| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0601/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Б.Соёлмаа, орчуулагч Д.Болортунгалаг, хохирогч М.С, түүний өмгөөлөгч А.Одончимэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810013990778 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, чөлөөт уран бүлээлч, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 12 дугаар байрны гадна унаж явсан машин дотор М.Стэй хувийн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг маажиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн хацар, хамрын угалз, эрүү, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацар, дээд уруул, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч М.С: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бид гэр бүлээрээ хөдөө гараад би ажилтай болохоор үдээс хойш 15 цагийн үед хотод ирсэн. Тэгэхэд Б.Н манай гэрийн гадаа машинтайгаа ирээд зогсож байсан ба надад “танай нөхөр намайг дуудсан” гэхээр нь би нөхрөөсөө асуухад би дуудаагүй, сая гадаа сигналдаад үлдсэн гэсэн. Манай нөхөр бид хоёр 20 минут орчим хоорондоо маргалдаад “учрыг нь олъё” гээд гадаа гарахад Б.Н хүлээж байсан. Тэгээд машинд нь суугаад дахин маргалдахад шүүгдэгч миний нүүрэнд хүрсэн. Б.Н 2017 оны 6 дугаар сарын хавьцаа над руу ярьсан. Би тухайн өдөр бүх нийтийн амралтын өдөр байсныг мартаад хөдөөнөөс гэртээ харьж явсан. Тэгээд дуудлага ирэхээр нь авахад “чи С үү” гэхээр нь “тийм” гэхэд “чи аятайхан байгаарай, амьдралд битгий гай болоод байгаарай. Болохгүй бол алаад хаяна шүү” гээд тасалсан. Тэгээд би дэлгүүрт ороход дахиад над руу дугаараа нууцлаж байгаад залгахаар нь би авахад дахин тийм зүйл хэлсэн. Тэгээд гэртээ хариад нөхөртөө хэлэхэд битгий тоо гээд асуудал болголгүй хаясан юм. Тэрнээс хойш дугаараа нууцлаад байнга залгадаг байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нөхөр чинь ирээд явлаа, чи хань нь болоод би хайр нь болоод явъя гэсэн. Шүүгдэгч нь Э.Энхбаярыг өмнө нь өвөр монгол хүнтэй суугаад салсан гэж мэдүүлсэн байсан нь худал. Бид хоёр 3 хүүхэдтэй гэдгийг мэдэж байсан ба санаатайгаар гэр бүл салгасан. Би шүүгдэгчээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Н: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нөхөр бид хоёр хөдөө байхад надад гэнэт хүнтэй уулзах ажил гараад би түрүүлээд гэртээ ирсэн. Намайг гэртээ ирээд хоёр цаг орчим болоход нөхөр хөдөөнөөс ирсэн. Тэгээд би нөхрийг гэртээ ирэхээр нь ажлаа амжуулах гээд гэрээсээ гараад байрны гадаа явж байхад улаан өнгийн суудлын Ниссан тида маркийн машин дотроос Н гэж эмэгтэй машиныхаа цонхыг онгойлгоод “танай нөхөр чинь намайг дуудсан, би түүнтэй уулзах гэж ирлээ” гээд “би түүнийг хүлээгээд сууж байна, одоо гараад ирнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “тэгвэл би өөрийн чинь яриад байгаа зүйлийг нөхрөөсөө асууя” гэж хэлээд гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгээд гэртээ ороод нөхрөөсөө асуухад “үгүй, би дуудаагүй, намайг ирэхэд байрны доор машинтайгаа байсан, над руу зөндөө чанга сигналдсан, би тоогоогүй гэртээ орж ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэйгөө гэртээ маргалдаж байгаад Нтой уулзахаар гэрээсээ гарсан. Тэгээд би нөхөртэйгөө хамт Нын машин дотор байхад ам зөрсөн, тэр над руу дайраад миний нүүр, хүзүү хэсэг рүү гараараа маажсан...” /хх-ийн 30-31/ гэсэн,
Гэрч Э.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ...би хөдөөнөөс ирэхэд манай эхнэр гэрт байсан. Н надаас юм авахаар гэрийн ойролцоо ирсэн байхыг эхнэр С харчихсан байсан. Тэгээд намайг “цуг очоод уулзья” гээд бид хоёр гэрээсээ гараад Нын машинд орж ар талын суудал дээр суусан. С, Ныг “манай нөхөртэй уулзах гэж гэрийн үүдэнд ирлээ” гэж загнасан. С Ныг өшиглөх шиг болсон, тэр үед Ныг цохисон үгүйг хараагүй би утсаа оролдоод байж байсан. Зөрүүлээд Н манай эхнэрийг цохих шиг болсон тэгэхээр нь болиулж, эхнэрээ авч гараад машиндаа суугаад явсан..." /хх-ийн 35/ гэсэн,
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би Тэрэлжид зураг авалттай явж байхад Сийн нөхөр Энхбаяр над руу “19 дүгээр хорооллын үйлчилгээний урд талын байрныхаа гадаа хүрээд ирээч” гэж утсаар залгаад байхаар нь би 16 цагийн үед байрных нь гадаа машинтайгаа ирэхэд С байрныхаа гадаа машинтайгаа зогсож байсан. Намайг хараад гэр рүүгээ ороод нөхөр Энхбаяртайгаа хамт гарч ирсэн. Тэгээд хоёулаа миний машины хойд сандал дээр орж ирж суусан. С “миний мэдээгүй зөндөө юм байсан байна” гээд нөхрийнхөө нүүр рүү цохисон чинь Энхбаяр юу ч дуугаралгүй машинаас буусан. Тэгэхэд С миний хойд талд сууж байснаа хаалгаа онгойлгоод миний зүүн тохой руу хөлөөрөө хойноос тийрэхээр нь би эргэж хараад нүүр рүү нь түлхсэн чинь машинаас буугаад гадаа гараад намайг “янхан” гэх зэргээр хашгирч байгаад машиндаа суугаад явахаар нь би бас машиндаа суугаад явсан...” /хх-ийн 34/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7052 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Сийн биед тархи доргилт, баруун, зүүн хацар, хамрын угалз, эрүү, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацар, дээд уруул, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 38/ гэсэн дүгнэлт,
байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 49, 62-68, 78 / зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Н-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны гадна унаж явсан машин дотор М.Стэй хувийн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг маажиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн хацар, хамрын угалз, эрүү, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацар, дээд уруул, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч М.Сийн “...Намайг гэрээсээ гараад явж байхад улаан өнгийн суудлын Ниссан тида маркийн машин дотроос Н гэж эмэгтэй машиныхаа цонхыг онгойлгоод “танай нөхөр чинь намайг дуудсан, би түүнтэй уулзах гэж ирлээ, одоо гараад ирнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “нөхрөөсөө асууя” гэж хэлээд гэр рүүгээ орж, нөхрөөсөө асуухад “үгүй, би дуудаагүй, намайг ирэхэд байрны доор машинтайгаа байсан, над руу машинаараа зөндөө чанга сигналдсан, би тоогоогүй гэртээ орж ирсэн” гэсэн. Тэгээд нөхөртэйгөө маргалдаж байгаад Нтой уулзахаар гэрээсээ гарсан. Тэгээд Нын машин дотор байхад бид маргалдаад над руу дайраад миний нүүр, хүзүү хэсэг рүү гараараа маажсан...” /хх-ийн 30-31/ гэсэн, гэрч Э.Энхбаярын “...Н надаас юм авахаар гэрийн ойролцоо ирсэн байхыг эхнэр С харчихсан байсан. Тэгээд намайг “цуг очоод уулзья” гээд бид хоёр гэрээсээ гараад Нын машинд орж арын суудал дээр суусан. С, Ныг “манай нөхөртэй уулзах гэж гэрийн үүдэнд ирлээ” гэж загнасан. С Ныг өшиглөх шиг болсон тэр үед зөрүүлээд Н манай эхнэрийг цохих шиг болсон. Тэгэхээр нь тэр хоёрыг салгаад эхнэрээ авч гарсан..." /хх-ийн 35/ гэсэн, шүүгдэгч Б.Нын “...С миний хойд тал сууж байснаа хаалгаа онгойлгоод миний зүүн тохой руу хөлөөрөө хойноос тийрэхээр нь би эргэж хараад нүүр рүү нь түлхсэн чинь машинаас буугаад гадаа гараад намайг “янхан” гэх зэргээр хашгирч байгаад машиндаа суугаад явсан....” /хх-ийн 34/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №7052 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Сийн биед тархи доргилт, баруун, зүүн хацар, хамрын угалз, эрүү, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацар, дээд уруул, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 38/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Сийн биед тархи доргилт, баруун, зүүн хацар, хамрын угалз, эрүү, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацар, дээд уруул, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний ар гэрийн нөхцөл, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810013990778 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа: “...Миний үйлчлүүлэгч нь хохирогчийн биед нэг л удаа хүрсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар мэдүүлснээс үзэхэд хохирогчийн биед учирсан тэр гэмтлүүдийг шүүгдэгч Б.Н учруулсан гэж үзэхгүй, эргэлзээ төрж байх тул түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Би урлагын хүн учир гарынхаа хумсыг байнга урт ургуулдаг, хэрэг болох цаг хугацаанд миний хумс урт, ирмэгтэй байсан...” гэснээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчийн биед нэг удаа хүрч маажсан, ингэж хүрч маажихдаа үргэлжилсэн нэг удаагийн үйлдлээр дээрх гэмтлүүдийг учруулсан гэж шүүх дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Н-од оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810013990778 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР