Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

                           

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ийн М-д холбогдох эрүүгийн 18100 2536 0815 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Бест Өрнөх” ХХК-д туслах ажилчин ажилтай, хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар группэд байдаг гэх, ам бүл 5, эхнэр 02-09 насны 3 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Авто засварын заводын 3 дугаар байрны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 137 дугаартай “Ял дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялд дүйцүүлэн хасаж, түүнд оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт М-ийн М /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.М нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 20:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 5-р хороо, Авто засварын заводын 3 дугаар байрны 4 тоотод байрлах гэртээ, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Э-ийг “хүүхдээ дагуулж айл руу явлаа” гэж уурлан, улмаар түүний нүүр, толгой руу 2-3 удаа цохиж, хэвтэж байхад нь толгой, цээж рүү нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ:   

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний бие болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Эхнэр, бид хоёр гэрлэлтээ батлуулан, гэр бүл болоод 10 жил болж байгаа. Манай эхнэр Эрдэнэцэцэг хаагуур яваад байдаг нь мэдэгдэхгүй гэрээсээ гараад хэд хоногоор алга болчихдон. Хэрэг болохын өмнөх өдрүүдэд бас гэрээс гараад 2-3 хоног гэртээ ирээгүй байсан. Дараа нь 2018 оны 10 сарын 15-ны үед манай бага охин 2 настай хүүхдийг дагуулж авч гараад гэртээ ирээгүй. Тэгээд маргааш өдөр нь би гадуур явж байгаад орой гэртээ ирэхэд эхнэр ирчихсэн, унтаж байсан. Тэгээд манай охин ”би өлсөөд байна, ээж хоол хийж өгсөнгүй” гэхээр нь эхнэрээ унтаж байхад нь сэрээгээд “нялх хүүхэд дагуулаад хаагуур авч хоноод явдаг юм” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм” гэж урдаас маргаад, тэгээд миний уур хүрээд эхнэртээ гар хүрч зодсон нь үнэн. Би хохирогчийг хэвтэж байхад нь нүүр рүү 2-3 удаа алгадаад, нуруу руу нь нэг удаа цохисон.

Тухайн өдөр би архи уусан, халамцуу байсан боловч өөрийгөө хянах чадвартай, болсон асуудлыг мэдэж байгаа. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлтэд заасан гэмтлийг би эхнэртээ учруулсан. Энэ хэрэг явдлын дараах өдрийн өглөө эхнэр Эрдэнэцэцэг гэрээс гарах гэж байхад нь “чи хаашаа явах гэж байгаа юм, гэртээ бай” гэхэд “битгий хуц, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд явсан. Үүнээс хойш гэртээ ирээгүй. Эхнэрийн  хаана байгааг нь мэдэхгүй байна. Би эхнэрийнхээ дүүтэй нь утсаар яриад очиж уулзахыг хүссэн боловч олдохгүй байсан. Саяхан өөрөө над руу залгаж,  утсаар ярихад нь уучлалт гуйсан.

Би одоо бага насны 2-9 настай гурван хүүхэд, өндөр настай ээжийнхээ хамт амьдарч байгаа. Манай ээж хүүхдүүдийг минь хараад, би ажлаа хийдэг. Миний хувьд архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй. Би барилгын компанид ажилд орж сууцны лифт суурилуулдаг ажил хийдэг, сард 500.000 төгрөгийн цалин авч байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Мөн хөдөлмөрийн чадварын хувь алдалтын группийн 160.000 төгрөгийн тэтгэмж авдаг. Би өмнө нь эхнэртээ гарч хүрч, зодож байгаагүй. Анх удаа ийм асуудал болсон. Миний буруу. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2536 0815 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Э-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой гэртээ унтаж байтал манай нөхөр Мөнх-Эрдэнэ гаднаас согтуу орж ирээд намайг зодсон. Би уг нь хэрүүл маргаан огт хийгээгүй, тэгтэл орж ирэнгүүтээ “муу янхан гичий, миний охиныг аваад хаагуур явж байгаад ирсэн бэ” гээд хэл амаар доромжилж, толгой руу гараараа 2-3 удаа цохиж, хэвтэж байхад толгой, цээж рүү 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Мөн элэг орчимд хөлөөрөө дэвсэхэд нь би атиралдаад хэвтсэн. Тэр үед мөн хажуунаас өшиглөж, гараараа цохиод байсан. Тэгээд “чамайг цагдаад өгөөд юу олж долоохыг харъя” гээд байсан учир тэр өдрөө цагдаад хандаж чадаагүй, маргааш нь өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед би охиноо аваад, найзындаа хоночихоод ирсэн байсан юм. Түүнээс  болоод намайг зодсон.

Бид хоёр 2008 онд гэр бүл болсон. Дундаасаа 2-9 насны 3 хүүхэдтэй. Амьдрах хугацаандаа намайг 5-6 удаа цохиж зодож байсан. Тэр үед гэмтэл шарх байдаггүй байсан учраас би гэр бүлийнхэндээ болон найз нөхөд, өөр хүмүүст хэлж мэдэгдэж байгаагүй, цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй, өргөдөл өгч шалгуулж байгаагүй. Энэ удаад намайг арай дэндүү зодож гэмтээсэн учир Цагдаагийн байгууллагад хандсан. Өмнө бол тэгтэл нь зодож гэмтээж байгаагүй, ганц хоёр муудалцаад цохидог байсан. Тухайн үед миний биед гэмтэл шарх учирдаггүй байсан учраас надаас өөр хэн ч мэддэггүй байсан.

Намайг зодуулсныг дүү Алтанцэцэг, найз Дариймаа нар мэдэж байгаа. Өөр хүн мэдэхгүй. Би шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтэн дээрх гэмтлийг миний биед 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 23:00 цагийн орчимд гэрт буюу Хан-Уул дүүргийн 5-р хороо, Авто засварын заводын 3 дугаар байрны 4 тоотод манай нөхөр М.М намайг согтуугаар зодож учруулсан. Бид хоёр одоо хамт амьдрахгүй байгаа. Хүүхдүүд маань нөхөр дээр маань байгаа. Би өөрийн гэсэн орох оронтой болж байгаад хүүхдүүдээ өөр дээрээ авна гэж бодож байгаа. Манай нөхөр хүүхдүүддээ бол хайр халамж сайтай байдаг. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би шүүх хуралд оролцохгүй.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 11-13х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Алтанцэцэгийн гэрчээр өгсөн:

  “...Сүхбаатарын Эрдэнэцэцэг нь миний төрсөн эгч юм. Эгч маань 2007 онд нөхөр Мөнхцэцэгийн Мөнх-Эрдэнэтэй танилцаж, 2008 онд гэр бүл болсон. Дундаас нь 2009 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр том хүү Мөнх-Эрдэний Түмэннаст, 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дунд хүү Мөнх-Эрдэний Түмэнжаргал, 2016 оны 09 дүгээр сарын 20-нд бага охин Мөнх-Эрдэний Саруулсаран нар төрсөн. Тэр хоёрын хоорондын харьцааны талаар би хамт байдаггүй учраас сайн мэдэхгүй байна. Хааяа маргаж л байдаг. Уг нь тэр болгон нөхөр нь архи уугаад байдаггүй ч гэсэн хааяа уудаг л юм шиг байсан. Яагаад юунаас болоод маргаад байдгийг нь мэдэхгүй байна. Манай эгч дуугай, даруухан болохоор асуудал болсон ч бид нарт хэлдэггүй болохоор мэдэхгүй байна.

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би эгчийнхээ гэрт ирж хоноход эгч бага охинтойгоо хамт байхгүй, гэртээ хоноогүй. Утсаар нь ярьж асуухад “найзындаа хонолоо” гэж хэлж байсан. Эгчийндээ хоночихоод маргааш өдөр нь би ажилдаа явсан. Эгч рүү ярихад “охиноо дагуулаад ажилдаа явж байна” гэж байсан.

2018 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед эгч над руу яриад “Эрдэнээ /М.М/ намайг зодсон” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “эрүүл байсан юмуу” гэхэд “согтуу” гэж хэлсэн. “Хаана чинь яаж зодсон бэ” гэхэд “толгой руу дэвсэж, өшиглөсөн, мөн элэг рүү дэвсэж, өшиглөсөн” гэж хэлсэн. Эгчтэйгээ уулзаж харахад зүүн чихний ар хэсэгт нь цус хурсан, зүүн шанаа нь хавдсан, хөхөрсөн, нүдний орчимд нь хөхөрсөн, зүүн бугалганд нь цус хурсан” байсан. Би өөрөө эгчийг дагуулж яваад гэмтлийн эмнэлэг болон шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эгчийн биед учирсан гэмтлүүдийг хүргэн ах М.М нь согтуугаар “хүүхдээ авч явж айлд хонолоо” гэх шалтгаанаар зодож учруулсан байсан. Урд өмнө нь би эгчийг зодуулсан байхыг харж байгаагүй. Хэдийгээр гадуур хоносон ч гэсэн эгчийг маань зодсонд нь би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,

 

3. Хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдлийн түвшин бага гэж тогтоосон үнэлгээний баримт /хэргийн 26-27х/,

 

4. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаас Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 209 тоот “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ хийгээгүй талаархи” хариу ирүүлсэн албан бичиг /хэргийн 59х/,

 

5. Шүүгдэгч М.М нь “дунд чихний идээт ба тодорхойгүй үрэвсэл” ердийн өвчний 1-6-4 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар хугацаагүй сунгасан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон  акт /хэргийн 32х/,

 

6. 2019 оны 09 сарын 11-ний өдөр төрсөн Мөнх-Эрдэний Түмэннаст, 2012 оны 08 сарын 13-нд төрсөн Мөнх-Эрдэнийн Түмэнжаргалан, 2016 оны 09 сарын 20-нд төрсөн Мөнх-Эрдэний Саруулсаран нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 29-31х/,

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 12571 дугаартай:

1. С.Э-ийн биед зүүн нүдний дээд зовхи, чихний дэлбээ, ар гадаргуу, хөхлөг сэртэнгийн цус хуралт, эрүү, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлт.  /хэргийн 19х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.М-ийн яллагдагчаар өгсөн:

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой ажлаа тараад гэртээ харьж явах замдаа таньдаг хүнтэйгээ таараад нэг шил архи хувааж уугаад, 20 цаг өнгөрч байхад халамцуу гэртээ орсон. Эхнэр, хүүхдүүд унтаж байсан. Манай эхнэр өмнөх өдөр нь манай 2 настай бага охин Саруулсаранг аваад хаашаа явсан нь мэдэгдэхгүй, залгахаар гар утсаа ч авахгүй алга болчихсон байсан юм. Би санаа зовоод гар утас руу нь зөндөө залгасан боловч огт авахгүй байсан. Тиймээс миний уур хүрээд унтаж байхаар нь сэрээгээд “чи бага насны охиныг минь аваад хаашаа яваад ирж байгаа юм бэ, хаагуур яваад байдаг юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн.

Тэгээд би уурандаа түүнийг хацар руу алгадаж, нүүрэнд нь гараараа цохисон. Өөрөөр би түүнийг цохиж зодоогүй. Энэ хэрэг 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой манай гэрт буюу Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Авто засварын заводын 3 дугаар байрны 4 тоотод болсон. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 23х/, шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 48-52х, 53-57х, 83-87х/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар баримт /хэргийн 80х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь хуульд заасан Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.М-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.М нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хан-Уул дүүргийн 5-р хороо, Авто засварын заводын 3 дугаар байрны 4 тоотод байрлах өөрийн гэртээ, эхнэр С.Э-ийг “бага хүүхэд дагуулж гадуур хонолоо” гэснээс маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, түүнийг цохиж зодон биед нь “...зүүн нүдний дээд зовхи, чихний дэлбээ, ар гадаргуу, хөхлөг сэртэнгийн цус хуралт, эрүү, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:

 - хохирогч С.Э-ийн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой гэртээ унтаж байтал манай нөхөр Мөнх-Эрдэнэ гаднаас согтуу орж ирээд намайг зодсон. Би уг нь хэрүүл маргаан огт хийгээгүй, тэгтэл орж ирэнгүүтээ “муу янхан гичий, миний охиныг аваад хаагуур явж байгаад ирсэн бэ” гээд хэл амаар доромжилж, толгой руу гараараа 2-3 удаа цохиж, хэвтэж байхад толгой, цээж рүү 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Мөн элэг орчимд хөлөөрөө дэвсэхэд нь би атиралдаад хэвтсэн. Тэр үед мөн хажуунаас өшиглөж, гараараа цохиод байсан. ...Тухайн үед би охиноо аваад, найзындаа хоночихоод ирсэн байсан юм. Түүнээс  болоод намайг зодсон.

Өмнө бол тэгтэл нь зодож гэмтээж байгаагүй, ганц хоёр муудалцаад цохидог байсан. Тухайн үед миний биед гэмтэл шарх учирдаггүй байсан учраас надаас өөр хэн ч мэддэггүй байсан. Намайг зодуулсныг дүү Алтанцэцэг, найз Дариймаа нар мэдэж байгаа. Өөр хүн мэдэхгүй. Би шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтэн дээрх гэмтлийг миний биед 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 23:00 цагийн орчимд гэрт буюу Хан-Уул дүүргийн 5-р хороо, Авто засварын заводын 3 дугаар байрны 4 тоотод манай нөхөр М.М намайг согтуугаар зодож учруулсан. Бид хоёр одоо хамт амьдрахгүй байгаа. Хүүхдүүд маань нөхөр дээр маань байгаа. Би өөрийн гэсэн орох оронтой болж байгаад хүүхдүүдээ өөр дээрээ авна гэж бодож байгаа. Манай нөхөр хүүхдүүддээ бол хайр халамж сайтай байдаг. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би шүүх хуралд оролцохгүй.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 11-13х/,

 - гэрч С.Алтанцэцэгийн: “...Сүхбаатарын Эрдэнэцэцэг нь миний төрсөн эгч. Эгч маань 2007 онд нөхөр Мөнхцэцэгийн Мөнх-Эрдэнэтэй танилцаж, 2008 онд гэр бүл болсон. Дундаас нь 2009 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр том хүү Мөнх-Эрдэний Түмэннаст, 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дунд хүү Мөнх-Эрдэний Түмэнжаргал, 2016 оны 09 дүгээр сарын 20-нд бага охин Мөнх-Эрдэний Саруулсаран нар төрсөн. Тэр хоёрын хоорондын харьцааны талаар би хамт байдаггүй учраас тийм ч сайн мэдэхгүй байна. Хааяа маргаж л байдаг. Уг нь тэр болгон нөхөр нь архи уугаад байдаггүй ч гэсэн хааяа бол уудаг л юм шиг байсан. Яагаад юунаас болоод маргаад байдгийг нь мэдэхгүй байна. ...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би эгчийнхээ гэрт ирж хоноход эгч бага охинтойгоо хамт байхгүй, гэртээ хоноогүй. Утсаар ярьж асуухад “найзындаа хонолоо” гэж хэлж байсан. Эгчийндээ хоночихоод маргааш өдөр нь би ажилдаа явсан. Эгч рүү ярихад “охиноо дагуулаад ажилдаа явж байна” гэж хэлсэн.

2018 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед эгч над руу яриад “Эрдэнээ /М.М/ намайг зодсон” гэж хэлсэн. Эрүүл байсан юмуу гэхэд “согтуу” гэж хэлсэн. “Хаана чинь яаж зодсон бэ” гэхэд “толгой руу дэвсэж, өшиглөсөн, мөн элэг рүү дэвсэж, өшиглөсөн” гэж хэлсэн. Эгчтэйгээ уулзаж харахад зүүн чихний ар хэсэгт нь цус хурсан, зүүн шанаа нь хавдсан, хөхөрсөн, нүдний орчимд нь хөхөрсөн, зүүн бугалганд нь цус хурсан” байсан. Би өөрөө эгчийг дагуулж яваад гэмтлийн эмнэлэг болон шүүх эмнэлэгт үзүүлсэн.

Эгчийн биед учирсан гэмтлүүдийг хүргэн ах М.М нь согтуугаар “хүүхдээ авч явж айлд хонолоо” гэх шалтгаанаар зодож учруулсан байсан. Урд өмнө нь би эгчийг зодуулсан байхыг харж байгаагүй. Хэдийгээр гадуур хоносон ч эгчийг тэгтэл нь зодсонд нь би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,

- Хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу “эрсдлийн түвшин бага” гэсэн дүгнэлт /хэргийн 26-27х/,

- Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаас Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 209 тоот “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ хийгээгүй талаархи” хариу ирүүлсэн албан бичиг /хэргийн 59х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 12571 дугаартай:

1. С.Э-ийн биед зүүн нүдний дээд зовхи, чихний дэлбээ, ар гадаргуу, хөхлөг сэртэнгийн цус хуралт, эрүү, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлт.  /хэргийн 19х/,

- шүүгдэгч М.М-ий: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой ажлаа тараад гэртээ харьж явах замдаа таньдаг хүнтэйгээ таараад нэг шил архи хувааж уугаад, 20 цаг өнгөрч байхад халамцуу гэртээ орсон. Эхнэр, хүүхдүүд унтаж байсан. Манай эхнэр өмнөх өдөр нь манай 2 настай бага охин Саруулсаранг аваад хаашаа явсан нь мэдэгдэхгүй, залгахаар гар утсаа ч авахгүй алга болчихсон байсан юм. Би санаа зовоод гар утас руу нь зөндөө залгасан боловч огт авахгүй байсан. Тиймээс би уур хүрээд унтаж байхаар нь сэрээгээд “чи бага насны охиныг минь аваад хаашаа яваад ирж байгаа юм бэ, хаагуур яваад байдаг юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэхэд нь ...уурандаа түүний хацар руу алгадаж, нүүрэнд нь гараараа цохисон. Өөрөөр би түүнийг цохиж зодоогүй. Энэ хэрэг 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой манай гэрт буюу Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Авто засварын заводын 3 дугаар байрны 4 тоотод болсон. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь:

 

Шүүгдэгч М.М, хохирогч С.Э нар нь гэр бүл болон 2019 оны 09 сарын 11-ны өдөр төрсөн Мөнх-Эрдэнийн Түмэннаст, 2012 оны 08 сарын 13-нд төрсөн Мөнх-Эрдэнийн Түмэнжаргалан, 2016 оны 09 сарын 20-нд төрсөн Мөнх-Эрдэний Саруулсаран нарын эцэг, эх болон гэр бүлийн хамтын амьдралаар амьдрах эхнэр, нөхрийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах субьект мөн хэдий ч шүүгдэгч М.М-ийн зүгээс хохирогч С.Э-тэй хамт амьдрах хугацаанд гэрлэгчдийн эрх тэгш байх эрхийг зөрчсөн, хязгаарласан,   “гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байсан гэх нөхцөл байдал байдал тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт тодорхой үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий хандах, дошин авирлах, зовоон тарчлаах, эдийн засгийн эрхшээлд байлгах зэргээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг байнга үйлдэж зовиур шаналал учруулдаг, уг үйлдэл тогтсон хэвшмэл шинжийг агуулж тодорхой нэг хүний /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай/ эсрэг байнгад чиглэсэн санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хууль болон Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх хуулийн зохицуулалтай.  

 

Хэрэг гарсан тухайн өдөр шүүгдэгч нь хохирогч буюу өөрийн эхнэр С.Э-ийг “бага насны хүүхдээ дагуулаад гадуур явлаа, гэртээ ирсэнгүй гадуур хонолоо, хаагуур яваад байдаг юм”  гэснээс маргаан үүсч, улмаар хохирогч С.Э-ийг зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд, нэг удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх  үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэв. 

 

Иймд прокуророос М.М-ийн эхнэр  С.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээр дурьдсан үндэслэлээр “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

Хэргийн шүүгдэгч М.М нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

 

  Хэргийн хохирогч С.Э нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдүүлж /хэргийн 10-18х/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

   Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч М.М-ээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч М.М нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 137 дугаартай “Ял дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялд дүйцүүлэн хасаж, оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялаар тогтоосон, тэрээр уг ялыг эдэлж дууссан /хэргийн 48-52х, 53-57х, 80х, 83-87х/ ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан, ял дүйцүүлэн хассан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Энэ хэрэгт М.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Э нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон       

                                                         ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокуророос Б овогт М-ийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Б овогт М-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт М.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Э нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

         

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД