Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 7

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Г.Эсэн, хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Ч.Н, гэрч Д.Батчулуун, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Данхар овогт Даваажавын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710010500599 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Ази фарм ХХК-д харилцагчийн ахлах менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 539 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Д.Т

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Т нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпрейт зочид буудалд 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 2017 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Б.Ттэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогч Б.Т: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Ази Фарм” ХХК-ийн харилцагчийн хүндэтгэлийн арга хэмжээ анх удаа Корпорейт зочид буудалд болсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, би Д.Тыг зохион байгуулах, удирдах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Тухайн үед эмийн сангийн хоёр ажилтан надаас бүтэн виски хэрэгтэй байна гэж шаардсан. Санхүүгийн ажилтан С.Ганбаяр тухайн арга хэмжээний төсвийг хариуцан ажиллаж байсан, Таас энэ хүмүүс виски нэхээд байна, яах уу гэхэд чи надаас виски нэхдэг хэн бэ гээд над руу агсарч дайрсан. Би Тыг чи ингэж болохгүй, биеэ зөв авч явах ёстой гэж хэлээд гэдсээр нь тэврээд тайвшуулахад миний чихнээс татаж байгаад мөргөхөд миний хамар хугарсан. Бид хоёр харилцан зодолдсон зүйл байхгүй. Гомдолтой байна, ажилгүй байсан хугацааны цалин, “Гурван гал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр, өмгөөлөгчийн хөлс нийтдээ 7,604,844 төгрөгийг нэхэмжилж байна, гаргуулж өгнө үү...” гэв.

 

Гэрч Д.Батчулуун: “...Гурван гал эмнэлэгт хамрын шинэ хугаралд 150,000 төгрөгийн мэс ажилбар хийдэг, хамрын хагалгаа буюу мас заслыг 750,000 төгрөгөөр хийдэг. Мэс засал, мэс ажилбар хоёр нь тус тусдаа ойлголт, мэс ажилбарыг амбулаторийн нөхцөлд хэсгийн мэдээ алдуулалттай хийдэг. Хамрын шинэ хугарлын мэс ажилбар хийлгэсэн хүн хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй. Б.Тгийн хамар шинэ хугаралтай байсан учир мэс ажилбар хийгдсэн. Манай эмнэлэг эмчилгээ хийлгэх, хагалгаа хийлгэх тохиолдолд эхэлж урьдчилгаа төлбөр аваад эмчилгээ хийлгэж дууссаны дараа үлдэгдэл төлбөрийг нэмж авдаг. Манай эмнэлэгт илүү мөнгө төлнө гэсэн зүйл байхгүй. Төлбөр төлсөн талаар Гурван гал эмнэлгийн ахлах ресепшн Баярмаагаас асуухад манай эмнэлэгт хагалгаанд орно гэж 1,500,000 төгрөг төлсөн боловч хэсэг хугацааны дараа манай ээж андуурсан байна, хамрын мэс ажилбар 150,000 төгрөгийн үнэтэй хийгддэг юм байна гэж хэлээд 1,350,000 төгрөгийг буцааж аваад 150,000 төгрөгийн баримтыг авсан. Манай эмнэлгийн хамар хоолойн тасагт 1,500,000 төгрөгийн үнэтэй хагалгаа байдаггүй. Хамрын шинэ хугаралд мэс ажилбар хийсэн тохиолдолд 7-10 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой. Хэрэв хамранд хийгдсэн мэс ажилбар хүндэрсний улмаас эмнэлэгт хэвтсэн тохиолдолд анх мэс ажилбар хийсэн эмчид үзүүлэх байсан, надад үзүүлээгүй, би хамранд хийсэн мэс ажилбараас болж эмнэлэгт хэвтсэн талаар өмнө нь сонсож байгаагүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.Т: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, өөрийн хийсэн хэргээ хүлээж байгаа, хохирогчийн хохирол төлбөрийн тал дээр их хэмжээний мөнгө нэхэж байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа, баримтын хэмжээнд төлнө...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ази фарм ХХК-ийн харилцагчийн баярын арга хэмжээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Корпрейт зочид буудлын хоёр давхарт тус компанийн 300 харилцагчийг хүлээн авч зохион байгуулсан. Тус арга хэмжээ өндөрлөөд, хүмүүс тарж байх үед буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 08 минутын орчим Тт хамран тус газраа мөргүүлж гэмтсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж хамартаа анхан шатны тусламж үйлчилгээ аваад, Гурван гал эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мэдрэлийн тасагт №423 өрөөнд 14 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаа. ...Тунгалаг гээд манай дэд захирал “хүмүүсийн уур амьсгалыг сайхан байлга, сайхан уулгаж идүүл, өндөр сэтгэгдэлтэй буцаагаарай” гэж бүгдэд нь үүрэг өгсөн. Түүний дагуу би үлдсэн ширээнүүдээр явж хүмүүсийг үдэн өгч байхад хоёр эмэгтэй надаас виски нэхсэн. Тэгэхээр нь зөөгч нараар виски авчруулахад тал виски авч ирэхээр нь нөгөө хоёр эмэгтэйд өгөхөд “дундуур виски байна, бүтэн виски авчир” гээд жаахан халсан байдалтай шаардлага тавьж байсан. Түүний дагуу бусад зохион байгуулж байгаа гишүүд болох Ганбаяр, Т нараас “Виски байгаа юм уу, виски хэрэгтэй байна” гэсэн хүсэлт тавихад Ганбаяр намайг “чи надаас виски нэхдэг хэн бэ” гээд хоолой боосон. Тэгэхээр нь “зүгээр байхад чи яагаад хоолой боож байгаа юм бэ, би чамаас зүгээр л виски асуусан биздээ” гэж маргалдаж байгаад салаад явсан. Тэгээд Т дээр очоод гэдсэнд нь “хөөе” гэж хүрээд “энэ Ганбаяр яагаад намайг боож байгаа юм бэ, би зүгээр виски асуусан” гэхэд “виски өгөх боломжгүй байна” гээд шууд над руу дайраад мөргөсөн...” /хх-ийн 10-11/ гэсэн,

 

Гэрч Ж.Золзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай Ази фарм ХХК-ийн 15 жилийн ойн арга хэмжээ Корпрейт зочид буудлын хоёр давхарт байрлах ресторанд болсон. Арга хэмжээ дуусаад хүмүүс явах болж байхад Б.Т гэх манай ахлах эдийн засагч залуу согтуу хүмүүсээс виски нэхээд хүн болгон дээр явж очоод байсан. Ганбаярын ойролцоо зогсож байхад Б.Т, Ганбаяр дээр очоод виски нэхээд маргалдаад байсан. Тэгэхээр нь Ганбаярыг салгаад цаашаагаа зочдыг аваад үдэж өгөхөөр явсан. Тэгээд замдаа Ганбаяраас “Т яасан гээд байгаа юм бэ” гэхэд “виски нэхээд байна” гэж байсан. Тэгэхээр нь “арга хэмжээ дууссан, одоо ямар нэгэн архи виски өгөхгүй” гэж Ганбаярт хэлээд би цаашаагаа явсан. Буцаад Т дээр ирэхэд Ттай зууралдаад зогсож байсан. Манайхан очоод салгасан чинь хамарнаас нь цус гарчихсан байсан. Би нүдний шилэндээ урчихаж гэж харж байсан. Тэгээд Тд “яваад юун цус болчихов, чи юун виски нэхээд байгаа юм бэ” гэхэд “энэ хоёр хүүхэнд виски өгөх гэж байсан юм” гэхээр нь “арга хэмжээ дуусчихсан, наад цусаа арч, би тэр хүмүүсийг явуулчихсан” гэсэн. Би хүмүүсээ тараачихаад машиндаа сууж байхад цагдаа ирээд суулгаад явсан...” /хх-ийн 17/ гэсэн,

 

Гэрч Б.Дашдулам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай Ази фарм ХХК-ийн 15 жилийн ойн арга хэмжээ Корпрейт зочид буудлын хоёр давхарт байрлах ресторанд болсон. Арга хэмжээ дуусаад хүмүүс явж байхад ахлах эдийн засагч Т ширээнээсээ босоод явж байснаа над руу ирээд “виски байна уу” гэхээр нь “мэдэхгүй ээ” гэсэн чинь “чи надад виски олж өг” гээд гэдэс рүү цохиод түлхэхээр нь “энэ чинь айхтар согтсон байна” гээд зайгаа бариад холдоод явчихсан. Тэгсэн чинь дизайнер Ганхуяг гэх залуу дээр очоод “надад виски өлж өг” гэсэн чинь хажуугийн ширээн дээрээс талаас жоохон доогуур виски Тд өгсөн чинь Т “чи надад бүтэн виски олж өг, яахаараа шавхруу өгдөг юм бэ, муу бацаан гээд орилоод байхаар” нь сонсчихоод бушуухан холдоод явсан...” /хх-ийн 18/ гэсэн,

 

Гэрч Т.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай Ази фарм ХХК-ийн 15 жилийн ойн арга хэмжээ Корпрейт зочид буудлын хоёр давхарт байрлах ресторанд болсон. Арга хэмжээ дуусаад хүмүүс явах болж байхад ахлах эдийн засагч Т над дээр ирээд “виски олж өг” гэхээр нь “за” гээд ширээн дээгүүр хайж байгаад, тал виски олж өгсөн чинь “би ийм юм уудаг хүн биш, чи намайг өдөж байна уу бацаан минь, чи надад бүтэнг олж өг, би мөнгөөр нь авчих чадалтай” гэхээр нь “угаасаа виски дуусчихсан” гэсэн чинь “чи мөнгөөр нь ч хамаагүй олж ир, би хүний уусан тал шавхруу уудаг хүн биш” гээд өөдөөс орилоод дайраад байхаар нь би өөр ширээн дээрээс талаас бүр доогуур виски байхаар нь “эд нараас өөр зүйл алга” гэсэн чинь “чи одоо тек рүү нь очоод, виски авчир” гээд уурлаад орхиод явчихсан. Тэгээд очоод салгах гэхэд Т, Т хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Тгийн хамар нь цус болчихсон байсан. Тэгээд салгачихаад, Ганбаярын хажууд суусан чинь Ганбаяр, Т нараас архи нэхээд, миний гэдэс рүү цохиж аваад, нүдний шилээ тайлаад зодолдох гээд ууртай сууж байхаар нь “харин тийм ээ, наад хүнээ орхи агсам тавьдаг хүн байна лээ, наадахтайгаа харьцаж яадаг юм” гээд яриад өнгөрсөн. Тухайн үед Т нь бүх хүмүүстэй муудаад ширээнийхэнтэйгээ хүртэл муудалцаад байсан. Архи уучихаараа их агсам зантай хүн байналээ. Хүн болгоноос архи виски нэхээд яваад байсан. Манай ажлынхан хүртэл бүгд тэр талаар ярьж байна...” /хх-ийн 19/ гэсэн,

 

Гэрч С.Ганбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай Ази фарм ХХК-ийн 15 жилийн ойн арга хэмжээ Корпрейт зочид буудлын хоёр давхарт байрлах ресторанд болсон юм. Арга хэмжээ дуусаад хүмүүс явах болж байхад Б.Т гэх манай ахлах эдийн засагч залуу согтуу хүмүүсээс виски нэхээд хүн болгон дээр очоод байсан. Над дээр ирээд виски нэхээд байхаар нь “ингэж болохгүй, бид нар харилцагч нартаа зориулж уг арга хэмжээг зохион байгуулж байгаа” гэхэд шууд миний элэг рүү цохисон. Тэгэхээр нь бид хоёр тэнд зууралдаад маргалдахад намайг хүмүүс салгаад аваад явсан. Т нь тэнд үлдчихээд хүмүүс рүү агсраад байсан. Тэгээд харж байхад Т луу явж очоод агсам тавьсан. Т, Т хоёр маргалдаад Тг нэг удаа мөргөсөн манайхан очоод салгасан чинь хамарнаас нь цус гарчихсан байсан...” /хх-ийн 20/ гэсэн,

 

Гэрч Д.Батчулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын хэдэнд гэдгийг санахгүй байна. Б.Т гэх хүн ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр оёдол тавиулсан байсан. Тэгээд би “хоёр хоногийн дараа ир” гэж явуулаад үзлэг хийхэд хамрын шинэ хугаралтай байсан ба хоёр хоногийн дараа хамар тэгшлэх мэс ажилбар хийсэн. Уг ажилбар нь 150,000 төгрөгний төлбөртэй ба түүний дагуу хийсэн. Үйлчлүүлэгч “мөнгөн дүнг ахиу бичиж өгч болохгүй юу, би гомдолтой байна” гэж байсан. Тийм боломж байхгүй гэдгийг нь хэлсэн. Хэд хоногийн дараа над руу залгаад “1,500,000 төгрөгний хагалгаа хийсэн юм уу” гэж асуухад “тийм юм байхгүй, 150,000 төгрөгний ажилбар хийгдсэн” гэсэн. Тэгээд дараа нь ажил дээр очоод ресепшинтэй уулзахад Т хамартаа хагалгаа хийлгэнэ гээд 1,500,000 төгрөг картнаасаа уншуулаад, хэсэг хугацааны дараа андуурсан байна гээд 1,350,000 төгрөгний буцаалт авсан байсан. Манай эмнэлэгт 1,500,000 төгрөгний үнэлгээтэй чих хамар хоолойн хагалгаа гэж байхгүй, 150,000 төгрөгний эмчилгээ болон, 35,000 төгрөгний үзлэгийн мөнгө төлсөн. Шинэ хугарал гэмтэл 150,000 төгрөгний мэс ажил амбултороор хийгддэг бөгөөд бүрэн засарсан...” /хх-ийн 21/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой манай ажил болох Ази фармын харилцагчийн баяр болох 15 жилийн ойн арга хэмжээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Корпрейт зочид буудлын хоёр давхарт байдаг ресторанд болсон. Арга хэмжээ болоод дуусаад уригдсан хүмүүс нь гараад явсаны дараа ажиллагсад үлдээд ширээн дээрх үлдэгдэл зүйлсийг нь янзалж байхад, эдийн засагч хийдэг Б.Т нилээн согтчихсон хүн хүнээс архи нэхээд гэдэс рүү нь цохиод яваад байсан. Ингэж байхад Ганбаяр, Ттэй уулзаад “чи яахаараа манай албаны хүнээс архи нэхээд, гэдэс рүү цохиод байсан” гэхэд нь Б.Т уурлаж маргалдаад зууралдаад авахаар нь би очиж Б.Тг салгаад холдуулсан. Ингээд би холдоход Б.Т буцаж над дээр ирээд “чиний олон жил ажилласан надад хамаагүй, виски олж ир” гээд миний гэдэс рүү хоёр удаа цохихоор нь би өөрийнхөө биенээс холдуулаад, Б.Ттэй барьцалдаж авангуутаа нүүр лүү нэг удаа мөргөсөн. Ингэхэд ойролцоо байсан хүмүүс салгасан. Салгасны дараа харахад Б.Тэмжүүжингийн хамарнаас нь цус гоожсон харагдсан. Өөр дахиж цохиж зодолдсон зүйл байхгүй...” /хх-ийн 121-122/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №14902 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Тгийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

- Өргөдөл /хх-ийн 7/,

-  Компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 24/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29/,

- Эмнэлгийн хуудас /хх-ийн 42-44/,

- Өвчний түүх /хх-ийн 49-65/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 32-35/,

- Шүүгдэгч Д.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 66, 72-78, 193, 124/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Т нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпрейт зочид буудалд 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 2017 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Б.Ттэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь хохирогч Б.Тгийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ази фарм ХХК-ийн харилцагчийн баярын арга хэмжээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Корпрейт зочид буудлын 2 давхарт тус компаний 300 харилцагчийг хүлээн авч зохион байгуулсан. Тус арга хэмжээ өндөрлөөд хүмүүс тарж байх үед буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 08 минутын орчим Тт хамран тус газраа мөргүүлж гэмтсэн...” /хх-ийн 10-11/ гэсэн,

Гэрч Ж.Золзаяагийн “...Арга хэмжээ дууссан, одоо ямар нэгэн архи виски өгөхгүй” гэж Ганбаярт хэлээд би цаашаагаа явсан. Буцаад Т дээр ирэхэд Ттай зууралдаад зогсож байсан. Манайхан очоод салгасан чинь хамарнаас нь цус гарчихсан байсан...” /хх-ийн 17/ гэсэн,

Гэрч Б.Дашдуламын “...Арга хэмжээ дуусаад хүмүүс явах болж байхад ахлах эдийн засагч Т ширээнээсээ босоод явж байснаа над руу ирээд “виски байна уу” гэхээр нь “мэдэхгүй ээ” гэсэн чинь “чи надад виски олж өг” гээд гэдэс рүү цохиод түлхэхээр нь “энэ чинь айхтар согтсон байна” гээд зайгаа бариад холдоод явчихсан. Тэгсэн чинь дизайнер Ганхуяг гэх залуу дээр очоод “надад виски өлж өг” гэсэн чинь хажуугийн ширээн дээрээс талаас жоохон доогуур виски Тд өгсөн чинь Т “чи надад бүтэн виски олж өг, яахаараа шавхруу өгдөг юм бэ, муу бацаан гээд орилоод байхаар” нь сонсчихоод бушуухан холдоод явсан...” /хх-ийн 18/ гэсэн,

            Гэрч Т.Ганхуягийн “...Т, Т хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Тгийн хамар нь цус болчихсон байсан. Тэгээд салгачихаад, Ганбаярын хажууд суусан чинь Ганбаяр, Т нараас архи нэхээд, миний гэдэс рүү цохиж аваад, нүдний шилээ тайлаад зодолдох гэж хэлээд ууртай сууж байхаар нь “харин тийм ээ, наад хүнээ орхи агсам тавьдаг хүн байна лээ, наадахтайгаа харьцаж яадаг юм” гээд яриад өнгөрсөн...” /хх-ийн 19/ гэсэн,

             Гэрч С.Ганбаярын “...Арга хэмжээ дуусаад хүмүүс явах болж байхад Б.Т гэх манай ахлах эдийн засагч залуу согтуу хүмүүсээс виски нэхээд хүн болгон дээр явж очоод байсан. ...Тэгээд харж байхад Т луу явж очоод агсам тавьсан. Т, Т хоёр маргалдаад Тг нэг удаа мөргөсөн манайхан очоод салгасан чинь хамарнаас цус гарчихсан байсан...” /хх-ийн 20/ гэсэн,

             Гэрч Д.Батчулууны “...Би 2017 оны 12 дугаар сарын хэдэнд гэдгийг санахгүй байна. Б.Т гэх хүн ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр оёдол тавиулсан байсан. Тэгээд би “хоёр хоногийн дараа ир” гэж явуулаад үзлэг хийхэд хамрын шинэ хугаралтай байсан ба хоёр хоногийн дараа хамар тэгшлэх мэс ажилбар хийсэн. Уг ажилбар нь 150,000 төгрөгний төлбөртэй ба түүний дагуу хийсэн. Үйлчлүүлэгч “мөнгөн дүнг ахиу бичиж өгч болох уу, би гомдолтой байна” гэж байсан. Тийм боломж байхгүй гэдгийг нь хэлсэн. Хэд хоногийн дараа над руу залгаад “1,500,000 төгрөгний хагалгаа хийсэн юм уу” гэж асуухад “тийм юм байхгүй 150,000 төгрөгний мэс ажилбар хийгдсэн” гэсэн. Тэгээд дараа нь ажил дээр очоод ресепшинтэй уулзахад Т хамартаа хагалгаа хийлгэнэ гээд 1,500,000 төгрөг картнаасаа уншуулаад, хэсэг хугацааны дараа андуурсан байна гээд 1,350,000 төгрөгний буцаалт авсан байсан. Манай эмнэлэгт 1,500,000 төгрөгний үнэлгээтэй чих хамар хоолойн хагалгаа гэж байхгүй. 150,000 төгрөгний эмчилгээ болон, 35,000 төгрөгний үзлэгийн мөнгө төлсөн. Шинэ хугарал гэмтэл 150,000 төгрөгний мэс ажил амбултороор хийгддэг бөгөөд бүрэн засарсан...” /хх-ийн 21/ гэсэн,

Шүүгдэгч Д.Тын “...Арга хэмжээ дуусаад уригдсан хүмүүс нь гараад явсаны дараа ажиллагсад үлдээд ширээн дээрх үлдэгдэл зүйлсийг нь янзалж байхад, эдийн засагч хийдэг Б.Т нилээн согтчихсон хүн хүнээс архи нэхээд гэдэс рүү нь цохиод яваад байсан. Ингэж байхад Ганбаяр, Ттэй уулзаад “чи яахаараа манай албаны хүнээс архи нэхээд, гэдэс рүү цохиод байсан” гэхэд Б.Т уурлаж маргалдаад зууралдаад авахаар нь би очиж Б.Тг салгаад холдуулсан. Ингээд би холдоход Б.Т буцаж над дээр ирээд “чиний олон жил ажилласан надад хамаагүй, виски олж ир” гээд миний гэдэс рүү хоёр удаа цохихоор нь би өөрийнхөө биенээс холдуулаад, Б.Ттэй барьцалдаж авангуутаа нүүр лүү нэг удаа мөргөчихсөн. Ингэхэд ойролцоо байсан хүмүүс салгасан. Салгасны дараа харахад Б.Тэмжүүжингийн хамарнаас нь цус гоожсон харагдсан. Өөр дахиж цохиж зодолдсон зүйл байхгүй...” /хх-ийн 121-122/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №14902 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Тгийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, өргөдөл /хх-ийн 7/, компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 24/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29/, эмнэлгийн хуудас /хх-ийн 42-44/, өвчний түүх /хх-ийн 49-65/, хохирлын баримтууд /хх-ийн 32-35/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тгийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, өмгөөлөгчийн хөлс нийт 7,604,840 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 352,970 төгрөгийг гэм буруутай этгээд болох Д.Таас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд ЭХХШТХ-д заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 1,000,000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Хохирогч нь энэ хэрэгт холбогдсоноосоо болж ажлаасаа халагдсан учир 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 3,834,544 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн ба энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй орхив. Учир нь “Ази Фарма” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №Б-527 дугаартай тушаалаар Б.Тг тус ХХК-д “ахлах эдийн засагч”-ийн албан тушаалд туршилтын гурван сарын хугацаатай авсан /хх-ийн 45/ тухай баримт хэрэгт авагдсан бөгөөд энэ хэргээс болж түүнийг ажлаас чөлөөлсөн, халсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх дээрх үндэслэлээр хохирогчийг ажлаасаа халагдсан, улмаар энэ хугацааны цалинг олгох зүйтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хохирогчийн ажлаас халагдсан, ажилгүй байсан хугацааны цалин 3,834,544 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 

Гэмт хэргийн улмаас  хохирогч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан, эм, тариа худалдаж авсан, мөн 2017 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны өдрийг хүртэл “Гурван гал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хамрандаа хагалгаа хийлгэсний улмаас эмчилгээ хийлгэхэд гарсан зардалд 2,770,300 төгрөг нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээ сувилгаа хийлгэсэн, эм тариа авсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны хооронд “Гурван гал” эмнэлэгт хэвтэхдээ 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дотрын эмчид үзүүлсэн баримт хавтаст хэргийн 54, 60-р талд авагдсан бөгөөд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээс үзэхэд хамрын мэс ажилбар хийлгэсэнтэй холбоотой эмчилгээ сувилгаа огт хийгдээгүй /хх-ийн 30-35, 43-44, 46-65/-н дээр мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Батчулуун “Би Б.Тд хамрын мэс ажилбар хийсэн, мэс ажилбарыг амбулаторын нөхцөлд хэсгийн мэдээ алдуулалттай хийдэг, мэс ажилбар хийсэн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага байхгүй. Хэрэв хамранд хийгдсэн мэс ажилбар хүндэрсний улмаас эмнэлэгт хэвтсэн тохиолдолд анх мэс ажилбар хийсэн эмчид хэлж, үзүүлэх байсан, надад үзүүлээгүй, би хамранд хийсэн мэс ажилбараас болж эмнэлэгт хэвтсэн талаар өмнө нь сонсож байгаагүй....” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч өөр өвчний улмаас “Гурван гал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд энэ талаар нэхэмжилсэн 2,770,300 төгрөгөөс 2,417,330 төгрөгийг шүүгдэгч Д.Тын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол биш байна гэж шүүх дүгнэв. Харин хамрын мэс ажилбар хийлгэсэн 150,000 төгрөг, үзлэг хийлгэсэн 35,000 төгрөг /хх-ийн 30/, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 8,000 төгрөг, нотариатын төлбөр 2500 төгрөг, эм худалдан авсан баримт 37,470 төгрөг, компьютер томографийн төлбөр 120,000 төгрөг, нийт 352,970 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч Б.Тд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 3,834,544 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний 2,417,330 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 7,251,874 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч нараас “Гурван гал” эмнэлэгт хамрын хагалгаанд орохдоо 1,500,000 төгрөгийг төлсөн /хх-ийн 30/, 1,350,000 төгрөгийг буцааж аваагүй бөгөөд и-баримтыг хуурамчаар хийх боломжгүй, шүүхэд мөнгө төлсөн тухай баримтыг системд бүртгүүлснийг /ebarimt.mn-д бүртгүүлсэн/ хэвлэж гаргаж өгсөн байхад энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв.

“Гурван гал” эмнэлэгт 1,500,000 төгрөгийн төлбөр төлсөн баримтыг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр НӨАТ-ын урамшууллын системд бүртгүүлсэн /ebarimt.mn/ бөгөөд тухайн баримтын төлөв хэсэгт “ААН ИЛГЭЭГЭЭГҮЙ” гэснээс, мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Батчулууны “...Энэ талаар Гурван гал эмнэлгийн ахлах ресепшн Баярмаагаас асуухад манай эмнэлэгт хагалгаанд орно гэж 1,500,000 төгрөг төлсөн боловч хэсэг хугацааны дараа манай ээж андуурсан байна, хамрын мэс ажилбар 150,000 төгрөгийн үнэтэй хийгддэг юм байна гэж хэлээд 1,350,000 төгрөгийг буцааж аваад 150,000 төгрөгийн баримтыг авсан. Манай эмнэлгийн хамар хоолойн тасагт 1,500,000 төгрөгийн үнэтэй хагалгаа байдаггүй...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд “Гурван гал” хувийн эмнэлэг нь Монгол улсад татвар төлдөг, найдвартай, томоохон хувийн хэвшлүүдийн нэг бөгөөд тухайн мөнгийг эмнэлэг аваагүй учир Татварын Ерөнхий газарт илгээгээгүй бөгөөд дээрх мэдүүлгээр тухайн баримт няцаагдаж байна.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Д.Тын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 2017 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна.

Иймд шүүгдэгч Д.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Д.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн 1710010500599 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл /шүүхийн шатанд цагдан хоригдсон/ нийт 6 хоног цагдан хоригдсоныг, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Д овогт Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь 06 /зургаа/ хоног цагдан хоригдсоныг дурдсугай.  

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т -аас 352,970 /гурван зуун тавин хоёр мянга есөн зуун дал/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,251,874 /долоон сая, хоёр зуун тавин нэгэн мянга, найман зуун далан дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас ажилгүй болсон хугацааны цалинтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн 1710010500599 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

 

 

           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР