Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Сэрчмаа хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл,

хохирогч О.А

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Эт холбогдох эрүүгийн 1805059670014 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгис” караокед иргэн О.Ан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч О.А шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед би “Тэнгис” караокед ажлаа хийгээд байж байхад Э миний хацар руу алгадаад намайг цохиод унагаасан. Эмчилгээний 128.000 төгрөгөө нэхэмжилнэ. Гомдолтой байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.А мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис караокед ажлаа хийгээд байж байхад 2 эрэгтэй, 2 эмэгтэй 00:00 цаг өнгөрч байхад орж ирээд 4-5 шил сэнгүр нэртэй пиво авсан манайд орж ирэхдээ уучихсан байсан. Тэгээд 03:00 цаг өнгөрч байхад одоо 3 дуу л дуулна шүү манайх хаах гэж байна гэсэн тухайн үед хүмүүс энэ дуугаа зогсоо өөр дуу дуулна гээд байсан. Тэгээд сүүлийн 3 дууссан болохоор би микрофоноо аваад караокены төхөөрөмжийн хажууд тавих гэж байхад нэг залуу нь намайг хэл амаар доромжлоод байхаар  нь би энэ хэрүүл хийдэг газар биш тооцоогоо хийгээд гарчих гэхэд уг залуу тооцоог чинь хийж чадахгүй гэсэн тэгэхэд манай ажилд тэр өдөр шинээр орсон зөөгч хүрээд ирсэн. Тэгэхэд уг залуу зөөгч рүү дайраад над руу бас дайраад миний нүүр рүү цохисон. Миний шүд уруул хэсгээс цус гарсан тэгэхэд хажууд нь байсан найз залуу нь салгаад холдуулахад уг залуу намайг хараагаад байсан уг хүмүүс гараад явахаар нь би араас нь гарсан тэгэхэд уг залуу намайг хараагаад хавсарч газар унагаагаад босож ирэхэд гар руу цохисон. Тэгээд нүүр рүү нулимсан тэгээд хажууд байсан нэг залуугийн утсыг нь авахад уг залуу манай караокед орж ирсэн. Тэгэхээр нь би караокеныхоо хаалгаа цоожлоод гаргахгүй байж байгаад цагдаа дуудсан. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

Гэрч М.Ганжаргал мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Тэнгис” караокед найз нарын хамт ороод хүний нэг нэг пиво уусан 4 цагаас хаана гээд нэмж пиво өгөөгүй. Тэгээд Э бид 2 дуулж байхад караокены ажилтан эмэгтэй микрофоныг нь булаагаад авчихсан тэгэхээр нь Э чи яагаад байгаа юм хүн дуулж байна  ш дээ гэхэд тооцоогоо өгөөч гэсэн тэгэхэд тооцоо чинь хэд юм гэхэд чи өгч чадах уу гэсэн тэгээд Эыг заамдаж түлхсэн тэгэхээр нь Э уг эмэгтэйг алгадаад түлхсэн тэгээд больцгоо гээд салгаад гарсан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ууганзаяа мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Тэнгис” караокед Э, Ганжаргал хоёр дуулж байхад караокены ажилтан эмэгтэй микрофоныг нь булаагаад авчихсан. Тэгэхээр нь Эрдэнбаяр чи яагаад байгаа юм хүн дуулж байна ш дээ гэхэд тооцоогоо өгөөч гэсэн тэгэхэд тооцоо чинь хэд юм гэхэд чи өгч чадах уу гэсэн тэгээд Эыг түлхсэн. Тэгэхээр нь Э уг эмэгтэйг алгадаад түлхсэн. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13921 дугаартай шинжээчийн: О.Аын биед дээд зүүн 2 дугаар шүдний эмтрэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой. /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

Сэжигтнээр Э.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Тэнгис” караокед найз нарын хамт ороод хүний нэг нэг пиво уусан тэгээд дуу дуулсан. Дахин нэг дуу дуулъя гэхэд уг караокены ажилтан та нарыг дуулуулахгүй гээд микрофон авчихсан  тэгэхэд найз болилдоо үйлчилгээний газар байж гэхэд уг эмэгтэй та нарт ямар хамаатай юм мөнгө төгрөгөө өгч чадахгүй байж гээд хэл амаар доромжлоод байхаар нь уг эмэгтэйгийн нүүрэн хэсэг рүү нь цохисон. /хх-ийн 22/  гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Э.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Э 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгис” караокед орж үйлчлүүлж байхдаа тус байгууллагын ажилтан О.Аын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Аын”...уг залуу зөөгч рүү дайраад над руу бас дайраад миний нүүр рүү цохисон...би араас нь гарсан тэгэхэд уг залуу намайг хараагаад хавсарч газар унагаагаад босож ирэхэд гар руу цохисон. Тэгээд нүүр рүү нулимсан...” /хх-ийн 11/,  гэрч М.Ганжаргалын”...Э уг эмэгтэйг алгадаад түлхсэн тэгээд больцгоо гээд салгаад гарсан...” /хх-ийн 14/, гэрч Б.Ууганзаяагийн “... Э уг эмэгтэйг алгадаад түлхсэн...” /хх-ийн 16/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн тэдгээрийн мэдүүлгүүд болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13921 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй Э.Э мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... уг эмэгтэйгийн нүүрэн хэсэг рүү нь цохисон...” /хх-ийн 22/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Хяналтын прокуророос Э.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Э.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Э.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт авагдсан хохиролтой холбогдох 128.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай байх тул   Э.Эаас 128.000 төгрөг гаргуулж хохирогч О.Ат олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Эыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Э.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Э.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Эаас 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.Ат  олгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ