| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0607/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-01-03 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Б-т холбогдох эрүүгийн 18100 1827 0493 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Мижиддорж, иргэдийн төлөөлөгч Б.Ц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.У, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Сайнзаяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Эрчмийн ундраа” ХХК-д монтёрын туслах ажилтай, ам бүл 6, эх, хоёр эгч, ах дүү нарын хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороололын 6-65 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны 50 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 453 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял шийтгэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 293 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Б-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ жил 08 /найм/ сар хорих ял болгон өөрчлөн тогтоож, хорих ялыг биеэр эдэлж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д.Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудал дээр талийгаач Ж.М-ы хэвлийн тус газарт нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө өөрийн төрсөн ах Баясгалантай нэг шил архи хувааж уугаад сууж байхад ах маань согтоод унтаад өгсөн. Тэгэхээр нь би үлдсэн архиа аваад гадаа гартал Ганаа /нутгийн Гантулга/, вьетнам хочит Гансүх хоёртой таараад авч явсан тал шилтэй архиа хувааж уусан. Тэгээд би нутгийн Гантулгаас “чамд мөнгө байна уу, хэдүүлээ банк орчихоод ирье” гэж хэлэхэд “надад архи авах гэж байгаа 15.000 төгрөг байна” гэхээр нь “надад наад мөнгөө өгчих, би банкнаас мөнгө авчихаад эргүүлээд өгчихье” гэж хэлсэн. Тэгээд бид гурав 220 мянгатад байдаг Солонго рестораны хажуу талын 24 цагаар ажилладаг “Голомт банк” орж би данснаасаа 500.000 төгрөг аваад, буцаж 19 дүгээр хороололд ирсэн. Тэгээд би тэр хоёрт тус бүрд нь 50.000 төгрөг өгсөн. Үүний дараа дэлгүүрээс 1 шил архи аваад манай байрны орцны үүдэнд хувааж уугаад сууж байхад Нэргүй, бас нэг залуутай хамт хүрээд ирсэн. Тэгэхээр нь би гэрлүүгээ орлоо гээд орсон.
Гэртээ ороод байж байтал манай эгчийн охин над руу утсаар яриад “та гэртээ байна уу, би одоо яваад очих уу” /урьд нь надаас мөнгө зээлье гэж ярьсан/ гэхээр нь “би жоохон архи уучихсан байна, миний дүү үдээс хойш хүрээд ир, би унтаад жоохон архиа гаргаад байж байя” гэж хэлээд унтаад өгсөн. Унтаж байтал манай эгчийн охин намайг сэрээгээд та гайгүй юу гэхээр нь би гайгүй ээ гэж хэлээд цаг харахад өдрийн 1 цаг өнгөрч байсан. Тэгээд би 2 дүүтэйгээ гараад Хан-Уул дүүргийн Голомт банкны салбар руу орж, өөрийнхөө данснаас 2.0 сая төгрөг шилжүүлчихээд бид 3 буцаад байр руугаа ирэхэд орцны үүдэнд миний багын найз Гантулга, Баатар, бас нэг зүс таних залуу гуравтай таарсан.
Тэгээд би тэр гуравтай мэндлээд, тамхилаад хэдүүлээ юм яриад сууж байтал Баатар надаас “ганц юмны мөнгө байна уу” гэхээр нь яах гэсэн юм гэхэд ганц юм аваад өгчихөөч гэхээр нь би нөгөө гуравыг дагуулж 19 дүгээр үйлчилгээний төвийн хойд талын дэлгүүр орж нэг шил архи авах гээд ороход манай тэр хавиар архи уугаад яваад байдаг Тамираа гэдэг залуутай таарсан. Тэгээд тавуулаа нийлээд, би бас нэг шил архи, нэг тамхи аваад бид нар дэлгүүрээс гараад 19 дүгээр үйлчилгээний төвийн хажуу талын 20 дугаар байрны хойд талын саравчинд сууж авсан архиа ууж, юм ярьж суусан.
Тэгээд архиа ууж дуусгаад би дахиад нэг шил архинд нэгийг нь явуулж авхуулаад ууж байхад бас дахиад нэрийг нь мэдэхгүй, тэр хавиар яваад байдаг хоёр хүн ирж, нэмэгдээд бүгдээрээ авсан архийг хуваагаад ууж дуусгасан. Тэгтэл багын найз Гантулга утсаар яриад зогсож байснаа намайг дуудаад ”Баатараа хөгшиндөө мөнгө байвал зээлээч, би цалин буухаар өгье, манайх бүр хоол ундны мөнгөгүй болчихлоо” гэхэд нь би зөвшөөрч, бид хоёр 220 мянгатад байдаг 24 цагаар ажилладаг Голомт банк орохоор явж, тэнд байсан хүмүүсээс салж явсан. Тэгээд 19 дүгээр хорооллын хойд замаас машин бариад 220 мянгатад байдаг Голомт банкнаас би дахин 500.000 төгрөг аваад Гантулгад 100.000 төгрөгийг өгсөн.
Банкны үүднээс Гантулга надаас салаад явсан, би такси бариад, үйлдвэр комбинатад байх гэрлүүгээ явсан. Үйлдвэр комбинатын автобусны буудал дээр буугаад, хөшөө өнгөрөөд явж байтал араас нэг охин “сайн уу, Д.Б ахаа” гэхээр нь эргээд харсан чинь Ундрал гэх зүс мэдэх охин явж байсан ба “сайн, яасан” гэж асуухад Ундрал нь “танд мөнгө байна уу“ гэхээр нь би “байна” гэж хэлтэл “та нэг шил архи аваад өгөөч” гэхээр нь би “үгүй ээ, ах нь харилаа” гэж хэлээд явахад Ундрал араас дагаад байсан. Тэгэхээр нь би түүнд “чи яваа, одоо харь” гэж хэлчихээд цааш явтал араас хүн “хөөе, хэнээ” гээд нэг хүний нэр хэлээд дуудаад байсан. Тэгтэл хоёр танихгүй залуу хүрч ирээд, намайг шууд заамдаж аваад, Түц-ний хана луу шахаад тулгахад нь би балмагдсан. Нэг залуу нь миний толгой руу хоёр удаа цохиод, бас гэдэс хэвлий орчимд цохиод доогуур өшиглөөд байсан. Нэг нь миний өмдний халаасыг ухаад байсан.
Тухайн үед миний нэг халаасанд түрийвч, түрүүвчин дотор 8.000 төгрөг, нөгөө халаасанд банкнаас авсан мөнгөнөөс үлдсэн 400 мянга орчим төгрөг байсан тул нэгнийх нь гар яваад түрүүвч авах шиг болсон тэгэхээр нь болохоо байлаа гээд мөнгөтэй халаасандаа гараа хийгээд мөнгөө атгачихсан байсан. Тэгсэн нөгөө хоёр танихгүй залуу миний атгасан гар руу дайраад байхаар нь би нилээн эсэргүүцэж, нэг гараараа гарыг нь тавиулах гэж ноцолдож байхад миний фудболк урагдсан. Тэгтэл тэнд “наад хүнээ ёстой болохгүй шүү” гэж манай тэнд явж байсан найз вьетнам хочтой Гансүх ирээд тэр хоёр залууг надаас салгасан. Энэ үед миний түрүүвчийг Ундрал барьчихсан зогсож байхаар нь түрүүвчээ булааж аваад, би гэрлүүгээ орсон. Түрүүвчинд байсан 8000 төгрөг байхгүй байсан.
Тухайн агшинд би яаж гэрлүүгээ орсноо сайн санахгүй байна. Би гэрийнхээ гал тогооны өрөөнд ороод хутга авч байснаа бүүр түүр санаж байна. Нэг мэдсэн би намайг заамдаж байсан газарт ирэхэд, намайг заамдаад дээрэмдэх гээд байсан хоёр залуу над руу хурдан хурдан алхаад ирж байхад нь би балмагдаад түрүүлж ирсэн нэг залууг нь хэвлийн тус газар нь хутгаар дүрсэн. Хүн хутгалснаа санаж байгаа. Тэгээд яасныг мэдэхгүй, би гэртээ унтаж байсан. Тухайн хэрэг болсон өдөр нийт 5 шил архийг хүмүүстэй хувааж уусан байсан ба уг асуудал оройн 22 цагийн орчимд болсон. Талийгаач намайг дээрэмдэх гэж ирсэн. Гэртээ унтаж байтал цагдаа, сэргийлэх болоод намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирч хонуулаад, өглөө нь надаас мэдүүлэг авна гээд өмгөөлөгчийг байлцуулж байгаад гэрчийн мэдүүлэг авах үед миний хутгалсан залуу нас барсан гэж мэдсэн. Би хүн алснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Надад хэргийн зүйлчлэлийн тал дээр маргах зүйл байхгүй. Би өөрийн уурын мунхагаас болж эрдэнэт хүний амь хохироосондоо гэмшиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна. Уурын мунхагаа барьж дийлээгүй миний буруу. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.У-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Бид талийгаачийн оршуулгын зардалд 7.500.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн ээж нь гэх настай хүн ирээд гуйсан болохоор бид тохиролцоод 6.000.000 төгрөг авсан байгаа. Талийгаачийн оршуулгын зардалд өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Миний дүү талийгаач Ж.М нь бага насны хүүхэдтэй, хүүхэд нь хөдөө өндөр настай ээжтэй нь хамт амьдардаг юм. Тиймээс шүүгдэгч Д.Б нь талийгаачийн насанд хүрээгүй хүүхдийг 18 нас хүртэл нь дэмжиж тусалж явна гэж хэлж байгаад нь итгэж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмж төлбөртэй холбоотой асуудлыг хуулийн дагуу баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 1827 0493 дугаартай хэргээс:
1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 3-р хороо, 19-ийн автобусны буудал орчмын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-07х, 14-15х/,
2. Шүүгдэгч Д.Б-ын Хан-Уул дүүргийн 2-р хороо, 18-р байр 50 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хэргийн 1-р хавтас 08-13х/,
3. Шүүгдэгч Д.Б-ын гэрт хийсэн үзлэгээр хураан авсан нэг ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 21х/,
4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 16-20х/,
5. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1750 дугаартай:
1. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош:
1/. Цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: Хэвлийн баруун хэсэгт 9-р хавирганы өвчүүтэй бэхлэгдэх хэсгийг зүсэж хэвлийн хөндийг нэвтэрч өрцийг баруун урд хэсгээр гэмтээн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнгийн 5-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх
2/. Цээж, хэвлийн хөндийн хурц цус алдалт 2000 мл, шокын бөөр, дотор эрхтнүүдийн цус багадалт, амьсгал зүрх судасны дутагдал
3/. Хүнд зэргийн согтол, нүүр, баруун мөр, тохойн зулгаралт.
Дүгнэлт:
1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хэвлийн баруун хэсэгт 9-р хавирганы өвчүүтэй бэхлэгдэх хэсгийг зүсэж хэвлийн хөндийг нэвтэрч өрцийг баруун урд хэсгээр гэмтээн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнгийн 5-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, баруун мөр, тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Талийгаач нь үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байжээ.
4. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон шарх гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд, бусад гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Талийгаач нь АВ(IV) бүлгийн цустай байна.
6. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
7. Талийгаачийн цогцост анх үзлэг хийсэн тэмдэглэлд 2018.08.07-ны 00 цаг 40 минутанд үзлэг хийхэд нас бараад 2-3 цаг болсон байна гэжээ.
8. Талийгаач нь дээрх цээж, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 69-71х/,
6. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4805 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн богино савхин хүрмэнд 370х102 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдолт гарсан байна.
- Мөн ханцуйгүй саарал өнгийн малгайтай цамцанд 105х50 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралт гарсан байна.
- Түүнчлэн хар өнгийн богино савхин хүрмэнд 22 мм, ханцуйгүй саарал өнгийн малгайтай цамцанд 20 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүсэлтүүд гарсан байна.
- Харин ногоон өнгийн өмдөнд 10х7мм эдэлгээний явцад дулааны үйлчлэлийн улмаас гарсан хуучин түлэгдэлт гарсан байна.
2. Дээрх хувцаснуудад гарсан гогдолт, ханзралт, түлэгдэлтүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Харин зүсэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна.
3. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 80-81х/,
7. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 8277 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй саарал өнгийн ханцуйгүй цамц, ногоон бэлтгэлийн өмд, хар саарал алаг өнгийн савхин куртик, шар алаг өнгийн хос гутал дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
2. Юүдэнтэй саарал өнгийн ханцуйгүй цамц, ногоон бэлтгэлийн өмдөн дээрх цус АВО системээр АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна.
3. Хар саарал алаг өнгийн куртик, шар алаг өнгийн хос пүүзэн гутал дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.
4. Хар өнгийн дотоож, цагаан өнгийн хос оймсон дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэсэн дүгнэлт /Хэргийн 1-р хавтас 78-79х/,
8. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 8278 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон 10 см иштэй 23 см урттай хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй.” гэжээ. /хэргийн 1-р хавтас 85х/,
9. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9682 дугаартай::
1. Д.Б-н биед баруун мөр, зүүн тохой, шуу, бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт. /хэргийн 1-р хавтас 72х/,
10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 748 дугаартай:
1. Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Д.Бын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
3. Д.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 203-204х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гантулгын гэрчээр өгсөн:
2018 оны 08 сарын 07-ны өглөө өглөө 7 цагийн үед гэрээсээ гараад Нэхмэлийн 11 байранд амьдардаг Гансүхтэй уулзаж, бид 2 Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв дээр байх дэлгүүр онгойхыг хүлээгээд байж байхад Сааралын 18 дугаар байранд амьдардаг гуталчин Баясаагийн дүү зүс таних Баатараа тал шил архитай ирээд бид гурав үйлчилгээний төв дээр архиа хувааж уусан. Гэтэл Баатараа мөнгө байна уу гээд надад байсан 15.000 төгрөгийг авч, бид гурав 19-ын үйлчилгээний төвийн хойд замаас такси бариад Циркийн баруун талд байх Голомт банк дээр очиж Баатараа мөнгө аваад, ...Гансүх бид хоёрт тус бүрд нь 50.000 төгрөг өгсөн. Тэгээд буцаж 19-ийн үйлчилгээний төв дээр ирээд Баатараа үлдсэн мөнгөө ээждээ өгнө гээд гэр лүүгээ яваад өгсөн. ..Тэрнээс хойш би Баатарааг хараагүй.
...Цагийг нь сайн мэдэхгүй байна нилээн орой болсон хойно Ундрал хочтой Төгөлдөр, түүний найз далуу гэх Мөнхсайхан, дүү нь гэх бас нэг залуу гурвуулаа тэр хавиар архи уугаад яваад байснаа хөгшин архичидтай барилцаж, муудалцаад байсан. Гэтэл удалгүй тэр хавиар байсан хүмүүс “энд хүн татаад уначихлаа” гэхээр нь гайхаад яваад очтол 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр Мөнхсайхан газарт хэвтэж байсан. Цаанаас нь хэдэн цагдаа нар ирээд намайг цаашаа яв гэхэд нь би тэр хавиар зогсож байхад цагдаа ирээд аваад явсан. Намайг 19-ийн автобусны буудал дээр байж байхад Төгөлдөр болон түүний найз залуу Мөнхсайхан нар хүмүүстэй хэрэлдэж маргалдан учиргүй зодоон цохион хийгээгүй, тэр хавиар битүүл архичид байсан ба би арай зайдуу газарт явган хүний гүүрний доор хүмүүстэй хөзөр тоглож байсан юм. Тэр Мөнхсайхан, дүү гэх үл таних эрэгтэй л тэр хавийн хөгшин архичидтай хальт муудалцаад байх шиг байсан, яг хэнтэй муудалцсаныг сайн хараагүй. Намайг хүмүүс Новзи гэж хочилдог, бүтэн нэрээр бараг мэдэхгүй байх. Өөр ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-30х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Батбаярын гэрчээр өгсөн:
“...2018 оны 08 сарын 06-ны орой 22 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудал дээр согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг авч, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Р.Энхтөрийн хамтаар очиход автобусны буудлын саравчин доторхи сандлын урд хэсэг газар дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн газарт хэвтэж байсан. Очоод хүзүүний артерийн судсыг дарж үзэхэд ямар нэг мэдэгдэх зүйл байхгүй байхаар нь өөрийн 85... дугаарын утсаар 103 тусгай дугаарт “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудал дээр согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлага өгсөн. Дуудлага мэдээлэл өгснөөс хойш 20-30 орчим минутын дараа Яаралтай тусламжийн эмч ирж үзээд “нас барсан байна” гэж хэлээд явсан. Тэгэхээр нь шууд хэлтсийн жижүүрийн шуурхай албанд мэдэгдсэн.
Талийгаач саравчны урд хэсэгт хоёр гар нь хоёр тийш дэлгэгдсэн байдалтай дээшээ хараад хэвтэж байсан ба ...дээгүүрх цамцных нь баруун дунд хэсэгт бага зэрэг цус болчихсон байсан учир тухай үед цамцыг нь сөхөж үзэж байсан. Талийгаачийн ойр орчимд тухайн үед 19 дүгээр хорооллоор архи уугаад яваад байдаг Гантулга байсан, талийгаачаас ойролцоогоор 15-20 орчим метрийн зайд сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 31-32х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Төгөлдөрийн гэрчээр өгсөн:
“...2018 оны 08 дугаар сарын 05-ны орой би талийгаач найз Мөнхсайханы хамтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саппоро төвийн ертөнцийн зүгээр хойд талд үйл ажиллагаа явуулдаг “Өнөр” нэртэй зочид буудалд хамт хоноод 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед уг зочид буудлаас хамт гарсан. Тэндээс гараад талийгаач нь өөрийнхөө хуурай дүү гэх эрэгтэй хүн /нэрийг нь мэдэхгүй/ рүү залгаад уулзахаар болоод ...Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр уулзсан. ...Тэгээд бид гурав хамт таксинд суугаад Зайсан толгойгоос урагш яваад гэр амралтын газрын ... тэнд байсан хүнсний дэлгүүр орж 1 шил 0.75 граммын Монгол Стандарт нэртэй архи, цагаан будаа 2 килограмм, 2 хэсэг хуваачихсан байсан түүхий мах, 4 хайрцаг “Улаан Шонхор” тамхи худалдаж аваад, чанх урагш Богд уул руу гарч, модны сүүдэрт очиж авсан архиа бид гурав хувааж уусан.
Тэр архиа дуусгачихаад ...архи олдохгүй болохоор нь 19 дүгээр хорооллын хүрэл хөшөөтэй автобусны буудал дээр ирээд байхад Мөнхсайхан бид хоёртой хамт байсан талийгаачийн дүү гэх эрэгтэй “надад 5000 төгрөг байна, та хоёроор тоглосон юм” гэж хэлэхээр нь талийгаач “тэгвэл өгчихөөч, дэлгүүр оръё” гэж хэлээд бид гурав архи худалдаж авахаар ...хөшөөтэй байрны хойд талын өндөр орон сууцны 1 давхарт байх хүнсний дэлгүүр орохоор ...“Цэ” пабтай байрны ертөнцийн зүгээр баруун талд явж байхад уг байрны булангаас бид гурвын урдаас Баатар гэнэт гарч ирээд талийгаачийн элэг рүү нь гараараа цохих шиг болоод зөрөөд гүйгээд явсан. Тэгтэл талийгаач гэдсээ хоёр гараараа бариад, доош өвдөг нь дээрээ суусан.
Тэр үед хамт явж байсан түүний дүү гэх залуу бид хоёр Баатарын хойноос шарын 11 дүгээр байр хүртэл хөөж байгаад алдсан. Баатар нь хурдан гүйгээд шарын 11 дүгээр байрны булан эргээд алга болчихсон. Тэгээд бид хоёр буцаад Мөнхсайханы суугаад үлдсэн газарт яваад очтол Мөнхсайхан нь алга болчихсон байсан тул ойр орчмын байр, орон сууцыг тойрч 20-иод минут хайж явсан боловч олоогүй. Тэгээд хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна ямар ч байсан харанхуй болчихсон байсан учир надтай хамт явж байсан дүү нь гэх залуу “гэр рүүгээ явлаа” гэж хэлээд яваад өгсөн. Харин би хөшөөтэй автобусны буудал дээр очоод сандал дээр нь 2-3 орчим минут сууж байтал Нуки гэх хочтой ах над дээр ирээд “Мөөгий автобусны буудал дээр хэвтэж байна” гэж хэлэхээр нь яваад очтол цагдаа нар ирчихсэн байсан. ... 2018 оны 08 дугаар сарын 06-нд Баатар нь талийгаачтай зодолдож маргалдсан зүйл болоогүй. ...Талийгаач нь нилээн согтсон байсан. Би дунд зэргийн согтолттой байсан. Харин талийгаачийн дүү гэх залуу нь өөрийгөө авч явах чадвартай байсан. Өглөө нь Мөнхсайхан зочид буудлаас гарахаас өмнө 2 шил 0.5 граммын Сэнгүр пиво, 150 орчим грамм архи уусан байсан. Харин би өглөө архи уугаагүй зочид буудлаас гарсан. ...Талийгаач нь Цайз захын орчимд эхнэртэйгээ амьдардаг гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 42-44х/,
Мөн гэрчийн дахин өгсөн:
“...Тухайн өдөр хэрүүл болсон зүйл байхгүй. Харин Мөнхсайхан, Баатар нар хоорондоо маргалдаад Мөнхсайхан Баатарын гарт байсан түрийвч болон мөнгийг нь авахаар зууралдаад байсан. Ж.М болон Д.Б нар харилцан зодолдоогүй. Ж.М нилээн согтчихсон байсан, харин Д.Б бага зэрэг уучихсан халамцуу байсан. Би архи байнга уудаг байсан учраас тархи толгой орон гаран болчихсон байсан тул урьд өгсөн мэдүүлэгт энэ тухай ярьж байгаагүй. Ж.М нь “яасан их мөнгөтэй юм” гэж хэлээд мөнгийг нь авах гээд байсан.
Уг асуудал 19 дүгээр хорооллын автобусны буудлын хойд талын шар байрны хажуу талд байдаг ТҮЦ-ний гадаа болсон. Тухайн үед ТҮЦ хаалтай байсан. Ж.М нь Д.Бын түрүүвчийг авах гэж байх үед дүү гэх М.Хэнчбиш нь хамт байгаагүй. Хэрэг болох үед Ж.М, Д.Б бид нар байсан. Ж.М нь ганцаараа түрийвчийг нь авах гээд дайраад байсан. Д.Быг хэн ч цохиж зодоогүй. Д.Б-ыг явж байхад нь би мэндлээд “ганц юм аваад өгөөч ээ” гэж хэлсэн чинь “хоёулаа хамт буудалд оръё” гэж хэлсэн. Тэрийг талийгаач сонсоод “мөнгөтэй юм байна” гэж бодоод мөнгийг нь авах гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 201-202х/
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Нэргүйгийн гэрчээр өгсөн:
“...Одоогоос 2 сарын өмнөөс гуталчин Баясаа ахын дүү гэдгээр нь Баатарыг танидаг болсон. Ямар нэгэн харилцаа байхгүй. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг өнгөрч байхад саарлын 18 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа Баатар, Гантулга /нуки/, Гантөгс гурав архи ууж байхад нь Батбаяр бид хоёр очсон. Тэгээд 0.5 литрийн Хараа архи ууж байсныг нь цуг уугаад салсан. Тэрнээс хойш Баатартай дахиж таараагүй.
Орой 22 цагийн үед 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудал дээр байдаг ногоо зардаг саравчин дотор унтаж байсан чинь Батбаяр намайг сэрээгээд “Мөнхсайхан /Мөөндий/ өнгөрчихлөө” гэхээр нь “худлаа яриад бай” гээд харсан чинь цагдаа нар ирчихсэн, автобусны буудлын гол хэсэгт нь Мөнхсайхан хэвтэж байсан.
Надтай хамтран амьдарч байгаа Батбаяр, Ундрал, Мөнхсайхан нар урьд нь хамт самранд явж, хамт амьдарч байсан гэсэн. Тэгээд Батбаяр надад хэлэхдээ Мөнхсайхан нь Ундралын нөхөр нь байгаа юм гэж байсан. Би 2017 оны 09 сараас хойш Мөнхсайханыг танидаг болсон юм аа.
Батбаяр бид хоёр 15 дугаар сургуулийн хашаан дотор унтаж байхад Ундрал, Мөнхсайхан /Мөөндий/, мөн дүү нь гээд нэг залуу Гантөгсийн хамт дөрвүүлээ 0.5 граммын Хандгай гэх архи авч ирээд хамт уусан. Тэгээд архиа ууж дуусгачихаад би түрүүлээд хөшөөтэй автобусны буудал дээр очоод, гүүрний доор сандал дээр сууж байхад нөгөө хэд автобусны буудал дээр ирчихсэн байсан. Тэгээд удалгүй би ядраад жимс зардаг саравчинд орж унтсан.
Миний мэдэж байгаагаар Баатар, Мөнхсайхан хоёр ямар нэгэн харилцаагүй байх. Мөнхсайхан 19 дүгээр хорооллоор байнга яваад байдаггүй. Ундрал л дуудаж авчирдаг байх, Мөнхсайхан өөрөөсөө эгч эхнэртэй, Цайз-16 орчмоор амьдардаг гэж Ундрал ярьж байсан. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баатар, Мөнхсайхан хоёрыг хамт явж байхыг би хараагүй болохоор тэр хоёр маргалдаж, муудалцсан эсэхийг мэдэхгүй байна. Өөр надад сонссон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 62-64х/,
15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Хэнчбишийн гэрчээр өгсөн:
“...2018 оны 08 сарын 06-ны өдрийн өглөө гэртээ байж байхад талийгаач Ж.М миний утас руу өөрийнхөө утаснаас залгаад “жимсэнд явъя, эхнэрээ дагуулаад Зайсангийн эцэст байдаг амралтын газарт хүрээд ир, би зочид буудалд байна” гэж ярьсан. Тэр үед манай хүүхэд өвчтэй байсан тул эхнэр хүүхдээ хараад гэртээ үлдсэн, би ганцаараа талийгаачтай уулзахаар очиход талийгаач Ж.М Ундрал гэх эмэгтэйн хамт байсан. Тэгээд талийгаач өөрт нь 40.000 орчим төгрөг байна гээд тэр мөнгөөр нь бид гурав дэлгүүр орж 2 шил 0.75 граммын Стандарт архи, тамхи, идэх юм аваад уул руу гарч архиа хувааж ууж суусан. Тэр өдөртөө жимс түүгээгүй. Тэгээд тэндээ байж байгаад орой харанхуй арай болоогүй байхад 19-р хорооллын хөшөөтэй автобусны буудал дээр ирж, ... архи худалдан авч, хувааж уусан. Тухайн үед талийгаач намайг яв гээд байсан боловч би хамт явна гээд яваагүй юм. 19-р хорооллын хөшөөтэй автобусны буудлын тэнд сандал дээр сууж байхад талийгаач, Ундрал хоёр хоорондоо маргалдаад байсан. Бас нэг эрэгтэй хүн ирсэн чинь талийгаач “чи яагаад манай дүү рүү томроод байгаа юм” гээд байсан. Тэгж байгаад би сандал дээр унтчихсан байсан, гэтэл Ундрал намайг дуудаж сэрээгээд “ах чинь алга болчихлоо” гэсэн. Тэгээд би босоод, Ундрал бид хоёр ойр орчмоор хайгаад олоогүй. Тэгтэл Ундрал бас алга болчихсон. 19 дүгээр хорооллын автобусны буудлын тэнд архи ууж байхад Ундрал миний утсыг авч зараад архи авчихсан, тэгээд талийгаачийн гар утас надад байсан болохоор би талийгаачтай холбогдож чадаагүй. Тухайн үед бид хэн хэн нь нилээн согтсон байсан. Талийгаач хүнтэй маргалдаж муудалцаагүй. Талийгаачийн хамт бид Богд уулнаас буугаад Ханбогд амралтын газрын хашаан дотор, засмал зам дээр явж байхдаа бүдэрч унаад босож ирэхэд нь нүүрнийх нь баруун хэсэг нэлэнхүйдээ зулгарчихсан байсан.
Талийгаач яг хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Түүнээс хойш дахиж уулзалдаагүй, хараагүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 56-58х/,
16. Амь хохирогч Ж.М-ы хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгүүлж байсан талаарх шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 132-134х/,
17. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.У-аас хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зардлын талаарх баримтууд /хэргийн 1-р хавтас 243-250х, 2-р хавтас 01-19х/,
18. Хохирогч хууль ёсны төлөөлөгч Р.У-аас тус шүүхэд бичгээр гаргасан “шүүгдэгч Д.Б-ын ээж ар гэрийн хүн Б.Баянжаргалаас оршуулгын /талийгаач Ж.М/ зардал мөнгөнөөс харилцан тохиролцож 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг хүлээн авлаа. Оршуулгын зардлын талаар нэхэмжлэх зүйлгүй болно.” гэсэн хүсэлт /хэргийн 2-р хавтас 39х/,
19. Хэрэг учрал болсон өдөр Д.Б нь Голомт банк дахь өөрийн харилцах данснаас мөнгө авсан, шилжүүлсэн талаарх шилжүүлгийн баримт /хэргийн 2-р хавтас 65-66х/,
20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...Энэ хэргийг үнэн зөвөөр шалгуулах хүсэлтэй байна. ...Би 2018 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө гэртээ хоноод 06-ны өглөө өөрийн гэртээ төрсөн ах Баясгалангийн хамтаар 0.5 граммын Хараа архи хувааж уучихаад би унтаж амарсан. Тэгтэл өдөр 13 цагийн орчимд миний төрсөн эгч Одонгаравын охин Золжаргал нь нөхөр Идэрсайханы хамтаар манай гэрт ирээд надаас мөнгө зээлье гэж асуухаар нь би тухайн үед зөвшөөрөөд бид гурав манай гэрээс гараад Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын ертөнцийн зүгээр хойд талын салбарт очиж би өөрийнхөө данснаас 2.000.000 төгрөгийг дүү Идэрсайханы банкны данс руу нь шилжүүлж өгчихөөд буцаж манай гэр рүү явж байтал яг орцны үүдэнд би өөрийн найзууд болох Баатар, Гантулга нар болон зүс таних урьд өмнө хорих ангид ажиллаж байсан гэх залуутай тааралдсан. ...Бид дөрөв хүнсний дэлгүүр ороод 1 шил 0.75 гарммын Хараа архи худалдаж авч байхад 19 дүгээр хороолол орчмоор архи уудаг Тамиртай тааралдаад тавуулаа 20 дугаар байрны хойд талын саравчинд очиж авсан архиа хувааж уугаад, 15-16 цагийн үед дахин нэг шил 0.75 граммын Хараа архи худалдан авч, үргэлжлүүлэн уусан. ...Гантулга надаас “мөнгөний боломж байна уу, хэдэн төгрөг зээлээч” гэж асуухаар нь “надад мөнгө байгаа” гэж хэлээд Гантулгад мөнгө зээлүүлэхээр болж 19 цагийн үед Гантулга бид хоёр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр хойд талын зогсоолоос таксинд суугаад Хүүхдийн 100-д байрлах “Солонго” рестораны хажуу талын “Голомт” банкинд очиж би өөрийнхөө данснаасаа 500.000 төгрөг гаргаж аваад 100.000 төгрөгийг нь Гантулгад өгсөн. Харин би өөрөө үлдэгдэл мөнгө болох 400.000 төгрөгийг нь халаасандаа хийсэн.
...Таксинаас буугаад би гэр рүүгээ явж байтал автобусны буудал дээр байрлах хөшөөний хажууд алхаж явтал тэр хавиар архи уугаад яваад байдаг Ундралтай тааралдсан чинь “надаас мөнгө байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “байна” гэж хэлсэн чинь надаар нэг шил архи авахуулах гээд миний араас дагаад яваад байсан. Тэгээд би явж байгаад 7 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах ТҮЦ-ний гадаа зогсоод “чи яах гээд байгаа юм бэ, би гэр рүүгээ явлаа” гэж хэлсэн чинь эргэж хараад хүн дуудсан. Яг хэн гэж хэлснийг нь би одоо санахгүй байна. Тэгтэл цаанаас нь танихгүй хоёр залуу гүйж ирээд ямар нэг юм ярилгүйгээр намайг заамдсан. Би гарыг нь салгах гэж зууралдаж байхад миний өмдний зүүн талын халаасанд байсан хэтэвчийг нэг нь авах шиг болсон. Тэгэхээр нь би нөгөө талын буюу баруун талын халаасанд байсан банкнаас авсан 390.000 төгрөгийг халааснаасаа авч баруун гартаа атгасан. Яг тухайн үед юу болсныг би сайн ойлгоогүй. Миний элэг рүү цохиод ч байх шиг байсан. Мөн доогуур өшиглөөд ч байх шиг байсан.
...Тэр гурван хүнтэй би нилээн ноцолдоод явж байтал Вьетнам Ганаа буюу Гансүх ирж намайг тэднээс салгахаар нь би ямар ч байсан түрийвчээ аваад гэр рүүгээ явсан. Яг яаж харьснаа санахгүй байна. Нэг мэдэхэд гал тогооны өрөөнөөс хутга авч байх шиг байсан. Тэгээд нэг мэдсэн чинь намайг дээрэмдсэн 2 залуу миний өөдөөс хүрээд ирэхээр нь би ямар нэг үг хэлж ярилгүйгээр “ миний мөнгийг минь авах гэж байна” гэж бодоод нэгнийх нь гэдэс орчимд нь хутгаараа дүрсэн. Тэгээд л би гэр рүүгээ явсан. Тухайн үед яаж явснаа сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь гэртээ ороод унтчихсан байсан.
Миний мөнгийг авах гэсэн хоёр залууг би урьд өмнө хараагүй, таньж мэдэхгүй. Уг асуудал болсон газар харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Ямар ч байсан над руу дайраад заамдаад байсан залуу нь 20 гаруй насны, 168 см орчим өндөртэй, хар бараан хувцастай залуу байсан. Харин нөгөөх нь туранхай, 20 гаруй насны, цайвар хувцастай, 174 см орчим өндөртэй залуучууд байсан. Анх Ундрал нь тэр хоёр залуугаа дуудсан. Миний халааснаас түрийвчийг Ундрал авсан байсан. Түрийвчинд байсан 6000-7000 орчим төгрөг алга болсон байсан. Зууралдаж байх үед нэг нь авсан байх. Ямар ч байсан тэнэг харсан чинь Ундрал барьчихсан зогсож байсан. Тухайн үед би ухаанаа алдаагүй байсан ч архи уух нь уучихсан байсан. Ундрал болон нөгөө хоёр залууг архи уусан эсэхийг анзаараагүй. Зууралдаж байх үед элэг рүү цохих шиг болсон. Мөн хөл рүү өшиглөж байх шиг байсан. Яг хэн цохисныг нь хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний гартаа барьсан мөнгөнөөс хэн нь ч аваагүй. Гал тогооны өрөөний ширээн дээрээс хоолны жижиг хутга авсан. Миний ухаан эрүүл. Яагаад хүн хутгалах болсноо мэдэхгүй санахгүй байна. Намайг арай намхан, хар бараан хувцастай эрэгтэй нь заамдсан. Би тухайн үед хэнийг ч цохиж зодоогүй, гар хүрээгүй. Надтай зууралдаж байсан хоёр залуугийн биед ил харагдах шарх гэмтэл байсан эсэхийг анзаараагүй. Хэрэг гарах үед ТҮЦ хаалттай байсан. Би баруун гартаа мөнгөө атгаад дээш өргөчихсөн. Харин нөгөө 2 залуу миний мөнгийг авах гээд л зууралдаж байсан. Тухайн үед би өөрөө шоконд орчихсон байсан учраас яг юу болж байсныг би мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Ганаа ирээд та нар больцгоо гэж хэлээд би түрийвчээ аваад явсан. Ганаа миний түрийвчийг надад өгсөн байх би сайн санахгүй байна. Намайг гэрт ороход хэн хэн байсныг мэдэхгүй байна. Юу хийж байгаагаа ч би мэдэхгүй байсан. Нэг мэдсэн чинь гэртээ орчихсон байсан. Яаж буцаж гарснаа ч мэдэхгүй байна. Миний гарнаас мөнгө салгах гээд л байсан. Ямар ч байсан миний футболка урагдчихсан байсан. Миний бүх анхаарал миний гарт байсан мөнгө рүү төвлөрсөн байсан. Нэг харсан чинь миний түрийвчийг авчихсан байсан. Яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Намайг халааснаасаа мөнгө авахыг харсан. Хааяа мөнгө байвал тэр орчимд архи уудаг хүмүүст өгчихдөг байсан. Маргааш өдөр нь миний зүүн гарын шуу орчимд шалбарсан байсан. Энэ асуудал болсонд би харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 107-109х, 110-113х, 114-119х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 144х/, шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 147-150х, 2-р хавтас 50-53х/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 2-р хавтас 54-57х/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол /хэргийн 2-р хавтас 59х/, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамж, зан байдлын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 60-62х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдан тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
2018 оны 08 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудлын орчимд Ж.М нь хэвлийн тус газартаа хутгалуулсан байдалтай нас барсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн:
- 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хэргийн /ХУД-ийн 3-р хороо, 19-ийн автобусны буудал/ газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-07х/,
- 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн /ХУД-ийн 2-р хороо, 18-р байр 50 тоот/ газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 08-15х/,
- гэрч С.Батбаярын: “...2018 оны 08 сарын 06-ны орой 22 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудал дээр согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг авч, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Р.Энхтөрийн хамтаар очиход автобусны буудлын саравчин доторхи сандлын урд хэсэг газар дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн газарт хэвтэж байсан. Очоод хүзүүний артерийн судсыг дарж үзэхэд ямар нэг мэдэгдэх зүйл байхгүй байхаар нь өөрийн 85... дугаарын утсаар 103 тусгай дугаарт “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудал дээр согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлага өгсөн. Дуудлага мэдээлэл өгснөөс хойш 20-30 орчим минутын дараа Яаралтай тусламжийн эмч ирж үзээд “нас барсан байна” гэж хэлээд явсан. Тэгэхээр нь шууд хэлтсийн жижүүрийн шуурхай албанд мэдэгдсэн. Талийгаач саравчны урд хэсэгт хоёр гар нь хоёр тийш дэлгэгдсэн байдалтай дээшээ хараад хэвтэж байсан ба ...дээгүүрх цамцных нь баруун дунд хэсэгт бага зэрэг цус болчихсон байсан учир тухай үед цамцыг нь сөхөж үзэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 31-32х/,
- гэрч Т.Нэргүйгийн: “...Орой 22 цагийн үед 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудал дээр байдаг ногоо зардаг саравчин дотор унтаж байсан чинь Батбаяр намайг сэрээгээд “Мөнхсайхан /Мөөндий/ өнгөрчихлөө” гэхээр нь “худлаа яриад бай” гээд харсан чинь цагдаа нар ирчихсэн, автобусны буудлын гол хэсэгт нь Мөнхсайхан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 62-64х/ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Амь хохирогч Ж.М нь хэвлийн тус газартаа хутгалуулснаас биедээ “хэвлийн баруун хэсэгт 9-р хавирганы өвчүүтэй бэхлэгдэх хэсгийг зүсэж хэвлийн хөндийг нэвтэрч өрцийг баруун урд хэсгээр гэмтээн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнгийн 5-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, баруун мөр, тохойн зулгаралт” бүхий гэмтэл авч, улмаар ...цээж, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас барсан болох нь:
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 16-20х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1750 дугаартай:
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1. Цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: Хэвлийн баруун хэсэгт 9-р хавирганы өвчүүтэй бэхлэгдэх хэсгийг зүсэж хэвлийн хөндийг нэвтэрч өрцийг баруун урд хэсгээр гэмтээн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнгийн 5-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх
2. Цээж, хэвлийн хөндийн хурц цус алдалт 2000 мл, шокын бөөр, дотор эрхтнүүдийн цус багадалт, амьсгал зүрх судасны дутагдал
3. Хүнд зэргийн согтол, нүүр, баруун мөр, тохойн зулгаралт.
Дүгнэлт: “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хэвлийн баруун хэсэгт 9-р хавирганы өвчүүтэй бэхлэгдэх хэсгийг зүсэж хэвлийн хөндийг нэвтэрч өрцийг баруун урд хэсгээр гэмтээн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнгийн 5-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, баруун мөр, тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, талийгаач нь үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байжээ, талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон шарх гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд, бусад гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй, талийгаач нь АВ(IV) бүлгийн цустай байна, талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ, талийгаачийн цогцост анх үзлэг хийсэн тэмдэглэлд 2018.08.07-ны 00 цаг 40 минутанд үзлэг хийхэд нас бараад 2-3 цаг болсон байна гэжээ, талийгаач нь дээрх цээж, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 69-70х/,
- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4805 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн богино савхин хүрмэнд 370х102 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдолт гарсан байна.
- Мөн ханцуйгүй саарал өнгийн малгайтай цамцанд 105х50 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралт гарсан байна.
- Түүнчлэн хар өнгийн богино савхин хүрмэнд 22 мм, ханцуйгүй саарал өнгийн малгайтай цамцанд 20 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүсэлтүүд гарсан байна.
- Харин ногоон өнгийн өмдөнд 10х7 мм эдэлгээний явцад дулааны үйлчлэлийн улмаас гарсан хуучин түлэгдэлт гарсан байна.
2. Дээрх хувцаснуудад гарсан гогдолт, ханзралт, түлэгдэлтүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Харин зүсэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна.
3. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 80-81х/,
- хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 3-р хороо, 19-ийн автобусны буудал орчмын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-07х, 14-15х/,
- шүүгдэгч Д.Б-ын Хан-Уул дүүргийн 2-р хороо, 18-р байр 50 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хэргийн 1-р хавтас 08-13х/,
- шүүгдэгч Д.Б-ын гэрт хийсэн үзлэгээр хураан авсан нэг ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 21х/, гэрч Т.Нэргүй /хэргийн 1-р хавтас 62-64х/, Э.Төгөлдөр /хэргийн 1-р хавтас 42-44х, 201-202х/, С.Батбаяр /хэргийн 1-р хавтас 31-32х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 107-109х, 110-113х, 114-119х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн шүүгдэгч Д.Б нь амь хохирогч Ж.М-ыг хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалснаас хохирогч Ж.М-ы биед шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1750 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирч, тэрээр нас барсан ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь, мөн хэргийн хохирогч Ж.М нь амь хохирох үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 748 дугаартай шинжээчийн дүгнэлт, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1750 дугаартай дүгнэлт /хэргийн 69-70х, 203-204х/ баримтуур тус тус нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудал дээр хохирогч Ж.М-ы хэвлийн тус газарт нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт ирүүлснийг хуулийн үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Хэргийн шүүгдэгч Д.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.У-аас амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардалд 7.581.041 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 6.000.000 төгрөг нөхөн төлсөн, нэхэмжлэлээс үлдэх 1.581.041 төрөгийг хохирогчийн төлөөлөгч нь нэхэмжлэхээс татгалзсан болох нь хэргийн 2 дугаар хавтас 39 дүгээр талд авагдсан “Мөнгө хүлээн авсан тухай” тодорхойлолт баримт, хууль ёсны төлөөлөгч Р.У-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид талийгаачийн оршуулгын зардалд 7.500.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн ээж нь гэх настай хүн ирээд гуйсан болохоор бид тохиролцоод 6.000.000 төгрөг авсан байгаа. Талийгаачийн оршуулгын зардалд өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ баримтуудаар тогтоогдсон байна.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хөдөө өндөр настай ээжийнх нь хамт амьдардаг гэх талийгаачийн бага насны хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж төлбөрийг хуулийн дагуу баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой тухайгаа илэрхийлж, уг асуудалтай холбоотой гомдлын шаардлага гаргаагүй тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих өөр баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 453 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 01 сарын хорих ял шийтгэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 293 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ жил 08 /найм/ сар хорих ял болгон өөрчилж, тэрээр ялаа биеэр эдэлж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан тухай хэрэгт Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 144х/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамж баримтууд тус тус авагдсан байна. /хэргийн 1-р хавтас 147-150х, хэргийн 2-р хавтас 50-53х, 54-57х, 59х/
Шүүгдэгч нь урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 19 хоногийн хорих ялаас 2017 оны 12 сарын 08-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж, уг хугацаа нь дуусаагүй байхад буюу 2018 оны 08 дугаар сарын 06-ны орой 22:00 цагийн орчимд Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэрэг шинээр үйлдсэн тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг буюу амь хохирогчийн оршуулах ажиллагаатай холбоотой гарсан зардлын зохих хэсгийг нөхөн төлж барагдуулсан шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
“Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамд нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 /найм/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоол, Дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 293 дугаартай тогтоолоор оногдуулсан 03 жил 08 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 07 /долоо/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 10 /арав/ жил 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 сарын 07-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, 2018 оны 08 сарын 09-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2019 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр нийт 149 хоног /хэргийн 1-р хавтас 102х, 122х, 124х, 206х, 225х/ нийт 149 /нэг зуун дөчин ес/ цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон 10 см иштэй, 23 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, хэргийн хамт шийдвэлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 08 /найм/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 08 /найм/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 293 дугаартай тогтоолоор оногдуулсан 03 жил 08 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 07 /долоо/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 10 /арав/ жил 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-т оногдуулсан 10 /арав/ жил 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ын цагдан хоригдсон нийт 149 /нэг зуун дөчин ес/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон 10 см иштэй, 23 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Д.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Уаас амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг нь түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
ШҮҮГЧИД Д.АЛТАНЖИГҮҮР
Б.БАТБОЛОР