Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 134/ШШ2016/00097

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Л нэхэмжлэлтэй Б.Ц холбогдох эмчилгээний зардал болох 5 800 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1 640 000 төгрөг, нийт 7 440 000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Б ХХК-д ажилладаг бөгөөд тус байгууллагад хамт ажилладаг Б.Ц гэх залуу 2016.04.28-ны оройн 21 цагийн үед багахан маргааны улмаас миний баруун чихний доод омог хэсгийг хазаж тасалан хүндэвтэр гэмтэл учруулсан. Үүний улмаас би сэтгэл санаа, бие махбодь, гоо сайхнаараа гүн хохирол амсаж үүний хор уршигаар 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш одоог хүртэл ажлаасаа түр чөлөөлөгдсөн байгаа. Миний баруун чихний доод омгийг “ЭМЖЖ” ХХК-ийн чих хамар хоолойн эмнэлэгт 2 удаагийн мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул эмчилгээний зардал болох 5 800 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сар 20 хоногийн цалин 1 640 000 төгрөг, нийт 7 440 000 төгрөгийг Б.Ц-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгч Л.Лшүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд Б.Цо холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд анхны нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардал болох 5 800 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1 640 000 төгрөг, нийт 7 440 000 төгрөгөө багасгаж, эмчилгээний зардал 5 800 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 630 000 төгрөг, нийт 6 430 000 төгрөгийг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Ц нь надад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эмчилгээний зардал 5 800 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 630 000 төгрөг, нийт 6 430 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Өөр ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

Зохигчид хоорондоо: ... Нэхэмжлэгч нь анхны нэхэмжлэлийн шаардлага болох 7 440 000 төгрөгийг багасгаж, эмчилгээний зардал 5 800 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 630 000 төгрөг, нийт 6 430 000 төгрөгийг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Ц нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Л.Л-д төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож,  хоорондоо эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

     

            Нэхэмжлэгч Л.Л нь Б.Цо холбогдуулан эмчилгээний зардал болох 5 800 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сар 20 хоногийн цалин 1 640 000 төгрөг, нийт 7 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хариу тайлбартай танилцан, анхны нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, эмчилгээний зардал 5 800 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 630 000 төгрөг, нийт 6 430 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б нь хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Л.Л төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй тул хуульд зааснаар зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 58 915 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Л нь анхны нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, эмчилгээний зардал 5 800 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 630 000 төгрөг, нийт 6 430 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Ц нь хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Л төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид хоорондоо эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 58 915 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

           3.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

          4.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.НАРАНЧИМЭГ