| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0061/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Э-т холбогдох эрүүгийн 1810002150751 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт 1 дүгээр багийн 1-37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хугацаар хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 875 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 жил 02 сарын хугацаагаар тогтоож, одоо уг ялын биеэр эдэлж байгаа, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ын Э /РД:МЮ91092018/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөлдөлд оруулж “Unegui.mn” зарын сайтад “Блок зарна” гэсэн зар байршуулсны дагуу иргэн Ж.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн Хаан банк дахь 5087038641 тоот данснаас 5750001004 тоот данс руу 400.000 төгрөг шилжүүлснийг авч, залилах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би хохирогч Б-д учруулсан хохирол болох 400.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Миний бие 2018 оны 6 дугаар сард таслагдаж Өвөрхангай аймгийн хорих ангид ял эдэлж байх хугацаандаа гэрээт ажилчнаар Өвөрхангай аймгийн Хар хорин суманд чацарганы аж ахуй дээр ажиллаж, цалин урамшуулал авч байгаа. Энэ мөнгө нь Өвөрхангай аймгийн хорих анги дахь миний нэрийн дансанд хуримтлагдаж байгаа тул уг мөнгөөр хохирогчийн хохирлыг төлөх боломжтой. Би гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 0215 0751 дугаартай хэргээс:
1. Хохирогч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ тосгон 5-80 тоотод эхнэр Алтантуяа, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хашаандаа байшин барих санаатай блокны үнэ судалж байгаад 2018 оны 01 дүгээр сарын эхээр “Үнэгүй.мн” сайтаас “блок зарна” гэсэн зар байхаар нь 99817429 гэсэн дугаарын утас руу залгаж асуухад “одоогоор машин унаа байхгүй байна” гэсэн хариу өгсөн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу хагас сайн өдөр дээрхи дугаар руу дахин залгаад “бүтэн сайнд очиж блок үзье” гэхэд “болно” гэсэн. Тэгтэл утсаар холбогдсон эрэгтэй 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тухайн “завгүй байна” гээд 22-ын товчооны орчим “Алтан тэвш” гэсэн нэртэй том оврын автомашины сэлбэг зардаг газраас ертөнцийн зүгээр зүүн урд талд байх “Хаан алмаз нэртэй блокны үйлдвэрийг зааж өгсөн.
Би блокийг нь очиж үзчихээд 99817429 дугаар руу залгаад буцаж ирж авахаар тохиролцсон. Ингээд 1 куб метр блок 75.000 төгрөгөөр зарна гэж зар тавьсаны дагуу 55 куб/метр блок нийт 4,125,000 төгрөгөөр авах болж, үнийн дүнгийн 10 хувийг нь урьдчилгаа болгож авна гээд 400,000 төгрөгийг шилжүүлээрэй гээд 5750001004 Энхбаатар гэсэн дансны дугаарыг өгсөн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн орчим 5750001004 тоот данс руу өөрийнхөө 5087038641 гэх данснаас 400,000 төгрөгийг шилжүүлсэн.
Мөнгөө шилжүүлчихээд байж байхад тухайн залуу над руу “мөнгө орж ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “эвдэрхий блок авахгүй шүү” гэхэд “за за ойлголоо” гээд надтай холбогдож байгаад утсаа салгачихсан юм. Тэгэхээр нь би 22-ын товчооны тэнд байх анх блок үзсэн газраа очиж сахиур болох эмгэн, өвгөн хоёроос “танайхаас блок авна гэсэн чинь ирдэггүй ээ, 99817429 дугаар ямар учиртай юм бэ” гэхэд тэр хоёр хүн “мэдэхгүй ээ, наад асуудлаа манай нягтлантай ярь” гээд надад Отгонтуяа гэх хүний 99696247 дугаарыг өгсөн. Тэгэхээр нь би сахиур гээд байгаа хүнийг нягтлантай нь яриулсан чинь “блок зарахын хувьд зарж байгаа, гэхдээ наад хүнийг чинь бид нар мэдэхгүй гэхээр нь танай байршил чинь Үнэгүй.мн дээр зурагтайгаа байна ш дээ” гэж хэлсэн чинь “гэхдээ манайд ажиллаж байсан залуу шиг байна, утасны дугаар нь хэд билээ гэж асуухаар нь би 99817429 гэхэд Эрдэмхишиг гээд залуу байгаа, Налайх гэлүү, Хөтөлд гэлүү нэг газар Цагдаад шалгагдаж байгаа” байх гэсэн.
Би тухайн залуутай уулзаж танилцаагүй утасны цаанаас л харьцаж байсан. Нэрийг нь яг хэлж мэдэхгүй байна. Тухайн блокны үйлдвэрийн зураг нь байхаар нь итгэсэн. Арай хямд мөнгөөр блок авчихъя гэж бодсон юм. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,
2. Гэрч С.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Баянжаргалын Эрдэмхишиг гэх хүнийг танихгүй. Гэхдээ миний санаж байгаагаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө байсан санагдаж байна. Намайг гуравдугаар эмнэлгийн орчим явж байх үед 25-30 орчим насны, шар царайтай, өндөр залуу “ахаа оюутны сургалтын мөнгө нэхэгдээд, Сэлэнгээс над руу мөнгө орж ирэх ёстой юм, таны данс руу мөнгө хийгээд эргүүлээд авчихаж болох уу танд 30,000 төгрөг өгье” гэж хэлсэн. Ингээд би зөвшөөрөөд өөрийнхөө Хаан банкны картыг тэр залууд өгсөн. Тэр залуу миний Хаан банкны картаар АТМ-ээс мөнгөө уншуулж авчихаад надад 30.000 төгрөг өгчихөөд яваад өгсөн. Тэрнээс би энэ залууг бол танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тухайн үед тэр залуу надад яг тэдэн төгрөг орж ирнэ гэж хэлээгүй бөгөөд данс руу мөнгө орж ирнэ л гэж хэлсэн. Тэгээд АТМ дээр бид хоёр зогсож байгаад тэр залуу мөнгөө авчихаад яваад өгсөн. Тэр залуу нилээн өндөр нуруутай, шар царайтай залуу байсан ба зэрэгцээд явж байсан болохоор яг сайн царай зүсийг нь харж чадаагүй.
Би Хаан болон Хас банкны хэрэглэгч байгаа юм. Миний Хаан банкны дансны дугаар 5750001004, харин Хас банкны дансны дугаар 5000859848 өөр ямар нэгэн банкинд данс эзэмшдэггүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,
3. Гэрч С.Э-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 48х/,
4. Хохирогч Ж.Б-ы мөнгө шилжүүлсэн Хаан банкны баримт /хэргийн 11х/
5. Шүүгдэгч Б.Э-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 01 дүгээр сарын дундуур Үнэгүй.мн сайтад “хөнгөн бетон блок зарна” гэсэн зар мэдээ тавьсан. Зар тавьсан өдрийн маргааш нь нэрийг нь санахгүй байна, үл таних хүн над руу залгаад “блок авъя” гэсэн. Ямар дугаараас залгасан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан “урьдчилгаа 400,000 төгрөг авна” гэж яриад намайг дансны дугаараа явуулчих гэсэн. Тухайн үед би өөрийнхөө картыг ашиглах боломжгүй байсан тул гуравдугаар эмнэлгийн ойролцоо байх АТМ-ын ойр явж байсан үл таних хүнээс картыг нь гуйж, тэр хүний дансны дугаарыг нөгөө блок авна гэсэн хүн рүү явуулж, тухайн данс руу 400,000 төгрөг шилжүүлж аваад картны эзэнд 30,000 төгрөг өгсөн. Картны эзэн нь 40-өөс дээш орчим насны эрэгтэй хүн байсан. Сэлэнгээс гэрээс мөнгө шилжиж ирэх гэж байгаа юм гэж хэлээд виза картыг нь авсан. Би тухайн үед 99817429 гэсэн дугаар барьж байсан бөгөөд уг дугаарын эзэмшигч Сумъяагийн Эрдэмчимэгээс энэ дугаарыг нь “түр баръя” гэж авсан, түр зуурын танилын холбоотой байсан.
Миний хувьд “Хаан алмаз” ХХК-д автоклабчин, блокны шарах тогооны даралт тохируулагчаар ажиллаж байсан. Би 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял авсан бөгөөд урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж тэнсэнтэй байхдаа дахин гэмт хэрэг хийгээд 03 жил 02 сар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГЕГ–ын харьяа 423 нээлттэй, хаалттай ангид 06 сар ял эдэлж байсан. Одоо энэ 400,000 төгрөгний залилангийн хэргээс өөр хэрэг байхгүй.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГЕГ-ын харьяа 423 нээлттэй, хаалттай ангид ял эдэлж байхдаа Хархорин ХХК-ны чацарганы хураалтын гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа хуримтлуулсан мөнгөнөөсөө хохирлоо барагдуулмаар байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 77х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 46х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 47-49х, 87-91х/, ялтан шилжүүлэн авах зөвшөөрөл хүссэн тухай танилцуулга баримт /хэргийн 92-93х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байхаас гадна болсон үйл явдлын талаар хохирогч, гэрч нар тодорхой мэдүүлсэн байна.
Иймд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-ийн гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Э нь “Unegui.mn” зарын сайтад “блок зарна” гэсэн зар байршуулсны дагуу хохирогч Ж.Б нь зард байршуулсан 99817429 дугаарын утсаар холбогдож блок худалдан авахаар тохирч, улмаар урьдчилгаа төлбөрийн 400.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн Хаан банкны 5087038641 тоот данснаас Хаан банкны 5750001004 /С.Энхбаатар/ тоот данс руу шилжүүлснийг өөртөө авч ашигласан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн:
- хохирогч Ж.Б-ы: “...Би Хан-Уул 14 дүгээр хороо, Шинэ тосгон 5-80 тоотод ...хашаандаа байшин барих санаатай блокны үнэ судалж байгаад 2018 оны 01 дүгээр сарын эхээр “Үнэгүй.мн” сайтаас “блок зарна” гэсэн зар байхаар нь 99817429 гэсэн дугаарын утас руу залгаж асуухад “одоогоор машин унаа байхгүй байна” гэсэн хариу өгсөн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу хагас сайн өдөр дээрхи дугаар руу луу дахин залгаад “бүтэн сайнд очиж блок үзье” гэхэд “болно” гэсэн. Тэгтэл утсаар холбогдсон эрэгтэй 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тухайн “завгүй байна” гээд 22-ын товчооны орчим “Алтан тэвш” гэсэн нэртэй том оврын автомашины сэлбэг зардаг газраас ертөнцийн зүгээр зүүн урд талд байх “Хаан алмаз нэртэй блокны үйлдвэрийг зааж өгсөн.
Би блокийг нь очиж үзчихээд 99817429 дугаар руу залгаад буцаж ирж авахаар тохиролцсон. Ингээд 1 куб метр блок 75.000 төгрөгөөр зарна гэж зар тавьсаны дагуу 55 куб/метр блок нийт 4,125,000 төгрөгөөр авах болж, үнийн дүнгийн 10 хувийг нь урьдчилгаа болгож авна гээд 400,000 төгрөгийг шилжүүлээрэй гээд нь 5750001004 Энхбаатар гэсэн дансны дугаарыг өгсөн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн орчим 5750001004 тоот данс руу өөрийнхөө 5087038641 гэх данснаас 400,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихээд байж байхад тухайн залуу над руу “мөнгө орж ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “эвдэрхий блок авахгүй шүү” гэхэд “за, за ойлголоо” гээд надтай холбогдож байгаад утсаа салгачихсан юм. Тэгэхээр нь би 22-ын товчооны тэнд байх анх блок үзсэн газраа очиж сахиур болох эмгэн, өвгөн хоёроос “танайхаас блок авна гэсэн чинь ирдэггүй ээ, 99817429 дугаар ямар учиртай юм бэ” гэхэд тэр хоёр хүн “мэдэхгүй ээ, наад асуудлаа манай нягтлантай ярь” гээд надад Отгонтуяа гэх хүний 99696247 дугаарыг өгсөн. Тэгэхээр нь би сахиур гээд байгаа хүнийг нягтлантай нь яриулсан чинь “блок зарахын хувьд зарж байгаа, гэхдээ наад хүнийг чинь бид нар мэдэхгүй гэхээр нь танай байршил чинь Үнэгүй.мн дээр зурагтайгаа байна ш дээ” гэж хэлсэн чинь “гэхдээ манайд ажиллаж байсан залуу шиг байна, утасны дугаар нь хэд билээ гэж асуухаар нь би 99817429 гэхэд Эрдэмхишиг гээд залуу байгаа, Налайх гэлүү, Хөтөлд гэлүү нэг газар Цагдаад шалгагдаж байгаа байх” гэсэн. Би тухайн залуутай уулзаж танилцаагүй утасны цаанаас л харьцаж байсан. Нэрийг нь яг хэлж мэдэхгүй байна. Тухайн блокны үйлдвэрийн зураг нь байхаар нь итгэсэн. Арай хямд мөнгөөр блок авчихъя гэж бодсон юм. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,
- гэрч С.Энхбаатарын: “...Би Баянжаргалын Эрдэмхишиг гэх хүнийг танихгүй. Гэхдээ миний санаж байгаагаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө байсан санагдаж байна. Намайг гуравдугаар эмнэлгийн орчим явж байх үед 25-30 орчим насны, шар царайтай, өндөр залуу “ахаа оюутны сургалтын мөнгө нэхэгдээд, Сэлэнгээс над руу мөнгө орж ирэх ёстой юм, таны данс руу мөнгө хийгээд эргүүлээд авчихаж болох уу танд 30,000 төгрөг өгье” гэж хэлсэн. Ингээд би зөвшөөрөөд өөрийнхөө Хаан банкны картыг тэр залууд өгсөн. Тэр залуу миний Хаан банкны картаар АТМ-ээс мөнгөө уншуулж авчихаад надад 30.000 төгрөг өгчихөөд яваад өгсөн. Тэрнээс би энэ залууг бол танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тухайн үед тэр залуу надад яг тэдэн төгрөг орж ирнэ гэж хэлээгүй бөгөөд данс руу мөнгө орж ирнэ л гэж хэлсэн. Тэгээд АТМ дээр бид хоёр зогсож байгаад тэр залуу мөнгөө авчихаад яваад өгсөн. Тэр залуу нилээн өндөр нуруутай, шар царайтай залуу байсан ба зэрэгцээд явж байсан болохоор яг сайн царай зүсийг нь харж чадаагүй. Би Хаан болон Хас банкны хэрэглэгч байгаа юм. Миний Хаан банкны дансны дугаар 5750001004, харин Хас банкны дансны дугаар 5000859848 өөр ямар нэгэн банкинд данс эзэмшдэггүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,
- хэрэгт гэрчээр асуугдсан С.Энхбаатарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 48х/,
- хэргийн хохирогч Ж.Б-ы мөнгө шилжүүлсэн тухай Хаан банкны баримт /хэргийн 11х/ болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Э нь блокны үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэггүй, “Хаан алмаз” нэртэй блокны үйлдвэрт ажилдаггүй атлаа “unegui.mn” зарын сайтад тус үйлдвэрийн газрын зурагтай “блок зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Ж.Б блок худалдан авахаар тохирч, улмаар урьдчилгаа төлбөрийн 400.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн Хаан банкны 5087038641 тоот данснаас, Хаан банкны 5750001004 /С.Энхбаатар/ тоот данс руу шилжүүлэн авч, хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай шунахай зорилгоор, “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
-
Иймд шүүгдэгч Б.Э-ийг цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эсүйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан тул шүүгдэгч Б.Э-ээс гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-д учирсан хохиролд тооцон 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь урьд хэд, хэдэн удаа ял шийтгэгдэж байсан тухай Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 46х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 47-49х, 87-91х/ тус тус хэрэгт авагдсан.
Тэрээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 875 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 03 жил 02 сарын хугацаагаар тогтоож, одоо уг ялыг биеэр эдэлж байсан ба энэ хэрэгт /эрүүгийн 1810002150751 дугаартай/ Б.Э-ийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 144 дугаартай захирамж гарсан 2018 оны 12 сарын 06-ны өдрийн байдлаар дээрх шүүхийн шийтгэх тогтоолын дагуу эдэлвэл зохих 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялаас 05 сар 26 хоногийн хорих ялыг биеэр эдэлсэн, эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 04 /дөрөв/ хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн Арвандолдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заанаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан ялын төрөл хэмжээнээс хорих ялын төрлийг шүүх сонгон хэрэглэсэн болно.
Шүүх, шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр Эрүүгийн хуулийн Арвандолдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заанаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хуулийн гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Б.Э-т 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч Б.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 875 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг бүгд 03 /гурав/ жил 02 /хоёр/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 сарын 06-наас 2019 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон /хэргийн 97х, 100х/ нийт 42 /дөчин хоёр/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ын Э-ийг цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Б.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 875 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 03 /гурав/ жил 02 /хоёр/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан 03 /гурав/ жил 02 /хоёр/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ийн цагдан хоригдсон нийт 42 /дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Э-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч ...тоотод оршин суух, /РД: /, Ш овогт Ж-ийн Б-д олгосугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Б.Э-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан Б.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг нь түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД