Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 84

 

 

Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                           

          Прокурор Б.Соёлмаа,                                        

          Ялтан Г.Ганмөрөн, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол, Н.Эрдэнэчимэг,

          Ялтан М.Лхагвабаярын өмгөөлөгч Д.Батбаяр,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Ганмөрөн, түүний өмгөөлөгч Б.Алтанцол, Н.Эрдэнэчимэг, ялтан М.Лхагвабаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарт холбогдох 2016 2603 0533 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Сартуул овгийн Ганбаатарын Ганмөрөн, 1993 оны 2 дугаар сарын 2-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 7-20 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 11-16-7 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:РЮ93020215/,

2. Тогоруутан овгийн Мөнхболдын Лхагвабаяр, 1993 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-142 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-25-5 тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:РЭ93021755/.

Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар нь бүлэглэн, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, эд зүйлийг нь авах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Б.Сожидмаагийн, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр С.Цэдэвсүрэнгийн, 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Г.Диваанансалын, 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Л.Тэрбишийн, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Пүрэвсүрэнгийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдэн авч, бусдад нийт 3.024.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Г.Ганмөрөнг эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн, М.Лхагвабаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарт тус тус оногдуулсан 7 жилийн хорих ялуудыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Г.Ганмөрөнгийн 242 хоног, М.Лхагвабаярын 241 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СD-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Ганмөрөн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр нь мэдүүлж, чин санаанаасаа гэмшиж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Мөн намайг урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн атлаа ялтай байх хугацаандаа ахин гэмт хэрэгт холбогдон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.

Миний ялтай байх хугацаа арилсан, анхны хэрэгтээ, уг гэмт хэргийг үйлдэхдээ надад ямар нэгэн дээрэмдэх санаа зорилго байгаагүй, зөвхөн юмыг нь шүүрээд зугтаах зорилготой байсан. Мөн хохирогч гэх хүмүүс рүү ямар нэгэн үг хэлээр заналхийлээгүй, цохиж, далайж, сүрдүүлээгүй. Зөвхөн юмыг нь шүүрч зугтаасан. Ам болон хоолойг нь боогоогүй, зөвхөн хохирогчийн араас нь гэтэж юмыг нь шүүрч зугтаасан. Би ахин гэмт хэрэгт холбогдохгүй, үнэн ч шударга амьдрах болно. Энэ бүх байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан ялаас хасч өгнө үү...” гэв.

Ялтан Г.Ганмөрөнгийн өмгөөлөгч Б.Алтанцол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Хэргийн зүйлчлэл, хэсэг тохироогүй талаар.

Ялтан Г.Ганмөрөн болон М.Лхагвабаяр нар хохирогчийн чихэн дэх ээмгийг авахдаа ямар нэг хүч хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, өндөр настай байдлыг нь ашиглаж үйлдсэн бөгөөд эд зүйлийг нь авмагц зугтсан нь үйлдэл тус бүрээр нь шалгагдаж тогтоогдсон. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Ялтан Г.Ганмөрөн нь хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаасаа гэмшиж, хохирлыг сайн дураараа арилгасан, хохирогч нар гомдол саналгүй гэж байгаа нь ял хөнгөрүүлэх бүрэлдэхүүн болж байгаа бөгөөд ялыг хүндрүүлэн оногдуулсан явдалд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх бидний гомдол, хүсэлтийг хүлээн авч, хэргийн зүйлчлэл ял шийтгэлийн талаар дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримтлан өөрчилж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Г.Ганмөрөнгийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ганмөрөн нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж байсан боловч уг хэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдсан. Г.Ганмөрөн нь үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлж, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогч нарт учирсан гэм хорыг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хүндэдсэн гэж үзэж байгаа тул дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв.

Ялтан М.Лхагвабаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгахдаа хэт нэг талыг барьж, намайг яллах буруутгах үүднээс байцаалт, мэдүүлэг авч байсан бөгөөд миний хүсэлтийг авч хэлэлцдэггүй, шалгуулах гэсэн баримт материалыг мэдүүлэгт бичдэггүй, шалгадаггүй, хохирогч нарын мэдүүлэг үнэн зөв гэж тулгаж байцаадаг байсан. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч оролцуулъя, байлцуулъя гэхэд “чи өмгөөлөгчөөр яадаг юм бэ, хохирогч нарын мэдүүлж байгаа үнэн, зөв” гэж тулгаж байцаалт авч байсан нь миний эрх ашгийг маш ихээр хохироож, зарим хийгээгүй хэргийнхээ төлөө 7 жилийн чанга дэглэмтэй хорих ял авсандаа маш их гомдолтой байна.

1. Хан-Уул дүүргийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч ахмад Б.Дашцэрэн мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч авах хүсэлтийг минь удаа дараалан хүлээж аваагүй. Бүх мөрдөн байцаалт, тайлбар, мэдүүлгийг өмгөөлөгчгүй авсан. Мөн “эдгээр хэргийг хүлээн зөвшөөрөхгүй бол өөр хэрэг байгаа шүү” гэж тулган шаардаж байцаалт авч байсанд гомдолтой байна.

2. Хохирогч Тэрбиш шүүх хуралд сууж байхад прокурор Б.Соёлмаа, хохирогч Тэрбиш гуайгаас “таныг орцонд гэмт хэрэг болох үед 2 хүн орцонд дагаж орсон, нэг нь таны нүд болон амыг дарж боосон гэж үнэн үү” гэхэд хохирогч Тэрбиш “үгүй, нэг хүн байсан, надад гар хүрээгүй, айлган сүрдүүлээгүй, миний араас нэг хүн орж ирээд ээмгийг минь аваад зугтаасан, би “хоёр хүн байсан, намайг дарж унагаасан, боосон” гэж ерөөсөө мэдүүлэг өгөөгүй. Энэ миний өгсөн мэдүүлэг биш байна” гэдгийг хэлээд байхад хохирогчийн шүүх хуралдаанд хэлсэн бүгдийг шийтгэх тогтоолоос хасч бичиж, Ганмөрөнтэй намайг тухайн хэргийг хамт хийсэн мэтээр ямар ч гэрч, нотолгоогүй гүтгэж, хамт хэрэг хийсэн гэж яллаж, хийгээгүй хэрэгт минь ялласанд гомдолтой байна.

3. Хохирогч Сожидмаа тухайн өдрийн хэрэг гарах үед “гэмт хэрэгтэн ганцаараа байсан, мөн Лхагвабаяр гэж хүн 6 давхарт буугаад яваад өгсөн” гэдгийг нотолж байгаа. Мөн Ганмөрөн “би ганцаараа байсан, Лхагвабаяр хэрэг болох үед байрнаас гараад яваад өгсөн байсан. Би хохирогч Сожидмаагийн ээмгийг булаагаад Лхагвабаярын араас очсон, энэ хэрэгт Лхагвабаяр оролцоогүй гэдгийг нотолсоор байхад намайг хохирогч Сожидмааг Ганмөрөнтэй бүлэглэн дээрэмдсэн гэж ялласанд гомдолтой байна. Намайг байрнаас гараад явсан байсныг шийтгэх тогтоолын 2, 4, 5 дугаар хуудсанд бичсэн атлаа шүүх анхаарч үзээгүй хохирогч Сожидмааг дээрэмдсэн гэж яллаж байгаад гомдолтой байна.

4. 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 16-17 цагийн хооронд офицерт найз Лувсандаваагийнд байсан гэдгийг Лувсандаваа болон түүний 2 найз гэрчилж байгаа. Цагдаагийн ахмад Б.Дашцэрэн тэдгээрийг мэдсээр байж хавтаст хэрэгт хавсаргаагүй. Тухайн өдөр Г.Ганмөрөн хохирогч Тэрбишээс авсан ээмгээ намайг дуудаж миний бичиг баримтаар ломбарданд тавиулсан гэдгээ хэлээд байхад авч хэлэлцээгүй. 4 дүгээр сарын 9-ний өдөр гэмт хэрэг 16-17 цагийн хооронд болсон гэж байгаа. Энэ цаг хугацаанд намайг офицерт нийтийн байранд байсан, орж, гарч байсан гэх бичлэгийг нотлох баримтаар авч үзээгүй, шалгуулъя гэхэд хүлээн аваагүй. Мөн 4 дүгээр сарын 9-ний өдөр 16 цаг 50 минутын үед 2 хүн хохирогчийг даган орц руу орж байгаа бичлэг байгаа гэсэн. Энэ бичлэгийг шалгуулмаар байна. Уг бичлэгийг компьютероос хатуу дискэнд хуулж авах гэсэн боловч болохгүй байхаар нь утсан дээрээ бичиж авсан. Тэр утсаа усанд унагаасан гэж худлаа яриад огт байхгүй бичлэг ярьсан болгож намайг гүтгэж байна. Үнэхээр энэ бичлэг үнэн эсэх, хоёр хүн байсан эсэхийг шалгаж өгөхгүйгээр яллаж байгаад гомдолтой байна.

5. Мөрдөн байцаагч Б.Дашцэрэн түр бичгээр авч явж зам шалгалт хийхдээ 4 дүгээр сарын 9-ний өдөр гэмт хэрэг гарсан газар дагуулан очиж, намайг “энд зогс” гэж байгаад зураг дарсан. Зургаа авахуулахгүй, энэ хэргийн талаар мэдэхгүй гэдгээ хэлэхэд “энд зургаа авахуулахгүй бол гэр бүлийнхэнтэй чинь уулзуулахгүй шүү” гэж хэлж байж зураг авч, тэр зургаа хавтаст хэрэгт намайг өөрөө очиж зааж өгсөн мэтээр бичиж, нотлох баримт болгож, хэргийн газрыг өөрөө заасан гэж хэрэгт хавсаргасан. Үүнд гомдолтой байна.

6. Миний бие уг хэрэгт холбогдон мөрдөн байцаагдаж байх хугацаандаа нэг ч удаа өмгөөлөгчтэй байцаалт, мэдүүлэг, тайлбар өгөх боломж олгоогүй. Хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулан байцаалт авчихаад хэргийг прокурорт шилжүүлэх гэж байна гэж ирэхдээ өмгөөлөгч дагуулж ирж, “чиний хэрэгтэй танилцсан өмгөөлөгч” гэж хэлж тэр хүнээр мөрдөн байцаалтын явцад надтай хамт байж, хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж гарын үсэг зуруулсан. Энэ хүнийг би огт танихгүй, өмгөөллийн гэрээ хийгээгүй байхад ямар учиртай миний өмгөөлөгч гэж гарын үсэг зуруулсныг шалгаж өгөөгүйд гомдолтой байна.

7. Г.Ганмөрөн нь намайг Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатарт очиж “ажилд оруулж өгнө, найдвартай” гэж дагуулж ирчихээд ажлаа ч олж өгөлгүй, мөн эдгээр хийсэн хэргүүддээ хамт байсан гэж мэдүүлж байгаад гомдолтой байна. 4 дүгээр сарын 5, 4 дүгээр сарын 9-ний өдрийн гэмт хэрэгт оролцоогүй атлаа Г.Ганмөрөнтэй байсан хэмээн ял авч байгаадаа гомдолтой байна.

Би өөрийн оролцсон 4 дүгээр сарын 6, 4 дүгээр сарын 8, 4 дүгээр сарын 10-ны өдрүүдийн гэм буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ эдгээр хүмүүсийг дээрэмдээгүй байж дээрмийн зүйл ангиар яллуулж байгаадаа гомдолтой байна.

Г.Ганмөрөнтэй хамт хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Мөн хохирол гомдлыг барагдуулсан байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Ялтан М.Лхагвабаярын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Лхагвабаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс ялтнуудад оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү, давж заалдах гомдлууд үндэслэлгүй…” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар нь бүлэглэн, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, эд зүйлийг нь авах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Б.Сожидмаагийн, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр С.Цэдэвсүрэнгийн, 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Г.Диваанансалын, 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Л.Тэрбишийн, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Пүрэвсүрэнгийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдэн авч, бусдад нийт 3.024.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

            Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол/1-р хх-4/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-5-6, 7-14/, эд зүйл хураан авах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-15-16, 17-21, 32-33, 34-36, 2-р хх-50-51/, Г.Ганмөрөнгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-22-23, 24-25/, М.Лхагвабаярын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-26-27, 28-31/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-40, 41, 242-243, 244/, Г.Ганмөрөнгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-42-43, 44-54/, М.Лхагвабаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2-р хх-107-108, 109-117/, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрболдын бичсэн илтгэх хуудас/1-р хх-57/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Т.Баттунгалагийн бичсэн итлгэх хуудас/1-р хх-215/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлагч И.Нэргүйгийн бичсэн илтгэх хуудас/1-р хх-245/, Эд зүйлийн үнэлгээ/1-р хх-77-78, 182, 201, 216, 241/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/2-р хх-52, 137/, гэрэл зургаар хохирогч Ж.Пүрэвсүрэн, Б.Сожидмаа, Г.Диваанансал, Л.Тэрбиш, гэрч Ш.Манлайбаатар нар нь ялтан Г.Ганмөрөн, М.Лхагвабаярын нарыг таньсан тухай таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/2-р хх-53-62/,

            Хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн “...намайг 2 давхарт шатаар өгсөөд дээшээ алхаж байхад араас хоёр залуу өгсөөд ирэхээр нь би байрныхаа хүүхдүүдийг байна гэж бодоод зай тавьж өгөх санаатай хажуу тийшээ хараад зай тавьж өгтөл гэнэт толгой дээгүүр хар юм нөмрөөд авсан. Тэгтэл нэг нь гар, ам дараад бас хоолой давхар багалзуурдаад байсан. Тэгснээ миний ээмгийг авах гээд миний амыг дарсан гараа тавихаар нь би “хөөе миний хүү эмээгээ болохгүй шүү” гэхэд буцаад амыг минь дараад авсан. Тэгээд баруун талын чихний ээмгийг тайлж авахад нь мэдээгүй, харин зүүн талын чихний ээмгийг тайлж авах гэхэд нь би мэдсэн. Учир нь миний зүүн талын чих өвдсөн юм. Би гараараа чих, ээмэг хоёроо хамт дараад авахад миний гарыг доош нь болгоод ээмгийг тайлж аваад шат руу гүйсэн. Харин жижиг биетэй бор царайтай залуу нь миний үүрсэн байсан цүнхийг татаад гүйсэн. ...тухайн үед эхлээд нэг залуу нь шууд толгой дээгүүр бүрхээд аваад суулгасан, ам гараараа дараад ээмгийг тайлж авсан. Намхан залуу нь миний цүнхийг татаад оосрыг нь тасдаад гарт үлдээгээд гараад гүйсэн...”/1-р хх-65-68/,

            Хохирогч Г.Диваанансалын “...орц руу ороод 2 давхрын шатан дээр алхаад явж байтал миний араас 2 залуу ирээд нэг нь миний ам, нүдийг гараараа дарсан, нөгөө залуу нь миний хөлийг бас барьсан байсан. Тэгээд миний чихэнд байсан 2 ээмгийг мултлаад аваад явсан. Миний зүүн талын чихийг сэтлээд чихэнд байсан ээмгийг авсан. Харин баруун талын ээмэг нь түгжээгээрээ мултарсан. Тэгээд тэр 2 залуу зугтаагаад явсан. Би их айж сандарсан...”/1-р хх-69-70, 202-204/,

             Хохирогч С.Цэдэвсүрэнгийн “...надтай хамт орцонд 25 орчим насны шар куртиктэй бордуу банди хамт орсон. Орцонд ороод 2 давхар луу өгсөх гэтэл манай орцны гэрэл байгаагүй. Тэр залуу гар утасныхаа гэрлийг асаагаад “яасан харанхуй юм бэ” гэж хэлэхээр нь би тэр залуу руу харахад тэр залуу миний 2 чихнээс зүүж явсан ээмгийг татсан. Баруун талын чихэнд байсан ээмэг түгжээгээрээ мултарсан. Харин зүүн чихний ээмэг мултраагүй. Яг тэр үед орцны гэрэл асахад би хашгирсан. Тэр залуу миний өрөөсөн ээмгийг аваад л гүйж гараад зугтсан...”/1-р хх-71-72, 217-219/,

            Хохирогч Л.Тэрбишийн “...орцны 1 дүгээр давхраас миний араас хүн ирээд миний чихэнд байсан хос 2 ээмгийг татаж аваад явчихсан...”/1-р хх-73-74, 249-250, 2-р хх-1/,

            Хохирогч Б.Сожидмаагийн “...орцоор ороод лифтэнд суухад намхан нуруутай залуу хамт орсон. Тэгээд тэр залуу 6 давхарт буугаад явахаар нь би 8 давхарт буугаад гэр лүүгээ орох гээд үүдэндээ зогсоход ард нэг залуу гарч ирэхээр нь би эргээд харсан. Тэгтэл уг залуу золгох гэж байгаа юм шиг гараа өргөхөөр нь би нээх юм бодолгүй зогсож байтал гэнэт л чихэнд байгаа ээмгийг маань сэт татаад аваад гүйчихээр нь би гэрийнхээ хаалгыг  онгойлгоод хүүхдүүддээ болсон асуудлыг хэлж эмнэлэгт үзүүлж, чихэндээ оёдол тавиулсан. ...миний ээмгийг дээрэмдсэн залуу ганцаараа байсан ба 6 давхарт буусан залуу хамтрагч нь байж магадгүй гэж бодож байна...”/1-р хх-75-76, 183-184/,

Гэрч Ж.Оюунбатын “...эх Ж.Пүрэвсүрэн нь дагуулж гараад орцныхоо 2 давхарт очоод “энд намайг хоёр залуу зөрж өнгөрөхдөө хойноос багалзуурдаж аваад газар суулгаад чихэн дэх ээмгийг аваад, мөн цүнхийг нь авч зугтаасан” гэж хэлсэн...”/1-р хх-82/,

Гэрч Ч.Нямсүрэнгийн “...гэртээ байж байхад манай хаалгыг хүн нүдээд орилоод байхаар нь хаалгаа онгойлгоход хөрш айлын Ж.Пүрэвсүрэн зогсож байсан. Би “юу болсон бэ, яасан бэ” гэхэд “намайг гэртээ орох гээд шатаар өгсөж байхад араас хоёр залуу хоолой багалзуурдаад, хойшоо дарж байгаад чихэндээ зүүж байсан ээмгийг авсан, мөн цүнх аваад явсан” гээд цүнхнийхээ оосрыг гартаа барьсан байдалтай зогсож байсан...”/1-р хх-84-85/ гэх мэдүүлгүүд,   

            Хохирогч Б.Сожидмаагийн биед “...баруун, зүүн чихний омогны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 4767 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-185-186/,

Хохирогч Г.Диваанансалын биед “...баруун чихэнд гэмтэл тогтоогдсонгүй, зүүн чихний дэлбэнд шархны улмаас үүссэн сорви тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 16408 дугаартай шинжээчийн дүгнэлт/3-р хх-2/ болон хохирол төлсөн баримтууд/2-р хх-224, 225, 228, 229, 3-р хх-15-16/, ялтан Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тэдний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Ялтан Г.Ганмөрөн, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол, Н.Эрдэнэчимэг нарын “...хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”,

ялтан М.Лхагвабаярын “...хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн гомдлуудыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзвэл Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар урьдаас төлөвлөж, бүлэглэн бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж эд зүйлүүдийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, ялтнуудын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, тэдэнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, гэмтэл учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх тул гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь халдлагад өртөж байгаа этгээд рүү шууд чиглэсэн, довтолгоон хийгдсэн байдаг бөгөөд уг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авсан эсэхээс үл хамааран хүч хэрэглэсэн буюу довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцдог тул “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн ялтан Г.Ганмөрөн болон түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Иймд ялтан Г.Ганмөрөн, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол, Н.Эрдэнэчимэг, ялтан М.Лхагвабаяр нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Ганмөрөн, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол, Н.Эрдэнэчимэг, ялтан М.Лхагвабаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ГАНСҮХ

                                 ШҮҮГЧИД                                              Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ