Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2017/00016

 


Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: А сумын 1 дүгээр багийн оршин суугч М.Аын нэхэмжлэлтэй; Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох; Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын М.Аыг тус газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан А сумын мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг орон тоонд томилохыг даалгах,ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А,түүний өмгөөлөгч А.С,С.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, гуравдагч этгээд Ш.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь : Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн А сум хариуцсан нийгмийн халамжийн ажилтнаар түр томилогдож, дараа нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн б/66 дугаар тушаалаар нийгмийн халамжийн мэргэжилтнээр бүр томилогдсон. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд үр дүнгийн гэрээгээр хүлээсэнүүргээ хангалттай биелүүлж ажиллаж байсан юм. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолын дагуу Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон зохион байгуулсантай холбоотойгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах тухай 1/2 тоот албан бичгийг байгууллагын удирдах албан тушаалтнууд үл биелүүлж, биднийг шилжүүлэн авсан тушаалаа албан ёсоор гаргаагүй. Тэгсэн хэрнээ 2016 оны 8, 9, 10 дугаар сард ажиллуулж, цалин хөлс өгч байсан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ямар нэгэн мэдэгдэх хуудас, ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэр гаргалгүйгээр буюу Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох, тайлбар гаргах зэрэг хуульд заасан ажиллагаануудыг хийлгүйгээр ажлыг минь бараг хүчээр шахуу булааж авсан юм. Энэхүү зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, мөн хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч тэд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 129 дүгээр албан бичгээр миний гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй болохыг илэрхийлж, энэхүү төрийн албаны маргааныг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж хариу өгсөн юм. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С нь ...Та нар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байгаа, тэрхүү тушаалд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул та нар ажлаас чөлөөлөгдсөн, одоо та нар 3 сарын тэтгэмжээ авч ажлаа хүлээлгэн өгөх ёстой... гэж хэлдэг юм. Миний хувьд уг тушаалыг гардан аваагүй, тус тушаалд юу бичсэнийг ч мэдэхгүйгээр ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийгээд цалин хөлсөө авч байсан. Уг ёсондоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 тоот Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах тогтоолыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга буруугаар ойлгож миний хөдөлмөрлөх эрх, төрийн албан хаагчийн баталгааг ноцтойгоор зөрчиж байна. Миний орон тоонд ямар нэгэн шалгуур, шалгалтгүйгээр гаднаас Ш.Айбек гэдэг хүнийг шинээр томилсон. Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна.Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын А сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын А сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын М.Аыг А сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан. М.А хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэх асуудал яригдах ёсгүй. 2016 оны 8, 9, 10 дугаар сарын байдлаар ажиллаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Б.С дарга М.А чи ажлаас чөлөөлөгдсөн гэх үгийг хэлээгүй,2 хэлтэс нэгдсэн,шинээр байгуулагдсан газарт хуучин ажиллаж байсан ажилтнуудаас авч ажиллуулна,зарим ажилтнуудыг гаднаас авч ажиллуулна гэж хэлсэн. Ажлаас чөлөөлөгдсөн хүний нэрийг дурдаагүй, 3 сарын тэтгэмж өгч зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай хэлсэн байдаг. М.А нь 2016 оны 11 дүгээр сарын байдлаар ажиллаж байсан. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой ямар нэгэн маргаан гараагүй. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас К.Саар ахлуулсан ажлын хэсэг А суманд очиж М.Аын ажлыг хүлээж авсан. Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор ажлаас чөлөөлөгдсөн ба маргааш нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан. Энэхүү гомдол гаргасан нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд нийцсэн гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлөөс бид нар дээрх асуудлыг шийдвэрлэж чадахгүй, шүүхэд хандаарай гэсэн хариу ирүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлд зааснаар дээрх хариуг ирүүлсэн гэж үзээд бид шүүхэд хандсан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэдгийг нотлох нотолгоо юм. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ын өдрийн б/32 дугаар тушаал бий. Мөн дээд шатны байгууллагаас ирсэн 1/2 дугаар албан бичиг байгаа. Үүнээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс татан буугдсан асуудал тогтоогдохгүй байна. Нийлүүлсэн, өөрчлөгдсөн талаар дээрх албан бичигт дурдсан. Энэ нь бусад байдлаар буюу ажлын байрны тодорхойлолтоор дээрх албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй гэдэг нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн урьд нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг шинэ газрын буюу 01 дүгээр сарын 05-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод хэвээр хадгалагдсан болох нь харагдаж байна. М.А нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан байхад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, түүний оронд гуравдагч этгээдийг томилсон асуудал байна. Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс татан буугдаагүй, холбогдох газарт бүх ажилтнуудыг шилжүүлсэн. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 45 ажилтны орон тоог баталсан. Үүнд сум хариуцсан мэргэжилтний орон тоо 19 байхаар баталсан. Сум хариуцсан буюу А сум хариуцсан мэргэжилтний орон тоо байгаа болох нь гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд оролцож байгаагаар нотлогдож байна. Дээрх орон тоо байхад нэхэмжлэгчийг шилжүүлэн томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй байгаа нь нотлогдож байгаа ба үүнийг тогтоолгох хүсэлттэй байна.М.А ажилд орохыг хүссэнээ илэрхийлээд байхад түүнийг ажилд авахгүй байгаа учир нэхэмжлэгчийг маргаан бүхий ажлын байранд томилохыг даалгах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг нэгтгэж өөрчлөн байгуулсан асуудал бий. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Өөрчлөгдөн байгуулагдсан учир маргаан бүхий ажлын байр нь шинээр бий болсон ажлын байр биш гэдэг нь давхар тогтоогдож байна. Гэтэл нэгтгэн өөрчлөн байгуулсан тухайн байгууллагын шинэ дарга хэд, хэдэн ажилтнуудыг ажлаас халсан хууль бус ажиллагаа хийсэн. Дээрх хууль бус ажиллагаагаа зөвтгөхийн тулдажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах тайлбарыг ирүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалаар нэхэмжлэгч ажлаас чөлөөгдсөн гэж байгаа. Дээрх тушаал гарах болсон шалтгаан нь ерөнхий газраас шинээр өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажилтнуудаа шилжүүлж өгөх утгатай албан бичиг ирсэн явдал юм. Шилжүүлэх асуудал нь хууль зүйн хэрэглээ, практикийн хувьд ажилтныг ажлаас чөлөөлж, ажилд томилох гэсэн хоёр агуулга бүхий утгатай. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Ц гэдэг хүний хувьд шинээр өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажилтан томилох эрх олгогдоогүй. Дээрх эрх олгогдоогүй тул ажилтныг чөлөөлж, шинээр өөрчлөн байгуулагдсан газарт шилжүүлэх үүрэг бий болдог. б/32 дугаар тушаалын агуулга нь шилжүүлэх маягаар буюу ерөнхий газрын 1/2 дугаар албан бичгийг үндэслэн ажилтныг чөлөөлж, цалингийн хамт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн тушаал гаргасан. Гэтэл шинээр өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С нь буруугаар ойлгож, төрийн жинхэнэ албан хаагчийг хохироосон асуудал байгаа. Тухайлбал М.Аыг томилолгүйгээр өөр этгээдийг ямар ч үндэслэл, шалгуургүйгээр томилсон асуудал нь хууль бус. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн баталгаа, эрх, үүрэг, хэрхэн яаж томилогдох тухай асуудлыг зохицуулж өгсөн. М.Аын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь үгүй болоогүй, жаахан өөрчлөлт орсон. М.А шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжин ажиллах эрхийг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-аар зохицуулсан байдаг. Хуулийн заалтыг ажил олгогч үл ойшоож, биелүүлэхгүй байгаа нь хууль бус гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаан дээр өгсөн тайлбар зэргээр хангалттай нотлогдож байна. Нөөцөд байсан, нөөцөөс нэр дэвшүүлсэн зэрэг нь энэхүү асуудА хамааралгүй. Тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан бол нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллах эрхийг хуулиар олгож өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийг ажиллуулаагүй явдал нь хууль бус учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв. Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолоор аймгуудад шинээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг Засаг даргын дэргэд байгуулан өгсөн байдаг. 2. Энэ 9 дүгээр тогтоолыг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний б/21 дүгээр тушаалаар шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц,орон тоог баталж өгсөн. 3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б/20 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан А.Г 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 4.Нэхэмжлэгч М.Аыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж,үйлчилгээний хэлтсийн дарга асан Б.Ц нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаартай тушаалаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст тухайн үед ажиллаж байсан нийт 42 тооны ажилчин, ажилтнуудыг тушаал гаргасан өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.Ажлаас чөлөөлөгдсөн ажилтан, албан хаагчдын цалинг ерөнхий газарт хүргүүлсэн байна. Б.Ц ерөнхий газрын дарга нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/19 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. 5. М.А нь Б.Ц даргынхаа гаргасан б/32 дугаар тушаалыг мэдсээр байж шүүхэд гомдлоо гаргалгүй хугацаа алдсан бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэхээр тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандахад гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэжээ. Аймгийн ХХҮГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С би 2016 оны 11дүгээр сарын 10-ны өдөр ажлаас гэнэт халагдсан 3 сарын тэтгэмж олгох 52 дугаартай тушаал гаргаж, тушаалын хавсралтад байгаа хүмүүс дотор М.Аын нэр нь байгаа, ерөнхий газраас тэтгэмж нь ирсэн , М.А тэтгэмжээ авсан тул цомхотгож, байгууллага нь татан буугдсаныг хүлээн зөвшөөрснийг нотолж байна. 6. Эцэст нь хэлэхэд Засгийн газрын 9 дүгээр тогтоол болон уг тогтоолыг үндэслэн гарсан бусад тушаал шийдвэрүүдэд Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг нь шинээр байгуулагдсан газарт авч ажиллуулах талаар заалт, чиглэл өгөөгүй бөгөөд тэгж мөрдөж ажиллах талаар ерөнхий газраас бидэнд ирүүлсэн удирдамж,заавар алга байна. Түүнээс гадна М.АыгХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тушаал гаргаж ажилд аваагүй бөгөөд мөн тушаал гаргаж ажлаас нь чөлөөлөөгүй юм. Мөн М.А нь А сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн байсан болохоос хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаагүй. Уг орон тоо шинээр бий болсон учир М.Ат огт хамаарахгүй. 7. Аймгийн урьд байсан Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан ажилтнуудад ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/09 дугаартай тушаалаар 2016 оны 08 дугаар сарын цалин, үйл ажиллагааны зардлыг олгох эрхийг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Ц, ня-бо Ж.М нарт түр шилжүүлэн олгуулсны дараа мөн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/18 тоот тушаалаар Х.Нээр газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлж 9, 10 дугаар саруудын цалинг олгуулсан байна. Ингэхдээ сул цалин авч, ажил огт хийгээгүй чөлөөлөгдсөн ажилтнууд нь ажлаас тушаалаар чөлөөлөгдсөнөө мэдсээр байж тухайлбал М.А нь 4 сарын хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй, хуулиар тогтоосон гомдол гаргах хугацааг алдаж байна.Иргэн М.Аын нэхэмжлэлийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Иймд дээрх гаргасан тайлбарын үндэслэлүүдийг танилцаж М.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын хэмжээнд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс ажиллаж байсан. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор аймаг, дүүргүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдахад урьд ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгосон тухай эрхийн акт байхгүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 1/ 2 дугаар албан бичигт хоёр байгууллагыг нэгтгэж ажиллуулна гэх талаар дурдсан байдаг. Албан бичиг эрхийн акт биш. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бие даасан тусгай субъект болж, өөрийн эрх хэмжээнийхээ дагуу ажилчдаа ажилд авсан.. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 45 албан хаагчийн орон тоотой. Дээрх хоёр байгууллага нийлээд 66 ажилтан, албан хаагчтай байсан. Ямар ч зохион байгуулалтгүйгээр нэгтгэх боломж байхгүй, хууль, журмын дагуу нэгтгэх ёстой. Дээрх 2 байгууллагын өмч хөрөнгийг хэрхэн хуваарилах, ажиллах хүч, бичиг баримт, цалин хөлсийг нь яаж хуваарилах талаар гаргасан эрхийн акт байхгүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсаны дараа Б.С даргаар томилогдсон. Нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан гэх орон тоонд өөр хүнийг томилж ажиллуулж байгаа. Ямар үндэслэл, шалгуурыг баримтлаж ажилд Ш.Айбекийг авсан талаар мэдэхгүй.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэв. Гуравдагч этгээд Ш.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.А нь тус хэлтсийн нийгмийн халамжийн мэргэжилтнээр 2009 оны 02 дугаар сараас эхлэн ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 2015 оны 01 дүгээр сарын эхээр А сумын Засаг даргаар дэвшин ажилласан юм. Уг албан тушаалыг 2015 оны 11 дүгээр сарын 17-ныг хүртэл хашиж байгаад Улсын Дээд шүүхийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн билээ. Би өөрөө төрийн захиргааны албан хаагч ба тангараг өргөж байсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу тухайн албан тушаалд дэвшсэнээр төрийн албаны нөөцөд байгаа гэж ойлгож байсан. Миний бие 2016 оны 07 дугаар сараас эхлэн аймгийн Засаг дарга, Тамгын газрын даргад мэргэжлийн дагуу ажилтай болгохыг хүсэж өргөдөл гаргаж байсан.Ингээд миний өргөдлийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сд шилжүүлсний дагуу намайг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалаар тус газрын А сум хариуцсан мэргэжилтнээр томилсон юм. Энэ нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Аын орон тоо биш, шинээр бий болсон А сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо гэж үзэж байна. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Ц 2016 оны 07 дугаар сард бүх ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байсан. М.А дээрх тушаалын дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн ч тухайн үед өргөдөл гаргаагүй байна. Би өөрийгөө шинээр бий болсон албан тушаалд томилогдсон гэж үзэж байгаа. Миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа тул энэхүү хүсэлтийг маань хүлээж авч зохих шийдвэр гаргаж өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь : 1.Нэхэмжлэгч М.А нь тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын М.Аыг тус газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан А сумын мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг орон тоонд томилохыг даалгах,ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч М.А нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хэлтсийн ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсанаа илэрхийлсэн болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч М.Аын аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 2.Нэхэмжлэгчийн Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын М.Аыг тус газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан А сумын мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг орон тоонд томилохыг даалгах,ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс гэсэн хэрэгжүүлэгч агентлагууд ажиллуулах тухай Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол болон уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэсэн хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосон байна. Уг 9 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хэлтсийн ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар[1] А сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.А болон хэлтсийн ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэдгээрийн цалингийн санг ерөнхий газарт шилжүүлсэн, мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалаар[2] хэлтсийн нийт ажилтнуудыг чөлөөлж,цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлжээ. Дээрх тушаалууд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 тоот албан бичиг[3], гэрч Б.Цийн мэдүүлэг[4],мөн Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолд өмнөх 2 хэлтсийн үйл ажиллагаа, чиг үүргийг бүрмөсөн дуусгавар болгосон талаар тусгаагүй, харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэсэн хэрэгжүүлэгч агентлагийг ажиллуулахаар тогтоосон, энэ байгууллага нь Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудад заасан хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага болон нийгмийн халамжийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа зэргээс үзэхэд Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн чиг үүргийг шинээр бий болсон байгууллагад шилжүүлсэн, өөрөөр хэлбэл уг 2 хуулийн этгээдийг нийлүүлснээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэсэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан байна гэждүгнэлээ. Мөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо болон чөлөөлөгдөх ажилтнуудад тэтгэмж олгох асуудлын талаар танилцуулсан гэх хурал дээр хариуцагч тус газрын дарга Б.С нь ...Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг нэгтгэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгосон гэж хэлсэн, өөрөөр хэлбэл тус 2 хэлтсийг нийлүүлснээр газар байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн болох нь тухайн хурлын тэмдэглэлээр[5] тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй. Энэхүү өөрчлөн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өмнөх аймгийн Нийгмийн халамж,үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамж, хүн амын хөгжлийн албаны дарга Х.Н Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/18 дугаар тушаалаар[6]мөн өдрөөс эхлэн томилж, ингэхдээ зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж, албан хаагчдын цалин хөлс олгох эрх олгож, бусад эрхийг хязгаарласан байжээ. Тодруулбал уг тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Нд албан тушаалын томилгоо хийх эрх олгогдоогүй байх ба нэхэмжлэгч М.А нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны б/32 дугаар тушаалаар тус газарт шилжсэнээр 2016 оны 8,9,10 дугаар саруудад ажиллаж, энэ хугацааны мэргэжилтний албан тушаалын цалин хөлсийг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[7] тогтоогдсон болно. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хуульчилсан ба мөн хуулийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)ынтодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах-аар, 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынорон тоо нь хасагдсан тохиолдолд..., эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаасолгох-оор тус тус зохицуулсан. Нэхэмжлэгч М.А нь анх аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн А сум хариуцсан нийгмийн халамжийнмэргэжилтний сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцэж,Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 81 дүгээр тогтоолоор түүний нэрийг дэвшүүлснээр[8] томилох эрх бүхий этгээдийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар[9]уг албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.Харин гуравдагч этгээд Ш.Айбек нь 2009 оны 02 дугаар сарын 20-ноос А сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдснөөр 2014 оны 12 дугаар сарын 31-нээс А сумын Засаг даргаар ажиллаж, 2015 оны 11 дүгээр сард уг албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[10] тогтоогдож байна. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст А сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо байгаагүй[11]бөгөөд нэхэмжлэгч М.А нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн А сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний орон тоонд ажиллаж байсан, харин тус 2 хэлтсийг нийлүүлснээр өөрчлөн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний 19 орон тоо байгаагаас А суманд хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний 1 орон тоо батлагдсан[12], уг орон тоонд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалаар[13] гуравдагч этгээд Ш.Айбекийг түр томилжээ. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[14] нэхэмжлэгч М.Аын ажиллаж байсан сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь одоогийн өөрчлөн байгуулагдсан газрын бүтцэд байгаа буюу хэвээр хадгалагдан үлдсэн,зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой чиг үүрэг нэмэгдсэнээр эдгээр чиг үүргийг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн хэрэгжүүлэх болсон нь тогтоогдож байна. Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар[15]иргэн Б.Сыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх ба эрх бүхий этгээдийн хувьд үүнээс хойшхи хугацаанд нэхэмжлэгч М.Аыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан А сумын мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийг уг орон тоонд томилохыг даалгах үндэслэлтэй байна гэж үзлээ Учир нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсанаар нэхэмжлэгч М.Аын ажиллаж байсан А сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид хэвээр хадгалагдан үлдсэн буюу уг албан тушаалын ажлын байр хасагдаагүй байх тул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан А сумын мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг олгон төрийн албанаас бүрмөсөн чөлөөлж[16], уг орон тоонд өөр этгээдийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал,хууль дээдлэх зэрэг төрийн албаны үндсэн зарчим, мөн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалттай нийцээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байна гэж дүгнэлээ. Уг маргаан бүхий орон тоонд түр томилогдсон гуравдагч этгээд Ш.Айбек нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй тул уг орон тоонд ажиллах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч дээр дурдсанаар төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй ба төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсанаар төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тухайн тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч М.Аыг эхний ээлжинд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй юм. Нэхэмжлэгч М.А нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Аын ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс шүүхийн шийдвэр гарах хүртэлх 3 сар 13 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1838178 төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно. Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 4 дэх хэсэгт зааснаар хоолны мөнгө буюу хоолны үнийн хөнгөлөлт нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй тул хоолны үнийн хөнгөлөлтийг оролцуулахгүйгээр дундаж цалин хөлсийг тодорхойлж гаргуулсныг дурьдах нь зүйтэй. 3.Нэхэмжлэгч М.А нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа-г хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар дараах үндэслэл, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч М.Аыг дээр дурдсанчлан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалаар А сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлж, түүнд тус газраас 2016 оны 08, 09,10 дугаар сарын мэргэжилтний албан тушаалын цалин хөлсийг олгосноор энэ хугацаанд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хурал хийж, тус газрын бүтэц, орон тоо болон чөлөөлөгдөх ажилтнуудад тэтгэмж олгох асуудлын талаар танилцуулж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.А эрхэлж байсан албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон . Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь захиргааны акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл гомдол гаргах эрхтэй ба нэхэмжлэгч М.Аын эрх, хууль ёсны ашиг сонирхолнь маргаан бүхий албан тушаал болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд байгаа хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан А сумын мэргэжилтний албан тушаалд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн тэтгэлэг олгон төрийн албанаас бүрмөсөн чөлөөлснөөр зөрчигдсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч М.А нь дээрх байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөнийг мэдсэнээс хойш Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 30 хоногийн дотор төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдлоо 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргаж[17], тус салбар зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариу өгснөөр[18] 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан[19] байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч М.А нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын М.Аыг тус газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан А сумын мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М.Аыг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан А сумынмэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан 3 сар 13 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1838178 /нэг сая найман зуун гучин найман мянга нэг зуун далан найм/ төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ [1] Хэргийн 24-27-р хуудас [2] Хэргийн 42-43-р хуудас [3] Хэргийн 97-р хуудас [4] Хэргийн 169-р хуудас [5] Хэргийн 113-р хуудас [6] Хэргийн 32-р хуудас [7] Хэргийн 9,24-27,111,116,169-р хуудас [8] Хэргийн 105-108-р хуудас [9] Хэргийн 6-р хуудас [10] Хэргийн 122-124,143,144-166-р хуудас [11] Хэргийн 42-43-р хуудас [12] Хэргийн 30-31,62,89-96-р хуудас [13] Хэргийн 37-р хуудас [14] Хэргийн 59-61,89-96,99-102-р хуудас [15] Хэргийн 33-р хуудас [16] Хэргийн 34-36-р хуудас [17] Хэргийн 8-р хуудас [18] Хэргийн 3-р хуудас [19] Хэргийн 1-р хуудас