Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 245

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 07 сарын 01                           Дугаар 245                                       Баруун-Урт

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг, Чулуутын 21-4 тоотод оршин суух Б.Энхбатын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, “Тошнуудын бааз” гэх газар нутаглах Д.Сүхээд холбогдох 610000 /зургаан зуун арван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01-р сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон эвлэрлийн гэрээндээ: Д.Сүхээ нь 2015 оны 07-р сард идэшний 2 бяруу өгнө гэж 610.000 төгрөг авсан. Бяруугаа авахаар очиход мал маллаж байсан айл нь Сүхээгийн бяруу байхгүй гээд өгөөгүй. Д.Сүхээгээс хоёр бярууны үнэ 610.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Д.Сүхээтэй харилцан ярилцаж тохиролцон 610000 төгрөг нэхэмжилснээ багасгаж 530000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 8275 төгрөгний хамт, бүгд 538275 төгрөг авахаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж, асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Сүхээ шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: Б.Энхбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Би 2015 оны 07-р сард 2 бяруу өгнө гэж Б.Энхбатаас 610000 төгрөг авсан. Д.Энхбаттай нэхэмжлэлийн шаардлагын талаар ярилцаж тохиролцон эвлэрэн хэлэлцэж, Д.Энхбат нь нэхэмжлэлийн шаардлага 610000 төгрөгнөөс 80000 төгрөгийг хасч тооцож, би 530000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 8275 төгрөгний хамт бүгд 538275 төгрөгийг Б.Энхбатад төлөхөөр, Б.Энхбат нь 538275 төгрөгийг авахаар эвлэрч асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхбат нь хариуцагч Д.Сүхээгээс хоёр бярууны үнэ 610000 /зургаан зуун арван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Б.Энхбат нь хариуцагч Д.Сүхээгээс 610000 төгрөг нэхэмжилснээ багасгаж 530000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 8275 төгрөг, бүгд 538275 төгрөгийг авахаар, хариуцагч Д.Сүхээ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхбатын 610000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18950 төгрөгний тал хувь 9475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 530000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 16550 төгрөгний тал хувь  8275 төгрөгийг хариуцагч Д.Сүхээгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбатад олгохоор шийдвэрлэлээ.

 

        Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нэхэмжлэгч Б.Энхбат нь хариуцагч Д.Сүхээгээс 2 бярууны төлбөрт 530000 /таван зуун гучин мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагын хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхбатын 610000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18950 төгрөгний тал хувь 9475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 530000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 16550 төгрөгний тал хувь 8275 төгрөгийг хариуцагч Д.Сүхээгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбатад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОРМАА