Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0296

 

“Ц а” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч “Ц а” ХХК-ийн захирал М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2019/0007 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц а” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2019/0007 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “з”-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаартай захирамж, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгчийн “Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 10/45 тоот захирамж, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй юм. Гэтэл хуулийг буруу тайлбарлан нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр боллоо гэж үзэж байна.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар мэдүүлэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэжээ. Мөн хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “бусад байгууллага, албан тушаалтанд харъяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж, бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж, 18.1.2-ын “з”-д “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх” гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялагийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий 09 дүгээр тогтоолыг гаргасан байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1, 18.1.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.1, 20.2.2 дугаар зүйлд тариалангийн талбайг хураан авах тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдаанд хариуцагч Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 09 дүгээр тогтоолд хураах гэсэн үг нь бичилтийн илт алдаа байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр тогтоол нь утга агуулгын илэрхий алдаатай, илт хууль бус захиргааны акт юм. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.3-д зааснаар “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан байх шүүх Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр тогтоол нь дээрх үндэслэлүүдээр илт хууль бус болох нь тогтоогдоогүй, харин “Ц а” ХХК нь эзэмшил бүхий 1010 га газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдсон тул Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх буруу тайлбарлан дүгнэлт хийсэн юм. Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 тогтоол нь нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль Монгол Улсын Газрын тухай хуулиудыг зөрчсөн утга агуулгын илт алдаатай илт хууль бус захиргааны акт юм.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр тогтоолыг алдаатай гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад шүүх тогтоогдоогүй гэсэн нь ойлгомжгүй, илт хууль бус тогтоолыг үндэслэж гарсан Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй юм.

“Ц а” ХХК нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “хүндэтгэн үзэх шалтгаанаар эзэмшиж буй талбайдаа үйл ажиллагаа явуулж чадаагүй” гэсэн албан бичгийг 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн байхад шүүх Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг мэдсэн мэтээр ойлгомжгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Эрдэнэсант сумын Засаг дарга эрхийн гэрчилгээ эзэмшигч этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл сумын Засаг дарга газар эзэмшигч “Ц а” ХХК-д мэдэгдэх үүргээ биелүүлээгүй юм.

Шүүх нэхэмжлэгч нь хариуцагч нарыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.2, 47.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж маргах боловч Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөр батлагдсан тул маргаан бүхий дээрх захиргааны актууд гарсан 2015 онд энэхүү хуулийн заалт хэрэгжих боломжгүй байсан түл хариуцагч нарыг энэ хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно гэжээ.

Монгол Улсад мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.2 заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.2, 47.3 заалтуудад тусгагдсан болно. Шинээр батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ гэж заасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2019/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж  шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ц а” ХХК-ийн “Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаар захирамж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. 

Нэхэмжлэгч “Ц а” ХХК Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/186 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар “Ш х” ХХК-аас тус сумын 4 дүгээр багт байрлах 1847250592799 нэгж талбарын дугаар бүхий 372 га, 18479248294262 нэгж талбарын дугаар бүхий 420 га, 18480550352220 нэгж талбарын дугаар бүхий 218 га нийт 1010 га үр тариа тариалах зориулалтын газрыг шилжүүлэн авч, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сумын газрын даамалтай гэрээ байгуулж, эзэмшил газар тус бүрт гэрчилгээ олгогдсоноор тус компанийн газар эзэмших эрх үүсчээ.

 “Ц а” ХХК нь газар эзэмших эрх үүссэн 2012 оноос хойш маргаан бүхий акт гарсан 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл эзэмшил газраа огт ашиглаагүй, энэ талаар хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлоогүй байх тул хариуцагч “Эрдэнэсант” сумын Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаар захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... 2014 онд рабс тарихаар хандахад тарих боломжгүй гэж няцаасан, захирамж гарсныг мэдэгдээгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын илт хууль бус тогтоолыг үндэслэн гарсан, Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийг зөрчсөн... “ гэх агуулгаар маргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тариалангийн тухай хууль /2004 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Өнжөөсөн газарт хөрсний үржил шимийг нөхөн сэргээх буюу сайжруулах арга хэмжээ авах болон тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид тариалах үр дутагдах, тухайн жилд ган болох магадлал ихтэй нь тогтоогдсон зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас 2 жил хүртэл хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбайг хамааруулна” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тариалангийн зориулалттай газрыг газар эзэмшигчээс жил бүр бүх талбайг бүрэн ашиглахыг шаардах боломжгүй бөгөөд тариалангийн газрыг тодорхой шалтгаанаар 2 жил дараалан ашиглахгүй байж болохоор байх боловч энэ тохиолдолд уг хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй.

Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс тухайн үед эзэмшил газраа өнжөөсөн, үржил шимийг нөхөн сэргээх, сайжруулах арга хэмжээ авах талаар, тариалах үр дутагдсан, тухайн жилүүдэд ган болох магадлал ихтэй нь тогтоогдсон байсан гэх зэргээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргаагүй, энэ талаар баримт нотолгоо гаргаж мэтгэлцээгүй байх тул шүүх Тариалангийн тухай хуулийн /2004 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг энэ тохиолдолд хэрэглэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нь 2012-2015 онд хүртэл буюу нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгогдсон цаг хугацаанаас тооцож маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд газраа ашиглаагүй байсан гэж үзэж газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгч 2015 онд гарсан маргаан бүхий актыг нэхэмжлэл гаргах хүртэл огт мэдээгүй байсан  гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Ц а” ХХК-ийг маргаан бүхий акт гарахаас өмнө 2 жил дараалан газраа ашиглаагүй гэж үзэхээр байхаас гадна тэрээр эзэмшил газрыг хүчингүй болгосныг мэдээгүй байсан гэж байгаа цаг хугацаанд буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж байсан талаар тайлбарлаагүй, энэ талаар баримт нотолгоог гаргаж маргаагүй байх тул тус компанийг газар эзэмших эрх олгогдсон 2012 оноос 2018 он хүртэлх хугацаанд эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар  хуралдааны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар  хуралдаанаар “... газар тариалангийн талаар гарсан хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, заавар журам, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн байх бөгөөд тус хуралдаанаас “Газар тариалангийн талаар авах арга хэмжээний тухай” 09 дүгээр тогтоол гаргаж, 1.1 дэх заалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зарим хуулийн этгээдүүдийн газрыг хураан авахаар шийдвэрлэсэнд “Ц а” ХХК багтжээ.

Хэдийгээр хариуцагч Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  маргаан бүхий 09 дүгээр тогтоолд “тариалангийн талбайг хураан авах” гэж хуульд заагаагүй нэр томьёог хэрэглэсэн байх боловч тус хурлаас агуулгын хувьд газар эзэмших эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэхгүй, эзэмшил газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглахгүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа газар эзэмшигч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах талаар сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх” гэж тус тус заасантай нийцсэн, хариуцагч хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна.

Нэхэмжлэгч “Ц а ХХК эзэмшил газраа “газар эзэмших гэрээ”-нд заасны дагуу зориулалтын дагуу 2 болон түүнээс дээш жилийн хугацаанд дараалан ашиглаагүй нь тогтоогдсон, мөн ашиглаагүй хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар баримт нотолгоо гаргаж маргаагүй байх тул Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  маргаан бүхий 09 дүгээр тогтоолын улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй, хуулийн нэрийг буруу бичсэн алдааг, мөн нэхэмжлэгч Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаар захирамжийг “10/45” буруу бичсэнийг залруулаагүй зэрэг алдааг засч зөвтгөн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:                                                            

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2019/0007 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.з/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц а” ХХК-аас Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаартай захирамж, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ц а” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ