Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01487

 

 

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01487

 

 

Х ХХК болон С ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/01496 дугаар шийдвэртэй,

Х ХХК болон С ХХК-ийн нэхэмжлэлтэй

К ХХК болон С.О нарт холбогдох

Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр С.О-ны нэр дээр шилжсэн болохыг тогтоолгох, орон сууцны үнэ 118,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Э.Г, Э.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. Баянгол дүүргийн ** дугаар хороо, Ү /16100/, М гудамж** дугаар байрны *** тоот, 72 м.кв орон сууц 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр С.О-ны нэр дээр шилжсэн болохыг тогтоолгоно.

1.б. Орон сууцны үнэ 118,800,000 төгрөг гаргуулна.

1.1. Х ХХК-ийн захирал Ц.Ж нь иргэн Т.Ч-аар зуучлуулан К ХХК-аас 2008 оны Жи-20 Бенз /G-320 benz/, 2008 оны Ф /F/, 2012 оны Л /L/ маркийн 3 автомашинуудыг худалдан авсны дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой байхад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19/2015 дугаартай хуурамч зээлийн гэрээ байгуулсан байна. Гэсэн хэдий ч Ц.Ж худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг барагдуулахын тулд өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар нь ажилладаг С ХХК-ийн барьсан 3 орон сууцыг, 15,000,000 төгрөгийн хамт тухайн банк бус байгууллагын нэр дээр шилжүүлэхээр, анх К ХХК-ийн машиныг манайд зарахаар зуучилж иргэн Т.Чаар дамжуулан хүлээлгэн өгөхөөр, холбогдох хүсэлт, нотлох баримтын хамт явуулсан.

Эдгээр сууцнууд нь Баянгол дүүргийн ** дугаар хороо, Ү /16100/, М гудамж,** дугаар байрны *** тоот 61 м.кв орон сууц, мөн хаягт байрлах** дугаар байрны *** тоот 72 м.кв орон сууц, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар байрны 136 тоот 56.21 мкв орон сууц болно.

1.2. Гэтэл К ХХК нь иргэн Т.Ч-тай хуйвалдан 1 байрыг аваагүй мэт нэхэмжлэл гаргаж шүүх болон компанийг төөрөгдүүлэхдээ нотлох баримтыг нуун дарагдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч шүүхэд 2 байр авсан мэт нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн лавлагаагаар 3 байрыг нэхэмжлэгч К ХХК болон С.О хүлээн авсан болох нь тогтоогдсон.

Ийнхүү нэхэмжлэгч К ХХК болон С.О шүүхийг хуурч, иргэн Т.Ч-тай хуйвалдан өөрийн хүлээн авсан 72 м.кв орон сууцыг нуун дарагдуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2712 дугаар захирамж гаргуулсан.

К ХХК болон С.О-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоож, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн ** дугаар хороо, Ү /16100/, М гудамж** дугаар байрны *** тоот, 72 м.кв орон сууцыг гаргуулах эсхүл 118,000,000 төгрөгийг К ХХК, С.О нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2015 онд Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ж, санхүү эрхэлсэн захирал Ц.М нар Х ХХК-ийн дотоод асуудал бусад холбогдох асуудлыг зохицуулдаг менежер гэх Т.Ч-ыг дагуулан ирж сонгуулийн ажилд автомашин хэрэгтэй тул 3 автомашин зээлээр авмаар байна гэсэн хүсэлт гарган Х ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19/2015 дугаар зээлийн гэрээ байгуулж, 310,000,000 төгрөгийг 3 автомашины төлбөрт зориулан зээлсэн.

Уг зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул манай байгууллага Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж талууд харилцан тохиролцож эвлэрснийг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар баталгаажуулсан болно.

2.2. Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ж, санхүү эрхэлсэн захирал Ц.М, мөн менежер гэх Т.Ч нар 2017 оны 02 дугаар сард манай компани дээр ирээд зээлээ төлөх боломжгүй байна, танайд өртэй тул танайд шилжүүлэхэд банк зөвшөөрнө. Тэгэхээр холбоотой компаниасаа танайд 3 байр шилжүүлж, 1 байрыг нь буцаан авч зараад компани бэлэн мөнгө гаргаж авна. Үлдсэн 2 байрыг тус бүр 85 сая төгрөгөөр тооцож зээлийн төлбөрт суутгуулъя, үгүй бол ямар ч байр шилжүүлж чадахгүй гэх нөхцөл тулгасан. Үүний дагуу Т.Ч нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуучин 1 байрыг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2 шинэ байрыг хэлбэрийн төдий худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн бөгөөд тэр өдөр 1 байрыг менежер Т.Ч өөрийн нэр дээрээ буцаан шилжүүлэн авсан.

Гэрээнүүд хэлбэрийн төдий байгуулагдсан ба бидэнд өгөөгүй. Шинээр орон сууц шилжүүлэх гэрээнд Х ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Ц.М С ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан. Т.Ч үндсэн зээлийн төлбөрт 2 байр тооцуулсан тухай дараа нь К ХХК-аас албан бичиг авсан.

Харин манайд тооцоо нийлсэн тухай хариу бичиг өгөхийг Х ХХК-аас шаардсан боловч өгөөгүй. Тус компанийн санхүү хариуцсан захирал Ц.М нь Х ХХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Нөгөө талаас холбоотой этгээд болох С ХХК-аас К ХХК-ийн захирал С.О-д 2 байр шилжүүлэх гэрээнд мөн гарын үсэг зурсан.

2017 оны эвлэрлийн гэрээний дүн Ц.М-ын хийсэн гэрээнүүдийн дүн ба тооноос өөр байгааг хүлээн зөвшөөрсөн нь Х ХХК-ийн санхүү хариуцсан захирал Ц.М түүгээр уламжлан гүйцэтгэх захирал гэх Ц.Ж нар тухайн үед энэ асуудлыг мэдэж байсан. Дээр дурдсан 1 байрыг манай компанид шилжүүлээгүй буюу Т.Ч-ын нэр дээр буцаан шилжүүлсний дараа Х ХХК болон К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тохиролцсоны үндсэн дээр эвлэрлийн гэрээг байгуулж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байхад 1 байрыг шилжүүлээгүй талаар мэдээгүй байсан гэдэг үндэслэлгүй.

Маргаж буй Баянгол дүүргийн ** дугаар хороо, Ү, Москва гудамж,** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, 72 м.кв талбай бүхий орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр К ХХК-ийн захирал С.О-ны өмчлөлд бүртгүүлсэн хэдий ч тухайн өдрөө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Х ХХК-ийн менежер гэх Т.Ч-ын өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдоно. Нэхэмжлэгч Т.Ч нэхэмжлэгчийн компанид ажилладаг байсан нь тогтоогдсон. Т.Чын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн С ХХК-ийн өмчлөгч нэхэмжлэгч компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдоно.

Дээрх нөхцөл байдлаас харахад С.О болон К ХХК нь бусдын хөрөнгийг хууль бусаар олж авсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Манай компаниас Х ХХК-ийн тавьсан саналын дагуу тэдний нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр эвлэрсэн боловч одоог хүртэл эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг барагдуулалгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй саад учруулсаар байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.О-аас 118,800,000 /нэг зуун арван найман сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч К ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 822,150 /751,950+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-аас 751,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэд хэдэн ажиллагаа буюу журам ноцтойгоор зөрчсөн.

Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу үл хөдлөх хөрөнгө шилжсэн болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид тайлбар өгч, нэхэмжлэгч талтай мэтгэлцсэн. Гэтэл шүүх хуралдаан завсарлахын өмнө шүүгч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулья, танай талаас шаардлагаасаа татгалзаж байгаа нь зөв үү, итгэлтэй байна уу? гэх зэргээр нэхэмжлэгч талд зөвлөгөө өгсөн байдлаар оролцсон, улмаар нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаан явагдаж дуусан мэтгэлцээний үе шат өнгөрсөн байхад шүүгч зөвлөсний дагуу шүүх хуралдааны эхэнд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаасаа буцсан.

4.2. Талуудын хооронд маргаан бүхий байрыг шилжүүлэхдээ үйлдсэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ нь анхнаасаа орон сууц худалдан авах зорилгоор бус дүр үзүүлэн хийсэн гэрээ гэдгийг нэхэмжлэгч тал болон хариуцагч тал тайлбараараа санаа зорилгоо маш тодорхой илэрхийлж байсан, түүнд байрны үнэ төлөх үүрэг үүсээгүй, байрыг өөртөө авах, ашиг шим хүртсэн байдал байхгүй байхад шүүх талуудын хооронд үүссэн харилцаа худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамж, В.О-гийн гэрчийн мэдүүлэг, иргэн Т.Ч нь "Х" ХХК, "С" ХХК-иудын үүсгэн байгуулагчийн хамаарал бүхий "С" ХХК-д ажилладаг байсан талаарх Улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд орон сууц захиалгын гэрээ дүр үзүүлсэн гэрээ төдийгүй Т.Ч нэхэмжлэгч байгууллагын хамаарал бүхий этгээд, мөн "С" ХХК нь Т.Ч-д байр шилжсэнг мэдсэн мөртлөө гомдлын шаардлага гаргаж байгаагүй нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг үйлдлээрээ хүлээн зөвшөөрч байсан нь харагддаг атал анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт өгөлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж, хэргийг шударга шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд шүүгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуулт асуусан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

Шүүгч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусан. 2019 онд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагч тал 3 жилийн хугацаанд тайлбар, мэдүүлэг нотлох баримтыг гаргаж өгсөн. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хоёр тал мэтгэлцсэн. Харин С.О, С ХХК-ийн хооронд харилцаа үүссэн. Хэргийн 55 дугаар хуудсанд С ХХК, С.О нарын хооронд орон сууцны үнэ 118,000,000 төгрөгийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Х ХХК болон К ХХК нарын хооронд үүссэн өр төлбөрийн асуудлаар 2017 онд хариуцагч тал манай компанийн 3 байрыг хүлээлгэж өгөхөөс 1 байрыг хүлээлгэж өгөөгүй гэж шүүхэд хандсан байдаг. Энэ үйл баримтын талаар талууд эвлэрч, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн байдаг. Тухайн байрыг тус компанийн захирал С.О шилжүүлж аваад, гуравдагч этгээд Т.Чад шилжүүлсэн нь тогтоогдсон. Дараа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт манай барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг 159,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар талуудын төлбөр тооцооны асуудал дууссан гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 2. Нэхэмжлэгч Х ХХК болон С ХХК нь К ХХК болон С.О нарт холбогдуулан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр С.Оы нэр дээр шилжсэн болохыг тогтоолгох, орон сууцны үнэ 118,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. / 1 х.х 1-3, 228-229/ 

3. Хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.а. Нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч С.О нарын хооронд орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн ** дугаар хороо, Ү /16100/, М гудамж,** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь орон сууцны үнэ 118,800,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

3.б. Мөн өдөр хариуцагч С.О, иргэн Т.Ч нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь дээрх орон сууцыг Т.Чад худалдахаар, Т.Ч орон сууцны үнэ 15,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон, Т.Ч тухайн өдөр орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн баримтууд хэрэгт авагджээ./ 1 х.х-164-166/

 4. Талууд дээрх орон сууц Т.Ч-д нэхэмжлэгчийн хүсэлт зөвшөөрлийн дагуу шилжсэн эсэхэд маргасан.

4.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгчийн шилжүүлсэн гурван орон сууцны хоёр орон сууцыг зээлийн төлбөрт тооцон авч, нэг орон сууцыг нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу Т.Ч-ын өмчлөлд тухайн өдөрт нь буцаан шилжүүлсэн, 118,800,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 15,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Т.Ч-тай байгуулсан, Т.Ч болон Х ХХК нь хоорондоо хамаарал бүхий этгээдүүд гэж тайлбар, татгалзлаа илэрхийлэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний нэг тал болох Т.Чыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

Т.Ч-аас гэрчийн мэдүүлэг авах нь тухайн хэрэгт ач холбогдолтой хүсэлт байсан гэж үзнэ. Өөрөөр хэлвэл 118,800,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 15,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон шалтгаан, сууц өдөртөө С.О-аас Т.Ч-д шилжиж байгаа шалтгаан зэргийг тогтоох нь зүйтэй юм.

Анхан шатны шүүх гэрчээс мэдүүлэг аваагүй нь хэргийн үйл баримтыг тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчилд хамаарах юм. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, хэргийн оролцогчоос гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамж биелэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

 Дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, улмаар маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/01496 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч С.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 751,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.БЯМБАСҮРЭН