Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810027610901 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймаг Цагаан хайрхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 705 дугаар байрны орцны үүдэнд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Дарьсүрэнг “архи уучихаад зүгээр явж байгаа хүмүүстэй маргалдлаа” гэж хэлсэний улмаас уурлан, улмаар түүний цээжин тус газар нь хоёр удаа гараараа түлхэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн гэмт хэрэг учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Дарьсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр бид хоёр чацаргана борлуулахаар гэрээсээ гараад явж байхад нөхрийн найз Батсүх 14 цагийн орчим нөхөр рүү залгасан. Тэгэхэд нөхөр “Батсүхийн гэрт очиж тарваганы мах идчихээд боллоо” гэж надад хэлээд яваад өгсөн. Орой 19 цагийн орчим Бгийн утас руу залгасан чинь “ирээд аваач” гэхээр нь би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 705 дугаар байранд байдаг Батсүхийн байранд ороход нөхөр нилээн согтуу байсан болохоор нь тухайн айлд сууж байгаад орой 21 цагийн орчим нөхөр бид хоёр айлаас гараад орцны үүдэнд гурван хүнтэй зөрөх гэж байгаад нэг хүнтэй нь нөхөр мөрөөрөө шүргэлцсэн. Тэгэхэд нөгөө хүн нь манай нөхрийг “ууж идсэнээ шингээгээрэй” гэж хэлэхэд нөгөө хүнийг барьж аваад цохих гэхээр нь би салгаад машин руу аваад явах гэхэд манай нөхөр унах гээд байхаар нь “чи намайг хүлээж бай, би машинаа аваад ирье” гэж хэлээд машин дээрээ очоод эргээд харсан чинь нөгөө гурван хүн рүү буцаж очих байхаар нь буцаж гүйж очоод нөхрөө салгаад аваад явах гэхэд нөгөө хүмүүс уурлаад цагдаа дуудлаа гээд байхаар нь “цагдаа дуудах гээд байна, чи боль л доо” гэж хэлсэн чинь миний цээж рүү хоёр удаа түлхсэн..." /хх-ийн 12-14/ гэсэн,

 

Гэрч Д.Үенхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин Н.Дарьсүрэн манайд ирээд “Д.Б найз нартайгаа архи уучихсан байхаар нь би байгаа газраас нь очоод авч явах гэж байсан чинь Буянт-Ухаа 1 хорооллын байрны гадна хүнтэй маргалдах гээд байхаар нь аваад явах гэсэн чинь миний хөхний дээд хэсэгт гараараа цохихоор нь тэнд нь үлдээгээд ирлээ, ямар учиртай цохисоныг ойлгосонгүй, эсвэл маргалдсан хүнээ андуурч цохисон юм болов уу гэж хэлсэн..." /хх-ийн 16/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр бид хоёр чацаргана борлуулаад явж байхад манай найз Батсүх 14 цагийн орчим над руу утсаар залгаад “гэрт ирж мах ид” гэхээр нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 705 дугаар байранд байдаг Батсүхийн гэрт очиж мах идэж, архи уусан. Орой 21 цагийн үед эхнэр над руу залгахаар нь “намайг ирээд авчих” гэж хэлэхэд эхнэр ирсэн. Тэгээд гарч явж байгаад орцны үүдэнд гурван залуутай зөрөх гэж байгаад мөрөөрөө шүргэлцсэн, тэрнээс болж би тэр гурван залуугийн нэгтэй нь маргалдахад эхнэр архи уучихаад хажуугаар зөрж байгаа хүмүүстэй маргалдлаа” гээд уурласан. Үүнээс болж уурандаа эхнэрийг “цааш байж бай” гээд цээж рүү нь хоёр удаа түлхсэн..." /хх-ийн 50-51/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №13732 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.Дарьсүрэнгийн биед баруун хөх, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хх-ийн 39/ гэсэн дүгнэлт,

 

            - Өргөдөл /хх-ийн 3/,

           -  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 60-61/,

           - Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 63-73/,

           - Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 74-75/,

- Шүүгдэгч Д.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 55-59/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 705 дугаар байрны орцны үүдэнд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Дарьсүрэнг “архи уучихаад зүгээр явж байгаа хүмүүстэй маргалдлаа” гэж хэлсэний улмаас уурлан, улмаар түүний цээжинд нь хоёр удаа гараараа түлхэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Н.Дарьсүрэнгийн эрүүл мэндэд баруун хөх, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Дарьсүрэнгийн “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ...орой 21 цагийн орчим нөхөр бид хоёр айлаас гараад орцны үүдэнд гурван хүнтэй зөрөх гэж байгаад нэг хүнтэй нь нөхөр мөрөөрөө шүргэлцсэн. Тэгэхэд нөгөө хүн нь манай нөхрийг “ууж идсэнээ шингээгээрэй” гэж хэлэхэд нөгөө хүнийг барьж аваад цохих гэхээр нь би салгаад машин руу аваад явах гэхэд манай нөхөр унах гээд байхаар нь “чи намайг хүлээж бай, би машинаа аваад ирье” гэж хэлээд машин дээрээ очоод эргээд харсан чинь нөгөө гурван хүн рүү буцаж очиж байхаар нь буцаж очоод нөхрөө салгаад аваад явах гэхэд нөгөө хүмүүс уурлаад цагдаа дуудлаа гээд байхаар нь “цагдаа дуудах гээд байна чи боль л доо” гэж хэлсэн чинь миний цээж рүү хоёр удаа түлхсэн..." /хх-ийн 12-14/ гэсэн, шүүгдэгч Д.Бгийн “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны ...Орой 21 цагийн үед эхнэр над руу залгахаар нь “намайг ирээд авчих” гэж хэлэхэд эхнэр ирсэн. Тэгээд гарч явж байгаад орцны үүдэнд гурван залуутай зөрөх гэж байгаад мөрөөрөө шүргэлцсэн тэрнээс болж би тэр гурван залуугийн нэгтэй нь маргалдахад эхнэр архи уучихаад хажуугаар зөрж байгаа хүмүүстэй маргалдлаа” гээд уурласан. Үүнээс болж уурандаа эхнэрийг “цааш байж бай” гээд цээж рүү нь хоёр удаа түлхсэн..." /хх-ийн 50-51/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №13732 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.Дарьсүрэнгийн биед баруун хөх, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....”  /хх-ийн 39/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 60-61/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 63-73/, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 74-75/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.  

 

Шүүгдэгч, хохирогч нар нь эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бгийн эхнэр Н.Дарьсүрэнгийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Дарьсүрэнгийн биед баруун хөх, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт  бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Бг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810027610901 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Дарьсүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч С овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 181002761090 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Дарьсүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР