Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01364

 

 

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01364

 

 

  Г ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/01295 дугаар шийдвэртэй, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 4-225/22051 дугаартай "Б.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220605**** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Р харш, ** дугаар байрны ** тоот, 56.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 155,397,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэж байна албан бичгийг шуудангаар хүлээн авсан. Г ХХК-ийн Захирал Б.Э миний бие энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зах зээл дээр 2021 оноос хойш тасралтгүй өссөн байхад тухайн хотхон доторх үл хөдлөх хөрөнгөөс хэт доогуур үнэлж, миний эрх, ашгийг хохироож байна. Үндэслэлийн хувьд тухайн үеийн үнэлгээгээр 11 дүгээр сарын үед Зайсанд адил байр 155 сая төгрөг байгаагүй. Тухайн байр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны үед харьцуулалтаар үнэлгээ 230 сая төгрөгийн үнэлгээтэй байсан. Мөн шинжээч орон сууцыг үзсэнээс хойш 1 өдрийн дотор дүгнэлт гаргасан. Харьцуулалтын хэмжээг сонгохдоо 3 өрөө байрны үнэлгээг авсан. Харьцуулалтын үнээр м.кв 2,900,000 төгрөг байгаа. Гэтэл шинжээч үл хөдлөх хөрөнгийн харьцуулалтын жишгийн тооцоог авахдаа 3 өрөө байраар, 2,770,000 төгрөгөөр бодсоныг зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Р, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах Ү-220605**** улсын бүртгэлийн дугаартай 56.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 574 дугаар тогтоолоор Г ХХК-иас 103,253,835 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож, Б.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Р, ** дугаар байрны ** тоотод байршилтай, 56.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, Д.Д-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х, Зайсангийн тойруу гудамж ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 92.78 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Г ХХК, өмчлөгч Б.Э-аас авахаар удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Төлбөр авагч Х ХХК-иас хураагдсан барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хөндлөнгийн үнэлгээний Х ХХК-ийг үнэлгээчнээр томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 155,397,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Э-ын өмчлөлийн Ү-220605**** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Р хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 56,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураах ажиллагааг явуулж талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч талаас үнийн санал ирүүлээгүй. Төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчаас төлөгч талтай харилцан тохиролцсон үнэлгээ тогтоох боломжгүй нөхцөл үүссэн тул бид шинжээч томилуулан хөндлөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилон, зах зээлийн үнийг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан. Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр авагч талд биечлэн, төлбөр төлөгч Г ХХК-д баталгаат шуудангаар тус тус мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу явагдсан.

Шинжээчийн гаргасан үнэлгээ нь дуудлага худалдаагаар зарагдах зах зээлийн эцсийн дээд үнэ биш бөгөөд дуудлага худалдаагаар өсөх ёстой үнэ билээ. Уг хөрөнгө нь өөрийн үнэ цэнээр дуудлага худалдаагаар үнэ нь өсч зах зээлийн үнэлгээгээр худалдан борлогдох ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд төлбөр төлөгч нь өөрөө худалдан борлуулахаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, худалдан борлуулж чадаагүй нь уг хөрөнгийг шинжээчийн үнээс өндөр байж чадахгүйг харуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагын аль хэсгийг зөрчсөний улмаас шинжээчийн үнэлгээ хүчингүй гэж үзэж байгаа нь тодорхой бус байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу уг үнэлгээг хүчингүй болгуулахаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Хүсэлт шийдвэрлэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №181/ШЗ2022/17605 захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Х ХХК-ийн үнэлгээчин Ж.У хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо өртгийн хандлага, зах зээлийн харьцуулсан аргуудыг хослуулан үнэлгээ гаргасан нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт нь тухайн үед харьцуулсан орон сууцны хоёр байраар харьцуулахдаа дундаж үнэлгээ 2,900,000 төгрөг байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа барьцаалагдах хөрөнгийг 2,770,000 төгрөгөөр үнэлсэн нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байна гэж маргасан. Гэтэл шүүх өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Учир нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд харьцуулсан байрны үнэлгээнд зөрүүтэй нь тодорхой баримтаар байсан.

5.2. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс орон сууцтай дүйцэхүйц үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ ханшийн талаарх мэдээллийг нотлох баримтаар гаргасан боловч эдгээр баримт нь дангаараа хуулиар тогтоосон баримтын шаардлага хангахгүй баримт гэж үнэлсэн. Шүүхийн практикт буюу хөрөнгийн үнэлгээний компани зах зээлийн харьцуулалтыг үнэгүй зар сайтаас авч үнэлдэг. Шинжээчийн харьцуулсан баримт нь нэхэмжлэгчийн гаргасан баримттай адил жишгээр баримтыг гаргасан.

5.3. Нэхэмжлэгч шүүх хуралдааны үеийн байрны үнэлгээг нотлох баримтаар гаргасан тул харьцуулан дүгнэх боломжгүй гэж үнэлжээ. Нэхэмжлэгчийн эрх ашиг 2022 оны 11 дүгээр сарын үеийн зах зээлийн үнэлгээ 2023 оны 04 дүгээр сарын үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Шүүх нэхэмжлэгчийн эрх ашиг хоёр дахин бага үнээр байраа дуудлага худалдах болж байгааг үнэлэх ёстой байсан.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Р, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах Ү-220605**** улсын бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шинжээч зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо өртгийн хандлага, зах зээлийн харьцуулалтын аргыг хослуулан үнэлгээ гаргасан. Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн буюу нэхэмжлэгч талаас шалтгаалан 6 сарын хугацаа өнгөрсөн. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Үнэлгээ гаргасан шинжээч шүүх хуралдаанд оролцсон бөгөөд үнэлгээ хийсэн аргачлалыг нарийвчлан танилцуулсан. Тухайн үнэлгээ гаргах үед зах зээлд зарагдаж буй 2 өрөө орон сууц байгаагүй тул 3 өрөө орон сууцыг сонгон авч харьцуулсан мөн тус орон сууц ердийн засвартай буюу ашиглалтад орсноос хойш засвар хийгээгүй тул 1 м.кв 2,770,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Нэхэмжлэгч талын 1 м.кв 2,900,000 буюу түүнээс дээш үнэлэгдэх байсан болон бусад үндэслэлээр гаргасан гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/02960 дугаар шийдвэрээр Г ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 102,513,119 төгрөг гаргуулж Хк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2022/00574 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Р, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ.

3.2. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Г ХХК-аас үнийн санал авахаар албан бичиг хүргүүлсэн боловч санал ирүүлээгүй тул 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Х ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

3.3. Шинжээч Х ХХК-ийн үнэлгээчин Ж.У нь Сангийн сайдаас олгосон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тайлбарлан танилцуулсан байна. Шинжээчээр томилогдсон Х ХХК, үнэлгээчин Ж.Уртнасан нь үнэлгээний тайландаа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж /зориулалт, байршил, хэмжээ, шинж байдал г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.1. Харьцуулсан хөрөнгүүдийн 1 м.кв талбайн дундаж үнэ 2,750,000-2,901,900 төгрөг байх ба шинжээч үнэлж буй болон харьцуулж буй хөрөнгүүдийн үнэ цэнэд нөлөөлж болохуйц хүчин зүйлсийг харьцуулан үзэж зах зээлийн харьцуулах хандлагаар тооцон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 155,397,000 төгрөгөөр тогтоосон байна.

4.2. Нэхэмжлэгч нь татгалзлаа нотлохоор unegui.mn зарын сайтад байршсан орон сууцны зарах үнийн мэдээллийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлэхээр заасан тул дээрх зарын сайтад байршсан мэдээллийг үндэслэн хөрөнгийн үнэлгээг тогтоох боломжгүй юм.

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулах эрхтэй тул нэхэмжлэгч хөрөнгөө худалдан борлуулж, төлбөрийг зохих ёсоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх боломжтой.

 5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/01295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН