Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 250

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 07 сарын 01                             Дугаар 250                                        Баруун-Урт

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, Далангийн 5-14 тоотод  оршин суух Хөх овогт Гомбосүрэнгийн Цэндмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Цэндмаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Цэндмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Би 1980-1993 онуудад Сүхбаатар аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын хортон мэрэгчтэй тэмцэх группэд ариутгагчаар ажиллаж байсан. Тэтгэвэр тогтоолгох нас болсон боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Төрөөс ажилласан жил нөхөн тооцоход 1990-2000 оныг дуустал 10 жилийг тооцуулсан.  Иймд 1980 оны 02-р сараас 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын хортон мэрэгчтэй тэмцэх группэд ариутгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хөх овогт Гомбосүрэнгийн Цэндмаа нь 1980 оны 02-р сарын 01-ээс 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын хортон мэрэгчтэй тэмцэх группэд ариутгагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцын даргын 1990 оны 09-р сарын 13-ны өдрийн 14 тоот тушаалын хуулбар /хаврын авгалдай устгалын ажилд идвэхтэй оролцсон ХМТГруппийн ариутгагч Г.Цэндмаа нарыг 100 төгрөгөөр шагнасан тухай/, Сүхбаатар аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцын даргын 1990 оны 08-р сарын 06-ны өдрийн 11 тоот тушаалын хуулбар /АЦХССтанцын ХМТГруппын ариутгагч Г.Цэндмаад хүүхдээ асрах чөлөө олгох тухай/, Г.Цэндмаагийн 1980 оны 03-р сарын 01-ний өдөр шагнуулж байсан “Сайшаалын үнэмлэх”, 1988 оны 02-р сарын 06-ны өдөр Г.Цэндмааг Хортон мэрэгчтэй тэмцэх группээс шагнасан баярын бичиг, гэрч Ц.Гүндэгмаагийн шүүхэд өгсөн: “Би 1978 онд АУДэС-ийг их эмч мэргэжлээр төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад их эмчээр хуваарилагдан ажилласан. Тухайн үед АЦХС-ын станц 4 тасагтай байсан. Нэг тасаг нь хортон  мэрэгчтэй тэмцэх групп гэж ажиллаж байсан. Цэндмаа нь энэ группэд 1979 онд ариутгагчаар ажилд ороод удалгүй мэргэжлийн ариутгагчийн курст явж байсан. Г.Цэндмаа нь 1979-1992 он хүртэл энэ тасагтаа ариутгагчаар л ажилласан. Г.Цэндмаатай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1978-1992 он хүртэл Сүхбаатар аймгийн АЦХС-ын станцад халдвар судлагч их эмчээр, 1992-1995 онуудад Халдвартын төвийн даргаар, 1955-2015 он хүртэл Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газарт халдвар судлагч, халдварт өвчин хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 04-р сард тэтгэвэртээ гарсан гэх мэдүүлэг, гэрч Г.Цэвээнрэгзэнгийн шүүхэд өгсөн: “Намайг 1979 онд Сүхбаатар аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад лобаротарийн их эмчээр орж ажиллаад нэг жил орчим ажиллаж байхад Г.Цэндмаа нь Сүхбаатар аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын хортон мэрэгчтэй тэмцэх группэд ариутгагчаар ажиллаж байсан. Тухайн үед АЦХССтанц нь 4 тасагтай байсан. /эрүүл ахуй, хортон мэрэгчтэй тэмцэх, халдвар судлал, аж ахуй/ гэсэн тасгуудтай байсан. Ариутгагч нар бол жилдээ 2 удаа аймгийн хэмжээнд хортон мэрэгч устгах ажлыг хийдэг байсан. Г.Цэндмаа нь 10-аад жил ариутгагчаар ажилласан. 1990 онд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч Сүхбаатар аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын бүтцэнд зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байсан. Би Г.Цэндмаатай 1980-1990 онуудад хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Хөх овогт Гомбосүрэнгийн Цэндмаа нь 1980 оны 02-р сарын 01-ээс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын хортон мэрэгчтэй тэмцэх группэд ариутгагчаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Нэхэмжлэгч Г.Цэндмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хөх овогт Гомбосүрэнгийн Цэндмаа нь 1980 оны 02-р сарын 01-ээс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын хортон мэрэгчтэй тэмцэх группэд ариутгагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Нэхэмжлэгч Г.Цэндмаа нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.БОЛОРМАА