| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 173/2019/0041/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 27.9.1., 27.9.2., |
| Улсын яллагч | Ш.Одонсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 83
Н.Д, “Ихбогд зам” ХХК-д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, хохирогч нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар цагаатгах тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар магадлалтай, Н.Д, “Ихбогд зам” ХХК-д холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ихбогд зам” ХХК-д талбайн инженер ажилтай, урьд ял шийтгэлгүй, Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Монгол Улсад бүртгэлтэй, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар шийдвэрийн дагуу үүсгэн байгуулагдсан, Улсын бүртгэлийн 0311004142, регистрийн 5621089 дугаарын гэрчилгээтэй, гадаад худалдаа, уул уурхай тоног төхөөрөмжийн худалдаа, авто замын байгууламж барих үйл ажиллагаа явуулах чиглэлтэй, Д.Г, Д.М, Г.О нарын 3 гишүүн бүхий үүсгэн байгуулагчтай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, “Номгон” 18-06 тоот хаягт байрлах албан ёсны хаягтай, “Ихбогд зам” гэх оноосон нэр, ашгийн төлөө хуулийн этгээд болох ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Ихбогд зам” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,
Шүүгдэгч Н.Д, “Ихбогд зам” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, Шүүгдэгч Н.Д, “Ихбогд зам” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Д.М, иргэний хариуцагч Г.А нар нь бусдад төлөх төлбөргүй, Шүүгдэгч Н.Д, “Ихбогд зам” ХХК нар нь хохирогч Л.Ц-д 16,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-д 12,000,000 төгрөг, иргэний хариуцагч Г.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-д 16,000,000 төгрөг, хохирогч Б.Ц-т 8,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-нд 4,000,000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Л.Б нь 64,837,300 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар цагаатгах тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Д, шүүгдэгч “Ихбогд зам” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн дүгнэсэн хэрэг дээр чиглэл өгсөн магадлал гаргасан. Осол өмнө нь эвдэрсэн замыг сэргээлт хийгээд, нөхөн дүүргээд хэлбэржүүлээд зүссэн, асфалт тавихад бэлэн болгосон орчинд гарсан. Өмнө нь үүссэн эвдрэл, гэмтлээс илүү дээрдсэн нөхцөл байдалд осол болсон. Ослын гол шалтгаан, нөхцөл нь хэн нь жолоодож явсан эсэхээс үл хамаарч жолоочийн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 3 км-ийн дотор том уурхайн цувааг гүйцэд түрүүлээд урд нь гараад осолдсон байдаг. Гэтэл “давж заалдах шатны шүүх” энэ осол нь Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учраас дахин хэлэлцүүлэхээр буцаалаа чиглэлээр магадлал гаргасан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол үндэслэлтэй эсэхийг хянаж шийдвэрлэх үүрэгтэй болохоос биш шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэх эрх хэмжээ байхгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэхгүйгээр ялд өөрчлөлт оруулах эрх үүрэгтэй. Гэтэл уг эрх, үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д шүүхэд гаргасан гомдолдоо “Миний хань Э.П нь автотээврийн ослоор нас барсан. Тус аймгийн Уянга суманд алтны уурхай ажиллуулдаг Л.Б гэх хүн хамт явж Баянхонгорт очиж алтны уурхайгаа ажиллуулна гэж авч явах замд энэхүү осол болж хоёр хүний алтан амь үрэгдсэн. Уг ослыг болох үед Л.Б нь өөрийн Ланд круйзер 100 маркын машиныг нас барсан н.Б гэх хүнийг барьж явсан болгоод зам засварын ажил хийж байсан “Ихбогд зам” ХХК-иас шалтгаалан осол болсон гэж худал мэдүүлэг өгөөд байгаад гомдолтой байна. Осол болсон газар эвдэрч хонхойсон аваар гарахааргүй өгсүүр зам байсан юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, хариуцлагагүй байдлаар архи ууснаас болж энэ аваар гарсан. Тухайн үед ажил явдалд ирсэн залуучууд тус машиныг өөрийнх нь хамаатан болох Б.Ц гэдэг залуу жолоодож явсан талаар ярьсан. Энэ хэргийг эхнээсээ түргэн шуурхай арга хэмжээ авч шалгалгүй цаг хугацаа алдсанаас болж Л.Б гэх этгээд нь зарим хүмүүсийг ятган хуйвалдаж, нас барсан хүнийг жолоо барьж явсан, зам эвдэрснээс болсон гэж худал мэдүүлэг өгсөн. Тэрээр өөрөө ямар ч гэм буруугүй, хохирогч мэтээр жүжиглээд байгаад нь гомдолтой байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шалган тогтоож, гомдлыг барагдуулна уу” гэжээ.
Хохирогч нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хэрэг 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан бөгөөд 3 жил 6 сар болж байна. Энэ хугацаанд аль аль талын эрх ашгийг хохироохгүйн үүднээс хэргийг шалгасан. Иргэний хариуцагч Г.А, “Ихбогд” ХХК-ийн Д.М нар хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд оролцохгүйгээр яваад ирсэн. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн тухайн автомашиныг н.Ц-ыг жолоодож явсан, н.Б худлаа хэллээ гэсэн зөндөө зүйл ярьдаг. Үүнийг шалгуулах үүднээс анхан шатны шүүх хуралдаанаас хэд хэдэн удаа хэрэг прокурорт буцаж хэргийн оролцогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан боловч энэ асуудал тогтоогдоогүй. Энэ дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн яриад байдаг гомдол хэвээрээ байгаа юм байна. Уг хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, гурван хүн хүнд гэмтэл авсан. Одоогийн байдлаар н.Б-ийн биеийн байдал гайгүй, н.Ц-ын хувьд байнгын эмчилгээтэй, н.М нь орон гарантсан, хэзээ юу хийснээ мэдэхгүй сэтгэцийн өөрчлөлттэй болсон байгаа. Өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн байдлаар худал ташаа ярьсан зүйл байхгүй гэж үздэг. Хэрэг хангалттай шийдэгдсэн. Хэдийгээр хохирогч нар гомдол саналгүй гэж байгаа боловч хүний эрх ашгийг хамгаалж оролцож байгаа учир анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үздэг. Шүүх цагаатгаж шийдвэрлэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг цаашид нэхэмжлэх, нөхөн төлүүлэх энэ эрх нь хязгаарлагдаж байгаа. Гарч буй шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн байгаасай гэдэг үүднээс өнөөдрийг хүртэл шүүх хуралдаанд оролцоод явж байгаа. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэмжээнд яллаж байгаа нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, агуулга, шүүгдэгчийг цагаатгаж буй үндэслэлээ тодорхой зааж өгөөгүй. Авто аваарын хэрэг гарсан нь тогтоогдож байна, Н.Д, “Ихбогд” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж осол гарсан болох нь тогтоогдохгүй байгаа нь гэмт хэргийн шинжгүй гэсэн ганц өгүүлбэрээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа. Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэлт хийж байгаа нь хууль зөрчөөгүй, буруутгах боломжгүй. Хохирогчийн гомдолд дурдагдаж буй тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоогдсон. н.Б, н.М, н.Ц нарт хүнд хохирол учирсан. Тус аваарын хэргийн улмаас н.М үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, сэтгэцийн өвчтэй болсон. Мэдүүлэг өгөх чадвартай хоёр этгээд н.Ц-ыг жолоодож явсан, бие засах явцад н.Б-той руль солиод цааш нь унаж явсан гэдэг нь тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн Н.Д, “Ихбогд зам” ХХК-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Д, “Ихбогд зам” ХХК-ийн гэм бурууг хянан хэлэлцээд тэдгээрийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байтал давж заалдах шатны шүүхээс шинжээч нарын мэдүүлгүүдээр “шүүгдэгч нарын эс үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай шийдвэр болсон байна.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан золгүй явдал болсон үйл баримтыг зөв тогтоон, Н.Д, “Ихбогд зам” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу зам засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас дээрх осол гарсан эсэх, шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Түүнчлэн, “Ихбогд зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...хэрэг нотлогдсон ч бай нотлогдоогүй ч бай ямар ч байсан нийгмийн хариуцлагын хүрээнд энэ хүмүүсийг хохиролгүй болгоно., компани ялаас мултрах гээд байгаа зүйл байхгүй” /5хх-ийн 222 дугаар тал/ гэж мэдүүлснээс гадна энэхүү зам тээврийн ослын улмаас хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хорын хохиролтой холбоотойгоор Н.Д, “Ихбогд зам” ХХК нар нь хохирогч Л.Ц-д 16,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-д 12,000,000 төгрөг, иргэний хариуцагч Г.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-нд 16,000,000 төгрөг, хохирогч Б.Ц-т 8,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-нд 4,000,000 төгрөг төлснийг буруутгах үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН