Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

                  

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Түмэн овогт Эрдэнэчимэгийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810016640879 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Э.Т.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд иргэн Б.Атай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Э.Т: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэртээ харих гээд явж байхад нэг танихгүй хүн гарч ирээд хамт явж байсан хүмүүс чинь хаана байна гэж хэлээд миний араас өшиглөж унагаагаад нүүр нүдгүй цохиж эхэлсэн. Энэ үед хоёр гурван эмэгтэй, эрэгтэй хүн ирээд тухайн хүнийг салгасан..." /хх-ийн 15-17/ гэсэн,

 

Гэрч Д.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед хашааны гүйдэг хаалга онгойсон гараад харахад хоёр хүн зодолдож байхаар нь боль гэж хэлэхэд миний хэлснийг тоохгүй байсан..." /хх-ийн 20-21/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэртээ амарч байгаад 15-16 цагийн үед байх гэрийн ойролцоох дэлгүүрээс пиво аваад гэрлүүгээ очиход манай гэрийн үүдэнд дөрвөн танихгүй залуу архи уугаад сууж байхаар нь та нар эндээс яв, архи уудаг газар биш гэж хэлэхэд нь нэг нь чамд хамаагүй гээд надтай маргалдсан. Бид хоёр бие биенээ бариад авахад нөгөө гурав нь гудамж уруудаад явсан. Тэгээд бид хоёр маргалдахаа болиод тэр залуу гудамж өгсөөд явсан. Тэгэхээр нь би газар тавьсан пивоо авах гэхэд байхгүй байхаар нь маргалдсан хүмүүсээ хайгаад гудамж өгсөөд гүйж байхад нэг эрэгтэй хүн байсан. Тэр хүнээс миний пиво хаана байна өг гэхэд би аваагүй, чи хэн бэ гээд бид хоёр хоорондоо маргалдаж, зодолдсон. Тухайн үед би тэр хүний нүүрэнд 2-3 удаа цохисон бөгөөд манай эхнэр, аав хоёр ирээд бид хоёрыг салгасан..." /хх-ийн 47-49/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №8438 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Аюурзаны биед тархи доргилт, эрүү, нуруу, зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зулгаралт, баруун бугуйн зулгаралт, тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 31/ гэсэн дүгнэлт,

 - Өргөдөл /хх-ийн 8/,

- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 58/,

- Шүүгдэгч Э.Тгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 51-57/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсэрт иргэн Б.Атай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүү, нуруу, зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зулгаралт, баруун бугуйн зулгаралт, тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Аюурзаны “...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэртээ харих гээд явж байхад нэг танихгүй хүн гарч ирээд хамт явж байсан хүмүүс чинь хаана байна гэж хэлээд миний араас өшиглөж унагаагаад нүүр нүдгүй цохиж эхэлсэн. Энэ үед хоёр гурван эмэгтэй, эрэгтэй хүмүүс ирээд тухайн хүнийг салгасан..." /хх-ийн 15-17/ гэсэн, гэрч Д.Жаргалсайханы "...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед хашааны гүйдэг хаалга онгойсон гараад харахад хоёр хүн зодолдож байхаар нь боль гэж хэлэхэд миний хэлснийг тоохгүй байсан..." /хх-ийн 20-21/ гэсэн, шүүгдэгч Э.Тгийн “...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэртээ амарч байхдаа 15-16 цагийн үед байх гэрийн ойролцоох дэлгүүрээс пиво аваад гэрлүүгээ очиход манай гэрийн үүдэнд дөрвөн танихгүй залуу архи уугаад сууж байхаар нь та нар эндээс яв, архи уудаг газар биш гэж хэлэхэд нь нэг нь чамд хамаагүй гээд надтай маргалдсан. Бид хоёр бие биенээ бариад авахад нөгөө гурав нь гудамж уруудаад явсан. Тэгээд бид хоёр маргалдахаа болиод тэр залуу гудамж өгсөөд явсан. Тэгэхээр нь би газар тавьсан пивоо авах гэхэд байхгүй байхаар нь маргалдсан хүмүүсээ хайгаад гудамж өгсөөд гүйж байхад нэг эрэгтэй хүн байсан. Тэр хүнээс миний пиво хаана байна, өг гэхэд би аваагүй, чи хэн бэ гээд бид хоёр хоорондоо маргалдаж, зодолдсон. Тухайн үед би тэр хүний нүүрэнд 2-3 удаа цохисон бөгөөд манай эхнэр, аав хоёр ирээд бид хоёрыг салгасан..." /хх-ийн 47-49/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №8438 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Аюурзаны биед тархи доргилт, эрүү, нуруу, зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зулгаралт, баруун бугуйн зулгаралт, тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 31/ гэсэн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ы эрүүл мэндэд тархи доргилт, эрүү, нуруу, зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зулгаралт, баруун бугуйн зулгаралт, тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, шүүгдэгч нь хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 58/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, шүүгдэгчийн ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Т нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр шүүхийн шатнаас буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Тгийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 төгрөгөөр тооцож, 75 нэгж хэмжээний буюу /15,000 х 6 = 90,000/ буюу 90,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгуулийн ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...ар гэртээ би ганцаараа ажил хийдэг, улмаар сард 500,000 төгрөгийн орлоготой, торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү...” гэсэн санал гаргасан бөгөөд шүүх түүний хувийн байдлыг харгалзан гаргасан саналыг хүлээн авах боломжтой гэж үзэн торгуулийн ялыг төлөх хугацаа тогтоох боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн 1810016640879 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Т овогт Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-гийн цагдан хоригдсон 06 /зургаа/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 /ерэн мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 700,000 төгрөгийн торгуулийн ялаас хасч /700,000-90,000=610,000/ тооцон нийт 610,000 /зургаан зуун арван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4.  Шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 610,000 /зургаан зуун арван мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Э.Т-д оногдуулсан 610,000 /зургаан зуун арван мянга/ төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Т торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн 1810016640879 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Т-д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслахад даалгасугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР