Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01391

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01391

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01819 дугаар шийдвэртэй Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.А, Т.З, Д.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу Д.Ц, Т.А нарын эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Д.Ц, Т.А нарын өмгөөлөгч Ш.Б, хариуцагч Т.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, хариуцагч Д.Ц-гийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Д ХХК болон Г ХХК-ийн хооронд 2018 оны 09 сарын 28-ны өдөр ЗГ330511**** тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Уг зээлийн гэрээгээр 1,468,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, 22,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа болон батлан даалтын гэрээнүүдийг байгуулсан.

ЗГ3305113073 тоот зээлийн гэрээг иргэн Т.З-тай байгуулж, түүний өмчлөлийн Ү-220104**** дугаартай эрхийн улсын бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** хороо, Т 18101 гудамж ХБ65 тоот хаягт байршилтай 1392 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дэвсгэр газар болох газрын нэгж талбарын 2201102**** дугаартай Сонгинохайрхан дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах 2300 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг дээр нь байгаа үл хөдлөхийн хамт барьцаалсан. Мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-220104**** дугаарт бүртгэлтэй Т.З-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ** хороо, Т-ын 1801 гудамж ХБ65 тоот хаягтай 49 м.кв бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг мөн эрхийн улсын 220104**** дугаарт бүртгэлтэй 297 м.кв дээрх хаягтай 6 автомашины зогсоолын үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Иргэн Д.Ц-той байгуулсан ЗГ3305113073-2 тоот ипотекийн гэрээгээр Д.Ц-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2201052214 дугаартай Сонгинохайрхан дүүргийн ** хороо, Н гудамжны **/* байрны 125 тоот хаягт байршилтай 64,69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг мөн Д.Ц-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 220105**** дугаартай Сонгинохайрхан дүүргийн ** хороо Н гудамжны **/* байрны 100 тоот хаягт байршилтай 66,77 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Улмаар БДГ3305113073-1 тоот батлан даалтын гэрээгээр Д.Ц, БДГ3305113073-2 тоот батлан даалтын гэрээгээр Т.А нарын эд хөрөнгө дансан дахь мөнгөн хөрөнгөөр баталгаа гаргаж хариуцахаар гэрээ байгуулсан. ЗГ3305113073 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийн дуусах хугацаа 2019 оны 09 сарын 28-ны өдөр дуусгавар болсон ч үүргээ гүйцэтгээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,894,671,697.17 төгрөг гаргуулах хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02773 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Үндсэн зээлийн маргаан шийдвэрлэх хүрээнд өнөөдрийн хэргийн хариуцагч нарыг гуравдагч этгээдээр татсан, хариуцагчаар татаагүйтэй холбоотой барьцааны асуудлыг шийдвэрлээгүй.

Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу ЗГ3305113073 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ3305113073-1, БГ3305113073-2, БГ3305113073-3 тоот ипотекийн гэрээгээр БГ330514133073 тоот барьцааны гэрээ, БДГ3305113073-1, БГ3305113073-2 тоот батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Т.З-гийн татгалзал, тайлбарын агуулга: Т.З-гийн барьцаалуулсан оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д ХХК-д түрээслүүлдэг байсан. Түрээсийн төлбөрөө удаан хугацаанд төлөхгүй хуримтлуулсан төлбөр үүссэн тул төлбөр нэхэмжлэхэд зээл хөөцөлдөж байна, хөрөнгүүдээсээ барьцаалуулаад зээл бүтвэл түрээсээ төлөх боломжтой гэж хөрөнгүүдийг барьцаалуулсан. Төрсөн ах, дүүс байлаа гээд Д ХХК-д хамааралтай, хөрөнгө нэг гэсэн үг биш юм. Тиймээс Т.З-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагч Т.А, Д.Ц нарын татгалзал, тайлбарын агуулга: Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,3 газар зэрэг гаргаад байгаа. Д ХХК-иас нэхэмжилж байгаа барьцааны хөрөнгө хангуулах, батлан даалтын гэрээний шаардлагууд нь зээлийн гэрээний үндсэн шаардлага хангагдахгүй тохиолдолд хамаарах ойлголт юм. Үндсэн зээлийн асуудлыг шийдээгүй байж барьцаа хөрөнгөөр хангуулах асуудал байхгүй. Ижилхэн нэхэмжлэл Сонгинохайрхан дүүргийн шүүхэд байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дампуурлын хэргийг шийдвэрлээгүй байхад энэ хэргийг шийдэх хууль зүйн үндэслэл байхгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг 2 шаардлага байгаа гэж 2 удаа 70,200 төгрөг төлсныг анхаарна биз. Нотлох баримтаар зээлийн гэрээ, батлан даалтын гэрээний тоонууд дээр зөрүүтэй байдаг. Нэхэмжлэлийн шаардлага хангахгүйгээр зээлийн гэрээ авчраад байгаа. Батлан даалтын гэрээний нөхцөлд заасан 18,38 дугаар хуудсанд байгаа шаардлага тодорхой харагддаггүй. Нотариатаар батлуулсан анхан шатны баримтууд огт харагдахгүй байгааг засдаггүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч Т.З-гийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Т 18101 гудамж ХБ65 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220104**** дугаарт бүртгэлтэй, 1392 м2 талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, ** хороо хаягтай, дугаар Г-220102**** гэрчилгээтэй, 2300м2 талбай бүхий аж ахуйн зориулалттай газар үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Т 18101 гудамж ХБ65 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220104**** дугаарт бүртгэлтэй, 49м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Т 18101 гудамж ХБ65 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22010**** дугаарт бүртгэлтэй, 297м2 талбай бүхий, гараажийн зориулалттай 6 машины зогсоол үл хөдлөх хөрөнгийг, хариуцагч Д.Цгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Н /18222/ гудамж, **/* байр 125 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220105**** дугаарт бүртгэлтэй, 64.69м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Н /18222/  гудамж, **/* байр 100 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220105**** дугаарт бүртгэлтэй, 66.77м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, худалдсан үнээс зээлийн гэрээний үүрэг мөнгөн төлбөрийн үүргийг хангуулах, хүрэлцээгүй тохиолдолд хариуцагч батлан даагч Д.Ц, Т.А нарын хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх нөхөх хариуцлагыг батлан даагч нарт хүлээлгэж, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 5. Хариуцагч Т.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.З-гийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн ** хороо, Т 18101 гудамж ХБ65 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220104**** дугаарт бүртгэлтэй, 1392 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн ** хороонд байршилтай дугаар Г-220102**** гэрчилгээтэй, 2300 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн ** хороо, Т 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220104**** дугаарт бүртгэлтэй, 49 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн ** хороо, Т 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-220104**** дугаарт бүртгэлтэй, 297 м.кв талбай бүхий, гаражийн зориулалттай 6 машины зогсоол үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх нөхөх хариуцлагыг Т.З-д хүлээлгэж, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэсгүй юм.

Учир нь Т.З нь Г-наас зээл авсан үндсэн зээлдэгч Д ХХК-д дээрх эд хөрөнгийг түрээсийн гэрээний үндсэн дээр түрээслүүлдэг байсан ба Д ХХК нь түрээсийн төлбөрөө төлөлгүй, хуримтлагдан байсан. Ингээд Д ХХК банкнаас зээл авч түрээсийн төлбөрөө төлнө гэснээр Гинд хөрөнгөө барьцаалуулсан. Д ХХК зээлээ төлөөгүйгээс шүүхийн шийдвэр гарсан. Д ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дампуурлын хэрэг үүсгэсэн ба тухайн хэрэгт Т.З нь Д ХХК-иас түрээсийн төлбөр болон барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шийдвэрлээгүй байхад энэ хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийн Т.Зд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 6. Хариуцагч Т.А, Д.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хууль болон гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль болон гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Хариуцагч Т.А, Д.Ц нар батлан даалтын гэрээний талаар маргаагүй бөгөөд үүргээ зохих ёсоор биелүүлэхэд Д ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, дээрх үүргийг Д ХХК төлж барагдуулах үүргээ гүйцэтгэх эсэх нь тодорхойгүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа дампуурлын хэрэг шийдвэрлэгдээгүй байхад үүрэг гүйцэтгэгчийн үүргийг барьцаалуулагч, батлан даагч нараас шаардаж түүнийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэсгүй байна.

6.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа дампуурлын хэрэг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Д ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг батлан даагч Т.А, Д.Ц нар үүрэг гүйцэтгүүлэгч нарын өмнө хүлээгээд байгаа хамаарал бүхий шаардлага, зүйл, үндэслэл юм. Гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хангаж чадах эсэх эрх зүйн байдлыг тогтоож байгаа хоорондоо хамаарал бүхий асуудал. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.2 дахь хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг. Иймээс үндсэн үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх эрх зүйн байдлыг тогтоосны дараа хоёр дахь үүрэг гүйцэтгэгчийн батлан даагчаас үүргийг шаардах ёстой бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад энэ хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 7. Хариуцагч Д.Ц-гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Г-наас иргэн Т.З, Д.Ц, Т.А нарт холбогдуулан ЗГ3305113073 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ипотекийн гэрээнүүдээр тус тус барьцаалсан хөрөнгүүдээр хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын гэрээнүүдийн дагуу Д.Ц, Т.А нарын эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тухайн хэрэгт миний бие хариуцагч Д.Цгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн ЗГ3305113073 тоот зээлийн гэрээ нь Д ХХК болон Г нарын хооронд байгуулагдсан гэрээ Д ХХК-ийн дампуурлын хэрэг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа ба тухайн хэрэгт энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай ижилхэн шаардлагыг Г-наас гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ талаар талууд маргаагүй байхад шүүх энэ хэргийг түдгэлзүүлэлгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг ноцтой зөрчсөн. Мөн шүүх хэргийг тал бүрээс нь эргэлзээгүй нотлох баримтын хүрээнд шийдэх ёстой ба шаардлагатай бол шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж шинээр нотлох баримт гаргаж болдог зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Д ХХК, Г нар болон тухайн дампуурлын хэрэг дэх Гны нэхэмжлэлийн талаар шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах ажиллагааг хийж хэргийг шийдвэрлэхэд эргэлзээгүй бүх талын нотлох баримт бүрдсэний дараа хэргийг шийдвэрлэх боломж байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Банк батлан даалтын гэрээг Т.А, Д.Ц нартай байгуулсан батлан даалтын гэрээнд хамтран хариуцлага хүлээхээр тодорхой заасан. Д ХХК авсан зээлээ төлж чадахгүй байгаа тохиолдолд бүрэн хэмжээгээр төлж барагдуулна гэж гэрээнд тусгасан. Батлан даалтын гэрээний 2.1, 2.2, 2.3-т тодорхой заасан. 2018 онд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр албажсан. Өөрөөр хэлбэл, үндсэн үүргийн маргаан шийдэгдсэн. Батлан даалтын гэрээгээр тохиролцсон Д ХХК авсан зээлээ төлөөгүй нөхцөл бий болсон. Нөгөөтэйгүүр Д ХХК нь зээлээ төлж чадахгүйн улмаас дампуурсанд тооцуулахаар хүсэлт гаргасан. Энэ агуулгаар банк батлан даалтын үүргийг шаардах эрхтэй. Банк хэн алинаас нь үүргийг шаардах эрхтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад хэн төлбөрийн чадвартайгаас нь төлбөрийг барагдуулна. Барьцааны гэрээний зорилго тухайн үндсэн зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тэргүүн ээлжинд тухайн хөрөнгөнөөс төлбөрийг барагдуулах зорилготой. Дампуурлын хэрэгт Г ХХК оролцож байгаа. Энэ зээлийн маргааныг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь заалт хамааралгүй. Зээлийн маргаан дампуурлын хэрэгт хамааралгүй. Иймд шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Т.А, Т.З, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу Т.А, Д.Ц нарын эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Г ХХК нь Д ХХК-тай 2018 оны 09 сарын 28-ны өдөр ЗГ3305113073 тоот зээлийн гэрээ байгуулан 1,468,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн.

3.2. Г ХХК нь Т.З-тай 2018 оны 09 сарын 28-ны өдөр байгуулсан ЗБ3305113073-1 тоот ипотекийн гэрээгээр түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг,** хороо, Т 18101 гудамж ХБ65 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220104**** дугаарт бүртгэлтэй, 1,392 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо хаягт байрлах, дугаар Г-220102**** гэрчилгээтэй, 2,300 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газар, Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Т 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220104**** дугаартай, 49 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Т 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220104**** дугаарт бүртгэлтэй, 297 м.кв талбайтай, гаражийн зориулалттай 6 машины зогсоолыг,

Д.Цтой 2018 оны 09 сарын 28-ны өдөр байгуулсан ЗБ3305113073-2 тоот ипотекийн гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Н /18222/,  гудамж, **/* дугаар байр, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220105**** дугаарт бүртгэлтэй, 64.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, ** хороо,  /18222/, Н гудамж, **/** дугаар байр, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220105**** дугаарт бүртгэлтэй, 66.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан,

3.3. Г ХХК нь мөн өдөр Т.А-тай БДГ3305113073-2 тоот, Д.Ц-той БДГ3305113073-1 тоот батлан даалтын гэрээг байгуулж, ЗГ3305113073 тоот зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 4. Талуудын хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан барьцаа болон батлан даалтын гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02773 дугаар шийдвэрээр хариуцагч Д ХХК-аас 2018 оны 09 сарын 28-ны өдрийн ЗГ3305113073 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,894,671,697.19 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 163 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ. Уг шийдвэрийг Д ХХК нь зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Г ХХК нь барьцаа болон батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д ХХК нь дампуурсанд тооцох, татан буулгах хүсэлт гаргасан нь хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр дампуурлын хэргийг шийдвэрлэтэл уг хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Т.А, Т.З, Д.Ц нараас батлан даалтын болон барьцааны гэрээний үүргийг шаардахад Г ХХК болон Д ХХК-ийн хоорондох зээлийн гэрээний харилцаатай холбоотой дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа саад болохгүй юм. Өөрөөр хэлбэл, эдгээр нь тусдаа эрх зүйн харилцаа тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй болно.

 6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01819 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 Д.БЯМБАСҮРЭН