Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 38

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

                                                                                                  

 

                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч А.Оюунгэрэл, хохирогч С.И, шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У овогт С.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810015150843 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, У овогт С.Г

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын нутаг дэвсгэрт эхнэр С.Иг “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар хөлийн тавхай дээр нь гишгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч С.И: “...2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлээрээ Солонгос Улсад явж байсан. Орой хоол идээд такси барих гээд зам дээр зогсож байхад бага охин зам руу орчих гээд байсан. Машинууд их хурдтай явж байсан болохоор би охиноо татаад нуруун дээр нь хүчтэй цохисон. Тэгэхэд манай нөхөр уурлаад хөлөн дээр гишгэсэн. Тэгээд эмнэлэг очиход анхан шатны тусламж үзүүлсэн, би юу хийхээ мэдэхгүй байсан. Дараа нь Монголд ирээд гипс тавиулж эмчилгээ хийлгэсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч С.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр БНСУ-ын Миондун гэх жуулчны гудамжинд очиж манай гэрт үйлчлэгчээр ажиллаж байсан Далайтайвантай хоол идсэн. Тэгээд дараа нь буудал руугаа явах гээд таксинд гараа өргөөд зогсож байхад манай бага охин машин зам руу орчих гээд байхаар нь “машин тэргэнд мөргүүллээ хойшоо” гэж хэлээд гараас нь татаж хойшлуулаад зүүн талын мөр рүү нь гараараа цохьсон юм. Тэгсэн чинь Г чи дандаа хүүхэд зоддог, яах гээд хүүхэд зодоод байгаа юм бэ гээд надтай хэрэлдэж байснаа баруун хөлөөрөө миний зүүн хөлийн тавхай руу дэвсчихсэн...” /хх-ийн 19-20, 69-70/ гэсэн,

 

Шүүгдэгч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Солонгос улсын нийслэлээр эхнэр, хоёр хүүхдийн хамтаар явж байгаад орой 21 цагийн орчим Далайтайвантай уулзаж хоол идчихээд такси барих гээд зогсож байхад манай хоёр охин гараа савчуулаад машин зам руу орчих гээд байхаар нь И хүний газар битгий машин доогуур орчих гээд бай гэж хэлээд бага охин Бадмаарагийн нуруунд нь цохьсон. Тэгэхээр нь би чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ, бөөр, нуруу нь доргичихлоо гээд охиноо татаж авахдаа эхнэр С.Игийн зүүн хөл дээр гишгэчихсэн юм...” /хх-ийн 79-80/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №7608 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С.Игийн биед зүүн тавхайн 1 дүгээр хурууны ил хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт,

 

- Шүүгдэгч С.Гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 47-59/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын нутаг дэвсгэрт эхнэр С.Иг “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар хөл дээр нь гишгэж, эрүүл мэндэд нь зүүн тавхайн 1 дүгээр хурууны ил хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Игийн “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр БНСУ-ын Миондун гэх жуулчны гудамжинд очиж манай гэрт үйлчлэгчээр ажиллаж байсан Далайтайвантай хоол идсэн. Тэгээд буудал руугаа явах гээд таксинд гараа өргөөд зогсож байхад манай бага охин машин зам руу орчих гээд байхаар нь “машин тэргэнд мөргүүллээ хойшоо” гэж хэлээд гараас нь татаж хойшлуулаад зүүн талын мөр рүү нь гараараа цохьсон юм. Тэгсэн чинь Г чи дандаа хүүхэд зоддог, яах гээд хүүхэд зодоод байгаа юм бэ гээд надтай хэрэлдэж байснаа баруун хөлөөрөө миний зүүн хөлийн тавхай руу дэвсчихсэн...” /хх-ийн 19-20, 69-70/ гэсэн, шүүгдэгч С.Гийн “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Солонгос улсын нийслэлээр эхнэр, хоёр хүүхдийн хамт явж байгаад орой 21 цагийн орчим Далайтайвантай уулзаж хоол идчихээд такси барих гээд зогсож байхад манай хоёр охин гараа савчуулаад машин зам руу орчих гээд байхаар нь И хүний газар битгий машин доогуур орчих гээд бай гэж хэлээд бага охин Бадмаарагийн нуруунд нь цохьсон. Тэгэхээр нь би чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ, бөөр, нуруу нь доргичихлоо гээд охиноо татаж авахдаа эхнэр С.Игийн зүүн хөл дээр гишгэчихсэн юм...” /хх-ийн 79-80/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №7608 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С.Игийн биед зүүн тавхайн 1 дүгээр хурууны ил хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, ...гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн харуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч С.Г нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг БНСУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тохирох зүйл хэсгийг журамлаж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Гт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Игийн эрүүл мэндэд зүүн тавхайн 1 дүгээр хурууны ил хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч С.Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810018680564 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч С.И гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт С.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Г-т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810015950843 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч С.И гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР