Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2020/0763/З |
Дугаар | 001/ХТ2021/0131 |
Огноо | 2021-10-04 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2021/0131
Б.О-н нэхэмжлэлтэй,
нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 263 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 140 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Б-н О-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг даалгах”
2. Хэргийн нөхцөл байдал: Б.О нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 780 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд 392 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байжээ. Нэхэмжлэгчээс “... 2020 оны 3 дугаар сард тус газар эзэмших эрхийг дахин сунгуулахаар нийслэлийн Газрын алба болон нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/614 тоот захирамжаар тухайн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр ... сунгахдаа газрын нийт талбайн хэмжээ болох 392 м.кв талбайг 228 м.кв болгон багасгасан ... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн, ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангасан байхад хууль зүйн болон бодит үндэслэлгүйгээр талбайн хэмжээг 164 м.кв-аар буюу бараг нэг дахин багасан” гэж маргажээ.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0237 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Б-н О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 263 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О-н “нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Б-н О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ч.Г нараас шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Үүнд:
-Газрын тухай хуулийн 37.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, газар эзэмшигч холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэх, газар эзэмших болзол, нөхцөлийг хангасан эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгах, аль эсхүл сунгахгүйгээр шийдвэрлэх талаар зохицуулжээ.
-Үүнээс өөрөөр газрын хэмжээг багасгах, эсхүл ихэсгэж гэрчилгээний хугацааг сунгах талаар зохицуулаагүй байна. Үүнийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай ойлголт нь тухайн гэрчилгээний зөвхөн хугацааг сунгах тухай ойлголт” гэж зөв дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 37.2 дахь хэсгийг магадлалыг тогтоох хэсэгтээ үндэслэж, газрын талбайн хэмжээг багасгасан нийслэлийн Засаг даргын захирамжийг зөвтгөж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэлээ.
-Цаашилбал, нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрөө хугацаандаа төлж байсан, ямар нэг Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж байгаагүй. Тиймээс нийслэлийн Засаг дарга захирамж гарган газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан боловч бусдын орц гарц хаасан гэсэн үндэслэлээр газрын талбайн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн.
-Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт, бусдын орц гарц хаасан гэх асуудлыг судалж санал оруулсан гэх нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.Ө шүүх хуралдаанд гэрчээр асуугдахдаа “бусдын орц гарцыг хаасан зүйл бол байхгүй, харин ирээдүйд барилга баривал хааж магадгүй гэсэн үндэслэлээр санал оруулсан” гэж тайлбарладаг.
-Өөрөөр хэлбэл, бусдын орц гарц хаагаагүй байхад, бусдын орц гарцыг хаасан гэсэн үндэслэлээр газрын хэмжээг багасгаж үүнийг нь давж заалдах шатны шүүх зөв гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчжээ.
-Нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг 2005 оноос 392 м.кв хэмжээгээр эзэмшиж, 16 жил орчим хугацаанд тухайн хэмжээгээр (392 м.кв) газрын төлбөрийг төлж ирсэн. Гэтэл тус газрыг барилгын суурийн хэмжээгээр бараг нэг дахин багасган 228 м.кв болгон өөрчилснийг нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй гэж шийдэж байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлал бодит үндэслэлгүй болохыг мөн харуулж байна.
- ... нийтийн эдэлбэрийн газар болох талаар шийдвэр эрх бүхий байгууллага гаргаагүй байхад нийтийн эдэлбэрийн газар мэтээр дүгнэж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчжээ” гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
7. Тогтоогдсон үйл баримтын тухайд: Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжаар “Б” ХХК-ийн үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан үл хөдлөх хөрөнгө бүхий 392 м.кв газрыг О.Б-д шилжүүлж, улмаар уг газрыг мөн зориулалтаар нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 780 дугаар захирамжаар Б.О-т шилжүүлэн эзэмшүүлжээ.
8. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/614 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.О-н газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа газрын хэмжээг 228 м.кв буюу үл хөдлөх хөрөнгийн хэмжээгээр сунган эзэмшүүлэхээр тогтсон байна.
9. Уг үл хөдлөх хөрөнгө нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Сансарын туннелийн урд Сансарын үйлчилгээний төв (хойд зүгт харсан “п” үсгийн хэлбэртэй)-ийн баруун хойд төгсгөлийн хэсэгт “өргөтгөл” байдлаар үргэлжлүүлэн барьсан барилга байна. Харин А/614 дүгээр захирамжаар хасаж багасгасан талбай нь уг өргөтгөлийн барилгаас эгц хойш Сансарын туннелийн урд хэсэг хүртэлх үргэлжилж буй нийтээр ашигладаг зам, талбай байна.
10. Тухайлбал, хэрэгт авагдсан байршлын зураг, фото зураг, орчны төлөвлөлт зэргээс үзвэл уг хассан 164 м.кв газар нь Сансарын туннелийн баруун урд явган хүний замаар дээш Сансарын үйлчилгээний төв рүү нэвтрэх, туннель дээгүүр зорчих, Сансарын үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх иргэд, олон нийт болон уг үйлчилгээний төвд байрлах аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдийн үйлчилгээ, дэлгүүр хоршооны бараа материалыг хангаж хүргэх зорилго бүхий үйлчилгээ, хүргэлтийн автомашин, хог хаягдлыг цуглуулан зайлуулах, гал түймэр зэрэг болзошгүй нөхцөлд онцгой байдал, цагдаагийн автомашин нэвтрэх, зорчих хэсэг бүхий зам, талбай байна.
11. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж заасан бөгөөд маргаан бүхий актаар багасгасан газар нь нийтээр ашигладаг гудамж, зам бүхий газар байна.
12. Хэрэв энэ хэсгийг хаасан, хашсан эсхүл өөр бусад эд зүйл, үл хөдлөх хөрөнгө байршуулах замаар уг газрыг эзэмшиж ашиглах тохиолдолд дээрх нийтээр ашиглах зам, талбай үгүй болохоор байна. Дээрх тогтоогдсон үйл баримт болон маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл: нэхэмжлэгч газар эзэмших хугацаандаа болон түүний өмнөх газар эзэмшигч нь хасаж багасгасан талбайг эзэмших эрхтэй байсан боловч уг газар нь бодит байдал дээр явган хүн болон үйлчилгээний авто тээврийн хэрэгсэл зорчих, нийтээр ашигладаг талбай байжээ.
13. Газар, барилгажилтын Мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтэд “барилгын суурийн хэмжээгээр талбайн хэмжээг багасгаж хугацааг сунгах” дүгнэлт гаргасныг нийслэлийн Засаг даргын 2020 оны А/614 дүгээр захирамжид үндэслэл болгосон байна.
14. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/89 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, газар, барилгажилтын асуудлыг судалж санал, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл /комисс/-ийн дүрэм, бүрэлдэхүүнийг баталсан байх бөгөөд уг Мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 2.1.2-т “... иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, ... эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж гаргаж нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлэх”-ээр үүрэгжүүлэн заажээ.
15. Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2020 оны А/614 дүгээр захирамжийг эс зөвшөөрч өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг даалгуулахаар “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн, ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангасан байхад хууль зүйн болон бодит үндэслэлгүйгээр талбайн хэмжээг 164 м.кв-аар буюу бараг нэг дахин багасгасан” гэсэн үндэслэлээр маргажээ.
16. Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэх, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь: Газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг шийдэх үед хариуцагч нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа эзэмших газрын хэмжээ, зориулалт, нөхцөл шаардлагыг өөрчлөх эрхтэй эсэх тухай байна. Үүнд хяналтын шатны шүүх дараах байдлаар холбогдох хуулийн зүйл заалтыг тайлбарлан хэрэглэх нь зөв гэж үзлээ.
17. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор “эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж”, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэжээ.
18. Уг заалтын “эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, ...” гэсэн нь зөвхөн гэрчилгээний хугацааг сунгах тухай ойлголт биш байна.
19. Газар шинээр эзэмших, газрын хэмжээг нэмэх, хасах зэрэгт газар эзэмших эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох тохиолдолд тавигдах нөхцөл, шаардлагыг шалгана. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусаж, хугацаа сунгуулах хүсэлт гаргах үед өмнө эзэмшиж байсан эрх дуусгавар болно. Газар эзэмшиж байсан этгээд нь цаашид уг эрхээ үргэлжлүүлэн эзэмших хүсэлт гаргах боломжтой боловч, тэрхүү хүсэлтийг шийдвэрлэхдээ өмнө үүссэн эрхийг бүхэлд нь эсхүл аль хэсгийг цааш үргэлжлүүлэн эзэмшүүлэх эсэхийг хянаж шийдэх нь төрийн эрх бүхий байгууллагын үүрэг байна.
20. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрх нь уг эрхийг олгосон шийдвэрийн үйлчлэх хугацаанд хүчинтэй, хугацаа нь дууссан газар эзэмших эрхийг сунгах эсэхийг шийдэхдээ нийтийн эрх ашигт хэрхэн нөлөөлөх болон өмнөх шийдвэрийн алдааг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүрээнд засаж, цаашид ямар болзол, нөхцөлөөр өмнө нь эзэмшиж байсан газрыг бүхэлд нь эсхүл аль хэсгийг эзэмшүүлэх нь хариуцагчид дараах хязгаарын хүрээнд хуулиар олгогдсон эрх юм.
21. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд хуульд заасан болзол, нөхцөлөөр тодорхой хугацаанд төрийн өмчийн газрыг иргэн, хуулийн этгээдэд түр эзэмшүүлэхийг “газар эзэмших эрх” гэх бөгөөд хуульд заасан тодорхой нөхцөл үүсэх буюу газрыг тусгай хэрэгцээнд авах, эзэмшүүлж, ашиглуулах зориулалт, орчны төлөвлөлт өөрчлөгдөх зэрэг тохиолдолд хуульд заасан журмын дагуу газар эзэмшигч этгээдийн эрхийг төрийн захиргааны байгууллага өөрчлөх буюу дуусгавар болгох эрхтэй.
22. Харин газар эзэмших эрхийг сунгах эсэхийг шийдвэрлэхдээ энэхүү сунгах хүсэлттэй газар бусдын (болон нийтийн) Газрын тухай хуулиар хамгаалагдсан эрхэд сөргөөр нөлөөлөх эсэхийг хянаж шийдвэрээ гаргах үүрэгтэй.
23. Газар эзэмших эрх нь хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор үүсэх бөгөөд энэхүү эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхдээ уг үндэслэлүүдийг дахин хянаж, тухайн эзэмших эрхийн зориулалт, болзол, хугацаа зэрэг нь цаашид тэр зориулалт, хэмжээгээр газар эзэмших эрхийг сунгах тохиолдолд “хуульд заасан шаардлагад нийцэх эсэхийг тодорхойлсны” үндсэн дээр шийдвэрлэх учиртай.
24. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгохоор заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.2-т “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар” гэж тус тус зааснаас үзвэл хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах бөгөөд төрийн өмчийн газар байна.
25. Хэдийгээр нэхэмжлэгч (болон түүний өмнөх эзэмшигч) маргаан бүхий захиргааны актаар хасаж багасгасан талбайг өмнөх шийдвэрээр олгосон хугацаанд эзэмших эрхтэй байсан боловч тухайн газар нь энэ тогтоолын Хянавал хэсгийн 10, 11-д заасанчлан нийтээр ашигладаг зам, талбай учир уг газрыг бодитоор эзэмшиж ирээгүй, энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байжээ.
26. Нийтийн эдэлбэрийн зам, талбай нь тухайн орчинд газар эзэмшдэггүй этгээд ч уг газрыг дамжиж, чөлөөтэй дайран өнгөрөх, зорчих зориулалтаар ашиглагддаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан хэмжээгээр газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх нь уг газрыг нийтийн эдэлбэрийн зам, талбайн (захирамжид “орц, гарцны” гэж тусгасан) зориулалтаар ашиглаж буй хэн бүхний газар ашиглах эрхийг хөндөхөөр байжээ.
27. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Газрын тухай хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гаргах, өмнө гаргасан шийдвэр нь уг шаардлагыг хангаагүй бол засах үүрэгтэй байна.
28. Хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраас нийтийн эдэлбэрийн зам, талбайн хэсгийг хасаж, хугацааг нь сунгахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д нийцсэн байна.
29. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа газрын хэмжээг багасгасан нь дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд хууль ёсны байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн “Газрын тухай хуулийн 37.2 дахь зохицуулалт нь газар эзэмшигч үүргээ биелүүлсэн л бол эрхийн гэрчилгээний хугацааг сунгах ёстой” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
30. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалаар Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 263 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-н өмгөөлөгч Б.Б, Ч.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ