Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Дэд овогт А. Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 181002310712 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын мэргэжилтэй, ам бүл-4, ээж, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 144 дүгээр магадлалаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт А. Ч.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Азжаргалын гээгдүүлсэн байсан Айфоне 7 плас загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Б.Дөлгөөн, Т.Азжаргалд өгчихөөрэй гэж өгөхөд нь Баянаа гэгчид 285,000 төгрөгийн барьцаанд тавьж завшсаны улмаас бусдад 810,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-ны эсрэг талд С.Нямсүрэнтэй заамдалцан, ноцолдож байхад нь салгах гэж очсон О.Солонгоог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.Ч: “...2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-нд шилжих шөнө найз нартайгаа Яармаг руу явж байсан. Нямсүрэн гэх залуу хоёр найзтайгаа явж байсан. Манай найз Сумъяа Нямсүрэнтэй маргалдсан. Тэгээд би машинаас бууж ирээд Нямсүрэнтэй зодолдсон. Гэтэл Нямсүрэнгийн найз Солонгоо нь Нямсүрэн бид хоёрыг салгахад би Солонгоогийн нүүр рүү цохисон. Би тухайн хэрэг гарсан өдөр Солонгоогоос уучлалт гуйсан. Би Солонгоог санаатай цохино гэж бодоогүй. Би Солонгийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Хохирол төлбөр болох 200.000 төгрөг төлсөн. ...2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Азжаргал дуудахад би Эрдэнэсүрэн гэх найзтайгаа миний машинаар Азжаргал руу очсон. Би Азжаргалд гар утсыг нь олсон тухайгаа 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хэлсэн. Эхлээд Эрдэнсүрэн, Азжаргал хоёр шар айраг уусан. Би хамт уусан. Машин барих боломжгүй байсан тул Эрдэнэсүрэн Даваа гэх найзыгаа дуудсан. Даваагийн машинд Эрдэнэсүрэн Азжаргал бид гурав суусан. ...Даваагийн гэрт очоод Азжаргалын гар утас алга болсон гэдгийг мэдсэн. Миний утсаар Азжаргалын утас руу залгахад утас нь холбогдож байсан. Бид утсыг нь бие зассан газраасаа хайсан гэтэл олоогүй. Тэгээд буцаж ирээд Даваагийн гэрт хоносон. Тэгээд Азжаргалын гэр рүү очсон. Маргааш нь утсаа олох талаар ярилцсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэсүрэн, Азжаргал, бид гурав Азжаргалын эгчийн дэлгүүр рүү явсан. Тэгээд гар утсаа олох тухай ярилцаж байгаад би “манай найз Дөлгөөн Цагдаагийн байгууллагад ажилладаг” гэдгийг хэлсэн. Би Дөлгөөнд утасны талаар хэлэхэд гар утасны хайрцаг хэрэгтэй гэсэн. Тэгээд Эрдэнэсүрэн, Дөлгөөн бид гурав Азжаргалын эгчийн дэлгүүр рүү очиж Азжаргалыг гэр рүү нь авч явсан. Эрдэнэсүрэн, Азжаргал, Дөлгөөн бид дөрөв Азжаргалын гэрээс гар утасны хайрцгийг аваад Дөлгөөнд өгсөн. Тухайн үед Дөлгөөн гар утас олоход мөнгө хэрэгтэй гэхэд нь би гэртээ байдаг мөнгөний гахайгаа хагалж мөнгө авсан. Тэгээд Дөлгөөнд гар утас олж өгөөрэй гэж 50.000 төгрөг өгсөн. Эрдэнэсүрэн, Азжаргал, Дөлгөөн бид дөрөв зоогийн газар орж хоол идсэн. Дөлгөөн гар утсыг нь олж өгнө гэсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Даваа “машинаас архи үнэртээд” байна гээд Эрдэнэсүрэнтэй машинаа угаасан. Даваа хэрэг гарснаас хойш машинаа унаагүй байсан. Даваагийн машиныг угааж байхдаа Азжаргалын гар утсыг олсон. Тэгээд Эрдэнэсүрэн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дөлгөөнтэй таарч Азжаргалын гар утсыг өгсөн. Орой нь Дөлгөөнтэй компьютер тоглоом тоглохоор уулзахад Азжаргалын гар утсыг надад өгсөн. Би тухайн үед Азжаргалд гар утсыг чинь олсон гэж хэлэхэд “чамд маш их баярлалаа” гэсэн. Би компьютер тоглоом тоглож байтал ээж ирээд “мөнгөний гахайгаа яагаад хагалсан бэ?, мөнгө цуглуулж өгөөд байхад ингээд байвал ямар хэрэг байна” гээд уурлахад нь би “надад мөнгө байгаа” гэж хэлээд хамт тоглож байсан найз Баянаа гэх хүүхдэд Азжаргалын гар утсыг нь өгөөд чи надад түр 280.000 төгрөг өгөөд энэ утсыг авч бай гэж хэлээд 280.000 төгрөг авсан. Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Азжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ч, Эрдэнэ нартай уулзаад Чийн машинд архи ууж байгаад Давааг ирэхээр нь тэдний гэр рүү явцгаасан. Даваагийн очсоныхоо дараа утсаа алга болгосноо мэдээд Ч, Даваа, Эрдэнэ нараас асуухад мэдэхгүй гэхээр нь буцаж ирээд Чийн машинд үзэхэд миний утас байхгүй байсан. Тухайн үед утас руу гаа залгаж үзэхэд дуудаад, авахгүй байсан. Тэгээд маргааш нь эгчийнхээ ТҮЦ-нд сууж байхад Ч, Эрдэнэ, Дөлгөөн гурав ирээд утасныхаа гэрийг өгч бай имей кодоор нь хайгаад олоод өгьё гээд хайрцагийг нь аваад явсан. Дараа нь Ч өөрийн фэйсбүүктээ Айфоне-7 загварын гар утас зарна гэсэн байхаар нь асуухад би чиний утсыг олсон, удахгүй өгнө гэж хэлчихээд өгөхгүй байсан...” /хх-ийн 05-07, 8-9/ гэсэн,

 

Хохирогч О.Солонго мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед  ...Нямаа эмээтэйгээ утсаар ярьчихаад ирье гээд гудамж руу ороход араас нь Ч очсон. Тэр хоёр юм ярьж байгаад хоорондоо зодолдоод эхлэхээр нь салгах гэхэд Ч намайг үсдээд дарчихсан. Тэгэхээр нь чи ямар сонин залуу вэ, эмэгтэй хүн зодоод байдаг гэхэд намайг хэл амаар доромжлоод эмзэг эрхтэн болон гэдэс рүү өшиглөж, шанаа руу цохисон. Тэгээд найзуудынхаа хамт зугтаахад араас гүйж ирээд намайг мөргөсөн...” /хх-ийн 70-72, 73-44, 75-76/ гэсэн,  

 

Гэрч Г.Эрдэнэсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ч, Азжаргал нарын хамт Чийн машинд архи ууж байгаад найз Даваагийн гэр рүү явсан. Тухайн үед Ч согтуу байсан учраас машиныг үлдээгээд, Даваагийн машинд бүгд суугаад явсан. Энэ үед Азжаргал утас алга болсон байна гэхээр нь анх байсан газраа очиж үзэхэд байгаагүй. Маргааш нь Ч, Дөлгөөн бид гурав Азжаргалын ТҮЦ-нд очоод утасных нь хайрцагийг авсан. Тэгээд тэр өдрөө бид дөрөв солонгос хоолны газар болон караокед орсон. Тухайн үед Ч тооцоог хийсэн бөгөөд ээжийнхөө мөнгөний гахайг хагалаад бүх мөнгийг нь авчихсан гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Давкагийн машиныг угааж байхад арын суудлын шалавчин доороос Азжаргалын утас олдсон. Тэгээд Давкагийн гэрээс гарч явахдаа Дөлгөөнтэй тааралдахад Чтой уулзаж PC тоглоно гэхээр нь энэ утсыг Чт өгчихөөрэй гээд өгсөн. Дараа нь РС тоглоомын газарт очоод Азжаргалын утсыг олсон талаараа Чт хэлэхэд би Дөлгөөнөөс авчихсан удахгүй өгнө гэж хэлсэн...” /хх-ийн 13-14/ гэсэн,

 

Гэрч Б.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09  дүгээр сарын 19-ний өдөр эмээгийнхээ гэр рүү явж байхдаа Эрдэнэсүрэнтэй тааралдахад надад Айфоне-7 загварын утас өгөөд Азжаргалын утас юм шиг байна, Давкагийн машины шалавчин доороос оллоо, чи Чт өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь Ундрам дэлгүүрийн гадаа Чтой уулзаад утсыг нь өгсөн...” /хх-ийн 16/ гэсэн,

 

Гэрч Г.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой Ч намайг зодож байхад Солонго ирээд бид хоёрыг салгах гэхэд Ч Солонгоог мөргөж, нүүр рүү цохиж, үснээс нь зулгаагаад байсан...” /хх-ийн 79-80/ гэсэн,

 

Гэрч Н.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой ...Зоригоо, Нямаа гэх залуутай хашааны буланд юм яриад зогсож байснаа хоорондоо зодолдсон. Тэгээд би Нямааг салгахад Солонго Зоригоогийн эрхнээс татсан. Зоригоо эрхээ таслуулахгүй гээд урагшаа алхаж байгаад хөл алдаад Солонгоог мөргөчихсөн...” /хх-ийн 88/ гэсэн,

 

Шүүгдэгч А.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дөлгөөнтэй уулзахад Азжаргалын утсыг Эрдэнээ Давкагийн машинаас олсон байна гээд Айфоне-7 загварын утсыг надад өгсөн. Тухайн үед нь шууд Азжаргал руу залгаад утсыг чинь олчихсон гэж хэлсэн. Тэгээд РС тоглож байсан чинь ээж ирээд мөнгөний гахайг хагалаад бүх мөнгийг нь авч, үрлээ гэхээр нь би үрээгүй надад байгаа гэж хэлээд тэр өдөртөө Азжаргалын утсыг барьцаанд нь үлдээгээд найз Баянаагаас 250,000 төгрөг зээлчихсэн юм. Дараа нь Азжаргалын утсыг авч өгөх гээд мөнгө олдохгүй байсан.

2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө согтуу байхдаа өмнө нь таньдаг байсан Солонго гэх охин болон түүний найз Нямсүрэн нартай маргалдсан байсан. Би их согтсон байсан учраас юу болсныг сайн санахгүй байна. Намайг Нямсүрэн гэх залуутай муудалцах үед Солонго дундуур орж ирээд мөргүүлсэн юм шиг байна лээ...” /хх-ийн 46-47, 82-83, 109-110, 133-134/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №8087 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.Солонгын биед зүүн хацар, хүзүүнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал баруун бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун ташаанд зулгаралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 101-102/ гэсэн дүгнэлт,

 

- “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/,

-  Хохирол хүлээн авсан баримт /хх-ийн 37/,

- Шүүгдэгч А.Чийг ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, түүний хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 23-31, 114-121, 124-126/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай /хх-ийн 59/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Чт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч А.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Азжаргалын гээгдүүлсэн байсан Айфоне 7 плас загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Баянаа гэгчид 285,000 төгрөгийн барьцаанд тавьж завшсаны улмаас бусдад 810,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-ны эсрэг талд С.Нямсүрэнтэй заамдалцан, ноцолдож байхад нь салгах гэж очсон О.Солонгоог зодож, эрүүл мэндэд нь зүүн хацар, хүзүүнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал баруун бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун ташаанд зулгаралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Азжаргалын “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ч, Эрдэнэ нартай уулзаад Чийн машинд архи ууж байгаад Давааг ирэхээр нь тэдний гэр рүү явцгаасан. Даваагийнд очсоныхоо дараа утсаа алга болгосноо мэдээд Ч, Даваа, Эрдэнэ нараас асуухад мэдэхгүй гэхээр нь буцаж ирээд Чийн машинд үзэхэд миний утас байхгүй байсан. Тухайн үед утас руу залгаж үзэхэд дуудаад, авахгүй байсан. Тэгээд маргааш нь эгчийнхээ ТҮЦ-нд сууж байхад Ч, Эрдэнэ, Дөлгөөн гурав ирээд утасныхаа гэрийг өгч бай имей кодоор нь хайгаад олоод өгьё гээд хайрцагийг нь аваад явсан. Дараа нь Ч өөрийн фэйсбүүктээ Айфоне-7 загварын гар утас зарна гэсэн байхаар нь асуухад би чиний утсыг олсон, удахгүй өгнө гэж хэлчихээд өгөхгүй байсан...” /хх-ийн 05-07, 8-9/ гэсэн, гэрч Г.Эрдэнэсүрэнгийн “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Давкагийн машиныг угааж байхад арын суудлын шалавчин доороос Азжаргалын утас олдсон. Тэгээд ...Дөлгөөнтэй тааралдахад Чтой уулзаж PC тоглоно гэхээр нь энэ утсыг Чт өгчихөөрэй гээд өгсөн. Дараа нь РС тоглоомын газарт Азжаргалын утсыг олсон талаараа Чт хэлэхэд би Дөлгөөнөөс авчихсан удахгүй өгнө гэж хэлсэн...” /хх-ийн 13-14/ гэсэн, гэрч Б.Дөлгөөний “...2018 оны 09  дүгээр сарын 19-ний өдөр эмээгийнхээ гэр рүү явж байхдаа Эрдэнэсүрэнтэй тааралдахад надад Айфоне-7 загварын утас өгөөд Азжаргалын утас юм шиг байна, Давкагийн машины шалавчин доороос оллоо, чи Чт өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь Ундрам дэлгүүрийн гадаа Чтой уулзаад утсыг нь өгсөн...” /хх-ийн 16/ гэсэн, хохирогч О.Солонгын “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед  ...Нямаа эмээтэйгээ утсаар ярьчихаад ирье гээд гудамж руу ороход араас нь Ч очсон. Тэр хоёр юм ярьж байгаад хоорондоо зодолдоод эхлэхээр нь салгах гэхэд Ч намайг үсдээд дарчихсан. Тэгэхээр нь чи ямар сонин залуу вэ, эмэгтэй хүн зодоод гэхэд намайг хэл амаар доромжлоод эмзэг эрхтэн болон гэдэс рүү өшиглөж, шанаа руу цохисон. Тэгээд найзуудынхаа хамт зугтаахад араас гүйж ирээд намайг мөргөсөн...” /хх-ийн 70-72, 73-44, 75-76/ гэсэн, гэрч Г.Нямсүрэнгийн “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой Ч намайг зодож байхад Солонго ирээд бид хоёрыг салгах гэхэд Ч Солонгоог мөргөж, нүүр рүү цохиж, үснээс нь зулгаагаад байсан...” /хх-ийн 79-80/ гэсэн, гэрч Н.Баярсайханы “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой ...Зоригоо, Нямаа гэх залуутай хашааны буланд юм яриад зогсож байснаа хоорондоо зодолдсон. Тэгээд би Нямааг салгахад Солонго Зоригоогийн эрхнээс татсан. Зоригоо эрхээ таслуулахгүй гээд урагшаа алхаж байгаад хөл алдаад Солонгоог мөргөчихсөн...” /хх-ийн 88/ гэсэн, шүүгдэгч А.Чийн “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дөлгөөнтэй уулзахад Азжаргалын утсыг Эрдэнээ Давкагийн машинаас олсон байна гээд Айфоне-7 загварын утсыг надад өгсөн. Тухайн үед нь шууд Азжаргал руу залгаад утсыг чинь олчихсон гэж хэлсэн. Тэгээд РС тоглож байхад ээж ирээд мөнгөний гахайг хагалаад бүх мөнгийг нь авч, үрлээ гэхээр нь би үрээгүй надад байгаа гэж хэлээд тэр өдөртөө Азжаргалын утсыг барьцаанд нь үлдээгээд найз Баянаагаас 250,000 төгрөг зээлчихсэн юм. Дараа нь Азжаргалын утсыг авч өгөх гээд мөнгө олдохгүй байсан.

...2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө согтуу байхдаа өмнө нь таньдаг байсан Солонго гэх охин болон түүний найз Нямсүрэн нартай маргалдсан байсан. Би их согтсон байсан учраас юу болсныг сайн санахгүй байна. Намайг Нямсүрэн гэх залуутай муудалцах үед Солонго дундуур орж ирээд мөргүүлсэн юм шиг байна лээ...” /хх-ийн 46-47, 82-83, 109-110, 133-134/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны өдрийн №8087 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.Солонгын биед зүүн хацар, хүзүүнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал баруун бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун ташаанд зулгаралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 101-102/ гэсэн дүгнэлт, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/, хохирол хүлээн авсан баримт /хх-ийн 37/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 59/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч О.Солонгын эрүүл мэндэд биед зүүн хацар, хүзүүнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал баруун бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун ташаанд зулгаралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан, мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийн улмаас хохирогч Т.Азжаргалд 810,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нь мөрдөн шалгах  ажиллагааны явцад хохирогч нартай сайн дураараа эвлэрсэн, хохирогч О.Солонгод эмчилгээний зардал 200,000 төгрөг төлсөн, хохирогч Т.Азжаргалд гар утсыг нь буцаан өгсөн бөгөөд хохирогч нар цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.    

 

Шүүгдэгч А.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810023190712 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Т.Азжаргал, О.Солонго нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Д овогт А.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Ч-ийн нийт ялыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Ч-т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Ч оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 1810023190712 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч  нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР