| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0040/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 53
ШИЙТГЭХ ТОГТООЛ
2019 оны 01 сарын 11 өдөр Дугаар 53 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн П-д холбогдох эрүүгийн 18100 2514 0786 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, хохирогч Д.О, шүүгдэгч Л.П, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1948 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 70 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токерчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 21 дүгээр гудамжны 587 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Л-ийн П /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Л.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 21-587 тоотод Д.О-тай маргалдаж, улмаар хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Хохирогч Д.О-ын гэр манай гудамжинд байдаг. Тухайн өдөр Д.О надад архи ууя гээд байхаар нь үгүй гэж хэлсэн боловч гаднаас архи аваад манай гэрт хүрээд ирсэн байсан. Тэгээд “би шоронд орсон” гээд байхаар нь чиний шоронд орсон ороогүй нь надад ямар хамаатай юм бэ” гээд маргалдсан. Хутга булаалцалдаж байгаад ийм зүйл болсон.
Д.О агсам тавиад, би шоронд орж байсан хүн гээд, мөн яв, харь гэхэд явахгүй байхаар нь би хутга аваад аваад айлгах санаатай далайсан юм. Гэтэл ийм асуудал болж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Д.О бид хоёр 1 шил архи хувааж уусан байсан юм. Миний хувьд биеэ хянах чадвартай байсан. Тухайн өдөр Д.О нь анх архи авч, манай гэрт ирсэн. Хохирогчид эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн. Өнөөдөр шүүх хуралдаанд шинээр баримт гарган хохиролд нэхэмжилж байгаа 510.100 төгрөгийг төлөх боломжгүй. Би өндөр насны тэтгэвэрт байдаг, эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгийг нь бүрэн төлсөн. Мөн тухайн үед миний биед бас гэмтэл учирсан, энэ нь Д.О-тай ноцолдож байхад үүссэн.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Д.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2 өнчин хүүхдээ асран халамжилдаг бөгөөд сард халамжийн 155.000 төгрөг авдаг. Тухайн хэрэг гардаг өдөр Пүүгүүз ахтай гудамжинд таараад “халамжаа авах гээд банк явж байна, хоёулаа ганц юм хувааж уух уу” гэсэн. Тэгээд нэг шил архи аваад Л.П ахынд очиход Л.П ах нэг танихгүй хүүхэнтэй хамт сууж байсан. Бид хоёр нэг шил архиа хувааж уугаад дуусахад нөгөө танихгүй хүүхэн Л.П ахад “15.000 төгрөг дансанд чинь хийж өгье, ганц шил архи аваад ир” гэхээр нь ах бид хоёр гараад дэлгүүр орж дахин нэг шил архи авсан. Тэгээд Л.П ахын гэрт ирээд архиа хувааж уугаад би архиндаа согтсон байсан. Тэгээд “явлаа” гэхэд намайг явуулахгүй гээд маргаан гарсан. Би тухайн өдөр эрүү, гарандаа хутгаар зүсүүлсэн. Гарын зураг 300.000 төгрөгөөр авахуулсан. Хан-Уул дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд эм тариа бичиж өгөөд эмчилгээ хийлгэсэн. Сорви арилгадаг тос авсан. Гоо сайханд орох гэсэн боловч үнэтэй болохоор нь ороогүй. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч 300.000 төгрөг төлсөн. Би эмчийн бичгээ гэртээ үлдээсэн байна. Одоо эмчилгээний зардалд нэмж 510.100 төгрөг нэхэмилж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 2514 0786 дугаартай хэргээс:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4х/,
2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 30 см урттай, хар өнгийн хуванцар бариултай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 27х/,
3. Хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө хүүхдийнхээ халамжийн мөнгийг авахаар Яармагийн эцсийн төрийн банк руу явж байгаад Яармагийн 21-р гудамжинд танил Пүүгүүз ахтай тааралдсан. Тэгээд би Пүүгүүз ахад “халамжаа авахаар явж байна, хамт ганц юм уух уу” гэж асуутал намайг “ажлаа амжуулчихаад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би халамжийн мөнгөө авчихаад дэлгүүрээс 0.5 литрийн савалгаатай Хараа архи аваад гэрт нь очсон. Тэгтэл Пүүгүүз ахын гэрт Пүүгүүз ахаас гадна нэг танихгүй нэг эмэгтэй байсан ба бид гурав миний авчирсан архийг хувааж ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусаад Пүүгүүз ах тэр хүүхнээсээ дансаар 15.000 төгрөг аваад, Пүүгүүз ах бид хоёр хамт дэлгүүр гарч 0.75 литрийн савалгаатай Хараа архи, кола ундаатай аваад гурвуулаа хувааж уусан.
Ууж байх үед Пүүгүүз ах үе үе алгасаад надаас бага уусан. Тэгээд би нилээд согтсон ба “гэртээ харьлаа” гээд гарах гэтэл Пүүгүүз ах миний эрүүг хутгаар зүсчихсэн. Тэгэхээр нь би Пүүгүүз ахын хутга барьсан гарын бугуйнаас нь баруун гараараа бариад автал гараа холдуулаад хутгыг тавиулах гээд булаацалдаж байх үед миний зүүн гарын гадна болон дотор хэсэгт хутгаараа зүссэн. Тэгэхээр нь би Пүүгүүз ахад “за ах минь, би амьд дээрээ гэртээ харьмаар байна” гэж хэлээд гэрээс нь гарсан. Намайг гэртээ орох үед манай хамтран амьдрагч Энхмаа байсан.
Би Шүүх эмнэлгийн 12940 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэн дээрх гэмтлүүдийг Пүүгүүз ах надад учруулсан. Би тэр өдөр нилээн согтсон байсан болохоор ямар хутга байсан талаар санахгүй байна. Би Пүүгүүзийн барьж байсан хутгыг булаацалдаж байх үед түүний гар нь зүсэгдсэн байж магадгүй. Түүнээс биш би түүнийг хутгаар зүсэж санаатай гэмтэл учруулаагүй.
Миний биеийн байдал зүгээр байгаа. Надад Пүүгүүзтэй муудалцах ямар нэгэн шалтгаан байхгүй. Би огт хутга аваагүй. Харин Пүүгүүз намайг гарах гэж байхад хаанаас авсан юм мэдэхгүй хутга авчирч эрүү зүсчихсэн юм. Би /А-2/ бүлгийн цустай. Пүүгүүз намайг ямар шалтгаанаар хутгаар зүссэн болохыг мэдэхгүй. Би эмчилгээ хийлгэсэн болон эм тариа авсан 274.145 төгрөгөө нэхэмжилж байна. Миний гомдлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй. ...Надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Надад Пүүгүүз бэлнээр 300.000 төгрөг өгсөн ба манай охин жижиг дэвтрийн цаасан дээр 300.000 төгрөг авсан гэж бичээд гарын үсэг зурж өгсөн. Би ер нь гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-16х/,
4. Гэрч Д.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай хамтран амьдрагч Отгонбаяр хүүхдийн халамжийн мөнгө авах гээд гэрээсээ 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд ирэхгүй удаад байсан ба 17 цагийн үед гаднаас Отгонбаяр нүүр, гар нь цус болсон байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “Пүүгүүз намайг хутгалчихлаа” гэхээр нь би 103-т дуудлага өгтөл “цагдаад мэдэгд” гэсэн тул дуудлага өгсөн юм. Отгонбаяр надад “Пүүгүүз намайг гэртээ харина гэж хэлтэл хутгаар эрүү зүссэн” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,
5. Гэрч Б.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“... Би 2017 оны 06 дугаар сард Пүүгүүз ахтай танилцаж байсан ба түүнээс хойш дотно харилцаатай болж, хааяа нэг бэлгийн харилцаанд ордог, гэр орноор нь орж гардаг, хамт архи уудаг болцгоосон. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би Пүүгүүз ахын гэрт нь ирж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу өчигдөр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Пүүгүүз ахын гэрт байж байтал гаднаас Пүүгүүз ахын танил гээд танихгүй залуу 0.5 литрийн савалгаатай Хараа архи авч ирсэн. Пүүгүүз ах “уухгүй” гэтэл тэр залуу нь “та их онгон болжээ” гээд байсан. Тэгээд бид гурав тэр архийг нь хувааж уучихад би Пүүгүүз ахын дансанд мөнгө хийгээд Пүүгүүз ах, тэр залуу хоёр дэлгүүрээс 0.5 литрийн савалгаатай Хараа архи авч ирээд ууж байхдаа Пүүгүүз ах, тэр хүнтэй ам мурийх гээд жоохон хэг ёг хийцгээж байсан ч айхтар муудалцсан асуудал байхгүй.
Бид нар архи ууж дуусчихаад, би том өрөөнд зурагт үзээд байж байтал үүдний өрөөнд Пүүгүүз ах, тэр танихгүй залуу хоёр чанга чанга орилоод муудалцаад байхаар нь очоод хартал Пүүгүүз ах гартаа нилээн урт хутга барьчихсан, тэр хүн рүү чичих шиг болсон. Гэхдээ тэр хүнийг оноогүй. Тэгтэл тэр танихгүй залуу Пүүгүүз ахын барьсан хутганаас нь бариад, булаацалдаж ноцолдоод байсан ба би тэр үед нь “болиоч” гэж орилтол тэр хоёрын хэнийх нь мэдэхгүй нэгнээс нь цус гараад байсан тул би өөрөө цуснаас айдаг болохоороо байшингийнх нь хоёр давхар руу зугтаасан. Тэгээд хэсэг хугацааны дараа буутал нөгөө танихгүй ах байхгүй байсан. Тэгэхээр нь би Пүүгүүз ахаас юу болсон талаар асуухад надад “над руу дайрдаг байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ороод ирсэн. Тэр хоёрыг хэрэлдэж эхлэх үед намайг үүдний өрөөнд очих үед Пүүгүүз ах эхлээд хутга барьсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,
6. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12940 дугаартай:
1. Д.О-ын биед эрүүний ооч, зүүн сарвууны ар хэсэг, дотор хэсэг, зүүн бугуйн гадна хэсэг, баруун бугуйн үений гадна хэсэг, зүүн сарвууны 4-р хуруунд шарх, дээд уруулын баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 29х/,
7. Хохирогч Д.О-ын хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 55х, 81х/,
8. Шүүгдэгч Л.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“... Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт танил Баярцэцэг манай гэрт хоносон ба маргааш нь буюу 25-ны өглөө хогон дээр үнсээ асгачихаад буцаад гэртээ орох гэж явтал танил Отгонбаяр таараад “архи уух уу” гэхэд нь би “уухгүй” гээд гэртээ орсон. Тэгээд байж байтал гаднаас Отгонбаяр 0.5 литрийн савалгаатай Хараа архи аваад ороод ирсэн, тэгэхэд нь би “уухгүй” гэтэл “сүртэй юм уучих” гээд бид гурав тэр архийг нь хувааж уусан.
Дараа нь бид гурав дахиж 0.75 литрийн савалгаатай архи авч уусан ба тэр архийг хэн авсныг би санахгүй байна. Тэгээд бид гурав сүүлд авсан архиа хувааж ууж дуусаад байж байтал Отгонбаяр нь согтчихоод агсам тавих гээд, явахгүй гал тогооны өрөөнд байгаад байхаар нь би түүнийг “одоо яв” гэж хэлэхэд ...Отгонбаяр орилоод байхаар нь би ширээн дээр байсан хар өнгийн иштэй мах хэрчдэг, манай гэрийн хутга байхаар нь аваад Отгонбаярыг айлгаж гаргах санаатай яв гээд далайтал өөдөөс миний барьсан гарыг бариад авахаар нь гараа хойш нь таттал түүний эрүү хэсэгт зүсэгдчихсэн юм.
Тэгээд Отгонбаяр надаас хутга булааж авах гээд миний гарнаас зууралдаад байхаар нь би мөн л хутгаа холдуулах гэж татаж байгаад Отгонбаярын гарыг зүсчихсэн юм. Тэгээд л Отгонбаяр яваад өгсөн ба бид хоёрыг сүүлд Баярцэцэг хараад зугтаад дээд давхарт гарчихсан байсан.
Тухайн үед би нилээд согтолттой байсан. Би түүнийг манай гэрийн мах хэрчдэг хар өнгийн иштэй том хутгаар зүссэн. Тэр хутга манай гал тогооны өрөөний ширээн дээр ил байсан юм. Тэгтэл Отгонбаяр гарнаас барьж аваад ийм асуудал болсон. Би анхнаасаа түүнийг хутгаар зүсэх бодолтой хутга аваагүй юм. Би Отгонбаярын охинд эмчилгээний зардалд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-47х/ мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 52х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.П-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Л.П нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 21-587 тоот дахь өөрийн гэртээ Д.О болон хэрэгт гэрчээр асуугдсан Б.Баярцэцэг нартай архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.О-ыг “явсангүй, харьсангүй” гэснээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, гэртээ байсан ширээн дээрх хар иштэй хутгыг авч далайх чичиж Д.О-ын биед “...эрүүний ооч, зүүн сарвууны ар хэсэг, дотор хэсэг, зүүн бугуйн гадна хэсэг, баруун бугуйн үений гадна хэсэг, зүүн сарвууны 4-р хуруунд шарх, дээд уруулын баруун хэсэгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:
- хохирогч Д.О-ын: “...Би 2018 оны 10 дугаар сарын 25-нд ...би нилээд согтсон ба “гэртээ харьлаа” гээд гарах гэтэл Пүүгүүз ах миний эрүүг хутгаар зүсчихсэн. Тэгэхээр нь би Пүүгүүз ахын хутга барьсан гарын бугуйнаас нь баруун гараараа бариад автал гараа холдуулаад хутгыг тавиулах гээд булаацалдаж байх үед миний зүүн гарын гадна болон дотор хэсэгт хутгаараа зүссэн. ...би Пүүгүүз ахад “за ах минь, би амьд дээрээ гэртээ харьмаар байна” гэж хэлээд гэрээс нь гараад гэртээ харьсан. Би шүүх эмнэлгийн 12940 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд заасан гэмтлүүдийг Пүүгүүз надад учруулсан. Би тэр өдөр нилээн согтсон байсан болохоор ямар хутга байсан талаар санахгүй байна. Би Пүүгүүзийн барьж байсан хутгыг булаацалдаж байх үед гар нь зүсэгдсэн байж магадгүй. Түүнээс биш би түүнийг хутгаар зүссэн асуудал байхгүй. Миний биеийн байдал зүгээр байгаа. Надад Пүүгүүзтэй муудалцах ямар нэгэн шалтгаан байхгүй. ...Би эмчилгээ хийлгэсэн болон эм тариа авсан 274.145 төгрөгөө нэхэмжилж байна. Миний гомдлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй. ...Надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Надад Пүүгүүз бэлнээр 300.000 төгрөг өгсөн ба манай охин жижиг дэвтрийн цаасан дээр 300.000 төгрөг авсан гэж бичээд гарын үсэг зурж өгсөн. Би ер нь гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-16х/,
- гэрч Д.Энхмаагийн: “... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай хамтран амьдрагч Отгонбаяр нь хүүхдийн халамжийн мөнгө авах гээд гэрээсээ 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд ирэхгүй удаад байсан ба 17 цагийн үед Отгонбаяр нь нүүр, гар нь цус болсон байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь “юу болсон” талаар асуухад “Пүүгүүз намайг хутгалчихлаа” гэхэд нь эр нь би 103-т дуудлага өгөхөд “цагдаад мэдэгд” гээд дуудлага өгсөн юм. Отгонбаяр “Пүүгүүз намайг гэртээ харина гэж хэлтэл хутгаар эрүү зүссэн” гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,
- гэрч Б.Баярцэцэгийн: “... Би ...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Пүүгүүз ахын гэрт нь ирж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу өчигдөр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Пүүгүүз ахын гэрт байж байтал гаднаас Пүүгүүз ахын танил гээд танихгүй залуу гаднаас 0.5 литрийн савалгаатай хараа архи авч ирсэн ба Пүүгүүз ах “уухгүй” гэтэл тэр залуу нь “та их онгон болжээ” гээд байсан. Тэгээд бид гурав тэр архийг нь хувааж уучихад би Пүүгүүз ахын дансанд мөнгө хийгээд, Пүүгүүз ах тэр хоёр дэлгүүрээс 0.5 литрийн савалгаатай хараа архи авч ирсэн ба уух явцдаа Пүүгүүз ах тэр хүнтэй ам мурийх гээд жоохон хэг ёг хийцгээж байсан ба айхтар муудалцсан асуудал байхгүй.
Бид нар архи ууж дуусчихаад, би том өрөөнд нь зурагт үзээд байж байтал үүдний өрөөнд Пүүгүүз ах, тэр танихгүй залуу хоёр чанга чанга орилоод муудалцаад байхаар нь очоод хартал Пүүгүүз ах гартаа нилээн урт хутга барьчихсан, тэр танихгүй хүн рүү чичих шиг болсон. ...Тэгтэл тэр танихгүй залуу Пүүгүүз ахын барьсан хутганаас нь бариад булаацалдаж ноцолдоод байхад нь би “болиоч” гэж орилтол тэр хоёрын хэнийх нь мэдэхгүй нэгнээс нь цус гараад байхаар нь цуснаас айдаг болохоороо байшингийнх нь хоёр давхар руу зугтсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буутал нөгөө танихгүй ах байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би Пүүгүүз ахаас юу болсон талаар асуухад надад “над руу дайрдаг байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ороод ирсэн. Тэр хоёрыг хэрэлдэж эхлэх үед би үүдний өрөөнд очиж харахад Пүүгүүз ах эхлээд хутга барьсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12940 тоот дүгнэлтэд: “Д.О-ын биед эрүүний ооч, зүүн сарвууны ар хэсэг, дотор хэсэг, зүүн бугуйн гадна хэсэг, баруун бугуйн үений гадна хэсэг, зүүн сарвууны 4-р хуруунд шарх, дээд уруулын баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 29х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4х/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 30 см урттай, хар өнгийн хуванцар бариултай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 27х/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.П-ийн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Д.О-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “эрүүний ооч, зүүн сарвууны ар хэсэг, дотор хэсэг, зүүн бугуйн гадна хэсэг, баруун бугуйн үений гадна хэсэг, зүүн сарвууны 4-р хуруунд шарх, дээд уруулын баруун хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь хурц ир үзүүртэй зүйлд хамаарна.
Хэргийн шүүгдэгч Л.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.О-тай маргаж, улмаар түүнийг айлгах санаатай хутга авч далайж, чичсэн гэх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд заасан “...эрүүний ооч, зүүн сарвууны ар хэсэг, дотор хэсэг, зүүн бугуйн гадна хэсэг, баруун бугуйн үений гадна хэсэг, зүүн сарвууны 4-р шарх, дээд уруулын баруун хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Л.П-ийн хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Л.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Л.П-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Л.П нь хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрснийг болон гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч нар нь орон гэртээ шалтаг шалтгаангүй архидан согтуурхан, зан байдлаа хянах чадвар дутмаг байсан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Тухайн хэргийн хохирогч Д.О-аас эмчилгээний болон бусад зардлын баримт гэх нийт 291.600 төгрөгийн үнийн дүн бүхий эм тариа худалдан авсан, дүрс оношилгооны MRI хийлгэсэн гэх 11 хуудас баримт гаргасныг шүүх нэг бүрчлэн шинжлэн судлахад нийт 291.600 төгрөг болж байх /хэргийн 53-55х/ ба үүнээс шүүгдэгч нь 2018 оны 10 сарын 26-ны өдөр 300.000 төгрөг нөхөн төлснийг хохирогч хүлээн авсан болох нь хохирочийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/, хэргийн 56 дугаар талд авагдсан мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдсон байна.
Хохирогч Д.О-аас шүүх хуралдаанд эмчилгээний төлбөрт тооцон шүүгдэгчээс 510.100 төгрөг нэхэмжлэн, уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримтууд хэмээн 132.600 төгрөгийн үнийн дүн бүхий 2018 оны 11 сарын 24-ны өдрийн, 199.000 төгрөгийн дүн бүхий 2018 оны 12 сарын 18-ны өдрийн “ЕЭС” ХХК-ийн зарлагын баримт 2 ш, 178.500 төгрөгийн дүн бүхий Хонхондой-1 санхүүгийн тэмдэг бүхий зарлагын баримт 1ш тус тус хавсарган өгсөн ба эдгээр зарлагын баримтууд нь хохирогч нь дээрх үнийн дүн бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл тус тус худалдан авсан гэх байдлыг шууд нотлохгүй, хохирогчоос эдгээр баримтад заасан эм, бэлдмэлийн эмчийн заавраар хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, шууд худалдан авалт хийсэн НӨАТ тооцсон баримт байхгүй зэргээс уг шаардлагад хамаарах нэхэмжлэлийг шүүх эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, дээрх нэхэмжлэлд хамаарах нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогч Д.О-т тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.П нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 52х/ тул тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзнэ.
Шүүх, шүүгдэгч Л.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн харицлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Л.П-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Л.П нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Л-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.П-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.П нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч Л.П нь хохирогч Д.Оын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, хохирогч Д.О нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт Л.П нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Л.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД