Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01456

 

 

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01456

 

  Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2023/02108 дугаар шийдвэртэй,

Б.С-ийннэхэмжлэлтэй

Н-т холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/01924 дугаартай захирамжаар Т ХХК болон Ч.Л нараас 330,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 904,000 төгрөг тус тус гаргуулж Б.С-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул Н-т албадан биелүүлэх ажиллагаа явагдсан. Гэтэл Н-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д, 133 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Н.Ө нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 22-10/853 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон байна.

1.1. 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 22-10/853 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.З дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь ойлгомжгүй, хууль бус байна. Өөрөөр хэлбэл, уг тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглээгүй.

1.2. Миний бие 2022 оны 04 сарын 19-ний өдөр Н.Х-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч намайг төлөөлөх итгэмжлэлийг олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу итгэмжлэлээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33, 36, 37 дугаар зүйлд заасан бүх эрхийг Н.Х-д олгоогүй. Тодорхой төрлийн эрхийг нэрлэн зааж итгэмжлэлдээ тусгасан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болсон нөхцөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах эрхийг олгосон. Гэтэл 226,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х-гийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус байна.

Төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийн үнийн дүнг 50 хувиар багасгаж, багасгасан төлбөрөө аваагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болж байгаа тухай надад мэдэгдээгүй. Энэ талаар төлбөр авагчаас тодруулсан тэмдэглэл, эрх үүрэг тайлбарласан баримт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгаажуулсан хуудас байхгүй, энэ ажиллагааг хийгээгүй.

1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Т ХХК болон Ч.Л нарт холбогдуулан явагдаж байсан. Б.С миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нь 2022 оны 08 сарын 24-ний өдөр 22-23 дугаартай Харилцан тохиролцсон гэрээ-г зөвхөн нэг төлбөр төлөгч болох Т ХХК-тай байгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгажээ. Төлбөр төлөгч Ч.Л нь Төмөр тэнгэр ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд өөртөө ногдох төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж, зөвхөн компаниараа "Харилцан тохиролцсон гэрээ-г байгуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ч.Л-ын эд хөрөнгөнүүд битүүмжлэгдсэн байсан юм. Уг Харилцан тохиролцсон гэрээ-г байгуулах үед төлбөр авагчийн төлбөр төлөгч Т ХХК болон Ч.Л нараас авах төлбөрийн үлдэгдэл 226,000,000 төгрөг байсан. Гэтэл харилцан тохиролцсон гэрээний 2.2-т төлбөрийн үлдэгдлийг нийт төлбөрийн 50 хувь буюу 113,000,000 төгрөгөөр тогтоон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, гэрээний 2.2.1-т 113,000,000 төгрөгийг 2022 оны 11 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар төлбөр авагчид мэдэгдэлгүй тохиролцжээ. Энэхүү гэрээ хийгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 113,000,000 төгрөгийг төлбөр төлөгч нар төлөөгүй. Өөрөөр хэлбэл, харилцан тохиролцсон гэрээ нь бодитоор биелэгдэж төлбөр төлөгдөөгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.

Дээрх хууль зөрчсөн үйлдлийн талаарх гомдлоо Н, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.О, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа О.А нарт гаргаж урьдчилан шийдвэрлүүлсэн. Н болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 03/2899 тоот, 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 2-983 тоот, 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 03/2976 тоот, 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 03/157 тоот хариуг өгсөн. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 22-10/853 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 1924 дугаар захирамжаар төлбөр төлөгч Т ХХК, болон Ч.Л нараас 330,000,000 төгрөгийг гаргуулж Б.Сүрэндоржид олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 19271661 дугаараар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х-д олгосон эрхийн дагуу хүсэлт ирүүлснийг үндэслэн холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг үндэслэн дуусгавар болгож байгааг талуудад танилцуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин гомдол санал гаргах эрхгүйг тайлбарлан өгч тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг үндэслэсэн нь техникийн алдаа боловч талууд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг мэдэж байсан. Талууд 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 22-23 дугаартай харилцан тохиролцсон гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Талуудын гаргасан гэрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд талуудын хүсэл сонирхлын дагуу гаргасан гэрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар оролцох шаардлагагүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 38.5.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн Н-т холбогдуулан гаргасан 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Б.С нь 2022 оны 04 сарын 19-ний өдөр Н.Х-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийг төлөөлөх итгэмжлэлийг олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу итгэмжлэлээрээ мөн хуулийн 33, 36, 37 дугаар зүйлд заасан бүх эрхийг Н.Х-д олгоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болсон нөхцөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах... эвлэрэх эрхийг олгосон. Гэтэл 226,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х-гийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус. Төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийн дүнг 50 хувиар багасгаж, багасгасан төлбөрөө аваагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь дуусгавар болж байгаа тухай надад мэдэгдээгүй, энэ талаар тодруулсан тэмдэглэл, эрх, үүрэг тайлбарласан баримт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгаажуулсан хуудас байхгүй. Энэ ажиллагааг хийгээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Т ХХК болон Ч.Л нарт холбогдуулан явагдаж байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х 2022 оны 08 сарын 24-ний өдөр Харилцан тохиролцсон гэрээ-г нэг төлбөр төлөгч Т ХХК-тай байгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан. Төлбөр төлөгч Ч.Л нь Т ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд өөрт ногдох төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж, компаниараа Харилцан тохиролцсон гэрээ-г байгуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ч.Л-ын эд хөрөнгөнүүд битүүмжлэгдсэн. Харилцан тохиролцох гэрээ байгуулах үед төлбөр төлөгч нараас 226,000,000 төгрөг авах байсан. Гэтэл уг гэрээгээр үлдэгдэл төлбөрийн 50 хувь буюу 113,000,000 төгрөгийг 2022 оны 03 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар төлбөр авагчид мэдэгдэлгүй тохиролцжээ. Үүнээс хойш гэрээгээр тохиролцсон 113,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг төлбөр төлөгч нар төлөөгүй. Өөрөөр хэлбэл, харилцан тохиролцсон гэрээ биелэгдэж төлбөр төлөгдөөгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.

4.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг үндэслэж гаргасан нь ойлгомжгүй, хууль бус байна. Өөрөөр хэлбэл, уг тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглээгүй. Шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх заалтыг баримталж гаргасан тогтоолыг талууд тогтоолын агуулгыг бүрэн ойлгосон гэх үндэслэлээр зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэгч нарын хууль бус үйлдлийн улмаас нэг ч төгрөгийн төлбөрийг хүлээн аваагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдаж Б.С-д 226,000,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 15 цаг 33 минутад Б.С нь Н.Х-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санал, хүсэлт гаргах эрхтэй итгэмжлэл олгосон. Н.Х Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах хүсэлт гаргасан тул хууль сануулж, гарын үсэг зуруулан, тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан. Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Л-аас тухайн хүсэлтийг авсан. Тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн тогтоол техникийн алдаатай гарсан боловч талуудад энэ талаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн. 2022 оны 08 сарын 24-ний өдөр 22-23 дугаартай харилцан тохиролцсон гэрээнд заасан биелэлтэд шийдвэр гүйцэтгэх байгууллага хамааралгүй гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 2. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу дуусгавар болсон гэж маргажээ.

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/01924 дугаар захирамжаар хариуцагч Т ХХК болон Ч.Л нар нь зээлийн гэрээний үүрэгт 330,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.С-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 4. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад буюу 2022 оны 08 сарын 24-ний өдөр харилцан тохиролцсон гэрээ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, төлбөр төлөгч Т ХХК-ийг төлөөлж Ч.Л нарын хооронд байгуулагдсан байна. Харилцан тохиролцсон гэрээний 2.2.1-т 2022 оны 09 сарын 15-ны дотор 60,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд НШШГГ-т байгаа хэргийн материалыг хаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, үлдэгдэл төлбөрийг 2022 оны 11 сарын 15-ны дотор 55,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэж заасан байгаагаас дүгнэвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох урьдчилсан нөхцөл нь 60,000,000 төгрөг төлөгдсөн байх байжээ. Иймд энэ нөхцөл биелэгдсэн эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, 60,000,000 төгрөг төлөгдсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тохиролцоотой байхад уг үйл баримтыг анхан шатны шүүх тодруулах ажиллагаа хийгээгүй байна.

4.1. Түүнчлэн төлбөр төлөгч нь Т ХХК болон иргэн Т.Л нар байх бөгөөд талуудын эвлэрсэн гэрээг Т ХХК-ийг төлөөлж захирал Т.Л байгуулжээ. Энэ тохиолдолд төлбөр авагч нь төлбөр төлөгч иргэн Т.Л-аас төлбөр авахаас татгалзсан эсэхийг тодруулах учиртай. Иймд энэ шийдвэр нь гуравдагч этгээд Т.Л-ын эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай юм.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2023/02108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН