Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00910

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан штаны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан шүүх хуралдааны танхимд хийж,  

      Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг Төмөрбулаг сум 5-р баг 25-2 тоотод оршин суугч Их мэргэд овгийн Бат-Өлзийн Зоригтийн /РЛ-78021817 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 50-4 тоотод оршин суух Хөх нуур овгийн Ганзоригийн Бат-Эрдэнэд  /РЭ-90042933 / холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлжлэгч Б.Зоригт , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Зоригт хариуцагч Г.Бат-Эрдэнээс 600,000 төгрөг буцаан гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.Зоригт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Зоригт миний бие 2015-05-07-ны өдөр Хөх нуур овогт Ганзоригийн Бат-Эрдэнэд 1 тооны адуу худалдахдаа 2015-05-15-ны өдөр 600,000 төгрөг бэлнээр авахаар тохиролцсон.Гэвч одоог хүртэл мөнгөө өгөлгүй, сураггүй алга болсон.Мөн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх эвлэрүүлэн зуучлалын газарт эвлэрүүлэх замаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ч хариуд нь уригдагч тал Хөвсгөл аймагт байна гэсэн хариу ирсэн.Иймд 600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Зоригт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Нэхэмжлэлээ хүнээр бичүүлсэн буруу бичсэн байна.Би морь худалдаагүй. Худалдаж авсан морио буцааж өгсөн.Одоо мөнгөө буцаан нэхэмжилж байна.Манай Төмөрбулагт Бат-Эрдэнэ морьд зарахаар очсон.1 морь үлдэхээр нь би авсан.Үнийг 1,200,000 төгрөгөөр тохирч  600,000 төгрөгийг тэр даруйд нь өгөөд үлдсэнийг нь дараа өгөхөөр тохирсон.Тэгээд морио уяад ойрхон ганц нэг давхиулсан.Гэтэл зан муутай хүүхдээ унагаагаад байсан тул наймаагаа буцаах санал  тавьсан.Бат-Эрдэнэ морио буцааж авна гээд ирсэн боловч цас их ороод чадаагүй.2 дахь удаагаа ирээд аваад явсан.600,000 төгрөгөө буцааж өгнө гэсэн боловч өгөхгүй байсан тул манай эхнэр уулзаж баталгаа хийлгэж авсан.Ноднин 7 сард ирж уулзахад адуу өгнө гэсэн боловч өгөөгүй.Би морийг уяж уралдуулах гэж авсан тул 2 машин өвс,7-8 шуудай тэжээлээр тэжээсэн.Ачаад явахад өөрөө машин дээр үсрээд гарсан.Бат –Эрдэнэ надад уг морийг хурдан морь гэж өгсөн.Гэтэл нэг уралдаад 9 мориноос 8-д ирсэн.Дараагийн уралдаанд савж унаад хүүхдээ унагаасан.Хүмүүс “чи агтны морь авсан байна” гээд байсан.Тэгээд буцаасан.600,000 төгрөгийг минь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Бат-Эрдэнэ миний бие Б.Зоригоод 2015-01-10-даар өөрийн морь цавьдар халзан морио наймаалцсан.Халзан морио 2,500,000 төгрөгөөс яриад 2,100,000 төгрөгөнд өгсөн.Б.Зоригт нь халзан морь аваад сарын дараа Г.Бат-Эрдэнэ надад 600,000 төгрөгийг өгсөн.Тэрнээс хойш үлдэгдэл мөнгөө өгөлгүй утсаа салгаад алга болсон.Үүнд миний бие 0229 ОРХ супер портэр  жолооч Отгонбаяр гэх хүнийг 400,000 төгрөгөөр хөлсөлж Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас газар мэдэх танил хүн гэж Янжингийн Отгон гэдэг ахтай 3улаа Төмөрбулаг сум руу явсан.Төмөрбулаг суманд очоод Б.Зоригтийнхийг нутгийн хүнээр заалгуулж гэрт нь очсон.Очиход Б.Зориг нь гэртээ байхгүй хөдөө гэртээ байсан тул эхнэрээр нь яриулж байж ирж уулзсан.Б.Зоригт нь хурдан морь болох цавьдар халзан морийг минь авчирч ирж үзүүлсэн .Миний бие морио хараад хүнд өгсөндөө харамсаж тарган тэжээлтэй уягдаж байгаад очсон морь минь яс арьс нуруу нь цоорхой хөл нь гэмтсэн нүднээс гарсан байсан.Морио авч явах гэсэн боловч өгөөгүй надаас 600,000 төгрөгөө нэхэмжилэхэд нь би өгөөгүй, хэлэлцээр хийж байгаад арай хийж морио ачаад явсан.Б.Зориг нь ам хэлээр доромжилж амь насанд минь хүртэл сүрдүүлж хүртэл явуулсан.Халзан морио авчраад эм тариа хийж адуунд тавьсан ч тэнхрэхгүй намар адуунд явж байгаад өвчний улмаас үхсэн.Булган аймгийн Орхон сумын 4-р багт миний хуурай ах болох Даваасүрэнгийн адуунд явж байгаад үхсэн.Нэхэмжлэлийн шаардлага болох 600,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрөхгүй  гэжээ.

Шүүх хэргээс нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Зоригт хариуцагч Г.Бат-Эрдэнээс 600,000 төгрөг буцаан гаргуулахаар шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагы үндэслэлээ нотлох баримтаар “мөнгө төлөх гэрээ” гэсэн баримт хавсаргасан.

Хариуцагч тайлбар гаргаж, гэрчээр Даваасүрэн, Отгон нарыг мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасны дагуу шүүх ажиллгааа хийж Б.Даваасүрэнгээс мэдүүлэг авсан, Я.Отгон харуцагчийн заасан хаягт оршин суудаггүй тухай баримт ирсэн байна.

Нэхэмжлэгч Б.Зоригт хариуцагчаас “морь худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан” тул түүнд төлсөн 600,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардсан.

Хариуцагч “...тарган тэжээлтэй уягдаж байгаад очсон морь минь яс арьс нуруу нь цоорхой хөл нь гэмтсэн нүднээс гарсан байсан.Морио авч явах гэсэн боловч өгөөгүй надаас 600,000 төгрөгөө нэхэмжилэхэд нь би өгөөгүй, хэлэлцээр хийж байгаад арай хийж морио ачаад явсан. Халзан морио авчраад эм тариа хийж адуунд тавьсан ч тэнхрэхгүй намар адуунд явж байгаад өвчний улмаас үхсэн.Булган аймгийн Орхон сумын 4-р багт миний хуурай ах болох Даваасүрэнгийн адуунд явж байгаад үхсэн” гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Зохигчдын хооронд 2015 оны 1 сард нэг тооны морь зээлээр худалдах худалдан авах хэлцэл хийгдэж ,нэхэмжлэгч Б.Зоригт хариуцагч Г.Бат-Эрдэнээс 1 морь авч үнийн  хэсэг болох 600 000 төгрөгийг төлсөн,үлдэх төлбөрийг дараа хийхээр тохиролцсон болох нь,2015 оны хавар Б.Зоригт гэрээнээс татгалзаж байгаагаа Г.Бат-Эрдэнэд мэдэгдэж,Г.Бат-Эрдэнэ 5 сард морио буцаан авсан болох нь,Б.Зоригтийн 600,000 төгрөгийг 2015-5-15-ны дотор буцаан төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар,”мөнгө төлөх гэрээ”,гэрч Даваасүрэнгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

        Хариуцагч Г.Бат-Эрдэний буцааж авчирсан морь 2015 оны намар 9 сард гэрч Даваасүрэнгийн адуунд байхдаа үхсэн талаар тэрээр мэдүүлсэн ба хариуцагч “ирээд тэнхрэхгүй,өвчний улмаас үхсэн” тул 600,000 төгрөгийг буцаан төлөхгүй гэж маргаж байна.

         Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь...”буцаан өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу мөн,Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй,эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчинтөгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч 600,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

         Харин үүрэг гүйцэтгүүлэгчийн /нэхэмжлэгч/ буруугаас гэрээний зүйл устсан болох нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл, 5 сард морийг буцаан авсаны дараа 9 сард үхсэн байх тул 4 сарын хугацаанд морь хариуцагч Бат-Эрдэний эзэмшилд байхдаа ямар шалтгаанаар үхсэн болох нь тодорхойгүй, анх буцаан авч ирэх үед өвчин туссан байсан болох нь тогтоогдоогүй байна. Иймд 600,000 төгрөгийг буцаан төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй  юм. Хариуцагч Г.Бат-Эрдэнэ 2015 оны 5 сарын 07-нд “мөнгө төлөх гэрээ “ байгуулж байхдаа болон түүнээс хойш гэрээний зүйл болох морины талаар ямар нэг шаардлага гаргаагүй байна.Иймд нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

        Хариуцагч шүүх хуралдааны тов авсан боловч ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилан хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгчийн илүү төлсөн хураамжийг Төрийн банкнаас буцаан гаргуулахаар тус тус заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1,492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Г.Бат-Эрдэнээс 600,000 төгрөг гаргуулан Б.Зоригтод олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2016-5-20 ны өдөр Төрийн банкны 130000801681 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 30,000 төгрөгнөөс 11,350 төгрөгийг буцаан,хариуцагчаас 18,650 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                           

                      

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ