Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Эд холбогдох эрүүгийн 1803007750444 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Мөнгөншагай /тээвэр/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.С, шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийнбиеийнбайцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 4-196 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,  одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-984 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 902 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биеэр эдэлж байгаад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 358ө дугаартай захирамжаар  Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 11 хоногийн хорих ялыг өршөөн хассан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-ын Э /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 11-ний шөнийн 00 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын замд Тоёота приус маркийн 20-92 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн а-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

8.11 дүгээр зүйлд заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчин У.Сын жолоодон явсан Тоёота приус маркийн 35-01 УБА улсын дугаартай автомашины араас мөргөсний улмаас уг машинд зорчин явсан зорчигч 04 настай Б.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э-ийн өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би эхнэр, 01 нас 04 сартай хүүхэдтэй. 2016 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан. Миний эзэмшлийн гэх эд хөрөнгө байхгүй. Би санаа зовоод хүүхдийн биеийг асууж чадаагүй. Би одоогоор эрхэлсэн ажилгүй, хөрөнгө орлогогүй учир хохирол төлбөр төлж чадаагүй юм. Ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчид учирсан хохирол, төлбөрийг нөхөн төлж барагдуулна. Ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн. Тухайн үед айж сандраад нэрээ Төрболд гэж буруу хэлсэн. Зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Миний буруу. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Сын өгсөн: 

“...2018 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө би хоёр хүүхдийнхээ хамт хот орж, дүүгийндээ хонохоор өөрийн Тоёота Приус-20 маркийн 35-01 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан. Өлзийтийн постны наад талд замын эвдрэл ихтэй, хагархай зам байдаг юм. Би тэр замын саадыг өнгөрөх гээд зөөлөн гарч байтал араас Тоёота Приус-11 маркийн 20-92 УНБ улсын дугаартай автомашин мөргөсөн. Уг машиныг Э.Э жолоодон явсан. Тэгээд би машинтайгаа замын хашлага даваад далан уруудаад зогссон. Э.Э нь машиндаа 2 эмэгтэй, 2 эрэгтэй, нийт дөрвүүлээ явж байсан ба бүгдээрээ согтуу байсан. Би машинаасаа буугаад “та нар чинь хүн аллаа шүү дээ, түргэн дуудаач” гэхэд дуудахгүй байсан. Тэгээд би уурлаад байж байтал хэсэг хугацааны дараа түргэн дуудсан. Тэгтэл Э.Э “эгчээ хоёулаа тохиролцъё” гээд байсан. Тэгж байтал замын постны цагдаа нар ирсэн.

Э.Э нь өнөөдрийг хүртэл хохирол төлбөр барагдуулаагүй, “хүүхэд чинь яаж байна” гээд нэг ч удаа асуугаагүй байгаа нь өөрийн гэм бурууг ойлгож гэмшихгүй байна гэж үзэж байна. Тухайн ослын улмаас миний машинд эвдрэл учирсан тул хүнээс мөнгө зээлээд машин тэргээ янзлуулсан, одоо өрөнд орсон байдалтай байна. Шүүгдэгч нь “эгчээ, та хүүхдээ эмчлүүл” гээд хэдэн төгрөг өгсөн бол өөрөөр хандах байсан. Миний охин Батмөнхийн Мишээлийн баруун хөлний далд савхан яс хугарсан. Толгой, духандаа зулгаралттай гэсэн гэмтэл учирсан ба одоо сорви үлдсэн. Машины хохирол 3.055.000 төгрөг гэж үнэлгээгээр тогтоогдсон. Манай гэр Өлзийт хороололд байдаг учир би машин тэргээрээ хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөж, ажил амьдралаа залгуулдаг. Нөхөр маань хөдөө орон нутагт ажилладаг юм. Одоо хүүхдийн маань толгой, хөл байнга өвддөг болсон. Санхүү, эдийн засгийн асуудлаас болж хүүхдээ эмчид үзүүлж чадахгүй байна. Учирсан гэмтлийн улмаас хүүхэд маань эмнэлэгт хэвтээгүй, дандаа улсын эмнэлэгт төлбөргүй эмчлүүлэн, гэрээрээ эм тариа авч хэрэглэсэн. Одоогийн байдлаар хүнээс мөнгө зээлж аваад машин тэргээ янзлуулсан учир уг өр төлбөрийг төлж давхар давхар хохирч байна. Хохиролд нийт 4.500.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс 1.000.000 төгрөгийг иргэний хариуцагч С.Ч гэдэг хүн төлсөн. Энхтөр нь нэг ч төлбөр төлөөгүй. Одоо хохирлоос үлдэх 3.500.000 төгрөгийг шүүгдэгч Э.Э, иргэний хариуцагч С.Ч нараас нэхэмжилж байгаа юм. Энэ нь машины хохирол 3.055.600 төгрөг, хүүхдийн эм тарианы зардлын 8.500 төгрөг, хүүхдийн толгой бариачид өдрийн 7000  төгрөгөөр 10 удаа  бариулж, эмчилгээ хийлгэсний төлбөр 70.000 төгрөг, би өөрөө мөн тархи доргисон гэсэн учир толгойгоо бариачид бариулан 105.000 төгрөг зарцуулсан. Мөн машин ачуулсны төлбөр 150.000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгооны зардал 108.000 төгрөг, явах эд ангийн оношилгоо хийлгэсэн 45.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг зэргийг хохиролд оруулан тооцсон байгаа. Зам тээврийн осол хэргийн улмаас миний эрүүл мэндэд мөн хохирол учирсан. Мөнгөгүй байсан учир толгой, нурууны томографын зураг авахуулж чадаагүй. Одоо миний бөөр, нуруу байнга өвддөг болсон. Маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18030 0775 0444 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн  үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-5х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.18% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 06х/,

 

3. ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 14х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11184 дугаартай:

1. Б.М-ийн биед баруун тавхайн өлмийн 1-2-р ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 70х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  11185 дугаартай:

1. У.Сын зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 74х/,

 

6. Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 762 дугаартай тоот:

1. Т.Приус маркийн 20-92 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.Э нь МУ-ын Замын хөдөлгөөний замын дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтыг, мөн дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Т.Приус маркийн 35-01 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан У.С нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 85-86х/,

 

6. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 11530600 дугаартай:

Зам тээврийн осол болох үед У.Сын жолоодон явсан “Тоёота Приус 20 маркийн 35-01 УБА улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг засварлах эд ангийн шууд зардлын дүн 1.100.000 төгрөг, солих эд ангийн шууд зардлын дүн 1.550.000 төгрөг, шууд бус зардлын дүн 405.6000 төгрөг, нийт тогтоогдсон хохирлын үнэлгээний дүн  3.055.600 /гурван сая тавин таван мянга зургаан зуу/ төгрөг” гэж тогтоосон тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 81-83х/,

 

7. Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 10 дүгээр сарын 02-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний 160 дугаартай:

Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч Э.Э-ийн жолоодон явсан, иргэний хариуцагч С.Чгийн эзэмшлийн “Тоёота Приус 11 маркийн 20-92 УБВ улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардлын дүнгээр 2.547.000 төгрөг, шууд бус зардлын дүнгээр 500.000 төгрөг, нийт үнэлгээг 3.047.000 /гурван сая дөчин долоон мянга/ төгрөг” гэж тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 78-79х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Б.М-ийн хохирогчоор өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 00 цагийн орчимд би ээж, ах хоёртойгоо Өлзийт хорооллоос хот руу эгчийндээ очих гээд ээжийн машинаар явсан. Замдаа явж байтал манай машины араас машин мөргөсөн. Тухайн үед миний баруун хөл, толгой их өвдөөд, бөөлжөөд байсан. Ээжийнхээ хамт ах Өөдөсийн машинаар эмнэлэг рүү явсан. Би эмнэлэг дээр очиж баруун хөлөө шохойдуулсан. Тэр өдрөөс хойш 15 хоног цэцэрлэгтээ яваагүй гэртээ хэвтсэн. Одоо миний хөл хол явган явахаар өвддөг. Би машины арын суудалд ахын хамт сууж явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Сын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 10-ны орой 23:30 минутын орчимд Өлзийт хороолол орохоор өөрийн эзэмшлийн 35-01 УБА улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодон өөрийн 2 хүүхэд болох 8 настай Б.Өсөх-Ирээдүй, 4 настай охин Б.М нарын хамтаар явж байхад ар талаас машин ирж мөргөсөн. Үүний улмаас охин Б.М-ийн биед гэмтэл учирч,  автомашинд үнэлгээгээр 3.055.600 зуун төгрөгийн хохирол учирсан. Дээрх учирсан хохирлыг одоог хүртэл барагдуулаагүй байгаа. Иймд гарсан хохирлыг нөхөн төлүүлж авах хүсэлттэй байна.

Тэр машинаас 4 хүн бууж ирсэн, ба 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн гарч ирсэн. Тэгээд тэр хүмүүс тухайн үедээ “цагдаа гэхгүйгээр тохиролцъё” гээд байсан. Тэгж байтал постын цагдаа нар ирсэн. Тэр дөрвөн хүний Энхтөр гэдэг хүн нь машин жолоодож, жолоочийн хажууд нь машины эзэмшигч гэх Чимгээ гэх намхан нуруутай, бордуу царайтай эмэгтэй явж байсан. Тэдгээр дөрвөн хүн бүгдээрээ согтуу, архи уусан байдалтай байсан. Автомашинд учирсан хохирол болон охиныхоо эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардал зэргийг гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Чгийн иргэний хариуцагчаар өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн орчим ажлаасаа буугаад гэртээ ороод унтаж байтал 23 цагийн үед намайг манаач Өлзийбат “гал тогоонд ороод ирээч” гэж өөрөө ирж дуудсан. Би гал тогоонд ортол Энхтуяа, Энхтөр, Төрболд, манаач ах Өлзийбат нар архи ууж байсан. Би өөрөө архи ууж чаддаггүй учир надад 1 лааз пиво өгсөн.

Би уг пивыг онгойлгоод уугаагүй сууж байтал тэд нарын ууж байсан архи дууссан тул “намайг архинд яваад өгөөч” гэж гуйсан. Би архи, пиво уугаагүй учир тэднийг бүгдийг өөрийн машиндаа суулган,  Өлзийт хороолол руу дэлгүүр рүү явсан. Тэгээд тэд нар “гэр хорооллын дундах замаар яваад ирж болно” гээд байхаар нь би өөрөө машинаа бариад, гэр хорооллын дундах замаар явж байтал ухсан нүх таараад, би тэндээс нь машинаа гаргаж чадахгүй болохоор бүгд бууж үзээд байж байтал Э.Э “ингээд гардаг юм аа, та нарын зориг хүрэхгүй байна” гээд миний машиныг жолоодон уг нүхнээс гаргасан.

Нүхнээс гараад Э.Э үргэлжлүүлээд миний машиныг жолоодон яваад дэлгүүр дээр очиж Энхтуяа бид хоёр хамт орсон. Би дэлгүүрээс авах юм байхгүй учир Энхтуяаг дэлгүүрт орхиод гарч ирээд Э.Э жолооны ард сууж байсан болохоор би арын суудал дээр суусан. Удалгүй Энхтуяа дэлгүүрээс авах юмаа авч гарч ирээд машины арын суудалд суугаад ажилруугаа явсан. Буцаж явахдаа гэр хорооллын замаар явалгүй төв замаар явсан ба би замдаа Энхтөрөө “арай хурдтай яваад байна, зогсооч, наана чинь нэг нүх байдаг юм шүү” гэж зөндөө хэлсээр байтал манай ажлын хойд замд байдаг нүхэн дээр хурдаа сааруулж байсан приус машины араас очоод мөргөсөн.

Бид машинаасаа буугаад Энхтөр рүү уурлаж, “хариуцлагаа чи өөрөө үүрээрэй” гэж хэлээд байж байтал постны цагдаа нар ирсэн. Удалгүй түргэн тусламж, цагдаа ирж хэмжилт, үзлэг хийж миний автомашиныг ачигч машинаар ачаад Э.Э-ийг аваад явсан. ...Э.Э-ийг цагдаа нар ХУД-ийн эрүүлжүүлэх байранд хийсэн. Э.Э нь надад “дүү нь бүгдийг төлж барагдуулна” гэж хэлсэн.

Тухайн үед Э.Э нь уг ухсан нүхнээс машин жолоодож гаргаад цааш үргэлжлүүлээд жолоодсон. Би түүнийг хэрэг осол гаргана гэж бодолгүй жолоодуулсан юм. Миний хувьд согтуу хүнд жолоогоо шилжүүлсэн нь буруу. Би 2017 оны 02-р сард 2.0 сая төгрөгний зээлийг өөрийн Т.Приус маркийн 20-92 УБВ улсын дугаартай автомашинаа барьцаалж “Хан-Агьт” авто ломбардаас зээл авсан байсан. Би уг зээлээ 2018 оны 08 дугаар сарын 25-нд бүрэн төлж дуусгаад машинаа өөрийн нэр дээрээ шилжүүлэх ёстой байсан боловч зав гаралгүй, амжилгүй явсаар өдийг хүрсэн. Авто ломбардтай одоо ямар нэгэн тооцоо байхгүй. Энхтөрийн жолоодож явсан Т.Приус маркийн 20-92 УБВ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн машин мөн. Би нэг сая төгрөгний хохирлыг төлж барагдуулна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 102-103х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Энхтуяагийн гэрчээр өгсөн:

“...Эрдэнэбаатарын Энхтөр бид хоёр “Бадрах Ойл” ХХК-д хамт гал тогоонд нь тогоочоор ажилладаг байсан. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай байгууллагын цалин буусан юм. Орой 22 цагт ажил буугаад Э.Э гал тогоонд 1 шил 500 граммын Ерөөл архи авчирсан. Тухайн үед Ч.Төрболд болон Э.Э бид гурвуулаа уг архийг хувааж ууж байгаад Чимгээ эгчийг дуудсан. Надад АТМ машинаар дүүрүүгээ мөнгө шилжүүлэх ажил байсан ба Э.Э-д энэ тухайгаа өдөр нь ярьж байсан болохоор архи хувааж ууж дууссаны дараа Чимгээ эгчийн машинаар Өлзийтийн дэлгүүр рүү явсан.

Чимгээ эгч өөрийн Т.Приус 11 маркийн 20-92 УБВ улсын дугаарын автомашинаа жолоодон, бид сууж байгууллагын хашаанаас Өлзийт хороолол руу явсан. Дэлгүүрийн наад талд Чимгээ эгч борооны усны нүхэнд хий эргүүлээд зогстол Энхтөр машиныг нь жолоодон уг нүхнээс гаргаад цааш Өлзийт хороололд дэлгүүрт очсон.

Түүнээс хойш Энхтөр машиныг жолоодон буцаж компани руу явах замдаа компаний хашааны арын зам дээр цагаан өнгийн Т.Приус маркийн автомашины араас мөргөсөн. Би Өлзийт хорооллоос гараад явахад нь “чи арай хурдан яваад байна, зөөлөн яв” гэж хэлсээр байтал тэр хурдаа сааруулалгүй явсаар машиныг мөргөсөн. Энэ байгууллагад би 2 сар, Э.Э 1 сар гаруй хугацаанд ажиллаж байна. Бид тогооч нарын амрах гэрт хамт амьдардаг юм.  

Осол болох үед Т.Приус 11 маркийн 20-92 УБВ улсын дугаарын автомашиныг Э.Э жолоодон явсан, машины арын суудалд би, миний хажууд Чимгээ эгч суугаад, Ч.Төрболд жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан. Машинд сууж явсан хүмүүсээс гэмтсэн хүн байхгүй. Миний хувьд биед учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/,

 

13. Гэрч Ч.Төрболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Эрдэнэбаатарын Энхтөр бид хоёр “Бадрах Ойл” ХХК-д хамт ажилладаг байсан. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай байгууллагын цалин буусан юм. Орой 21 цаг 40 минутын үед ажил буугаад, гал тогоонд оройны хоол идэх гээд ортол Э.Э 1 шил 500 граммын Ерөөл архи гаргаж ирээд Энхтуяа эгч бид гурав хувааж уусан. Уг архийг ууж байгаад Чимгээ эгчийг дуудаж хэсэг сууж байгаад Чимгээ эгчийн машинаар Өлзийт хороолол руу дэлгүүрээс архи, тамхи аваад буцаж компани руу явах замдаа компаний хашааны ард зам дээр цагаан өнгийн Т.Приус маркийн автомашины араас мөргөсөн.

Би машин мөргөх үед нь “хурдаа хасаа” гэж хэлээд нэмэр байгаагүй, хэлсээр байтал тэр машиныг араас нь мөргөсөн. Э.Э тухайн үед 100 км/цагийн хурдтай явсан. Энэ байгууллагад би 3 сар, Э.Э 1 сар гаруй хугацаатай ажиллаж байна.

Т.Приус 11 маркийн 20-92 УБВ улсын дугаартай автомашиныг Э.Э жолоодон явсан Р.Энхтуяа эгч арын суудал дээр Чимгээ эгчтэй хамт сууж, би жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан. Ослын дараа би шууд буугаад мөргүүлдэг машины хаалгыг онгойлгоод “эгчээ зүгээр үү” гэж асуусан. Мөн Өлзийтийн постын цагдаа нар удалгүй ирсэн. Би хүүхэд нь уйлаад байхаар нь эмнэлэг рүү дуудлага өгсөн. Машинд сууж явсан хүмүүсээс гэмтсэн хүн байхгүй. Миний хувьд биед учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40х/,

 

14. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч У.Соос хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, баримтууд /хэргийн 109х, 114х/,

 

15. Иргэний хариуцагч С.Чгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч У.Сын нэхэмжилсэн хохирол төлбөрөөс 1.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тодорхойлот баримт /хэргийн 110х/,

 

16. Шүүгдэгч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 09 дүгээр сарын 10-ны орой ажил тараад 22 цагийн орчимд туслах тогооч Энхтуяа, тогооч Чимгээ, туслах ажилтан Төрболд, манаач ах Өлзий нарын хамт байрлан амьдардаг гэртээ 0.75 литрийн 1 шил, 0.5 литрийн 01 шил Хараа архи хувааж уусан. Шөнийн 23 цаг өнгөрөөд уг архи дуусч, нэмж архи авахаар манаач ах Өлзийгөөс бусад хүмүүсийн хамт Чимгээ эгчийн Т.Приус 11 маркийн 20-92 УБВ улсын дугаарын автомашинаар байрлаж байсан Кемпээс Чимгээ эгч жолоодон бид бүгд машинд нь суугаад Өлзийт хорооллын дэлгүүр рүү дөрвүүлээ явсан. Өлзийт хороолол орох үед дэлгүүрийн урд байх жалганд машины дугуй хий эргээд зогсохоор нь би “машиныг чинь гаргаад өгье” гээд Т.Приус 11 маркийн 20-92 УБВ улсын дугаарын автомашины жолооны ард сууж машиныг гаргасан.

Ингээд бид “Хан хөхий” хүнсний дэлгүүрийн гадаа ирээд Чимгээ, Эрдэнэтуяа эгч нар архи авахаар орсон. Тэр хоёр 1 ширхэг том 2 литрийн пиво, 1 шил архи аваад гарч ирсэн. Би дэлгүүрийн гаднаас уг автомашиныг үргэлжлүүлэн жолоодож нэг км гаруй яваад кемпийн хойд замд Т.Приус-20 маркийн цагаан ангийн автомашины араас нь мөргөсөн. Би тухайн үед 70 гаруй км/цагийн хурдтай явж байсан ба тэр цагаан өнгийн приус 20 машин замын хагархай гарах гэж байхад нь араас нь зогсоож чадалгүй очоод мөргөсөн. Тэр мөргүүлсэн Приус-20 машины жолооч тухайн үед бууж ирээд “хүн аллаа тар нар чинь” гээд орилоод байсан.

Удалгүй цагдаа нар ирж хэмжилт хийж,  намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Би тухайн үед багаж үлээлгэн шалгахад 1.18 хувийн согтолттой байсан. Би тухайн үед зугтчихвал баригдахгүй байх гээд Баттөрийн Төрболд гэж овог нэрээ худал хэлсэн.

Би осол гаргасны маргааш эрүүлжүүлэх байрнаас гараад айгаад зугтсан. Би 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд Улаанбаатар хотод, БГД-ийн модны 2-т найз Дарханбаатарынд байсан. Миний мөргөдөг Приус 20 маркийн 35-01 УБА улсын дугаарын автомашинд сууж явсан. Б.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсаныг мэдсэн. Хохирлыг аав ээжийн туслалцаатайгаар 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.

Энэ хэрэг осол нь архинаас болж, миний буруутай үйлдлээс болж гарсан. Миний хувьд  архи байнга хэрэглээд байдаггүй, хааяа баяр ёслолын үеэр, мөн найз нөхөдтэй уулзах үедээ бага зэрэг хэрэглэдэг. Техникийн шинжээч хошууч Б.Батзоригийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний асуудлыг түргэн хялбаршуулан шийдэж өгөөч. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 94х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 68х/, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 902 дугаартай Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 138-149х/, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 358ө дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар баримт /хэргийн 135-136х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч, үнэлгээчид гаргасан байх шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байхаас гадна болсон үйл явдлын талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нар тодорхой мэдүүлжээ.

 

Иймд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.    

 

   Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 11-ний шөнийн 00 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын замд Тоёота Приус маркийн 20-92 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-н а/-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөнөөс, У.Сын жолоодон явсан Тоёото Приус маркийн 35-01 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас  Т.Приус маркийн 35-01 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.Сын биед “..зүүн өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл, уг автомашинд зорчин явсан 4 настай Б.М-ийн биед “...баруун тавхайн 1-2 дугаар ясны далд хугарал, духанд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл, иргэн У.Сын Т.Приус маркийн 35-01 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бус зардлын дүнгээр нийт 3.055.600 төгрөгийн, иргэн С.Чгийн Тоёота Приус маркийн 20-92 УБВ улсын дугаартай автомашинд шууд болон шууд бус зардлын дүнгээр нийт 3.047.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  тус тус учирсан болох нь хэрэгт хуульд заасан үндэлэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 11-ний шөнийн 00 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын замд иргэн С.Чгийн Тоёота Приус маркийн 20-92 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-н а/-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөнөөс У.Сын жолоодон явсан Тоёото приус маркийн 35-01 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас Т.Приус маркийн 35-01 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.Сын биед “..зүүн өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан 4 настай Б.М-ийн биед “...баруун тавхайн 1-2 дугаар ясны далд хугарал, духанд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зохицуулсан.   

 

Тухайн осол хэрэг гарах үед шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.18% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 6х/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Ч, гэрч Р.Энхтуяа, Ч.Төрболд нарын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч У.Сын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.  

 

Мөн дээрх зам тээврийн осол хэргийн улмаас У.Сын эзэмшлийн Т.Приус маркийн 35-01 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бус зардлын дүнгээр нийт 3.055.600 төгрөгийн, Тоёота Приус маркийн 20-92 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бус зардлын дүнгээр нийт 3.047.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  тус тус учирсан нь тогтоогдсон тул У.С, С.Ч нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож /хэргийн 24, 26х, 101х/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан  журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Э нь зам тээврийн осол гаргах үедээ жолоодон явсан Тоёота приус маркийн 20-92 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч С.Чгийн зөвшөөрлөөр жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, С.Ч нь шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэдэж байсан атлаа түүнд автомашины жолоог /руль/ шилжүүлсэн болон уг автомашины өмчлөгч, эзэмшигч нь С.Ч мөн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Ч, гэрч Р.Энхтуяа, Ч.Төрболд нарын мэдүүлэг, “Хан-Агьт” ХХК-иас тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан тухай тус байгууллагын тодорхойлолт, зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хэргийн 97-99х, 108х/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоосон, Тоёота приус маркийн 20-92 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч С.Чг 2018 оны 11 сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний харицагчаар тогтоож оролцуулсан нь хуулийн үндэслэл бүхий байна.

 

Хэргийн шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Э-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд /бага насны хохирогч Б.М-д/ хүндэвтэр гэмтэл учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Түүнчлэн  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй, бага насны хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч У.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд нь /Т.Приус маркийн 35-01 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ 3.055.600 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч С.Чгийн эд хөрөнгөд /Тоёота приус маркийн 20-92 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ 3.047.000 төгрөгийн хохирол тус тус учирсан, иргэний нэхэмжлэгч С.Чгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.000.000 төгрөгийг хохиролд тооцон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч У.Сод нөхөн төлсөн болох нь нотлогдсон ба шүүгдэгч Э.Э-өөс нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарт төлбөр төлсөн талаар хэрэгт баримтгүй байна.  

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч У.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон автомашины эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон хохирол 3.055.600 төгрөг, охин Б.М-ийн эмчилгээний зардалд эм тариа авсан, үзлэг шинжилгээ хийлгэсэн гэх 8.500 төгрөг, өөртөө болон охиндоо бариа заслын эмчилгээ хийлгэсэн гэх зардлын 175.000 төгрөг, автомашины явах эд ангийн оношилгоо хийлгэсний төлбөрт 45.000 төгрөг, машин ачуулсан гэх зардлын 150.000 төгрөг, машин үзлэгт оруулсаны төлбөр 108.000 төгрөг, шүүх эмнэлгийн шинжилгээний төлбөр 8000 төгрөг, зам тээврийн осолд орсноос хойш 15 хоногт олох байсан цалин орлого өдрийн 50.000 төгрөгөөр тооцон нийт 750.000 төгрөг, такси унааны зардал зэрэгт нийт 4.500.000 төгрөг нөхөн төлүүлэх шаардлага гаргаснаас хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тооцон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.055.600 төгрөг, баримтаар нотлогдсон хүүхдийн эмчилгээний зардлын 8.530 төгрөг,  автомашины явах эд ангийн оношилгоо хийлгэсний төлбөрт 45.000 төгрөг, автомашин ачуулсны зардлын 150.000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 8000 төгрөг, нийт 3.267.130 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч С.Чгийн төлсөн 1.0 сая төгрөгийг хасаж тооцон, 2.267.130 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан журмын дагуу иргэний хариуцагч С.Чгээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хариуцагч С.Ч нь шаардлагатай гэж үзвэл гэм буруутай этгээд Э.Э-өөс өөрт учирсан хохирлыг жич нэхэмжлэл гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй

 

Нэхэмжлэлээс үлдэх бариа заслын эмчилгээ хийлгэсний зардлын 175.000 төгрөг, цалин орлогын 750.000 төгрөг, машинд оношилгоо хийлгэсэн 108.000 төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримт хэрэгт авагдаагүй тул уг нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэлэлцэхгүй орхиж, У.С нь дээрх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

Харин шатахуун унааны зардал гэх Монсуль, Петростар, МТ ШТС гэсэн 250.000 төгрөгийн баримттай шатахууны зардал нь /хэргийн 114х/ энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршигт тооцогдохгүй үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

Хэргийн шүүгдэгч Э.Э нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 902 тоот  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 358ө дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 11 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт, шүүхийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж баримтууд тус тус хэрэгт /хэргийн 68х, 138-149х, 135-136х/ авагдсан ба эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. /ЭХЕА-ийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах тул шүүгдэгч Э.Э-ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүх, шүүгдэгч Э.Э-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд /бага насны хохирогч Б.М-д/ хүндэвтэр гэмтэл учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх, шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 08 сарын /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Энэ хэрэгт Э.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э-ын Эийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан иргэний хариуцагч С.Чгээс гэм хорын хохиролд 2.375.100 /хоёр сая гурван зуун далан таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  У.С-од олгож, нэхэмжлэлээс шатахууны зардал гэх 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай. 

 

6. Иргэний хариуцагч С.Ч нь шаардлагатай гэж үзвэл өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээд Э.Э-өөс жич нэхэмжлэх, мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  У.С-ын нэхэмжлэлээс үлдэх бариа заслын эмчилгээ хийлгэсний зардлын 175.000 төгрөг, цалин орлогын 750.000 төгрөг, машинд оношилгоо хийлгэсэн 108.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, У.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус тайлбарласугай. 

 

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Э.Э-ийг  цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт мөн хугацаанд тус тус гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД