| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0020/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж овогт А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810010120798 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Ж овогт А.Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Быг сургуулийн өмнө шээлээ гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч А.Т: “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ гараад эмийн сан руу явах замд Бритиш /British/ сургуулийн гадаа гурван залуу, нэг эмэгтэй шээгээд зогсож байхаар уг үйлдлээ зогсоохыг шаардахад машин дотроос нэг залуу бууж ирээд, мөн шээж байсан гурван залуу над руу дайрч эхэлсэн. Машинаас бууж ирсэн залуу намайг заамдаж аваад газар унагаахаар нь би зөрүүлээд тэр залууг цохисон. Тэгсэн чинь бусад залуучууд нь ирээд намайг цохисон. Тэрний дараа нөгөө бүдүүн залууг дахин нэг удаа цохичихоод машиндаа суугаад зугтсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед өөрийн 58-68 УБД улсын дугаартай Тоёото Альфард загварын машинтайгаа эхнэр хүүхдийн хамт Яармаг ороод буцах замдаа машины бензин тасалдаад байхаар нь Яармагийн урд буюу Англи сургуулийн харалдаа засмал зам дээр зогсоод бензин авчруулахаар найз Батбаатарыг дуудчихсан байсан. Найзыгаа ирэх хооронд машинаас буугаад хүүхдүүдтэйгээ хамт зогсож байхад гэнэт миний урдуур хар өнгийн бенз загварын 00-68 УББ улсын дугаартай машин ирж зогсоод жолооч нь бууж ирээд “та нар манай сургуулийн үүдэнд шээх болоогүй шүү” гэхээр нь би “шээсэн хүн байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь зүүн эрүү хэсэгт гараараа 2-3 удаа, мөн зүүн чих рүү гараа цохиод чихний ар хэсэгт шарх үүсгэсэн, ам руу нь гараараа цохиод уруулын доод хэсэгт язарсан, мөн зүүн араа шүд хөдөлсөн, би зөрүүлж цохиогүй. Тэгээд тэр залуутай ноцолдож байхдаа миний дээгүүрээ өмсөж явсан саарал өнгийн босоо захтай футболкны урд хэсгийг гараараа татаж урсан..." /хх-ийн 17-19/ гэсэн,
Гэрч Ч.Нацагдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ...манай нөхөр Б, дүү Цэцэгдэмбэрэл, Баярдэмбэрэл нарын хамт ээжийнхээ газар дээр очихоор явж байхад машины бензин дуусаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх зам дээр зогсчихоод машин дуудсан байсан. ...Машинаасаа буугаад зогсож байхад хар машинтай 30 гаран насны залуу ирээд Бтай маргалдсан. Би машин дотор байсан. Тэгээд “яасан бэ” гэхэд “манай сургуулийн хашаа руу шээлээ, манай газар гэж хэлэхээр нь юун газар вэ, чи эзэмшигч нь юм уу, бичиг баримтаа гаргаад ир, бид нар замын хажууд зогсож байна, олон нийтийн зорчих хэсэг, дээрэлхүү омголон залуу вэ” гээд намайг ярьж байх хооронд нөхөр Быг тэр залуу нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгээд “боль” гээд салгах гэхэд салахгүй зууралдаж байхад Бын амнаас нь цус гарсан ба түүний өмсөж байсан цамцыг урсан..." /хх-ийн 24-25/ гэсэн,
Шүүгдэгч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны ...орой 17 цагийн үед Англи сургуулийн урдуур өнгөрч байхад ямар машинтайг нь санахгүй байна, гэр бүлийн машин байх шиг харагдсан ба нэг эмэгтэй хүн жалганд орж бие засаад гарч ирж байгаа харагдсан ба нөгөө хамт байсан эрэгтэйчүүд нь зэрэгцээд зогсоод бие засаж байхаар нь машинтайгаа очоод цонхоороо “та нар мал уу, наана чинь хүүхдүүд сурч байгаа ш дээ, та нарыг харна ойлгож байна уу” гэхэд сонсохгүй байхаар нь би машинаасаа бууж очоод дахин нөгөө шаардлагаа тавихад нэг махлаг согтуу залуу бууж ирээд “чамд ямар хамаатай юм бэ” гээд дайрах үед биеэ хамгаалаад түлхсэн ба бие биенээ түлхэлцэж байгаад барьцалдаж авсан тэр залуу намайг заамдаж байгаад үүрээд газар унагаасан ба би түүнийг эргүүлээд нэг цохисон. ...Тухайн үед намайг үүрсэн махлаг залуу намайг заамдчихаад тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах гээд 2-3 удаа цохисон..." /хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №5286 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт:1. А.Бын биед зүүн чихний дэлбээний дээр шарх, доор цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөр, цээжинд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 12/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/,
- Шүүгдэгч А.Т ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 42, 45-46, 51-55/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч А.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Быг сургуулийн өмнө шээлээ гэх шалтгаанаар маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбээний дээр шарх, доор цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөр, цээжинд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, нэг шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Бын “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ...миний урд хар өнгийн бенз загварын 00-68 УББ улсын дугаарын машин ирж зогсоод жолооч нь бууж ирээд “та нар манай сургуулийн үүдэнд шээх болоогүй шүү” гэхээр нь би “шээсэн хүн байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь зүүн эрүү хэсэгт гараараа 2-3 удаа, мөн зүүн чих рүү гараа цохиод чихний ар хэсэгт шарх үүсгэсэн, ам руу нь гараараа цохиод уруулын доод хэсэгт язарсан, мөн зүүн араа шүд хөдөлсөн, би зөрүүлж цохиогүй. Тэгээд тэр залуутай ноцолдож байхдаа миний дээгүүрээ өмсөж явсан саарал өнгийн босоо захтай футболкны урд хэсгийг гараараа татаж урсан..." /хх-ийн 17-19/ гэсэн, гэрч Ч.Нацагдэмбэрэлийн "...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ...хар машинтай 30 гаран насны залуу ирээд Бтай маргалдсан. Би машин дотор байсан. Тэгээд “яасан бэ” гэхэд “манай сургуулийн хашаа руу шээлээ, манай газар гэж хэлэхээр нь юун газар вэ, чи эзэмшигч нь юм уу, бичиг баримтаа гаргаад ир, бид нар замын хажууд зогсож байна, олон нийтийн зорчих хэсэг, дээрэлхүү омголон залуу вэ” гээд намайг ярьж байх хооронд Быг тэр залуу нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгээд “боль” гээд салгах гэхэд салахгүй зууралдаж байхад Бын амнаас нь цус гарсан ба түүний өмсөж байсан цамцыг урсан..." /хх-ийн 24-25/ гэсэн, шүүгдэгч А.Тгийн “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны ...орой 17 цагийн үед Англи сургуулийн урдуур өнгөрч байхад ямар машинтайг нь санахгүй байна, гэр бүлийн машин байх шиг харагдсан, нэг эмэгтэй хүн жалганд орж бие засаад гарч ирж байгаа харагдсан, нөгөө хамт байсан эрэгтэйчүүд нь зэрэгцээд зогсоод бие засаж байхаар нь машинтайгаа очоод цонхоороо “та нар мал уу, наана чинь хүүхдүүд сурч байгаа ш дээ, та нарыг харна, ойлгож байна уу” гэхэд сонсохгүй байхаар нь би машинаасаа бууж очоод дахин нөгөө шаардлагаа тавихад нэг махлаг согтуу залуу бууж ирээд “чамд ямар хамаатай юм бэ” гээд дайрах үед биеэ хамгаалаад түлхсэн ба бие биенээ түлхэлцэж байгаад барьцалдаж авсан, тэр залуу намайг заамдаж байгаад үүрээд газар унагаасан ба би түүнийг эргүүлээд нэг цохисон. ...Тухайн үед намайг үүрсэн махлаг залуу намайг заамдчихаад тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах гээд 2-3 удаа цохисон..." /хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №5286 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.Бын биед зүүн чихний дэлбээний дээр шарх, доор цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөр, цээжинд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Бын биед зүүн чихний дэлбээний дээр шарх, доор цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөр, цээжинд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, нэг шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн хохиролгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, шүүгдэгчийн ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Тд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон арга хэмжээнүүдийг давхардуулан авсан /хх-ийн 71/ бөгөөд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх шаардлагагүй тул хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810010120798 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Т-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Т-д торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810010120798 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээг гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР