Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01371

 

 

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01371

 

  

БХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00862 дугаар шийдвэртэй, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Ба ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 69,653,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ажлын үлдэгдэл хөлс 1,938,132 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: "Б" ХХК нь "Ба" ХХК-тай 2019 оны 02 сарын 27-ны өдөр 19/008 тоот 140 айлын барилгын вакум цонх, цонхны хаалтыг нийлүүлэн, суурилуулах иж бүрэн ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч "Ба" ХХК нь Баянгол дүүрэг, ** дүгээр хороонд байрлах 140 айлын орон сууцанд 1048 м.кв хэмжээтэй цонх, 714 м.кв хэмжээтэй цонхны хаалт, 379 м.кв хэмжээтэй орцны хаалт, 191.4 м.кв хэмжээтэй шилэн фасат зэргийг 2019 оны 03 сарын 10-ны өдрөөс 06 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд чанарын шаардлага хангасан материалаар ил, далд ажлын акт үйлдэж, ажлын явцыг фото зургаар баталгаажуулан 14 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд 385,043,200 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гүйцэтгэгч "Ба" ХХК нь гэрээнд заасны дагуу ажлыг чанартай, хугацаанд нь бүрэн гүйцэтгэж чадаагүй тул дахин 2019 оны 8 сарын 27-ны өдөр 19/008-1 тоот гэрээ байгуулж, өмнөх гэрээнд өөрчлөлт оруулсан. Тус гэрээгээр зөвхөн 1048 м.кв хэмжээтэй цонхыг үйлдвэрлэн суурилуулж, захиалагчид акт үйлдэн хүлээлгэн өгөх ажлыг хийж, бусад ажлуудыг хүчингүй болгосон. Гэвч гүйцэтгэгч "Ба" ХХК нь мөн л гэрээт ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөлгүй өнөөдрийг хүрлээ.

Захиалагч "Б" ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу 2019 оны 03 сарын 01-ний өдөр 34,653,888 төгрөгийг, 2019 оны 10 сарын 17-ны өдөр 35,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч "Ба ХХК нь захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, захиалагч "Б" ХХК нь ажлын үр дүн хүлээн аваагүй боловч ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт 69,653,888 төгрөгийг гүйцэтгэгч Ба ХХК-д төлсөн байна. Захиалагч нь гэрээг цуцалж, өөр компаниар цонхны ажлыг гүйцэтгүүлсэн тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 69,653,888 төгрөгийг Ба ХХК-иас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талууд 2019 оны 02 сарын 27-ны өдөр 19/008 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г, 2019 оны 02 сарын 27-ны өдөр Орон сууц бартераар худалдах-худалдан авах гэрээ-г тус тус байгуулсан. Ажил гүйцэтгэх 19/008 тоот гэрээгээр Ба ХХК нь Цонх-1048 м.кв, цонхны хаалт-714 м.кв, орцны хаалт-379 м.кв, шилэн фасат-191.4 м.кв-г захиалгаар нийлүүлэхээр тохирсон. Б ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу 2019 оны 03 сарын 01-ний өдөр 34,653,888 төгрөгийг шилжүүлсний дараа Ба ХХК нь нийт 425,0875 м.кв буюу 71,592,020 төгрөгийн үнэ бүхий цонхны ажлыг гүйцэтгэсэн.

 Захиалагчтай ярилцаж 2019 оны 8 сарын 27-ны өдрийн 19/008-1 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан гэрээгээр гүйцэтгэх ажлын хэмжээ өмнөх гэрээнээс багассан байдаг. 2019 оны 10 сарын 17-ны өдөр 35,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн. Энэ мөнгө нь урдчилгаатайгаа нийлээд нийт ажлын төлбөрт таарсан. Бид нэмэлт ажлыг хийвэл дахин 15,000,000 төгрөгийн санхүүжилт хүсэхэд боломжгүй гэх агуулгатай мэдэгдлийг ирүүлсэн тул санхүүжилтгүй болж ажлыг зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн юм.

Ба ХХК нь 19/008 ба 19/008-1 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэрээний 5.2-т зааснаар ажлын гүйцэтгэлийн санхүүжилтээ авах гэхээр инженерүүд нь өөр өөр зүйл ярьж ажил явуулахад хүндрэл учруулж байсан. Удалгүй БХХК-д дотоод асуудал гарч удирдлагууд, инженер техникийн ажилчид солигдож чимээгүй болсон. Энэ хугацаанд манай байгууллагаас ажлын гүйцэтгэлээ өгөх гэж удаа дараа холбогдон, очиж уулзсан боловч менежер н.З мэдэхгүй, хүлээж авахгүй гэж хүндрэл учруулсан. Ямар шалтгаантайг мэдэхгүй инженерүүд нь ажил дээрээ байхгүй, барилгын ажил ч явагдахгүй зогсоосон байдалтай удсан. Бид 2019 оны 02 сарын 27-ны өдөр гэрээний дагуу эхлүүлсэн ажлаа тайлагнаж 2020 оны 02 сарын 14-ний өдөр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Б ХХК-д хүргүүлсэн. Бид мэдэгдэл явуулах үедээ урьдчилгаанд 69,653,888 төгрөг авсан, ажлын гүйцэтгэл 71,592,020 төгрөг болчихсон. Өөрөөр хэлбэл, авсан урдчилгаанаас 2 сая орчим төгрөгийн ажил илүү хийсэн бөгөөд гэрээгээр хийх нийт ажлаас дутуу үлдсэн ажил байсан ба түүнийг нэмэлт санхүүжилт авахгүйгээр хийх ямар боломжгүй болсон тул санхүүжилт өгөх хүртэл ажлаа зогсоосон юм.

2019 оны 03 сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 сарын 12-ны өдрийн хооронд Ба ХХК-ийн цонх хаалганы үйлдвэрээс Б ХХК-ийн барилгын талбай руу нийт 476,61 м.кв цонх ачигдаж тээвэрлэгдсэнээс тээвэрлэх болон ажил хийх явцад болон элэгдэл, хорогдол гарч нийт 425.0875 м.кв цонх суурилуулсан, зарим том цонхнуудыг барилгын талбай дээр салгаж, шиллэх, рам солих зэргээр өөрчилсөн болно. Цонх суурилуулагдсан 2019 оны 03 сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 сарын 10-ны хүртэл хугацаа.

Мэдэгдэл өгснөөс хойш 3 сар орчмын дараа буюу 2020 оны 05 сарын 04-ний өдөр Б ХХК-иас манай байгууллагад мэдэгдэл ирсэн бөгөөд өмнөх гэрээнүүдээ цуцалж, дутуу ажлаа гүйцээж тооцоо дуусгана уу гээд бидний хийсэн ажлыг өөрсдийн инженерүүдээр дүгнүүлсэн акт үйлдэж хавсаргасан байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан юу ч хийгээгүй биш 122.8 м.кв буюу 37,443,420 төгрөгийн актын зөрүү гарсан. Б ХХК-ийн инженерүүдэд ажлаа хүлээж аваарай гэхээр үндэслэлгүй шалтаг хэлээд хүлээж авдаггүй, дутуу ажлаа хийх гэхээр санхүүжилтээ олгодоггүй, алга болчихдог. Гэрээний 9.2.1-т зааснаар захиалагч Б ХХК-д албан мэдэгдэл өгсөөр байтал санхүүжилтээ өгөлгүй ажил царцаасан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар Ба ХХК-аас Б ХХК-д 2020 оны 02 сарын 14-ний өдөр өгсөн албан мэдэгдлийн хавсралтаар гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ тайлагнасан, захиалагч нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй тул хуульд зааснаар хүлээн авсан гэж тооцох үндэслэлтэй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 69,653,888 төгрөгийг Ба ХХК-аас гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б ХХК болон "Ба" ХХК нар Баянгол дүүрэг, ** дугаар хороо, 140 айлын орон сууцанд 1048 м.кв цонх, 718 м.кв цонхны хаалт, 379 м.кв орцны хаалт, 191,4 м.кв шилэн фасатийн ажлын 385,043,200 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцож 2019 оны 02 сарын 27-ны өдөр 19/008 дугаар "Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээний 5.1.4-т заасны дагуу "Б" ХХК 2019 оны 03 сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр 34,653.888 төгрөгийг шилжүүлснээс хойш бид ажлаа эхэлсэн. Захиалагч буюу "Б" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 5.1.4, 5.2.1-д тус тус заасны дагуу ажил гүйцэтгэх акт, нэхэмжлэлийг "Б" ХХК-ийн нярав, хяналтын инженер Э.З, барилгын инженер Г.Г нар хүргэж өгсөн боловч нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөөгүй, санхүүжилт хийгээгүй учир гүйцэтгэж байсан ажлыг түр зогсоохоос аргагүй байдалд хүрсэн. Захиалагч талтай дахин ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 08 сарын 27-ны өдөр 19/008-1 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ"'-г байгуулсан. Энэхүү гэрээгээр 2019 оны 02 сарын 27-ны өдөр байгуулсан 19/008 дугаар гэрээгээр харилцан тохиролцсон гүйцэтгэх ажлын хэмжээг багасгаж, 1048 м.кв цонхыг үйлдвэрлэж, барилгад суурилуулахаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээг байгуулснаас хойш 2019 оны 10 сарын 17-ны өдөр 35,000,000 төгрөгийг манай байгууллагын данс руу шилжүүлсэн. Энэхүү шилжүүлсэн мөнгө нь манай компанийн өмнө нь хийж гүйцэтгэлийн ажлын хөлсөнд таарч байсан. "Ба" ХХК нь 2019 оны 02 сарын 27-ны өдөр байгуулсан 19/008 дугаар "Ажил гүйцэтгэх гэрээ", 2019 оны 08 сарын 27-ны өдөр 19/008-1 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажлын тоо, хэмжээг "Б" ХХК-д 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 01/14 тоот албан бичгээр хүргүүлж байсан.

Манай байгууллага 150*1550 хэмжээтэй цонх 60 ширхэг, 1550*1750 хэмжээтэй цонх 28 ширхэг, 1550*1950 хэмжээтэй цонх 78 ширхэг 1550*0.975 хэмжээтэй цонх 2 ширхэг, 2200*0,775 хэмжээтэй цонх 2 ширхэг нийт 170 ширхэг 425,0875 м.кв ажлыг хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэсэн ажлыг захиалагч Б ХХК-ийн ажилтан хяналтын инженер Э.З, барилгын инженер Г.Г нарт ажил хүлээлгэн өгөх талаар удаа дараа утсаар ярьж, ажлын байран дээр очиж уулзсан боловч "би мэдэхгүй, хүлээж авахгүй" гэдэг байсан. Өөрөөр хэлбэл, үндсэн нэхэмжлэлд дурдсан ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй нь манай байгууллагын буруугаас шалтгаалах зүйлгүй болно. Бид хийсэн ажлаа хүлээлгэн өгөх гэсэн боловч захиалагч байгууллага шалтгаангүйгээр хүлээн авахаас татгалзаж байсан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 1,938,132 төгрөгийг БХХК-иас гаргуулж өгнө үү. 2020 оны 05 сарын 29-ний өдөр Б ХХК-иас 3,500,000 төгрөг шилжүүлсэн байх тул бид хийсэн ажлынхаа санхүүжилтыг бүрэн авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Талууд 2019 оны 08 сарын 27-ны өдөр 19/008-1 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь 1048 м.кв хэмжээтэй цонхыг үйлдвэрлэн суурилуулж, захиалагчид акт үйлдэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гүйцэтгэгч нь тус гэрээний 1.1, 3.1.2, 6.3.11-д зааснаар ажлыг МТЧ8 5830:2007 техникийн шаардлага, МХ8 5802:2007 техникийн ерөнхий шаардлагыг хангахаар гүйцэтгэж, фото зургаар баталгаажсан актаар хүлээлгэн өгөх бөгөөд захиалагч шаардлагыг хангахгүй тохиолдолд хүлээн авахаас татгалзах эрхтэй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ дурдсан 425.0875 м.кв хэмжээний ажлын тоо, хэмжээг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй, нотлох баримтгүй. "Ба" ХХК-иас шүүхэд гаргасан 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 1/14 дугаар албан бичигт 425.0875 м.кв ажлын тооцооллыг дурдсан боловч ажлын тоо хэмжээ нотлогдохгүй, тооцсон үнийн дүн зөрүүтэй албан бичгийг манайд ирүүлээгүй.

Харин энэхүү хариу тайлбарт хавсаргаж өгсөн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн ажлын тоо хэмжээнд зааснаар 1150*1550 хэмжээтэй цонх 96.2 м.кв. 1550*1750 хэмжээтэй цонх 59.6 м.кв, 1550*1950 хэмжээтэй цонх 48.3 м.кв, 1550*0.975/2200*0.775 хэмжээтэй цонх 6.4 м.кв, нийт 210.5 м.кв ажлыг тооцоог нэгтгэж талууд баталгаажуулан гарын үсэг зурсан.

Талуудын хооронд гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг баталгаажуулсан акт үйлдэж Иргэний хуулийн 466 дугаар зүйлд зааснаар тооцоо нийлсэн байхад ажлын тоо хэмжээтэй маргах үндэслэлгүй. Иймд хариуцагч "Ба" ХХК нь дурдсан 425.0875 м.кв цонхны ажлыг гүйцэтгээгүй, ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй. Гэрчийн мэдүүлэгт дурдсанаар Ба" ХХК-д хүлээн авч болохуйц, бүрэн гүйцэтгэсэн нэг ч цонх байгаагүй.

"Ба ХХК нь гэрээний 3.1.1-д зааснаар ажил дууссан бол захиалагчид бичгээр мэдэгдэн, актаар хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл хариуцагч бодитоор ажил хүлээлгэн өгөх үйлдэл идэвхи гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан талуудын харилцсан албан бичиг болон гэрчийн мэдүүлгээс тодорхой харагдана. Гэтэл манай компанийг ажлаа хүлээн аваагүй, авахгүй байсан гэж илэрхий худал мэдүүлэг шүүхэд гаргажээ. Тодруулбал, "Б" ХХК-иас "Ба" ХХК-д хүргүүлсэн 2019 оны 08 сарын 09-ний өдрийн 2/133 дугаар, 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 2/18 дугаар болон 2020 оны 03 сарын 24-ний 2/46 дугаар албан бичгүүдээр удаа дараа ажлаа гүйцэтгэж, актаар хүлээлцэхийг шаардаж байсан нь нотлогдоно. Харин хариуцагч Ба" ХХК нь ажлаа хүлээлгэн өгөх тухай хандаж байгаагүй тул шүүхэд гаргах баримт байхгүй гэж үзэж байна.

"Ба" ХХК нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй тул "Б" ХХК нь "Ш" ХХК-тай 2019 оны 11 сарын 20-ны өдөр 19/130 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 140 айлын орон сууцны цонх угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн. Улмаар "Ш" ХХК нь 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 19/130-1 дугаар, 2020 оны 03 сарын 26-ны 19/130-2 дугаар, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 19/130-3 дугаар гэрээнүүдийг нэмэлтээр байгуулж цонхны ажлыг бүрэн дуусгаж, нийт 131,071,495 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг талууд баталгаажуулан 2022 оны 07 сарын 07-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байна.

Иймд "Ба" ХХК нь 71,592,020 төгрөгийн ажлыг бодитоор гүйцэтгэсэн байх боломжгүй юм гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Ба ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 69,653,888 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ба ХХК нь Б ХХК-иас гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 1,938,132 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506,219 төгрөгийг, хариуцагч Ба ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,961 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Талууд 2019 оны 08 сарын 27-ны өдөр 19/008-1 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь 1048 м.кв хэмжээтэй цонхыг үйлдвэрлэн суурилуулж, захиалагчид акт үйлдэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гүйцэтгэгч нь тус гэрээний 1.1, 3.1.2, 6.3.11-д зааснаар ажлын үр дүн буюу цонхыг MNS5830:2007 техникийн шаардлага, MNS5802:2007 техникийн ерөнхий шаардлагыг хангахаар гүйцэтгэж, фото зургаар баталгаажсан актаар хүлээлгэн өгөх бөгөөд захиалагч тус шаардлагыг хангахгүй тохиолдолд хүлээн авахаас татгалзах эрхтэй байхаар харилцан тохирсон. Гэтэл хариуцагч гэрээнд заасан шаардлага хангах цонх буюу ажлын үр дүнг гаргаагүй болох нь гэрч Г.Ганбатын мэдүүлэг, талуудын хооронд тооцоо нийлсэн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн акт зэргээр тогтоогддог. Анхан шатны шүүх хариуцагч компанийг 425,0875 м.кв хэмжээний ажил гүйцэтгэсэн гэх дүгнэлт нь зөвхөн нэг талын тайлбарт үндэслэсэн, нотлох баримтад үндэслээгүй, ажлын тоо, хэмжээг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй дүгнэлт болжээ. Ба ХХК-ийн 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 1/14 дугаар албан бичигт өөрийн тайлбар болгож 425,0875 м.кв ажлын тооцооллыг дурдсан байх боловч энэ нь талуудын хооронд тооцоо нийлсэн акт биш, цонхны шилгүй, нуухгүй зөвхөн рам суулгасан зэрэг ажлуудыг бүхэлдээ 425,0875 м.кв цонх хийсэн буюу ажлын үр дүн гарсан мэтээр тооцсон алдаатай тооцоолол байдаг.

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн боловч гэрээний гол онцлог ажлын үр дүн бодитоор гарч, хүлээлцсэн эсэхийг анхаарагүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх талуудын тооцоо нийлсэн актыг анхаарч үзээгүй, зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн, бодитой үнэлээгүй болохыг харуулж байна. Харин нэхэмжлэгч нь талууд 1150*1550 хэмжээтэй цонх 96.2 м.кв, 1550*1750 хэмжээтэй цонх 59.6 м.кв, 1550*1950 хэмжээтэй цонх 48.3 м.кв, 1550*0,975/2200*0,775 хэмжээтэй цонх 6.4 м.кв нийт 210.5 м.кв ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг талууд баталгаажуулан гарын үсэг зурсныг харгалзан 210.5*168,000 /м.кв ажлын үнэ/=35,364,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж зөрүү 34,289,888 гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ажлыг 2019 оны 08 сарын 27-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 сарын 25-ны өдөр дуусгаж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчийн ажлын коммист шалгуулан актьтн дагуу хүлээлгэн өгөөгүй бөгөөд гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгээгүй.

Ба ХХК нь гэрээний 3.1.1-д зааснаар ажил дууссан бол захиалагчид бичгээр мэдэгдэн, актаар хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл хариуцагч бодитоор ажил хүлээлгэн өгөх үйлдэл, идэвх огт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан талуудын харилцсан албан бичиг болон бусад баримтаас тодорхой харагдана. Гэтэл манай компанийг ажлаа хүлээн аваагүй, авахгүй байсан гэж шүүхээс алдаатай дүгнэжээ. Тодруулбал, Б ХХК-аас Ба ХХК-д хүргүүлсэн 2019 оны 08 сарын 09-ний өдрийн 2/133 дугаар, 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 2/18 дугаар, 2020 оны 03 сарын 24-ний 2/46 дугаар албан бичгүүдээр ажлаа гүйцэтгэж, актаар хүлээлцэхийг шаардсан нь нотлогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын 34,289,888 төгрөгт холбогдох хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч Б ХХК нь Б ХХК-ийн баригдаж байсан барилгад вакум цонхнуудыг суулгаж, эхэлсэн. Нэхэмжлэгчээс ажил хүлээлцэх үед гүйцэтгэсэн ажил дутуу байсан бөгөөд зарим хэсэгт нь зөвхөн гадна талын хүрээг суулгаж, шилийг нь суулгаагүй, битүүмж хийгээгүй байсан тул ажлыг дутуу гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцохдоо вакум цонхыг барилгын гадна талаас суулгахад эхлээд гадна талын цагааныг суулгадаг бөгөөд дараа нь шилийг суулгана гэж тайлбарласан. Бүх шилийг суулгасны дараа битүүмж, хөөс хийгддэг гэх тайлбарыг гаргасан. Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ажил хүлээлцсэн актад цонх дутуу байсан талаар хариуцагчаас маргаагүй. Харин 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажил хүлээлцсэний дараа БХХК-иас дутуу суулгасан цонхны шилийг гүйцээж өгөхийг шаардсан. Уг шаардлагын дагуу Ба ХХК нь цонхны шилийг хийж, хөөсийг шахаж, дутуу ажлыг хийж дуусгасан. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б ХХК-иас өмнө шилжүүлсэн 69,000,000 төгрөгөөс гадна 3,500,000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн зүгээс үйлдвэрээс Б ХХК-д нийлүүлсэн цонх, бараа материалыг албан ёсны зөвшөөрлөөр гаргаж өгсөн. Мөн ажил хүлээлцсэнээс гадна сүүлд шилжүүлсэн 3,500,000 төгрөгийг үндэслэж, хэргийг шийдвэрлэсэн. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш Ба ХХК ямар нэгэн ажил хийж гүйцэтгэсэн эсэх асуудалд гэрч тайлбар, мэдүүлэг өгөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талууд, тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй. Хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш ажил хийж гүйцэтгэсэн талаарх тайлбараа нотолж 3,500,000 төгрөгийн мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгчээс тухайн 3,500,000 төгрөгийг ямар шалтгаанаар шилжүүлсэн талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

  ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ба ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд төлсөн 69,653,888 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын үлдэгдэл хөлс 1,938,132 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 19/008 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр Баянгол дүүрэг, ** дүгээр хороонд байрлах 140 айлын орон сууцанд 1,048 м.кв хэмжээтэй цонх, 714 м.кв хэмжээтэй цонхны хаалт, 379 м.кв хэмжээтэй орцны хаалт, 191.4 м.кв хэмжээтэй шилэн фасат зэргийг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч "Б" ХХК нь ажлын хөлс 385,043,200 төгрөгийн 60 хувь буюу 231,025,920 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 40 хувь буюу 154,017,280 төгрөгийг орон сууцаар төлөх, мөнгөн төлбөрийн 34,653,888 төгрөгийг гэрээ баталгаажсан өдрөөс эхлэн 5 хоногийн дотор шилжүүлэх, үлдсэн төлбөрийг гүйцэтгэлээр ажлын акт болон нэхэмжлэхийг үндэслэн олгохоор харилцан тохиролцсон.

3.2. Талууд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19/008-1 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр өмнөх гэрээгээр тохиролцсон дөрвөн ажлын гурвыг хүчингүй болгож, 1,048 м.кв хэмжээтэй цонхыг үйлдвэрлэж орон сууцанд суурилуулан захиалагчид ажлын гүйцэтгэлийн акт үйлдэн хүлээлгэн өгөх ажлыг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хийхээр, захиалагч ажлын хөлс 176,064,000 төгрөгийн 19,6 хувь буюу 34,653,888 төгрөгийг урьдчилгаанд гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор шилжүүлэх, үлдсэн төлбөрийн 30 хувь буюу 52,819,200 төгрөгийг бартераар төлөх, үлдэгдэл 79,787,712 төгрөгийг ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэхийг үндэслэн олгохоор тус тус харилцан тохиролцсон байна.

3.3. БХХК нь Шинэ шинэчлэлт ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 19/130 тоот ажил гүйцэтгэх гэрээ болон 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19/130-1 тоот, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19/130-2 тоот, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 19/130-3 тоот ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй ажлыг Шинэ шинэчлэлт ХХК-аар нэмж гүйцэтгүүлэн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар 131,071,495 төгрөгийн ажлыг хүлээж авсан болох нь тогтоогдсон байна.

4. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

 5. Талууд төлөх төлбөрийн нийт үнийн дүн, үүнээс төлөгдсөн хэсгийн талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 34,653,888 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 35,000,000 төгрөгийг тус тус ажлын хөлсөнд шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

Харин талууд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргасан.

 6. Анхан шатны шүүх гүйцэтгэгч Ба ХХК нь 71,592,020 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн тул Б ХХК ажлын хөлсний урьдчилгаанд шилжүүлсэн 69,653,888 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй байна.

 7. Талууд ажлын хөлсийг 176,064,000 төгрөгөөр тогтоосон, хариуцагчийн гүйцэтгээгүй ажлыг Ш ХХК-аар гүйцэтгүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Хэрэгт авагдсан 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар Шинэ шинэчлэлт ХХК нь 131,071,495 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн нь тогтоогдсон тул талуудын тохиролцсон ажлын хөлс 176,064,000 төгрөгөөс Ш ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс 131,071,495 төгрөгийг хасаж тооцоход 44,992,505 төгрөгийн ажлыг хариуцагч Ба ХХК гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Б ХХК-ийн ажлын хөлсөнд төлсөн 69,653,883 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлс 44,992,505 төгрөгийг хасаж тооцоход 24,661,383 төгрөгийг нэхэмжлэгч илүү төлжээ.

 Иймд хариуцагч Ба ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,661,383 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 8. Хариуцагч Ба ХХК нь гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 1,938,132 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 9. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00862 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ба ХХК-иас 24,661,383 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,992,505 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтад 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 281,257 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 Д.БЯМБАСҮРЭН