| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/05780/И |
| Дугаар | 210/МА2023/01374 |
| Огноо | 2023-07-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/01374
| 2023 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2023/01374 |
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01595 дугаар шийдвэртэй, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Н, Б.П, А.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,717,795 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Зээлдэгч Б.Н, А.Э нар 2018 оны 12 сарын 31-ний өдөр 1370025722 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 365 хоногт, 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалттай авсан. Банк нь зээлдэгч Б.Н-гийн Хасбанкны 500193**** тоот дансанд 2018 оны 12 сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлэн зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 12 сарын 31-ний өдөр 1370025722-01 дугаартай барьцааны гэрээгээр Б.Н, Б.П нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ** хороо, М-ийн ** гудамж, *** тоотод байрлах 519 м.кв хэмжээтэй, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-220600**** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 00006**** дугаар гэрчилгээтэй хувийн сууц, Хан-Уул дүүрэг ** хороо, М-ийн ** гудамж, *** тоот хаягт байрлах өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22036600**** дугаар үл хөдлөх хөрөнгийн 00015**** дугаар гэрчилгээтэй 68.50 м.кв хэмжээтэй 2 давхар үл хөдөлх эд хөрөнгийг барьцаалсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 6,257,498.52 төгрөг, зээлийн хүүд 7,575,833.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 84,489.78 төгрөг төлсөн. Х ХХК-иас ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 10 сарын 02-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 12 сараар сунгаж, хугацааг 2023 оны 12 сарын 15-ныг сунгаж, зээлийн дансыг 1370031602 болгон өөрчилсөн. Гэтэл зээлдэгч нар банктай байгуулсан зээлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 09 сарын 15-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба өргөдөл гаргах өдрийн байдлаар буюу 442 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 8,742,501 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,834,715 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,579 төгрөг, нийт 11,717,795 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч нар сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд хариуцагч Б.Н, Б.П нарын барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Н-гийн татгалзал, тайлбарын агуулга:
Уг зээлийг бид өөрсдөө авч ашигласан зүйл байхгүй. Эгчийн компанийн үйл ажиллагаанд авч өгсөн. Зээлийн төлбөрөө сар сард нь төлж байтал компаний үйл ажиллагаа цар тахлын нөлөөгөөр доголдож цалин хөлсөө өгөхөө байсан. Цар тахлаас хойш 3, 4 жилийн хугацаанд компани үйл ажиллагаа хэвийн болоогүй, цалин хөлсөө өгөлгүй хуримтлагдаад явж байна. Компаниас үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулаад бидний цалин хөлсийг өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй байна гэжээ.
3. Хариуцагч Б.П-гийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие зээл аваагүй бөгөөд барьцаа хөрөнгө нь эгч, бид хоёрын нэр дээр байдаг учраас хамтран хариуцагчаар орж байгаа. Барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
4. Хариуцагч А.Э-ны татгалзал, тайлбарын агуулга: Миний бие цэцэрлэгт жижүүр хийдэг, цалингаараа амьдарч байна. Зээлийн төлбөрийг төлөх боломжгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н, А.Э нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Н, А.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 11,717,795 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н, А.Э нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл, хариуцагч Б.Н, Б.П нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Г-220600**** дугаартай, Хан-Уул дүүрэг, ** хороо, М-ийн ** гудамж, *** тоот хаягт байрлах, 519 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-220600**** дугаартай, Хан-Уул дүүрэг, ** хороо, М ** гудамж, *** тоотод байрлах, 68.5 м.кв 2 давхар орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,640 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, А.Э нараас улсын тэмдэгтийн хураамжинд 272,640 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Б.Н, Б.П нар уг зээлийг авч ашиглаагүй, эгчийнхээ аялал жуулчлалын компанид авч өгсөн. Зээлийн төлбөрөө сар садаа төлж байтал цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын бизнес бүхэлдээ зогсонги байдалд орсон. Одоо ч гадаадаас бараг жуулчид ирэхгүй байгаа учраас хэвийн болж чадахгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, бидний гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт Зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана гэж заасан. Хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Н, Б.П, А.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,742,501 төгрөг, зээлийн хүү 2,834,715 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,579 төгрөг, нийт 11,717,795 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2018 оны 12 сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр 15,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай хариуцагч Б.Н, А.Э нарт олгож, хариуцагч Б.Н, Б.П нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ** хороо, М-ийн ** гудамж, *** тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 519 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-220600**** дугаартай, мөн хаягт байрлах, 68.5 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцыг тус тус барьцаалжээ. Талууд 2020 оны 10 сарын 02-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөх хугацааг 60 сар болгон өөрчилсөн, хариуцагч нар 2021 оны 09 сарын 15-ны өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдсон, хариуцагч нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
5.1. Зээлийн гэрээний дагуу 2018 оны 12 сарын 31-ний өдөр хариуцагч Б.Н-гийн Х дахь 500193**** тоот дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, хөл хорио нь зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул зээлийг өөрсдөө авч ашиглаагүй, эгчийн компанийн үйл ажиллагаанд хэрэг болоод авч өгсөн, компанийн үйл ажиллагаа цар тахлын нөлөөгөөр доголдсон гэх хариуцагч Б.Н-гийн татгалзал болон энэ агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй.
5.2. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 12 сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг барьцаа хөрөнгө хамтран өмчлөгч болох хариуцагч Б.П-гийн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хариуцагч Б.Н-тэй байгуулсан, 2020 оны 10 сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтийг хариуцагч Б.Н, Б.П нартай байгуулсан байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй гэх хариуцагч Б.П-гийн татгалзал үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б.Н, А.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 11,717,795 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, хариуцагч Б.Н, Б.П нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
6. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.
6.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсгийг үндэслэсэн нь буруу байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан ба нэхэмжлэгч гэрээг цуцалсанаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг шаардаагүй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт барьцааны зүйл болох хөдлөх эд хөрөнгийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхийг зохицуулсан байх ба зээлдэгч нар өмчлөлийн газар, хувийн сууц барьцаалсан, харин хөдлөх эд хөрөнгө барьцаалаагүй байна.
6.2. Түүнчлэн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байхад шүүх уг шаардлагад холбогдох зохицуулалтыг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01595 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 205 дугаар зүйлийн 205.1, 453 дугаар зүйлийн 453.2 гэснийг хасч, ...451.1... гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2 гэж нэмж,
2 дахь заалтад 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.БЯМБАСҮРЭН