Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 79

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ, улсын яллагч Б.Соёлмаа, хохирогчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ямаатынхан овогт Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810023040790 угаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамир-эрүүл мэндийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Я овогт Т.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Степ райрверс амралтын газарт Ж.Маргад-Эрдэнийг “баярхаж, дээрэлхлээ” гэх шалтгаанаар цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн хацар, эрүүнд шарх, тархи доргилт, зулай, баруун чамархай, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн мөр, баруун шуунд цус хуралт, нуруу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.Б: “...Би биеэ хөгжүүлдэг тамирчин, спортын мастер, олон улсын тамирчин. Хэрэг болохоос өмнө би тэмцээнд бэлдэж байхад манай найз Т.Мэндбагана амралтын газарт байна, хүрээд ир гээд байсан. Би тухайн үед бэлтгэлтэй байсан. Амралтын газар очиход Т.Мэндбаганы хажууд Ж.М сууж байсан. Би Ж.Мтэй өмнө уулзаж байгаагүй, анх амралтын газар харсан, хамт байсан хүмүүс согтууруулах ундаа хэрэглэж байхад би огт хэрэглээгүй. Ж.М бага зэрэг халамцуу байсан. Надтай бооцоотой гар барилдана гэж байхад миний гинжийг тасалсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Золбоо, Мэндбагана, Насаа нарын хамт амралтын газарт очиж Мэндбагана, Золбоо бид гурав 1 литрийн савалгаатай виски хувааж уусан. Тухайн үед Б тэмцээнд бэлтгэж байгаа гээд уугаагүй. Би Насаад гомдох маягтай хэдэн үг хэлсэн байх, яг юу гэж хэлснээ сайн санахгүй байна. Тэгтэл Насаа уурлаад цайны жижиг аяга авч над руу шидээд, нүүрэнд гараараа цохиж газарт унагаад гар, нуруу руу олон удаа өшиглөсөн..." /хх-ийн 9-11/ гэсэн,

 

Гэрч Т.Мэндбагана мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр М, Золбоо бид гурав уулзаад хоол идэнгээ 1 шил виски уусан. Тэр үед Б залгахаар нь би хүрээд ир гээд дуудсан. Бид дөрөв хоол идчихээд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах амралтын газарт очиж дахин нэг шил виски уусан. Тухайн үед М согтчихсон, Бг үгээр идээд, дээрэлхэх гээд байгаа юм шиг зан гаргаад байсан. Тэгэхээр нь би Бд тэвчиж байгаарай, М согтчихсон байна гэж хэлсэн. Тэгээд М, Б хоёр гар барилдаан хийж байгаад хоорондоо муудалцаад бие биерүүгээ аяга шидэлцээд, цохиод эхэлсэн. Тэгэхээр нь Золбоо бид хоёр салгасан..." /хх-ийн 14-15/ гэсэн,

 

Гэрч Г.Золбоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр М, Мэндбагана бид гурав хоол идээд нэг шил виски уугаад сууж байхад Мэндбаганы багын найз Б ирсэн. Тэгээд тэндээсээ гараад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байдаг Мэндбаганы амралт руу явсан. Тэндээ очоод Мэндбагана, М бид гурав дахин нэг шил виски уусан. Тухайн үед М, Б хоёр хоорондоо гар барилдах талаар яриад би Мэндбаганатай юм яриад байж байхад Б ширээн дээр үсэрч гарч ирээд Маргад-Эрдэнийн нүүрэнд нэг удаа цохисон, М зөрүүлээд нэг цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаад салахгүй болохоор нь Мэндбагана бид хоёр салгасан..." /хх-ийн 15/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Мэндбагана залгаад хүрээд ир гэхээр нь Наадам центрт байрлах Булл нэртэй хоолны газарт очиход Мэндбагана, Золбоо, М гурав виски уугаад сууж байсан. Бид нар хоол идчихээд амралтын газарт очсон. Би тухайн үед тэмцээнд бэлтгэж байсан болохоор согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, тэр гурав харин дахин нэг шил виски уусан. Тэгээд бид нар ярилцаад сууж байхад М намайг үгээр идээд, 10 сая төгрөгний бооцоотой барилдах уу, булчингаас цаашгүй пизда гээд доромжлоод байсан. Тэр залуу намайг Золбоотой барилд гээд байхаар нь барилдаад давсан боловч М намайг зүгээр байлгахгүй, гар барилдана гээд байсан. Тэгээд хоёр удаа гар барилдаад ялагдчихаад миний эрхийг тасалчихаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан савтай усаа түүн рүү шидээд, нүүрэнд нь гараараа хэдэн удаа цохисон, М зөрүүлээд намайг бас хэдэн удаа цохисон. Тэр үед Мэндбагана, Золбоо хоёр салгасан..." /хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №11849 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.2 Ж.Маргад-Эрдэнийн биед зүүн хацар, эрүүнд шарх, тархи доргилт, зулай, баруун чамархай, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн мөр, баруун шуунд цус хуралт, нуруу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.7 Дээрх гэмтэл нь хөдөлмөрчийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна

8. Ж.Мд баруун нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин мурийлт байх ба эдгээр гэмтэл нь тухайн үедээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах байжээ...” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт,

            - Өргөдөл /хх-ийн 4/,

- Шүүгдэгч Т.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 36-51/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Степ райрверс амралтын газарт Ж.Маргад-Эрдэнийг “баярхаж, дээрэлхлээ” гэх шалтгаанаар цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн хацар, эрүүнд шарх, тархи доргилт, зулай, баруун чамархай, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн мөр, баруун шуунд цус хуралт, нуруу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Маргад-Эрдэнийн “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Золбоо, Мэндбагана, Насаа нарын хамт амралтын газарт очиж Мэндбагана, Золбоо бид гурав 1 литрийн савалгаатай виски хувааж уусан. Тухайн үед Б тэмцээнд бэлтгэж байгаа гээд уугаагүй. Би Насаад гомдох маягтай хэдэн үг хэлсэн байх, яг юу гэж хэлснээ сайн санахгүй байна. Тэгтэл Насаа уурлаад цайны жижиг аяга авч над руу шидээд, нүүрэнд гараараа цохиж газарт унагаад гар, нуруу руу олон удаа өшиглөсөн..." /хх-ийн 9-11/ гэсэн, гэрч Т.Мэндбаганын: "...Тухайн үед М согтчихсон, Бг үгээр идээд, дээрэлхэх гээд байгаа юм шиг зан гаргаад байсан. Тэгэхээр нь би Бд тэвчиж байгаарай, М согтчихсон байна гэж хэлсэн. Тэгээд М, Б хоёр гар барилдаан хийж байгаад хоорондоо муудалцаад бие бие рүүгээ аяга шидэлцээд, цохилцоод эхэлсэн. Тэгэхээр нь Золбоо бид хоёр салгасан..." /хх-ийн 14-15/ гэсэн, гэрч Г.Золбоогийн "...Мэндбагана, М бид гурав дахин нэг шил виски уусан. Тухайн үед М, Б хоёр хоорондоо гар барилдах талаар яриад би Мэндбаганатай юм яриад байж байхад Б ширээн дээр үсэрч гарч ирээд Маргад-Эрдэнийн нүүрэнд нэг удаа цохисон, М зөрүүлээд нэг цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаад салахгүй болохоор нь Мэндбагана бид хоёр салгасан. ..." /хх-ийн 15/ гэсэн, шүүгдэгч Т.Бгийн “...М намайг зүгээр байлгахгүй, гар барилдана гээд байсан. Тэгээд хоёр удаа гар барилдаад ялагдчихаад миний эрхийг тасалчихаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан савтай усаа түүн рүү шидээд, нүүрэнд нь гараараа хэдэн удаа цохисон..." /хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №11849 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.2 Ж.Маргад-Эрдэнийн биед зүүн хацар, эрүүнд шарх, тархи доргилт, зулай, баруун чамархай, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн мөр, баруун шуунд цус хуралт, нуруу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.7 Дээрх гэмтэл нь хөдөлмөрчийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд зүүн хацар, эрүүнд шарх, тархи доргилт, зулай, баруун чамархай, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн мөр, баруун шуунд цус хуралт, нуруу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт бүхийн хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримтаа хэрэгт хавсаргаагүй байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хохирогч Монгол Улсад байхгүй, Австрали улсад ажиллаж, амьдардаг бөгөөд гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтаа гэртээ хадгалсан байгаа, Монгол Улсад ирэхээрээ баримтуудаа гаргаж нэхэмжилнэ гээд энэ шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжгүй байгаа, иймд түүний эмчилгээний зардалтай холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн саналыг гаргасан.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх тухайгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд тайлбарлаж байх тул хохирогч, түүний өмгөөлөгч нараас гаргасан саналыг шүүх хүлээн авч, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл буюу хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн ажил эрхлэлт, ар гэрийн нөхцөл зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810023040790 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Я овогт Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810023040790 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч нь өөрт учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

      

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР