| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0636/Э |
| Дугаар | 3 |
| Огноо | 2018-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 3
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц овогт Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810017280857 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймаг Өгийнуур суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овгийн Д.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Цэлмэг хүнс” ХХК-ийн “Шарсан тахиа” гэх цайны газарт М.Нийг мөнгө нэхлээ, архичин авгай гэж хэллээ гэж уурлан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.М: “...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр найзтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед манай найзын цайны газарт ажилладаг Н гэх эмэгтэй цонхоор намайг дуудаж, Энхцэцэг эгчийн мөнгийг өгөөч, мөнгөө нэхэж байна гэж хэлэхэд нь би Энхцэцэгтэй өөрөө ярина гэж хэлсэн. Гэтэл намайг ингэж архи ууж согтуурч байхаар мөнгийг нь өгөөч согтуу авгай минь гэхээр нь Нтэй маргалдсан. Тэгээд цайны газарт ороход миний араас ширээ арчиж байсан алчуураа шидэхээр нь бид хоёр ноцолдож, би гарнаас хазсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ байхад манай захирал Энхцэцэг утасдаад “Загасаа надад өгөх ёстой мөнгөө 07 дугаар сарын 01-ний өдөр өгнө гэчихээд өгөхгүй байна, чи ажил, гэрээр нь ороод 90,000 төгрөгийг аваадах” гэхээр нь ажил дээр нь очиход байхгүй байхаар нь Шувууны эцэст байх гэрт нь очоод цонхоор нь дуудахад М эгч цонхоор харахаар нь “Энхцэцэг эгч мөнгө гэж байна” гэж хэлэхэд “чи надаас мөнгө нэхдэг хэн бэ, Энхцэцэг мөнгө нэхээгүй байхад чи мөнгө нэхдэг хэн бэ, янхан минь” гээд согтуу орилоод байхаар нь айсандаа ажил дээрээ буцаж ирээд байж байхад М эгч чулуу барьж орж ирээд “Энхцэцэгийн суганы үс минь” гээд гартаа барьсан байсан чулуугаараа толгой руу цохиод үсдэж доошоо дарахаар нь би тавиулаад босч ирээд “та яасан гэж хүн зодож байгаа юм бэ” гэхэд “чи надаас өр нэхдэг юу вэ” гээд орилоод “Энхээг дууд, миний найз” гэхэд нь “би тань шиг архичинтай найз байхыг мэдэхгүй юм байна” гэж хэлэхэд намайг цохих гэхээр нь гарыг нь барихад миний баруун гарын шуунаас хазаж, үснээс зулгаагаад чирээд гаргасан..." /хх-ийн 15-17/ гэсэн,
Гэрч Б.Золбоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр надтай хамт ажиллаж байсан М эгч мөнгөний асуудлаас болж Нтэй муудалцаад үсдэлцээд байсан. Тэгж байгаад унаад М эгчийг дороо оруулчихаад босгохгүй байхаар нь Нийн гарыг нь хазсан. Тэгэхээр нь би салгаж болиулаад би гэр рүүгээ орсон..." /хх-ийн 40/ гэсэн,
Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувууны эцэст байх гэртээ байж байхад цонхоор найз Энхцэцэгийн цайны газарт ажилладаг Н дуудахаар нь би цонхоороо харахад “Энхцэцэг эгч 90,000 төгрөг гэж байна” гэсэн. Би “цалин буухаар өгье” гэхэд “архи ууж байхаар чи Энхээ эгчийн мөнгийг өгөөч” гэхээр нь “чамд ямар хамаатай юм бэ, би Энхээтэй өөрөө ярина” гэхэд “архичин авгай” гэсэн. Тэгэхэд нь “миний уух чамд ямар хамаатай юм бэ” гээд цонхоор хэрэлдэж байгаад Н цайны газар руугаа орохоор нь араас нь “очоод чамд ер нь ямар хамаа байна” гэж хэлэхэд ширээ арчиж байсан алчуураа шидэхээр нь би барьж аваад зууралдаж байгаад гарыг нь хазсан. Тэгээд ноцолдож байхад Золбоо салгасан..." /хх-ийн 28-30/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №8887 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Нийн зүүн дал, баруун тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй
5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 7/,
- Тодорхойлолт /хх-ийн 31/,
- Шүүгдэгч Д.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 32-36/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Цэлмэг хүнс” ХХК-ийн “Шарсан тахиа” гэх цайны газарт М.Нийг мөнгө нэхлээ, архичин авгай гэж хэллээ гэж уурлан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд зүүн дал, баруун тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Нийн “...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ...гэрт нь очоод цонхоор нь дуудахад М эгч цонхоор харахаар нь “Энхцэцэг эгч мөнгө гэж байна” гэж хэлэхэд “Энхцэцэг мөнгө нэхээгүй байхад чи мөнгө нэхдэг хэн бэ, янхан минь” гээд согтуу орилоод байхаар нь айсандаа ажил дээрээ буцаж ирээд байж байхад М эгч чулуу барьж орж ирээд “Энхцэцэгийн суганы үс минь” гээд гартаа барьсан байсан чулуугаараа толгой руу цохиод үсдэж доошоо дарахаар нь би тавиулаад босч ирээд “та яасан гэж хүн зодож байгаа юм бэ” гэхэд “чи надаас өр нэхдэг юу вэ” гээд орилоод “Энхээг дууд, миний найз” гэхэд нь “би тань шиг архичинтай найз байхыг мэдэхгүй юм байна” гэж хэлэхэд намайг цохих гэхээр нь гарыг нь барихад миний баруун гарын шуунаас хазаж, үснээс зулгаагаад чирээд гаргасан..." /хх-ийн 15-17/ гэсэн, гэрч Б.Золбоогийн "...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр надтай хамт ажиллаж байсан М эгч мөнгөний асуудлаас болж Нтэй муудалцаад үсдэлцээд байсан. Тэгж байгаад унаад М эгчийг дороо оруулчихаад босгохгүй байхаар нь Нийн гарыг нь хазсан..." /хх-ийн 40/ гэсэн, шүүгдэгч Д.Мын “...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ...Энхцэцэгийн цайны газарт ажилладаг Н дуудахаар нь би цонхоороо харахад “Энхцэцэг эгч 90,000 төгрөг гэж байна” гэсэн. Би “цалин буухаар өгье” гэхэд “архи ууж байхаар чи Энхээ эгчийн мөнгийг өгөөч” гэхээр нь “чамд ямар хамаатай юм бэ, би Энхээтэй өөрөө ярина” гэхэд “архичин авгай” гэсэн. Тэгэхэд нь “миний уух чамд ямар хамаатай юм бэ” гээд цонхоор хэрэлдэж байгаад Н цайны газар руугаа орохоор нь араас нь “очоод чамд ер нь ямар хамаа байна” гэж хэлэхэд ширээ арчиж байсан алчуураа шидэхээр нь би барьж аваад зууралдаж байгаад гарыг нь хазсан..." /хх-ийн 28-30/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №8887 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Нийн зүүн дал, баруун тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Нийн зүүн дал, баруун тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч эмчилгээний зардалтай холбоотой хохирл төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Мт үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн ажил эрхлэлт болон хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810017280857 дугаартай хэрэгт хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.М-ын 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М-т торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810017280857 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй нь, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР