| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0026/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 36
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810024420761 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Р.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 16-ны хооронд Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Буянт-Ухаа 19-668а тоотод оршин суух иргэн Т.Өын өвлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 50 шуудай хэвэг хулгайлж, бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Р.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Т.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сард “Энхжин” худалдааны төвөөс өвлийн малын тэжээл болох 132 шуудай хэвэг аваад, гэртээ буулгасан. Манай хүү Уугандалай 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 16-ны хооронд гэртээ ирэхгүй дадлага хийгээд хотын төвд ахындаа байсан. Уугандалай “гэртээ ирэхэд том өрөөний цонх онгорхой байхаар нь гайхаад, хивгээ тоолоод үзэхэд 50 шуудай дутсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд манай хашаанд буусан Энхээгийн нөхөр Б авсан байна, цагдаа нар илрүүллээ гэж хэлсэн...” /хх-ийн 11/ гэсэн,
Гэрч П.Уугандалай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 16-ны хооронд дадлага хийгээд, хотын төвд ахындаа хонож байсан. Гэртээ 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, мөн 16-ны өдрүүдэд ирсэн. Анх ирэхэд бага зэрэг алдагдсан байсан. Тухайн үед дадлага хийгээд завгүй байсан болохоор нэг их анхаарал хандуулж чадаагүй. 10 дугаар сарын 16-ны өдөр ирэхэд дахин алдагдсан байсан болохоор 132 шуудай байх ёстой гэж бодоод тоолоход 50 шуудай дутуу байсан...” /хх-ийн 14/ гэсэн,
Гэрч Р.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчим би ажил дээрээ байхад Б гэх зүс таних хүн хоёр шуудай хэвэг усны тэрэг дээр тавьчихсан “зарна” гээд явж байхаар нь “хэдээр зарах юм бэ” гэж асуухад нэг шуудай нь 7500 төгрөг гэхээр нь хоёр шуудайг 15000 төгрөгөөр авсан. Би хөдөө малтай учраас худалдаж авсан хэвгийг өгөөд явуулчихсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй, дандаа тэр хавиар явж л байдаг зүс танидаг хүн байхаар нь бодолгүй авчихсан...” /хх-ийн 18/ гэсэн,
Шүүгдэгч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сараас эхлэн би хөрш айлынхаа байшингийн хагархай цонхоор гараа оруулаад хоёр шуудай хэвэг буюу малын тэжээл аваад, усны тэргэн дээр тавиад, Нисэхийн эцэс орчим явж байгаад танихгүй хүмүүст нэг шуудайг нь 6000 төгрөгөөр зарсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа байшингийн хагархай цонхоор дотогшоо ороод авсан. Миний тооцоогоор 30-40 ширхэг болсон байх. Гэхдээ авах болгондоо тоолоогүй болохоор яг хэд болсоныг мэдэхгүй байна. Бага багаар аваад, Нисэхийн эцэс дээр очиж зардаг байсан...” /хх-ийн 37-38/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 3/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22/,
- Шүүгдэгч Р.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 41-42/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Р.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 16-ны хооронд Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Буян-Ухаа 19-668а тоотод суух иргэн Т.Өын өвлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 50 шуудай хэвэг хулгайлж, бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Өын “...Уугандалай “гэртээ ирэхэд том өрөөний цонх онгорхой байхаар нь гайхаад, хивэгээ тоолоод үзэхэд 50 шуудай дутсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд манай хашаанд буусан Энхээгийн нөхөр Б авсан байна цагдаа нар илрүүллээ гэж хэлсэн...” /хх-ийн 11/ гэсэн, гэрч П.Уугандалайгийн “...2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 16-ны хооронд дадлага хийгээд, хотын төвд ахындаа хонож байсан. Гэртээ 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, мөн 16-ны өдрүүдэд ирсэн. Анх ирэхэд бага зэрэг алдагдсан байсан. Тухайн үед дадлага хийгээд завгүй байсан болохоор нэг их анхаарал хандуулж чадаагүй. 10 дугаар сарын 16-ны өдөр ирэхэд дахин алдагдсан байсан болохоор 132 шуудай байх ёстой гэж бодоод тоолоход 50 шуудай дутуу байсан...” /хх-ийн 14/ гэсэн, гэрч Р.Пүрэвдоржийн “…2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчим намайг ажил дээрээ байхад Б гэх зүс таних хүн хоёр шуудай хэвэг усны тэргэн дээр тавьчихсан “зарна” гээд явж байхаар нь хоёр шуудай хэвэг 15,000 төгрөгөөр авсан...” /хх-ийн 18/ гэсэн, шүүгдэгч Р.Бын “...Би 2018 оны 10 дугаар сараас эхлэн хөрш айлынхаа байшингийн хагархай цонхоор гараа оруулаад хоёр шуудай хэвэг буюу малын тэжээл аваад, усны тэргэн дээр тавиад, Нисэхийн эцэс орчим явж байгаад танихгүй хүмүүст нэг шуудайг нь 6000 төгрөгөөр зарсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа байшингийн хагархай цонхоор дотогшоо ороод авсан. Миний тооцоогоор 30-40 ширхэг болсон байх. Гэхдээ авах болгондоо тоолоогүй болохоор яг хэд болсоныг мэдэхгүй байна. Бага багаар аваад, Нисэхийн эцэс дээр очиж зардаг байсан...” /хх-ийн 37-38/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Р.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Өын эд хөрөнгөд 450,000 төгрөгийг хохирол учирсан, шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Р.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн насны байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг багасгаж оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр шүүхийн шатнаас буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бын цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810024420761 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Р.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.Б-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-т оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ын цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1810024420761 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР