суулгасан 3 хүүхэн байсан. Бас гадаа 2 хүүхэн байсан тэр хэд хоорондоо маргаад зодоон хийсэн...” /хх-ийн 48/, сэжигтнээр Х.Агийн” ... С машинаас буухад тэр эмэгтэй үснээс чирээд замын эсрэг тал руу гаргасан...”/хх-ийн 30/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12350 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хяналтын прокуророос Х.А, Ш.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх бөгөөд Х.А, Ш.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Х.А, Ш.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов. 

 

Шүүх хуралдаан дээр хохирогчоор Ш.Б “Х.Ад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж, хохирогч С.Сэс “Б бид хоёр хоорондоо учир зүйгээ олсон тул гомдол саналгүй” гэх хүсэлтийг нотариатаар батлуулан шүүхэд ирүүлснийг үндэслэн  шүүгдэгч Ш.Б, Х.А нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ш.Б, Х.А нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ш.Б, Х.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Ш.Б, Х.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Авилсопах овогт Харымбайн А, Ахайтнууд овогт Шаравын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Х.А, Ш.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Х.А, Ш.Б нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А, Ш.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ