Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 4499

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат 45 дугаар байрны 11 тоотод  байрлах, регистрийн дугаар 2415038, Сидан Хадгаламж Зээлийн Хоршооны нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, СВД 3 дугаар байрны 34 тоотод  оршин суух,эмэгтэй, регистрийн  дугаар УС 62031823, Монгол овогт Сэрээтэрийн  Цэцэгмандалд  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 67 511 960  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Бямбадорж хариуцагч С.Цэцэгмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Сидан Хадгаламж Зээлийн Хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тус хоршооны гишүүн С.Цэцэгмандал 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 190/05 тоот зээлийн гэрээ байгуулж 45 000 000 төгрөгийг, 2.4 хувийн  хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн боловч өнгөрсөн хугацаанд зээл болон зээлийн хүүгийн төлбөр хийх талаар шаардлага тавьсан боловч төлбөр хийхгүй  байна. Иймд:Үндсэн зээлийн  44 328 800 төгрөг, зээлийн хүү  19 859 300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 323 860 төгрөг нийт 67 511 960 төгрөг болон нэхэмжлэлтэй холбоотой бусад зардлыг барагдуулж хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Бямбадорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх хариуцагч  С.Цэцэгмандалтай дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно.С.Цэцэгмандал 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 190/05 тоот зээлийн гэрээгээр хоршооноос зээлсэн 45 000 000 төгрөгийг, сарын 2,4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай,   Баянгол  дүүргийн 6 дугаар хороо 10 хороолол К-106 дугаар байрны 4тоот 67,5 м,кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж зээлсэн үнэн нь бөгөөд “Сидан” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 67 511 960 төгрөгнөөс талууд харилцан тохиролцож нэхэмжилсэн үнийн дүнгээс 14 823 860 төгрөгийг хасаж нийт 52 688 100 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар баталгаажуулж эвлэрлийн гэрээ байгуулж байна.Үүнд:2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 35 000 000 /гучин таван сая/ төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 17 688 100 /арван долоон сая зургаан зуун наян найман мянга нэг зуу/ төгрөг тус тус төлөхөөр болсон.Дээрхи хугацаанд төлбөрийг барагдуулахгүй бол зээлийн барьцаа хөрөнгө болох 000012626 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 хороолол К-106 дугаар байрны 4 тоот 67,5 м,кв-т 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг талууд энэхүү гэрээгээр хүлээн зөвшөөрч байгаа болно гэв.

 

Хариуцагч С.Цэцэгмандал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч Сидан Хадгаламж Зээлийн Хоршооны төлөөлөгчтэй нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч гэрээ байгуулж байна гэв.

           

                       

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сидан Хадгаламж Зээлийн Хоршоо хариуцагч С.Цэцэгмандалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67 511 960 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Сидан Хадгаламж Зээлийн Хоршооны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн 67 511 960 төгрөгнөөс талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжилсэн үнийн дүнгээс 14 823 860 төгрөгөөс татгалзаж, С.Цэцэгмандал үлдсэн 52 688 100 төгрөгөөс 35 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр,17 688 100 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохирч, тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 байрны 4 тоотод  байрлах, 67,5 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй нөхцөлд зохигчдын хооронд хийгдсэн барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 510 төгрөгийн  50 хувь болох 247 755 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 247 755 төгрөгийг улсын орлогоос зохигчдын эвлэрсэн шаардлагын хэмжээнд ногдох 421 390 төгрөгийн 50 хувь болох 210 695 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Нэхэмжлэгч Сидан Хадгаламж Зээлийн Хоршоо хариуцагч  С.Цэцэгмандалаас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн 67 511 960 төгрөгийн 14 823 860 төгрөгөөс татгалзаж,  С.Цэцэгмандал 52 688 100 төгрөгийн  35 000 000 төгрөгийг  2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 17 688 100 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулах, энэ хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөнөөс хангуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 510 төгрөгөөс 247 755 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 247 755 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 210 695 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Цэцэгмандал төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 байрны 4 тоотод  байрлах, 67,5 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН