Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0301

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.М, гуравдагч этгээд Д.Ч, Д.Э, гуравдагч этгээд Д.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0161 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Д.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Э-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0161 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.1, 5.1.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 09-ны 206 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаар захирамжийн Д.Ч-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн Жанжны 23 дугаар гудамж 464 тоот хаягт байршилтай Д.Э-ын өмчлөлд Г-2204015933 дугаарт бүртгэгдсэн газрын өмчлөх эрхийн бүртгэлийн 000086012 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг нь зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлснөөс, түүнчлэн шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс, дутуу үнэлснээс хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосноос шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлгүй буруу гарсан гэж үзэж гомдолтой байна.

Миний бие нь 2019 оны 03 дугаар сарын 28-наас Д.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн ба 7 ширхэг хавтаст хэргийг уншин судлахдаа орой бүр ажлын цаг дууссаны дараа гарч явж байсан нь хугацаа бага, уншиж судлах зүйл их байсантай холбоотой. Гомдлынхоо үндэслэлд дурдсан зүйлүүдийг нэг бүрчлэн тоочин бичихэд үнэхээр хуулийн хугацаанд амжихгүй байгаа тул гомдлыг товч бичсэнийг ойлгон болгооно уу. Иймээс хоёрхон жишээг авч бичье.

Үүнд: 1. Миний бие анх хэргийг уншихаас өмнө /6 хавтаст хэрэг/ хуудас бүрийг нь тоолон шалгахад 5 ширхэг хуудас алга болсон байсан. Энэ тухай газар дээр нь шүүгчийн туслахад хэлж үзүүлсэн, энэ үед гуравдагч этгээд Д.Э нэг хуульчтай хамт байсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлд заагдсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 537 тоот захирамж хэргийн материалд байхгүй байсан тул энэ тухай шүүгчийн туслахад хэлэхэд “... байх л ёстой доо” гэж өөрөө үзэж шалгасан ч байхгүй байсан. Өчигдөр шүүгчийн туслах үзэж шалгасаар байтал оройтож намайг гарч явахад 19 цаг болж байсан.

2. Ц.Б гэгч нь Д.Д-ын газар ашиглах гэрчилгээний хугацаа нь /2 жил/ дууссанаас хойш 36 хоногийн дараа газар ашиглах гэрчилгээг 5 жилээр авсан баримт байхад энэ талаар ямар ч баримт, шийдвэрт дурдагдаагүй байна. Түүнчлэн Д.Д, Д.Б нар нь газар өмчлөх, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, өргөдөл гаргаагүй байна гэж үзэхээр баримтууд хавтаст хэрэгт байдаг. Дээрх газруудад дээрх хүмүүсийн гаргасан гэх хүсэлт өргөдөлд Д.Д, Д.Бү нар нь өөрсдөө гарын үсэг зураагүй байна. үүнийг эдгээр хүмүүсийн нотариатаар батлуулсан итгэмжлэл, шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт ээрэг баримтуудад зурагдсан гарын үсгүүдтэй нь харьцуулахад тохирохгүй өөр байдаг юм. Ц.Э нь газрыг өмчилж авахдаа кадастрын зураг хийлгээгүй, Д.Д-ын кадастрын зургаар газар авсан нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн Д.Д-ын мэдүүлгэд бичигдсэн байдаг.

Гомдлын шаардлага: Уг нь хуульд зааснаар бол шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэж бичих нь зохимжтой боловч шүүх дээр байгаа 7 ширхэг хавтаст хэргийг сайтар уншиж судалсан хуульчийн хувьд гомдлыг минь хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан магадлал гаргаж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно” гэж хуульчлан заасан байхад шүүгч Х.Э нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон хирнээ түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй байна.

 Итгэмжлэгдсэн төлөөлөгч би үзэхдээ шүүгч нэхэмжлэлийн 5 шаардлагад дурдагдсан захиргааны 4 акт болон газрын өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 9 дүгээр шийдвэрээр Ц.Б-д газар ашиглах эрхийг олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны 298 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон энэхүү шийдвэр гаргахаас жилийн өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны 2 тоот захирамжаар Д.Б-г гэрчилгээжүүлэн газар олгосон байдаг. Энэхүү захирамж нь одоо хүртэл хүчин төгөлдөр ба энэхүү захирамжийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн захиргааны актууд гарсан байдаг. Энэ тухай ч шийдвэрийн Үндэслэх хэсэгт бичигдсэн байгаа. /Шийдвэрийн 11 дүгээр хуудасны доороос 2 дахь мөрөнд болон бусад хэсэгт тодорхой бичигдсэн байна/

Өөрөөр хэлбэл, 2005 оны 09 дугаартай шийдвэр гарснаас хойш дээрх шийдвэрээр хүчингүй болсон захирамжийг үндэслэн ямар ч захиргааны акт гараагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Нийслэлийн Засаг даргын 537 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 02, 206, 234 дүгээр захирамжууд, хүчин төгөлдөр захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 23-ны 02 дугаар захирамжийг үндэслэж улбаалан гарсан хууль ёсны захирамжууд юм. Хэргийн хариуцагч нар удаа дараагийн шүүх хурлууд дээр болоод бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбарууддаа нэхэмжлэгч Ц.Э-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж үзэж Засаг дарга нарын захирамжуудыг хамгаалдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, Д.Чад газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байтал шүүгч энэхүү нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан эсэх талаар захирамж байхгүй шийдвэрт ч дурдаагүй тодорхойгүй орхигдуулсан байна. Түүнчлэн Д.Д-ыг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0161 дугаар бүхий шийдвэртэй захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэхээргүй байна. Учир нь Ц.Э нь өөрийгөө төлөөлүүлэхээр 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.Дд 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх боловч чухам ямар хэрэгт өөрийгөө төлөөлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй, бичигдээгүй байх тул Д.Д нь энэхүү хэрэгт Ц.Э-ийг төлөөлөх эрхгүй гэж үзэж байна. /ХХ-1-35/

Харин маргааш өдөр нь буюу 2016 оны 10 дугаар сарын 26-нд Ц.Э нь Д.Э гэгчээр өөрийгөө шүүхэд төлөөлүүлэхээр 1 жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэсэн байх ба итгэмжлэлд ямар хэрэгт төлөөлүүлэхийг тодорхой бичжээ. /ХХА2-20/ Ц.Э нь Д.Э-тай 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай хийлгэж өөрийгөө шүүхэд н.Э төлөөлүүлэх итгэмжлэл байдаг. /ХХ-1-39/

Шүүгч шийдвэрийнхээ үндэслэлийг бичихийн өмнө “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна” гэж дүгнэсэн нь хууль бус юм. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарагдах 3 зүйл, заалт байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.5, 54.1.6-д заасан үндэслэл, нөхцөл байдал байхад татгалзах шүүгч “нэхэмжлэлийг хүлээн авахаас үндэслэл байхгүй байна” гэж үзэн илт нэг талыг барьсан, хууль бус шийдвэр гаргаснаар миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтойгоор хөндөгдсөнд гомдолтой байна.

 Нэхэмжлэгч Ц.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Д.Б нь газрыг 2011 оны 07 сард өмчилж авсныг 2018 оны 02 дугаар сарын 29-нд мэдээд 2018 оны 03 дугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргаад хариу ирээгүй тул шүүхэд хандлаа” гэж бичсэн байх боловч Ц.Э нь Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан нь нотлогдохгүй байх ба гомдол гаргасан юм бол 1 жил 2 сар гаран болж байхад хариу аваагүй байна гэж байх ёсгүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гомдол гаргасан талаарх тодорхойлолт лавлагааг авч шүүхэд өгөх боломжтой 398 хоног байсаар байтал Ц.Э нь нэхэмжлэлдээ бичсэн дээрх асуудлаа нотолж чадаагүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан Захиргааны ерөнхий хуулийн 92-94 зүйлд заасан журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэгжүүлэх боломжтой байсан байх тул шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй нь буруу байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалт хуульчлан бичигдсэн байдаг ба нэхэмжлэгч Ц.Э нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа юм. Ц.Э нь 2018 оны 04 дүгээр 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тэрээр 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 12 дугаар хороо Жанжны 18 дугаар гудамжны 256а, 256б тоот хашааны газрыг худалдах худалдан авах гэрээг цуцлан худалдагч талаас 3 сая төгрөгийг буцаан авч /XX-19/ нотариатаар гэрчлүүлснээр Ц.Э нь дээрх хоёр газартай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь дуусгавар болсон байна. Ц.Э худалдах худалдан авах тухай гэрээг цуцалж, Д.Д-аас өөрийн өгсөн мөнгөө эргүүлж авснаас хойш 325 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл Ц.Э шүүхэд тухайн газруудтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хууль эрх зүйн үндэслэл байхгүй байх тул шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүйд гомдолтой байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гэж заажээ.

 Ер нь энэ 7 хавтаст хэрэгт нийтдээ 49 ширхэг шийдвэр, магадлал, тогтоолд, захирамжууд байдаг ба эдгээрийн нь анхан шатны шүүхийн шийдвэр, 3 нь давж заалдах шатны шүүхийн магадлал, 4 нь хяналтын шатны шүүхийн тогтоол, 4 нь давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамж, 3 нь давж заалдах шатны шүүхийн тогтоол байх ба эдгээр 49 ширхэг эрхийн актуудыг давхардсан тоогоор нийтдээ 82 шүүгч, давхардаагүй тоогоор 38 нэр бүхий шүүгч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Жанжины 256а болон 256б тоот хашааны газрын маргаантай энэхүү хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Дашрамд дурдахад энэхүү хэрэг маргааныг хэлэлцсэн шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч Д.Батбаатар 4 дахь удаагаа, шүүгч Э.Зоригтбаатар 5 дахь удаагаа, шүүгч Н.Хонинхүү 3 дахь удаагаа оролцох гэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нөхцөлийг хангасан хуулийн хүчинтэй нийт 12 ширхэг шийдвэр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолууд байх бөгөөд долоон хавтаст хэргийн материалаас нэг бүрчлэн шүүж үзэхэд Ц.Э-ийн нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар гарсан хуулийн хүчин төгөлдөр бүхий 2 шийдвэр байна. Үүнд:

Нэг. Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар гарсан хуулийн хүчинтэй шийдвэр

1. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай шийдвэр. /ХХ-1-232-242/ Энэхүү шийдвэрээр Д.Д-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Баянзүрх дүүргийн Засаг даргын Ц.Б-д газар ашиглуулах шийдвэртэй 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг шийдсэн байна. /ХХ-1-232-242/

2. 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0012 дугаартай шийдвэр.

Энэ шийдвэрээр Ц.Э-ийн нэхэмжлэлтэй “Д.Ч-д газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаар захирамжийн Д.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэж, Ц.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /XX-1 -18-24/

Хоёр. Хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж. Үүнд: 1. 2006 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1102 дугаартай захирамж.

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй, Д.Ч-д холбогдох хэргийг шүүгч нэхэмжлэлийг Ц.Э-ийн өмнөөс өөр хүн гаргасан байх тул гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /ХХ-2-194/, /ХХА1-1-108/

Гурав. Нэхэмжлэлд заасан үйл баримт захиргааны үйл ажиллагааны талаар гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж.

1. 2010 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1094 дугаартай шүүгчийн захирамж. Ц.Э-ийн нэхэмжлэлтэй “иргэдэд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2009 оны 345 дугаар захирамжийн Д.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /ХХА1-1-22-24/

2. 2018 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 1831 тоот шүүгчийн захирамж.

Д.Д, Б.Бү нарын нэхэмжлэлтэй “Д.Б-д газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Жич: Энэ захирамж хавтаст хэрэгт байхгүй байх ба давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 253 дугаартай тогтоолоор гомдол гаргагч Д.Д, Б.Бү нарын гомдолыг хангаагүй байна. /ХХ-1-12-14/

Дөрөв. Нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж.

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8104 дугаартай захирамж. Д.Д, Д.Бү нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн 3асаг даргын нарт холбогдох, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 234 дүгээр захирамжийн Д.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2009 ны 345 дугаар захирамжийн Д.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 18649309145872 нэгж талбарын дугаартай Д.Э-ын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 18 дугаар гудамжны 256 тоотын газрыг өмчилсөн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. /ХХ.А2-2-76/

Тав. Нэхэмжлэлээр заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар гарсан хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолууд.

 1. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0602 дугаартай тогтоол. Энэ тогтоолоор 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4880 дугаартай шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6 дахь заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ц.Б-аас Д.Б-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжаар иргэн Д.Б-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 206 тоот захирамжаар газар эзэмших эрх олгосон захиргааны актын Д.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.Д, Д.Бү, Ц.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хянаад “урьд өмнө нь Ч-д холбогдуулж гаргасан захиргааны актуудтай холбоотой нэхэмжлэл гаргаж байсан бол энэ удаа Д.Б-д холбогдуулж гаргасан захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна” гэх үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн өдрийн 4880 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /ХХ-79/

2. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 253 дугаартай тогтоол. Энэ тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/Ш32018/1831 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д, Д.Бү нар Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсныг нэхэмжлэл гаргасан Д.Д, Д.Бү нарын гомдлоор авч хэлэлцээд тэдгээрийн гомдлыг хангахгүй орхижээ. /ХХ-1-12-14/

3. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0368 дугаартай тогтоол. Уг тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/Ш32018/2805 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 18 дугаар гудамжны 256А тоотод байрлах 700 м.кв газрыг 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 537 тоот захирамжаар Д.Б-д өмчлүүлсэн байх тул Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргагч Ц.Э-ийн итгэмжлэгдсэн Д.Э-ын гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд “нэхэмжлэл гаргагч Ц.Э-ийн сүүлд гаргасан нэхэмжлэл нь өмнө нь шүүхэд гаргаж хянан шийдвэрлэгдсэн нэхэмжлэлтэй хэргийн үйл баримт ямар байдлаар ижил агуулгатай гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй нь буруу байна” гэж үзээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ. /ХХ-1-46-49/

Зургаа. Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар гарсан шүүхийн тогтоол.

1. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай тогтоол. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас урьд өмнөх шийдвэрүүдийг хянуулахыг хүссэн Д.Д, Д.Бү нарын хүсэлтийг хангахаас татгалзсан. /ХХ-41-44/, /ХХ-2-5-8/

Долоо. Нэхэмжлэлд заасан үйл баримт захиргааны үйл ажиллагааны талаар гарсан Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол.

1. 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоол. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаартай магадлалтай, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Б-г нүүлгэн газар чөлөөлүүлэх тухай” Д.Д-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Д.Д, гуравдагч этгээд Ц.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцээд шийдвэр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д, гуравдагч этгээд Ц.Б нарын гомдлыг хангахгүй орхижээ.

2. 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар тогтоол. Энэ тогтоолоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 99 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ц.Э-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Э-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ./ХХ-1-29-31/

Эцэст нь бичихэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хангалттай үндэслэл байх тул хуулийн хугацаанд нь гаргасан миний давж заалдах гомдолдоо бичсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж бичсэн гомдлоо буцаан татаж байна. Учир нь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол хэргийг бүхэлд нь хянана” гэсэн зохицуулалттай. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн талаар бичсэн гомдлоо татан авч байна. 7 хавтаст хэргийн материалаас үзэхэд анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан хангалттай үндэслэлүүд байх тул хэргийг бүхэлд нь хянуулж хүмүүсийн болоод шүүгч нарын алтан цагийг алдмааргүй байгаа тул давж заалдах гомдлоо шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүйд гомдолтой, мөн шүүгч нэхэмжлэлийн 5 шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой гэж гомдлоо өөрчлөн дээрх гомдолтой байгаа 2 асуудлыг хянан хэлэлцэн гомдлыг минь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Шүүх нэхэмжлэгч Ц.Э-ийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 18 дугаар гудамжны 256 дугаар тоотод байрлах 700 м.кв газрыг 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 537 дугаар захирамжаар Д.Б-д өмчлүүлсэн байх тул Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээр  захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийн Д.Б-д газар шилжүүлсэн эзэмшүүлсэн хэсэг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар захирамжийн Д.Ч-д холбогдох хэсэг, 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 234 дүгээр захирамжийн Д.Ч-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 18649309145872 нэгж талбарын дугаартай Д.Э-ын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 18 дугаар гудамжны 256 тоот газар өмчилсөн хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино”, 25.2-т “Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна” гэж тус тус заажээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаас үзвэл дүүргийн Газрын алба нь дүүргийн Засаг даргын бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй юм.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрүүдийг эс зөвшөөрч маргасан байхад шүүх дүүргийн Засаг даргыг бус харин дүүргийн Газрын албанд холбогдуулан хэрэг үүсгэж, Газрын албыг хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хууль бус байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй эсэхийг хянаж, хэрэв хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, шаардлага, маргаан бүхий газартай холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримтуудыг бүхэлд нь авч үзэж, нэгтгэн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, эсхүл хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, хэргийн оролцогчдын газар эзэмших эрх тодорхой бус байхад шүүх тодруулж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх маргаан бүхий газрын талаар маргааныг шийдвэрлэсэн өмнөх шүүхийн шийдвэрүүдтэй уялдуулан нэхэмжлэгч Ц.Э-ийн газар эзэмших эрх хэрхэн үүсч өөрчлөгдөж, дуусгавар болсон талаар дүгнэж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх эсэхэд анхаарч, маргаан бүхий актууд хуульд нийцсэн эсэх тэдгээрийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

Тухайлбал, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Э-ийн “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Жанжны 17 дугаар гудамжны 256А тоот хашааны 300 м.кв газрыг Д.Ч-д өмчлүүлсэн хэсэг, Д.Ч-ыг газрын өмчлөгчөөр 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрхийн бүртгэлийн Г-2204042905 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000058120 дугаар гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 234 дүгээр захирамжаар Д.Б-ээс Д.Ч-д уг газрыг эзэмших эрх шилжүүлж, улмаар Д.Ч-д Нийслэлийн Засаг дарга 2009 оны 345 дугаар захирамжаар 300 м.кв газрыг өмчлүүлж, 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204012905 дугаарт бүртгэж, 000058120 дугаар гэрчилгээ олгож шийдвэрлэхдээ Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн тус шийдвэрээр “... Нийслэлийн Засаг дарга 2005 оны 537 дугаар захирамжаар Д.Д-д 700 м.кв газрыг, мөн 2006 оны 28 дугаар захирамжаар Д.Бү-т 17 дугаар гудамжны 256Б тоот хашааны 452 м.кв газрыг тус тус өмчлүүлж шийдвэрлэхдээ Д.Д урьд нь эзэмшиж байсан 300 м.кв газрыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж 700 м.кв болгож, Д.Д, Д.Бү нарт өмчлүүлсэн эдгээр газрыг Д.Б-д анх олгогдсон 300 м.кв газартай давхцуулж өмчлүүлснээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг зөрчиж бусдын эзэмшил, ашиглах эрх үүссэн газартай давхцуулсан, 2006 онд Д.Бү-т 452 м.кв газар өмчлүүлэхийн өмнө Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр шийдвэрээр Д.Д, Д.Б /Д.Ч амьдарч байгаа/ нарын эзэмшиж байгаа газрын хил хязгаарыг тогтоож орц, гарцын асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газрын албаны дарга нарт үүрэг болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийг шийдвэрийг биелүүлээгүй болох нь ... тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд Д.Ч-ын “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Жанжны 17 дугаар гудамжны 256 А тоот хашааны 300 м.кв газрыг Д.Ч-д өмчлүүлсэн хэсэг, Д.Ч-ыг газрын өмчлөгчөөр 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204012905 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000058120 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хангаж, мөн нэхэмжлэгч Ц.Э, Д.Ч нарын өмчлөх газрын давхцалыг арилгах, хил зааг, орц, гарцыг тогтоож, газар зохион байгуулалтыг хийж зөвтгөхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэгч Ц.Э хууль ёсоор газар эзэмших, өмчлөх эрхтэй эсэхийг тодруулж, маргаан бүхий захиргааны актуудын улмаас түүний газар эзэмших, өмчлөхтэй холбоотой эрх эсхүл хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, түүний нэхэмжлэлийг /шаардлага тус бүрээр авч үзэх/ шүүх хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг нягтлан шалгаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд маргаан бүхий газартай холбоотой шүүхийн шийдвэрүүд биелэгдсэн эсэх, нэхэмжлэгч Ц.Э болон түүнд газар эзэмших эрх шилжүүлсэн Д.Д, Д.Бү нар маргаан бүхий газарт газар эзэмших эрхтэй эсэхийг анхаарч нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхол маргаж буй захиргааны актын улмаас хөндөгдөж буй эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004, 2009, 2011 оны, Нийслэлийн Засаг даргын 2011 оны захирамжуудтай маргаж, 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан байхад шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг огт шийдвэрлээгүй орхигдуулж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд тус алдааг засч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0161 дүгээр шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд Д.Ч-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ