Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01479

 

 

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01479

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/02148 дугаар шийдвэртэй, Д.Г-ын нэхэмжлэлтэй Г.Н-д холбогдох 5*-4* У** улсын дугаартай Т маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, автомашины өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.И, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Г.Н-гийн хүсэлтээр С ломбардаас Г.Н-гийн зээлсэн 8,278,428 төгрөгийн зээлийг төлж, ломбардны барьцаанд байсан 5*-4* У** улсын дугаартай Т автомашиныг чөлөөлж өгсөн. Г.Н нь Монгол банкны найдваргүй зээлдэгчийн санд нэр нь бүртгэлтэй тул түүнд банк болон ББСБ-аас зээл гарах боломжгүй байгаа тул дээрх автомашиныг миний дүү Д.Г-ын нэр дээр шилжүүлж, Т ХХК-аас 2022 оны 03 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлж, Г.Н-д өгсөн. Уг мөнгөнөөс С ломбардын зээл чөлөөлсөн 8,278,428 төгрөгийг суутгаж, Г.Н-гийн Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар 2 талын онгоцны тийз 3,577,800 төгрөг, чиглэлийн өдөр сольсон төлбөр 186,400 төгрөг төлж, бэлнээр 6,000,000 төгрөгийг Г.Н-д өгсөн. Т ХХК-д 2022 оны 4 сарын 20-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 2,481,678.17 төгрөгөөр төлсөн буюу 25,000,000 төгрөгийн үндсэн зээлийг хүүгийн хамт 29,780,000 төгрөгийг би төлж дуусгасан тул дүү Д.Гаас 5*-4* У** улсын дугаартай автомашиныг шилжүүлэн авсан. Уг 5*-4* У** улсын дугаартай Т автомашиныг өнөөдрийг хүртэл Г.Н эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд удаа дараа төлбөраа төлөх талаар сануулсан боловч өнөөдрийг хүртэл Г.Н төлөлт хийгээгүй.

Иймд Г.Н-гийн хууль бус эзэмшлээс 5*-4* У** улсын дугаартай Т автомашиныг гаргуулж, надад олгож өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д.Г нь надаас манай ахад таньдаг хүн байгаа машинаа БСББ-д өндөр үнээр зээлийн барьцаанд тавьж, зээлээрээ Турк явж хохирлоо олж авъя гэсний дагуу миний бие Д.Г-ын нэр дээр автомашины өмчлөх эрхийг түр шилжүүлж, Д.Г, Д.Г нар нь Т-аас 25,000,000 төгрөгийн зээл авч, уг мөнгөөр Г.Н миний бие Турк улс руу явахад шаардлагатай зардлыг хийсэн. Бидний хооронд автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх талаар ямар нэг гэрээ бичгээр байгуулаагүй, би зөвхөн зээлийн барьцаанд тавихын тулд Д.Г-ын хамт Авто тээврийн үндэсний төв орж нэр шилжүүлсэн. Зээлийн төлбөр дууссан даруй миний нэр дээр буцаан шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд бидний хэн аль нь худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, уг машиныг миний бие өнөөдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж байна. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигчээс эд хөрөнгийг шаардаж болохгүй гэж заасан байна.

Автомашиныг худалдах, зээлийн төлбөрт тооцох талаар гэрээ хийгээгүй. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Г, түүний төрсөн дүү Д.Г бид харилцан тохиролцож Турк улсаас жимс оруулж ирэн Барс худалдааны төвд худалдан борлуулах талаар хамтран ажиллаж байсан бөгөөд оруулж ирсэн жимс нь ачиж явсан машин эвдэрснээс болж замдаа муудаж ялзарсан тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас уг жимсийг устгалд оруулсан. Энэ асуудлаар Турк улсаас тээвэр хийсэн байгууллагатай уулзах, өмгөөлөгч авах, Турк улсын даатгалын байгууллагатай уулзах зэрэг асуудлаар явахад зайлшгүй мөнгөний шаардлага гарсан тул Д.Г нь надаас манай ахад таньдаг хүн байгаа машинаа БСББ-аас өндөр үнээр зээлийн барьцаанд тавьж, зээлээрээ Турк явж хохирлоо олж авъя гэсний дагуу миний бие Д.Г-ын нэр дээр автомашины өмчлөх эрхийг түр шилжүүлж, Д.Г, Д.Г-д нар нь Т ХХК-аас 25,000,000 төгрөгийн зээл авч, уг мөнгөөр Г.Н миний бие Турк улс руу явахад шаардлагатай зардлыг хийсэн. Бидний хооронд автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх талаар ямар нэг гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд миний бие зөвхөн зээлийн барьцаанд тавихын тулд Д.Г-ын хамт Авто тээврийн үндэсний төв орж нэр шилжүүлсэн. Зээлийн төлбөр дууссан даруй миний нэр дээр буцаан шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд бидний хэн аль нь худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, уг машиныг миний бие өнөөдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж байна.

Иймд 5*-4* У** улсын дугаартай Т автомашины өмчлөгчөөр Г.Н намайг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг Д.Г-д даалгаж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.Нгийн хүсэлтээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр С ломбарднаас Г.Н-гийн зээлсэн 8,278,428 төгрөгийн зээлийг төлж, 5*-4* У** улсын дугаартай, Тоёото альфард маркийн автомашины барьцааны зээлийг чөлөөлсөн бөгөөд би хөдөө явж байсан тул дүү Д.Г-ын нэр дээр автомашиныг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээний нөхцөлтэйгээр 8,278,428 төгрөгийг төлөх хүртэл өмчлөлийг шилжүүлсэн.

Г.Нгийн мөнгө хэрэгтэй байна, зээл гаргаад өгөөч гэсний дагуу Т ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ-г иргэн Д.Г байгуулж, Т ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ББЗ-22/11 тоот зээлийн гэрээгээр би 25,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 2,8 хувийн хүүтэй зээлж, Г.Н-д өгсөн. С ломбарднаас Г.Н-гийн автомашины барьцаа зээлийн чөлөөлсөн төлбөр 8,278,428 төгрөг, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар 2 талын тийзийн төлбөр 3,577,800 төгрөг, чиглэлийн өдөр сольсон төлбөр 186,400 төгрөг, бэлнээр 6,000,000 төгрөг Г.Н-д өгсөн.

Өнөөдрийг хүртэл 25,000,000 төгрөгийн үндсэн зээл, хүүгийн төлбөрт 29,780,000 төгрөгийг иргэн Д.Г төлж дуусгасан тул Д.Г-ын нэр өмчлөлд шилжсэн Т маркийн автомашиныг Г.Н эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд удаа дараа дээрх төлбөр төлөхийг сануулсан боловч төлөлт хийгээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Н-гийн хууль бус эзэмшлээс 5*-4* У** улсын дугаартай, Т автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Н-г 5*-4* У** улсын дугаартай, Т автомашины өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийг Г.Н-д шилжүүлэхийг нэхэмжлэгч Д.Г-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,850 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 236,650 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 142,550 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

6.1. Хариуцагч Г.Н-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах агуулга тодорхойлогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй шаардлагыг хамаатуулан шийдвэрлэсэн байна.

6.2. Хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн захирамжаар Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн нотлох лавлагаагаар

5*-4* У** улсын дугаартай Т автомашины өмчлөгч нар нь Г.Н-гийн өмчлөлөөс гараад 2 жил гарангийн хугацаанд удаа дараа солигдсон байхад шүүх бусад өмчлөгч байсан "Т" ХХК, "Т ХХК-аас мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн захирамжаар нотлох баримтаар хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээгүй. Бусад өмчлөгч байсан этгээдүүдийн өмчлөл, гэрээ хэлцэл нь хууль ёсны байсан эсэхийг дүгнэлгүй, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь Иргэний хуулийн үндсэн зарчим болох шударга ёсны зарчимд харш юм.

Мөн 5*-4* У** улсын дугаартай Т автомашины хууль ёсны өмчлөгч Д.Г-ын нэр дээр Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй холбоотой асуудал маргааныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдэрлэсний дараа автомашины хууль бус эзэмшил болон гэрээ хүчин төгөлдөр бус байсан эсэхийг иргэний шүүх шийдэх байтал анхан шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлэн маргаан бүхий автомашины хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй Д.Г-ын хууль ёсны өмчлөх эрхэнд ноцтойгоор халдаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан.

Маргаан бүхий автомашины сүүлийн өмчлөгч байсан Т ХХК-ийн 2023 оны 03 сарын 22-ны дугаар 23А/72 албан тоотоор Автотээврийн үндэсний төвд автомашины гэрчилгээг гээгдүүлсэн тул дахин олгож өгөхийг хүссэн хүсэлт болон холбогдох бусад баримтуудыг бүрдүүлж өгснийг үндэслэн 5*-4* У** улсын дугаартай Т автомашины өмчлөгчөөр Д.Ганболд бүртгэгдэж өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1, 168.3-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн болохыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө тодорхой дурдсан. Талууд фидуцийн гэрээ байгуулсан буюу Иргэний хуульд заасан хэлцэл байгуулаагүй, үүрэг үүсээгүй. Нэхэмжлэгч зээлийн төлбөрийг төлсөн шалтгаанаар автомашиныг өмчлөлд авах нь үндэслэлгүй. Мөн Транс финанс ББСБ ХХК, Д.Г нар нь танилын холбоотой. Г.Н-д тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхад үрэгдүүлсэн гэж хуурамч баримт бүрдүүлэн, Д.Г-ын нэр дээр гэрчилгээ гаргасан ба Д.Г нь төрсөн ах Д.Г-д шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Улсын дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолын 3-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна гэж заасан. Автомашин нь Г.Н-гийн өмчлөлд байсан. Фидуцийн гэрээгээр түр хугацаанд өөр байгууллагын нэр дээр шилжүүлж, тухайн гэрээний үүрэг биелэгдсэн тохиолдолд өөрийн нэр дээр буцаан авах харилцаа байсан. Хууль ёсны эзэмшлээс өмчлөгч хөрөнгө шаардаж болохгүй. Д.Г ямар үндэслэлээр өмчлөгч болсон нь эргэлзээтэй тул шүүх анхаарах нь зүйтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Г.Н-д холбогдуулан автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч автомашины өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 3. Хариуцагч Г.Н нь Т ХХК-ийн С-тай 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 5*-4* У** улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлэн, 8,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн байна. Нэхэмжлэгч Д.Г 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Т ХХК-ийн С зээлийн үлдэгдэл 8,278,428 төгрөг төлж, фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон.

3.1. Улмаар талууд харилцан тохиролцож, 5*-4* У** улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг Д.Г-т шилжүүлсэн байна. Д.Г, Д.Г нар нь Т ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, фидуцийн гэрээгээр дээрх автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлэн, 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлсэн ба дээрх гэрээний үүрэг дуусгавар болсон нь Т ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23А/70 дугаар албан бичгээр тогтоогджээ.

3.2. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, фидуцийн гэрээний зүйл болох 5*-4* У** улсын дугаартай автомашин чөлөөлөгдсөний дараа автомашины өмчлөх эрх 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Д.Г-аас нэхэмжлэгч Д.Г-ын нэр дээр шилжсэн, маргаан бүхий автомашиныг хариуцагч Б.Номин бодитоор эзэмшиж буй үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд уг автомашины өмчлөлийн талаар маргасан.

4. Фидуцийн гэрээ байгуулах зорилгоор хариуцагч нь Д.Г-ын нэр дээр автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Харин нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Н-д зээл авч өгснөөр автомашиныг өмчлөлдөө авахаар тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Дээрх хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд Д.Г-аас Д.Г-д автомашины өмчлөх эрх шилжсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Иймд автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Н-г 5*-4* У** улсын дугаартай Т маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх шилжүүлэхийг нэхэмжлэгч Д.Г-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.1. Хэдийгээр талууд хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой шаардлага гаргаагүй хэдий ч өмчлөх эрх шилжих үндэслэл болсон хэлцлийн талаар шүүх зайлшгүй дүгнэлт хийх ёстой тул нэхэмжлэлд тусгагдаагүй шаардлагыг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

5.2. Т ХХК, Т ХХК нар маргаан бүхий автомашиныг фидуцийн гэрээний үндсэн дээр өмчлөлдөө шилжүүлэн авсан ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор эдгээр этгээдийн автомашиныг өмчлөх эрх дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг нэгэнт дуусгавар болсон тул хариуцагч автомашины өмчлөгч болсноор дээрх этгээдүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэх үндэслэлгүй юм. Иймд шүүх өмчлөгч байсан гуравдагч этгээдүүд болох Тайгын булаг авто ХХК, Т ХХК-тай холбоотой баримтуудыг үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

5.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Автотээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн бүртгэлийг буруу ташаа бүртгэсэн гэх маргааныг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэнэ.

Харин зохигчийн хооронд үүссэн маргаан нь тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоогүй, өмчлөх эрхтэй холбоотой маргаан байх тул шүүх хэргийн харъяалал зөрчсөн гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/02148 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН