Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00143/И |
Дугаар | 146/ШШ2016/00127 |
Огноо | 2016-06-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 146/ШШ2016/00127
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1956 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 3 дугаар баг, “Өвт” гэх газар оршин суух, ЙБ56081513 дугаарын регистртэй, Төр овгийн Чимэддоржийн Эрдэнэхүүгийн
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Эрдэнэхүү шүүхэд гаргасан хүсэлтэдээ:
“...Ч.Эрдэнэхүү миний бие нь 1972 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1992 оны 06 дугаар сарыг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт зөрчилтэй улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймээс миний бие 1972 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 сарыг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. 1974 оны 05 дугаар сарын 1-нээс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэргийн албан хаасан болно...” гэжээ.
Мөн хүсэлт гаргагч Ч.Эрдэнэхүү шүүхэд гаргасан хүсэлтэдээ:
“…Миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан билээ. Манайх Бат-Өлзий сумын 5 дугаар баг “Өвт” гэдэг газар оршин суудаг ба нааш цааш олон дахин явж чадахгүй болохоор шүүх хурлыг маань намайг байлцуулахгүйгээр эзгүйд шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Эрдэнэхүү ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ч.Эрдэнэхүү нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1972 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 сарын 01-хүртэл малчнаар 1977 оны 07 сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №764 дугаартай архивын лавлагааны хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №02/3040 дугаартай архивын лавлагаа, 1956 онд Чимэддоржийн Эрдэнэхүүд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чимэддоржийн Эрдэнэхүүд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1983 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ч.Эрдэнэхүүд олгогдсон “Баярын бичиг”, 1983 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ч.Эрдэнэхүүд олгогдсон “Баярын бичиг”, 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Эрдэнэхүүд олгогдсон “Баярын бичиг”, Ч.Эрдэнэхүүд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон “Хүндэт жуух бичиг”, Ч.Эрдэнэхүүд 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон “Баярын бичиг” хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Төр овгийн Чимэддоржийн Эрдэнэхүүг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1972 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 сарын 01-хүртэл малчнаар 1977 оны 07 сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Харин Ч.Эрдэнэхүү нь 1974 оны 05 сарын 1-нээс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл цэргийн албан хаасан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №02/3040 дугаартай архивын лавлагаагаар нотлогдож байгааг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ч.Эрдэнэхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч Ч.Эрдэнэхүү нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Төр овгийн Чимэддоржийн Эрдэнэхүүг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1972 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 сарын 01-хүртэл малчнаар, 1977 оны 07 сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Эрдэнэхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА