Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 017

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би Алтай сумын 1 дүгээр багийн оршин суугч К.Темирбекээс, тус сумын Засаг дарга, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан Алтай сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр захирамж, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, тус сумын 1 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.Темирбек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К.Темирбек шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн хүсэлтдээ:

1. Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай 02 тоот тогтоолоор нэр дэвшигч Х.Байболсыныг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад санал болгохдоо Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан Баг хорооны Засаг даргад ... уг хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэснийг зөрчсөн тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

Өмнөх нэхэмжлэлийн шаардлагаас дахин санал хураалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.2 дахь заалт болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар Алтай сумын 1 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг Алтай сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

2. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2017 оны 01-р сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай 09 тоот захирамжийн 2 дахь хэсэгт: 1-р багийн Засаг даргаар Х.Байболсыныг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн томилсугай гэсэн захирамжийн заалт нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн учир хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.

Үүнд:1. Алтай сумын 1-р багийн Иргэдийн Нийтийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн, өргөн мэдүүлэх тухай 02 тоот тогтоол нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26-р зүйлийн 26.2-д заасныг зөрчсөн, хууль ёсны эрхийн акт болж чадаагүй гэж хүчингүй болгуулахаар харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхэд 2017оны 01-р сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байхад Аптай сумын Засаг дарга 2017 оны 01-р сарын 23-ны өдөр 09 тоот захирамж гаргахдаа Аптай сумын 1-р багийн Нийтийн хурлын 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэж Х.Байболсыныг багийн Засаг даргаар томилсон нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан Засаг даргын захирамж хуульд нийцээгүй байна гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.

Алтай сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоол нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн эрхийн акт байх бөгөөд уг тогтоолыг сумын Засаг даргын 09-р захирамжид үндэслэл болгож Х.Байболсыныг 1 дүгээр багийн Засаг даргаар томилсон нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Засаг дарга ...хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэсэн заалтад нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Алтай сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн өргөн мэдүүлэх тухай 02 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товчлон зарлаж хуралдуулахыг Алтай сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах, Алтай сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай 09 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгөхийг тус тус гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Темирбек нь тус шүүхэд Алтай сумын Засаг дарга болон тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Алтай сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр захирамж, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, тус сумын 1 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий захиргааны акт болох Алтай сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор иргэн Х.Байболсыныг тус багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад санал болгосон байх ба уг тогтоолыг үндэслэн Алтай сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр захирамжаар тус сумын 1 дүгээр багийн Засаг даргаар Х.Байболсыныг мөн өдрөөс эхлэн томилсон байна.

Нэхэмжлэгч энэхүү захиргааны актуудыг хүчингүй болгуулах, мөн хуралдаан товлон зарлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ багийн Засаг даргад нэр дэвшигч 6 иргэний аль аль нь тухайн хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал аваагүй байхад 26,1 хувийн санал авсан Х.Байболсыныг Засаг даргаар томилуулахаар санал болгож, улмаар томилсон нь хууль бус бөгөөд багийн Засаг даргад нэр дэвшигчийн хувьд өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж байна гэж тодорхойлжээ.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар багийн Засаг даргад нэр дэвшигч нь уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан тохиолдолд томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор зохицуулсан. Гэтэл Алтай сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр явагдсан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Хурлын дарга болон Тэргүүлэгчдийг сонгох асуудлыг хэлэлцсэн хуралдаанд багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн 6 иргэний аль аль нь тухайн хуралдаанд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн санал аваагүй байхад олонхийн санал аваагүй нэр дэвшигч Х.Байболсыныг тус багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосноор сумын Засаг дарга томилсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ нь хуульд нийцээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Алтай сумын 1 дүгээр иргэдийн Нийтийн Хурал нь маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн өргөн мэдүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгосон,мөн тус багийн Хурлын Тэргүүлэгчдээс 1 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахаар товлон зарласан шийдвэр тус тус гаргасан байна. Түүнчлэн Алтай сумын Засаг дарга нь маргаан бүхий захиргааны акт болох Алтай сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгосоноорхариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрч биелүүлсэн байна. Мөн уг хэргийн гуравдагч этгээд Х.Байболсын нь тус шүүхэд ...дахин сонгууль явуулахыг зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нар дээрх байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Алтай сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр захирамж, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, тус сумын 1 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, К.Темирбекийннэхэмжлэлтэй, Алтай сумын Засаг дарга, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ЕРКЕШ